Л.Мөнхбаясгалан: Гарцгүй технологийн дарангуйллаас одоо бүтээл, бичдэг сэтгүүлч л үлдэнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр уншигчидтай бас салбарынхантайгаа уулзуулж буй зочин маань Л.Мөнхбаясгалан. Залуус түүнийг “Цензургүй яриа”-гаар нь, эфирийн сэтгүүлчээр нь сайн мэднэ. Сүүлийн үед тэр “Гэргий” хөрөг нэвтрүүлэг хийж, асуудлаас хол, чимээ имээгүй сууж байна. Гэхдээ олон жил эфирийн бүтээл хийчхээд “Бичсэн юм, бичдэг сэтгүүлч л үлдэнэ” хэмээж буй, үлдэх бүтээл хийхийг хүсэж, “Гэргий”-гээсээ кайф авахгүй байгаа тухайгаа ярих нь хэн хүнд бодууштай тусаж байна. Ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
“Над шиг хүн “Гэргий”-гээс кайф авахгүй байгаа”
-Одоо та ер нь сэтгүүл зүйн ажил хийж байгаа бил үү. “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжилга”-ын дугаар тасраад удлаа. Салбартаа орон зай эзэлж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлчийн хувьд танаас уншигч, үзэгчид бүтээл нэхэж байна уу?
-“Цензургүй яриа” гарахгүй гурван жил, “Цензургүй сурвалжилга” жил хагас болчихлоо. Тэднийг албан ёсоор зогсоосон. “Цензургүй яриа” сүүлдээ тоглоом болж дууссан л даа. Үнэнийг илчилнэ, буруутан буруугаа хүлээх ёстой, хуулийн байгууллага тэднийг шалгах ёстой гэсэн гэнэн үедээ “Цензургүй яриа”-г хийж. Тэр гэнэн үе маань 42-43 нас хүртэл үргэлжилсэн шиг. Сүүлдээ хүмүүс худал материал үзүүлдэг, өөрийгөө өмөөрч ярьдаг, тэгэх гэж өөрсдөө зорьж ирдэг болсон. Хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэгт орж, түүний араас пи-арчид нь ажиллаж, мушгидаг байдал руу явчихсан.
Энэ надад кайфгүй, итгэл үнэмшилгүй санагдсан. Улстөрчдийн жүжигт туслах дүрд нь тоглохыг хүсээгүй. Тэгээд зогсоосон. Бүр оргил үедээ зогссон нь тэр. Оргил үедээ зогссон өөр нэвтрүүлэг ховор байх. Харин “Цензургүй сурвалжилга”-ыг эрүүл мэндийн шалтгаанаар зогсоосон л доо. Хамгийн уртдаа нэг дугаарыг жил найман сар хийж л байсан. Баримтын араас уйгагүй явдаг, ажлын хэмнэл нь эрүүл мэнддээ анхаарал тавих боломж маш бага нэвтрүүлэг.
Би ер нь олон юм дампууруулсан шүү.
Харин бахархах юм гэвэл, сэтгүүлчээр 26 жил ажиллахдаа нэг ч удаа шүүхэд дуудагдсангүй дээ. Дуудагдаагүй учраас яллагдаагүй гэсэн үг. Энэ л юм. Тийм болохоор л эфирт гарахаа болиод гурван жил болоход хүмүүс намайг таньсаар байгаа байх. Салбартаа өөр юм хийхээр бодож л байна, гэхдээ яарахгүй байна. Би ер нь яардаг өвчингүй. Олон жил эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан болохоор яарахаа больчихдог юм билээ.
-Төлөвлөгөө байгаа байх нь.
-Байна. Яах вэ, сэтгүүлч мэргэжлээрээ бол “Гэргий” нэвтрүүлэг хийж байна л даа. Бас л асар их цаг хугацаа шаардах юм. Уран бүтээл тал руу нь дөхүүлэх гэж, хөрөг нэвтрүүлэг гэдэг төрлийг гаргаж ирэх гэж оролдож байгаа.
