Top StoriesЯрилцлага

"Говьд заг түлсээр байгаа. Иймд зөвхөн хоргол, нүүрсээр галладаг зуух бүтээж, оюуны өмчийн гэрчилгээ авсан"

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэн Ш.Ганбат заг түлэх шаардлагагүй, нүүрс ба хорголоор дулаанаа шийдэх боломжтой зуух бүтээж, оюуны өмчийн гэрчилгээ авчээ. Заг түлэх хориотой. Харин түлсээр байгаа нь бодит үнэн гэдгийг нутгийн малчид хэлж буй.

Гэвч Ш.Ганбат “Заг түлэхийг болиулах зорилготой зуух” гээд ярихаар орон нутгийн байгаль орчны ажилтнуудаа ч, иргэд, малчдаа ч давхар давхар асуудалд оруулах вий гэж эмээдэг байна. Тийм учраас оюуны өмчийн гэрчилгээтэй эл бүтээлээ өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд нь хоёр салаа асуудал тулгамддаг ажээ.

Заг бол “Ургаа нүүрс”

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд томилолтоор ажиллаж байх үедээ эл зуухыг бүтээсэн Ш.Ганбатынхаар дайрах боломж тохиосон юм. Тэдний зуух харваажийн өвөрмөц, өөр. Яг ийм хийцийн зуухыг сумын төвийн өөр нэг айлд, бүр Хүрэн цав хүрэх замд, тал дээрх малчин айлын гэрээс ч олж харсан.

Ш.Ганбатын аав С.Шингэд “Энэ зуухыг хийхээс өмнө бид заг түлдэг байсан, нуух юм байхгүй. Одоо больсон” хэмээн хуучилж байлаа.

Говьд заг бол амин чухал ургамал. Ерөөс говь нутагт ургадаг гол моддын нэг бөгөөд элсний нүүдэл тогтоох экологийн үүрэгтэй. 100 кг заг нь 80 кг чулуун нүүрстэй дүйцэх хэмжээний илчлэг ялгаруулдаг гэдэг. Тийм учраас загийг “Ургаа нүүрс” гэж нэрийдэх нь бий.

Харин заг нэн ховордсон, тэр хэрээр говийн бүс нутаг улам бүр цөлжих нөхцөл байдал үүссээр. Тийм ч учраас 2011 онд БОАЖЯ-наас заг түүхийг хориглосон тушаал гаргасан байдаг. Орон нутгийн байгаль хамгаалах алба, ажилтнууд үүнд хяналт тавих үүрэгтэй.

Гэвч заг түүхгүй бол осгох эрсдэл говийнхонд бий талаар аль 10 жилийн өмнө л хэвлэлээр бичдэг байв. Говьд мал аж ахуй эрхлэх хүндрэлтэй болсоор байгаа. Тэр хэрээр ажил, орлоготой өрх айл, залуу үе бага. Иймд хол зам туулж түлшинд мод бэлтгэх, эсвэл нүүрс худалдан авах нь тодорхой хэмжээнд хүндрэлтэй учраас амьдарч буй бүс нутгаасаа заг түүж, түлэх нь элбэг.

БОАЖЯ-наас заг, бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг хориглосон нь өдгөөгөөс даруй 12 жилийн өмнө болж байна. Тийм ч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын айл өрхөөр орж, энэ тухай асуухад шаардлагатай үед портер, пургоноо хөлөглөж аваад заг түүж ирдэг, түлдэг нь үнэн талаар ярьцгааж байна.

“Зуухаа сурталчлахаар малчдаа ч, байгаль орчны ажилтнуудаа ч асуудалд оруулах вий гэж эмээдэг”

Ш.Ганбат бол байгальдаа, өв соёлдоо хайртай, нутагтаа үнэнч залуу үеийн төлөөлөл. Томилолтын ажлын далимд түүний бүтээсэн, түлшин дэх загийн хэрэглээг эрс бууруулах шинэлэг зуухны талаар ярилцлаа.

-Та энэ зуухны санааг анх яаж олов. Хэдэн онд энэ загвараа эцэслэсэн бэ?

-Анх нүүж, суухад овор хэмжээ бага байхад зориулж, санаандгүй байдлаар зуух хийсэн. Аавындаа анх хийж өгсөн л дөө. Гэтэл маш бага түлш орохоос гадна дулаан дамжуулалт өндөр байгааг анзаарсан. Тэгээд л энэ санаа төрсөн. 2014 оны намар юм байна. Харин 2015 оны хавар хоёр дахь зуухаа хийж, гэртээ тавьсан.

Ер заг түлэх шаардлагагүй, экологид тус дөхөм шийдэл байна гэж бодсон. Нүүрс, хоргол түлнэ. Ингэхэд гэрт дулаанаа 5-8 цаг барина, өдөрт 3-4 удаа л галладаг. Хоол цай хурдан буцална, ууц ч чаначихна.

-Гол онцлог нь энэ үү?

-Тийм, үүний дээр нүүрсэнд ч хэмнэлттэй. Нэг айлын нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулдаг. Жижиг байшинд ч тавьж үзсэн туршилтууд бий. Энэ утгаар санхүүгийн зардал болоод үнс, хог хаягдлыг ч хоёр дахин бууруулна гэсэн үг. Мэдээж нүүрс түлэхэд ялгарах хорт утаа дагаад тэр хэмжээнд буурна.

-Одоо хэдэн айлд зуухаа тавиад байна. Худалддаг уу?

-90-ээд айлд хийж өгсөн байх. Захиалж хийлгэе гэсэн айлууддаа 220 мянган төгрөгөөр тавьж өгдөг.

