Улс төрийн мэдээ

Сонгуулийн ухуулагчид сайн дураар ажиллах ч цалингийн доод хэмжээгээр урамшуулал авна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Энэ үеэр Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Сонгуулийн тухай хуулийн төслийн нэмэлт оруулах хуулийн төсөлд ухуулагчдыг сайн дураар ажиллана хэмээн заажээ. Тэгсэн атлаа тэдэнд өгөх урамшуулал, ажлын зардал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байх заалтыг тусгасан байна.

Ухуулагч сайн дураар ажиллах тогтолцоо руу шилжинэ гэж олон жил ярилаа. Энэ удаад ч тэднийг сайн дураар ажиллана гэх. Гэсэн хэдий ч урамшуулал өгнө гэх заалт байгаа нь утгын хувьд "сайн дураар" гэх тодотголтойгоо харшилдаж буй.

Сайн дураар гэдэг нь өөрийн итгэл үнэмшилд суурилж, хөлсгүй ажиллах үйл явц. Тиймээс утгын хувьд зөрчилдсөн байх магадлалтай гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр сануулаад авлаа.

Хуулийн төсөлд уг сэдэвтэй холбоотой орж ирж буй өөр нэгэн агуулга бол ухуулагчдын тоо юм. Одоогийн хуульд ухуулагчдын тоо 200 хүнд нэг байна гэх заалттайгаар явдаг. Тэгвэл дээрх тоог нийслэл болон аймгийн төвд 400 хүнд нэг, бусад газарт 200 хүнд нэг ухуулагч ажиллана хэмээн тусгажээ. Ингэснээр сонгуулийн үеэр ажиллах ухуулагчдын тоо буурах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button