-Ярилцлагыг сонгож аваад, олон жил дагнан ажилласан шалтгаан юу байсан юм бэ. Зочны яриаг нягтлан шалгах үүрэг хүлээхгүй учраас сэтгүүл зүйн төрөл биш гэнэ. Ялангуяа телевизийн ярилцлагыг ток шоу ч гэж харах нь бий?
-Би сонинд 10 гаруй жил ажиллахдаа ярилцлагын төрлөөр амжилт гаргаж чадаагүй. Яагаад гэвэл диктафоны ард өрнөх ярилцлагад би шууд “Түс тас, тас няс” гээд л явчихдаг. Зочин уурладаг, ярилцлагыг гаргахгүй гэдэг, намайг хөөгөөд гаргадаг. Ярилцлагаа аваад ирнэ, орой дарга руу утастаад л “Наад хүүхдээ болиул” гэчихдэг байсан. Тийм тохиолдол олон шүү.

Харин “Цензургүй яриа” бол шууд нэвтрүүлэг. Монтажтай ярилцлага дээр ч зочин заавал засдаг, эргэж утастдаг. “Би сая тулгамдчихлаа, эмоц хөдөлчихлөө” гээд хасуулна. “Цензургүй яриа” шууд явдаг, баримтыг шууд тулгаж асуудаг учир амжилттай байсан юм болов уу.
Ярилцлага бол сэтгүүл зүйн бүтээл, төрөл мөн шүү дээ. Харин ч маш сайн төрөл. Манайхан өөрсдөө хийж чадахаа больчихсон юм. Нэг ярилцлага хийхийн тулд хэдэн сараар, жилээр материал цуглуулах нь энүүхэнд л байлаа. Хийж чадахгүй байгаа учраас ток шоу болоод хувирчихлаа. Ярилцлагаар сэтгүүлч өөрөө өөрийгөө рекламдах болж.
-Харин одоо улс төрийн сэдвээс холдъё, амар жимэр сууя гээд хөрөг нэвтрүүлэг рүү орлоо гэж харцгаасан. “Гэргий”-г хийгээд яг сэтгүүлчийн кайфаа авч байна уу?
-Тийм амархнаар боддог байхгүй юу. Амар жимэр амьдрахыг хүслээ, “Аргагүй дээ ядарсан байх даа” гэж. Ядарсан л даа. Гэхдээ манай залуус “БНХАУ-ын тэргүүн хатагтайн хэлсэн 10 эшлэл” ч гэдэг юм уу, тийм юм уншаад даган дуурайх дуртай болчихсон. Мөртлөө үргэлж дэргэд байж өөрийг нь бүтээсэн ээжийгээ, амжилтад хүрэхэд түшиг тулгуур, нөмөр нөөлөг нь болсон эхнэрээ, ийм сайхан аав, ээж болгосон охиноо, тэднийхээ сайн сайхныг олж харахаа больсон. Хоёрдугаарт, ээжтэйгээ авхуулсан нэг ч зураггүй мөртлөө сэтгүүл зүйн салбарт 26 жил ажилласнаа нас барсны нь дараа мэдсэн. Тийм л давлиун явсан байна. Намайг хэн бүтээснийг, хэн өдий зэрэгтэй болгосныг ойлгоогүй явж. Гэтэл эргээд харахад бүх зүйл оройтчихсон байсан.
Ийм хоёр шалтгаанаар “Гэргий”-г эхлүүлээд орхичихсон байснаа бараг дөрвөн жилийн дараа сэргээсэн нь энэ л дээ. “Гэргий”-гээс сэтгүүлчийн хувьд, над шиг зан ааштай хүн бол кайф авч чадахгүй байгаа. Бүтээлийн хувьд сайн бүтээл мөн үү, мөн. Зүгээр л, хувь уран бүтээлчийн хувьд, өөрийгөө уран бүтээлч гэх нь ч хаашаа юм, сэтгүүлчийн үүднээсээ харахад кайфтай бүтээл бол биш. Нэг юм дутагдаад л байдаг.
-Над шиг зан ааштай гэж, та ямар ааштай хүн юм бэ?