-Экологид ч, санхүүд ч эерэг нөлөөтэй энэ зуухыг говийнхон хэрэглэвэл ихээхэн тохиромжтой санагдлаа. Харин өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар хүндрэл учирч байна?

-“Заг түлдэггүй зуух” гэж ярихаар л одоо хэр заг түлцгээдэг юм байна гэж шууд ойлгоно. Заг түлэх хориотой шүү дээ. Харин бодит байдалд түлж л байгаа юм.

Тэгэхээр зуухаа сурталчилж яриад аймаг, сумын байгаль орчны ажилтнуудаа харлуулах, хийж буй ажлыг нь үнэгүйдүүлэх эрсдэлтэй. Тэдний ажил “Манай нутагт заг түлдэггүй” гэж баталж байж гэмээнэ явдаг. Гэтэл би энд “Заг түлээд байгаа асуудлыг энэ зуух шийднэ” гэж яриад явж болдоггүй юм.

-Ер нь заг түлдэг айлууд ямар хэмжээний заг түлшиндээ ашиглаж байгаа бол?

-Нэг явахдаа портер, пургондоо дүүргээд ирнэ гэхээр 2 м.куб орчим болов уу гэж барагцаалаад байгаа.

300 гаруй зуухнаас Ш.Ганбатынх санаа давхардалгүй оюуны өмчийн гэрчилгээ гарджээ

Ш.Ганбат энэ зуухандаа оюуны өмчийн гэрчилгээ авахаар хөөцөлдөхөд Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүд бүрхэг хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл, Монголд зөвхөн зуухны загвараар 300 гаруй оюуны өмчийн гэрчилгээ гарсан байдаг аж.

Тиймд одоо шинэ зуухны хийц бүртгүүлнэ гэдэг амаргүй, яаж ийгээд л нэг санаа нь давхарддаг талаар Ш.Ганбатад хэлжээ. Гэсэн ч тэр бичиг, цаасны ажлаа хангаж өгөөд Улаанбаатараас буцсан байна. Харин сарын дараа хотоос “Гэрчилгээ нь гарсан, ирж аваарай” хэмээн утастжээ.

Тэр ингэж 300 гаруй зуухны хэлбэр, хийцээс ялгарах, үл давхардах өөрийн гэсэн бүтээлдээ оюуны өмчийн гэрчилгээ гардсан нь 2020 он юм байна.

Ш.Ганбат ихээхэн хөдөлмөрч нэгэн гэдэг нь анзаарагдана. Тэр хашаандаа автомашин засна, гагнуур хийнэ. Арьс ч элдэнэ. Байшингаа ч барьж байна. Тэр бүгдэд нь хөдөлмөрч, тусархуу хандлага шингэнэ. Түүний эхнэрийг В.Мөнхцэцэг гэдэг бөгөөд сумын цэцэрлэгт туслах багшаар ажилладаг аж. Ш.Ганбат эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Буруутныг эрэх биш ухаалаг гарц олох нь орон нутагт чухал

Түүний аав, ээж нь Шинэжинст сумандаа мал маллаж, нэгдлийн бүхий л ажлыг хийж ирсэн жинхэнэ Баянхонгорын ард түмний оюун санаа, өв соёлын тээгчид аж.

Баянхонгор аймгийн нутгаар явахад заг харьцангуй ховор, хэмжээ нь жижиг байгааг ажиглаж болохоор. Зөвхөн Шинэжинст сумын нутагт гэхэд уул уурхайн 32 лиценз олгогдсон. Тийм болохоор нутгийн малчид байгалиа унаган төрхөөр нь хадгалж үлдэхийн төлөө бүхнээ л зориулах болжээ. Гэвчиг заг түлдэг айлууд байсаар. Энэ үнэн гэдгийг тэдний аман яриа баталж байгаа юм.

Харин Ш.Ганбатын бүтээсэн зуухыг хэрэглээнд нэвтрүүлснээр говь нутаг заган ойгоо хамгаалж, хадгалж үлдэхэд чамгүй тус дөхөм болохоор. Мөн санхүүд ч хэмнэлттэй, овор хэмжээ багатай зэрэг давуу тал олон байна. Чин санаагаар шинийг сэдэн хөдөлмөрлөж буй нь энэ ч оюуны өмчийн гэрчилгээтэй энэ бүтээлийг өргөн хэрэглээнд нэвтрүүлье гэх нь ээ нутгийнхнаа ч заг түлдэг хэмээн олих, байгаль орчны ажилтнуудаа ч ажлаа хийдэггүй гэж бухах мэт эвгүй нөхцөл байдалд ордог байна. Сумын амьдрал, танилын хүрээ жижиг.

Ер орон нутагт аливаа ажил арай өөр зохицуулалттай явах шаардлагатай шиг анзаарагддаг. ААН эрхлэхэд тавигдах шаардлага, татварын орчноос эхлээд бичиг, сачгийн асуудлууд энд байдлыг төвөгтэй, амаргүй болгодог. Тэр хэрээр л дасаж дадсан байдалдаа тогтож, шинийг эрэлхийлэх, хөгжих боломж тушигддаг мэт.

Нэгэнт заг түлдэг нь үнэн нөхцөлд заавал “БОАЖЯ-ны тушаалын хэрэгжилт хаачив” хэмээн буруутныг эрж хайхаас илүү Ш.Ганбатын зуух шиг шийдэлд илүү ухаалаг гарц бий болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүүхэн
хүүхэн
4 сар 26, 2023 16:02

сЭТГЭДЭГ ЗАЛУУД АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээ

Back to top button