-Наадах чинь их бодох асуудал шүү. Намайг хүмүүс хурц ширүүн характертай хүн гэж боддог, айдаг шиг байгаа юм. Уулзчхаад “Өө, ийм хүн байсан юм уу” гэдэг. Би өөрөө юмыг дандаа ухаж төнхдөг, учрыг нь олох, баталж нотлох гэдэг хүн. Харин хөрөг нэвтрүүлэг дээр, хувь хүний амьдрал дээр тийм юм байхгүй. Урсан өнгөрч байгаа амьдралаас би юуг нь ухаж төнхөж, батлахыг оролдох юм бэ. “Гэргий” дээр тийм юм байхгүй. “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжилга” дээр бол тэгж кайф авдаг байсан. Тэднийгээ бас зогсоочхоод жаргаад байгаа юм алга. Улам үгүйлээд, дутаад л байна.
“Сул мөнгөний татаасгүй хэвлэлийн байгууллага удирдана гэдэг хэцүү”
-Та дассан амьдралаа үргэлж өөрчилж, шинэ төслүүд эхлүүлж ирсэн. Бас больж, орхиж буйгаа, дампуурснаа ил хэлдэг. Сая та “Би олон юм дампууруулсан” гэж ярилаа. Хамгийн анхны дампуурал юу байсан бэ?
-“Шонхор” телевиз. Зөвхөн улс төрийн сэдвээр бичдэг сонин эрхэлж байгаад энэ телевизээ байгуулсан л даа. Огт туршлагагүй хүн амбицаараа орчихгүй юу. Тоног төхөөрөмж дээрээ хулхидуулсан. Гэхдээ манай баг маш сайн ажилласан, тэнд “Цензургүй яриа” төрсөн. Засгийн газартай найрамдахгүй, дандаа эсрэг юм хийдэг байсан. Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор манай эфирийг хааж байлаа. Санхүүжилт хүнд байсан л даа, гэхдээ миний бодлоор цаашаа 4-5 жил явчих байсан байх аа. Яг хүн үздэг болж эхэлж байсан юм. Тэгээд шууд хаалгачихсан.
-Хаалгачихсан гэдэг нь?
-Тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байна гээд ХХЗХ-ноос хаасан. Гол шалтгаан нь улс төр байсан. Н.Энхбаярыг баривчлахад ТВ9, манайх хоёр бүтэн дамжуулсан. Дараа нь Н.Энхбаяр шоронгоос гэрээслэл бичихэд манай телевиз өдөржин уншсан. "Үүнийгээ боль" гэж Засгийн газраас, улстөрчдөөс зөндөө ярьсан, би ерөөсөө тоогоогүй. Энэ хоёр шалтгааныг нэрлэнэ, өөр зөндөө юм байсан.
-Тэр бол ажил олгогч болсон байсан гэсэн үг шүү дээ, хэдэн хүн цалинжуулж байв?
-Тийм ээ. Бараг 30-40 хүн нэг өдөр ажилгүй болсон. Түрээсийн байраа өгөөд, тоног төхөөрөмжөө хураалгаад л дампуурсан даа.
Дараа нь “2-р суваг”-ийг байгуулсан, ёстой л санхүүжилтгүйгээс болж дампуурсан.
-“Санхүүжилтгүй учраас дампуурсан” гэж та ил хэлээд байна. Гэтэл өнөөдөр яаж амьдраад, хаанаас санхүүжээд байгаа нь мэдэгдэхгүй үй олон хэвлэл байна.
-Тэд чинь харин болоод, амьдраад байгаа юм биш үү. “2-р суваг”-ийг байгуулах үед Засгийн газар тэр чигээрээ бидний эсрэг байсан. Яамдыг манайхтай гэрээ хийхийг хориглодог, компаниуд ч бидэнтэй хамтарч ажиллахаас татгалздаг байсан. Татвар, ажилчдын нийгмийн даатгалын өр хураагдаад баларсан (инээв). Тоног төхөөрөмжөө түрээсийн барьцаанд хураалгаад л телевизээ хаасан.
-Эндээс та яг үзэл санаанд үнэнчээр хэвлэл удирдаж, авч явах боломж, тийм зах зээл Монголд байхгүй гэж харахад хүрсэн үү?
-Зах зээл байхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Яагаад гэвэл нэг өдөр тутмын сонин, хоёр телевиз удирдаж үзлээ. Энэ олон жил нэг их хүн үзэхгүй телевизүүд оршин тогтноод байгааг хараад "Мундаг л байна" гэж боддог. Би бол тэгж чадахгүй юм билээ. Засгийн газартай найрамдаж, ажлыг нь хийж өгөөд байвал ямар ч бүтээл төрөхгүй, юуг ч шүүмжлэхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага Засгийн газрыг хянаж байх ёстой гэж бидэнд заасан. Тэр итгэл үнэмшлээр л амьдарч ирсэн.
Нэг газартай гэрээ байгуулна, тэгж ч, ингэж ч болохгүй гээд ирэхээр нь “Тэгвэл наад гэрээ мэрээг чинь больё” гээд л муудалцах жишээтэй. Ингэж явсаар дампуурдаг. “Шонхор” телевизэд уг нь хөөрхөн, фэйсбүүк, твиттерийг хүртэл холбочихсон байсан. Одоо л тэр холболт телевизүүд рүү орж ирж байна. “2-р суваг” дээр бол сайн продюсеруудыг бэлдсэн.
Худлаа, ямар нэг сул мөнгөний татаасгүй амьдарна гэдэг хэцүү. Сайтуудыг харж л байна, хэцүү. Хоёр хүн цалинжуулахад ч хэцүү.
“Сэтгүүл зүй устана гэж муу амлахгүй ч, технологийн дарангуйлалд байх нь тодорхой боллоо”
-Гэхдээ одоо 10 жил хэдийн өнгөрчихсөн байна шүү дээ. Цаг үеэ дагасан өөрчлөлт ажиглагдахгүй байна уу?
-Технологийн дэвшил л гарсан. Сэтгүүл зүйд дэвшээд байгаа юм байхгүй. Харин ч хойшоо унаж байгаа. Мөнгөтэй телевизүүд хэдэн том шоу авчирч тавьж байна. Одоо үүнийг хэлэхээр надад аймаар дургүйцнэ. Энэ чинь Эрээнээс оймс авчирч зарж байгаатай адил. Дэлхийн контент, франчайз гээд гоё ярина л даа. Бид импортоос татгалзаж, экспортлогч орон болох ёстой гэдэг. Яг үүн шиг л юм. Хэчнээн дэлхийн контентыг оруулж ирж байгаа ч ямар планыг хэрхэн авах, өнгө дүрс нь ямар байх, хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах гээд бүх стандарт нь цаанаасаа өгөгддөг, бэлэн зэлэн. Үүнийг монгол хүний толгойгоор хийвэл харин сая дэвшил.
-Зах зээлийн тухайд?
-Зах зээл бол тэлээгүй, улам агшсан. Өнөөдөр өдөр тутмын сонинуудын орон зай байхгүй болчихлоо. Сайтын орон зай ч хумигдана. 90-ээд онд шар сонинуудын орон зай аймаар байсан. Одоо аль нь ч байхгүй болсон. Хэзээ нэгэн цагт фэйсбүүк байхгүй болчихвол юу болно доо.

-Та “Шонхор” телевизэд мэдээний албаа бүр татан буулгаж байж. Мөртлөө дараа нь “2-р суваг”-аа зөвхөн мэдээгээр дагнуулжээ. Мэдээний үнэ цэнийг та яаж хардаг вэ?
-Үнэ цэнийг нь мэдээгүйдээ “Шонхор” телевизийн мэдээний албыг татан буулгаагүй юм аа. Санхүүгээ даахгүй байсан. Мэдээнд наад зах нь машин хэрэгтэй, 4-5 баг гарах ёстой. Нэг мэдээнд дор хаяж хоёр хүн явна. Тэгэхээр зөвхөн 30 минутын мэдээнд зориулж өдөрт найман хүн машин унаад явна гэсэн үг. Мэдээний албаа татан буулгасан чинь санхүүгийн дарамт нэг хэсэг чөлөөлөгдсөн. Тэгээд ч удалгүй хаагдсан. Дараа нь өөр юу ч хэрэггүй, зөвхөн мэдээгээр бөмбөгдье гээд Төрийн ордны хажууд байр түрээсэлж, “2-р суваг”-аа эхлүүлсэн. Ордонд ойр, хотын төвд учраас манайхан явган гүйчихдэг байсан.
Мэдээ бол ерөөсөө сэтгүүл зүйн үндэс суурь шүү дээ. Би мэдээнд дуртай байхгүй юу. Гэхдээ хүн санхүүгийн асуудлаас болж дуртай юмаа зогсоодог. “Цензургүй яриа”-г зогсоосон шиг. Уг нь мэдээнүүд маань маш сайн болдог байсан.
-Одоо уншсан постоо мэдээтэй дүйцүүлж авч үзэх гээд байна. Даацтай бүтээлд суурилсан хувь сэтгүүлчийн карьерын цаана мэдээнд дуртай сэтгүүлч байгааг хараад залуус юм бодох ёстой. Энэ цаг үед та мэдээ гэж ийм юм гэдгийг хэлээд л өгөх хэрэгтэй.
-Өглөө босоод би хамгийн түрүүнд цаг агаар хардаг. Энэ мэдээ мөн, гол нь бодитой, итгэл даасан байх ёстой. Одоо технологийн дарангуйлалд орсноос болж мэдээг чухалчлахгүй байна. Мэдээг сошиал дундаас ялгахгүй байна. Уншигч ялгах ч албагүй л дээ. Мэдээгээ ойлгодог, мэддэг нь мундаг, мэддэггүй нь мангар гэж хэлж болохгүй. Ганцхан Монгол биш, нийт хүн төрөлхтөн энэ мэдээллийн хүчирхийлэл дунд живж байна. Би үүнээс яаж гарах вэ гэж бодоод л байдаг юм.
Ингэж явсаар сэтгүүл зүй устана гэж муу амлаад яах вэ, ер нь технологийн дарангуйлалд байх юм байна гэдэг тодорхой боллоо. Харин эндээс бүтээл амьд гарч магадгүй. Бичдэг сэтгүүлч үлдэнэ. Хиймэл оюун ухаан эрэн сурвалжилж чадахгүй учраас энэ төрөл бас үлдэнэ. Шоу контентууд үлдэх байх. Би иймэрхүү л бодолтой сууж байна. 10 жилийн дараа өөр юм ярихыг үгүйсгэхгүй л дээ.
“Сэтгүүлч бүү хэл редакц улс төрийн үзэл баримтлалаа зарладаг”
-Та “Сэрүүлэг”-ээс эхэлсэн байх аа. Шар сонин гэж юу байсныг би лав сайн мэдэхгүй. Ер нь яаж жамаараа зах зээлээс шахагдсан байдаг юм бол?
-Шар сонин гээчийг зүгээр л фэйсбүүк гээд ойлгочих. Маш товчхон хэллээ. Галзуу. Галзуу хүн ч тийм юм бичихгүй. Хий гэснийг л хийнэ шүү дээ (инээв). Дөнгөж сургууль төгсөөд, сонин ч гэж мэдэхгүй хүүхэд орж ирж байсан. Хоёр, гурван жил ажиллаад л больсон. Шар сонингийн үе ч тэр үед жамаараа дуусаж байсан.
Цаг хугацаа өнгөрөх хэрээр хүмүүсийн амьдрал дээшилнэ, үзэл бодол өөрчлөгдөнө. Шар сонин бол төөрөгдлийн үед гарч ирсэн зүйл. Нийгэм задарч, бүх юм чөлөөтэй болоод удаагүй үе. Автобусанд тамхи татахыг, шээхийг эрх чөлөө гэж ойлгодог байлаа. Тэгэхээр зах зээлийн өөрчлөлт хүмүүсийн оюун ухааны дэвшилтэй ч уялдаж байна. Одоо хүмүүс бүгд фэйсбүүкт ухаанаа алдсан. Хэдэн жилийн дараа дахиад энэ засагдана, харин сэтгүүл зүй яаж засагдахыг би ойлгохгүй л байгаа.
-Дараа нь “Өдрийн сонин”-д хэр удаан ажиллалаа?
-Тав, зургаан жил л ажилласан байх. Тэгээд өөрийнхөө сонинг байгуулаад гараад явсан. Тэр үед өдөр тутмын сонины гол материал дандаа улс төрийн сэдэвтэй байсан. Зах зээл нь байна гээд дан улс төрөөр дагнаж бичдэг сонин байгуулахаар гарсан хэрэг. Гэхдээ зөв байсан, хэсэг тун дажгүй явсан. “Оюу толгой”-н рекламыг авчихвал өдөр тутмын сонин амьдраад байдаг байсан үе шүү.
-Сонин бас яагаад бүтэлгүйтэв?
-Улс төрийн сонин юм чинь. Улс төр өөрөө уддаггүй юм билээ. Нэг хэсэг анхаарал татна, тэгээд сурталчилгаа татагдаж эхэлнэ. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж нүүр, нүүрээр рекламаа өгдөг байсан “Оюу толгой” хандлагаа өөрчлөх жишээтэй. Тухайн үед рекламын зах зээлийн 80 хувь нь бараг өдөр тутмын сонингоор явдаг байсан.
-Улс төрд дүрүүд ээлж байраа тавьж өгдөг. Та энэ дунд, аль ч цаг үед нь шударга ажилласан болохоор хэвлэлээ дампууруулсан гэх гээд байна уу, эсвэл...
-Үгүй, шударга байсан, үгүйгээ би хэлж мэдэхгүй. “Шударга гэдэг чинь харьцангүй ойлголт” гэж багш маань хэлэхэд би зөрдөг байсан. Гэтэл арван ч янзаар ойлгож болох эд байсан юм билээ. Би айхавтар шударга байсандаа хаагдаад л, Засгийн газарт нүд үзүүрлэгдээд байсан юм байхгүй. Худлаа ойлголт. Үеийн үед л шийдвэр гаргагч нартай тодорхой хэмжээнд таардаггүй л байсан. Одоо ч тэр. Ч.Хүрэлбаатар, Ч.Сайханбилэгтэй би одоо ч эвлэрэхгүй, үүнтэй адил. Шударга ажилласан гэж манай сэтгүүлчид ялангуяа их худлаа ярьдаг шүү.
-Та бол “Жэнкогийн сэтгүүлч”. Өөрийнхөө улс төрийн үзэл баримтлалыг, аль улстөрчийг дэмжихээ ил зарласан бараг цор ганц шахуу сэтгүүлч. Гадаадад бол сэтгүүлчид харин ч ингэж зарладаг жишиг бий гэдэг?
-Сэтгүүлч битгий хэл редакц нь зарладаг. “Манайх энэ үзэл баримтлал, энэ бодлогыг дэмжинэ” гэж. Л.Мөнхбаясгалан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжинэ гэсэн бол дэмжинэ. Болилоо, өөр юм дэмжинэ гэвэл бас тэгээд явна. Би Х.Баттулга гэдэг хүнтэй яг нэг итгэл үнэмшилтэй. Анхнаасаа Жэнкогийн гэж сэтгүүлч төрсөнгүй, байсангүй л дээ. Ажлаа хийгээд л явж байлаа. Нэг мэдсэн тийм юм руу орчихсон байсан.
Тухайн үед “Би яахаараа Х.Баттулгын хүн болчихдог юм” гэж бухимддаг байлаа. Эргээд харахад би төмөр замын бодлогыг дэмжсэн, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг дэмжсэн, “Нэг үндэстэн, нэг цэрэг” хөтөлбөрийг дэмжсэн. Цэрэг нэг сая төгрөгийн цалин авна, зүйтэй. Арьс ширний үйлдвэр байгуулах ёстой, зүйтэй. Ингээд явж байтал Жэнкогийн хүн болчихсон байсан. Одоо тэр бодлогууд зөв байсан нь харагдаж байна. Тэр байтугай “Шинэ сэргэлтийн бодлого” дотор орчихсон явж байна. Одоо ч би дэмжих бодлогоо дэмжээд л явна.
-Дэмжиж буйгаа зарлана гэдэг санхүүжиж байгаагаа зарлахын нэр мөн үү?
-Харин тэгж ойлгоод байдаг. Яагаад үзэл бодлыг санхүүжилттэй холбодог юм бэ. Чи “Eguur News”-т ямар нэг бодлого нь таалагддаг болоод л ажиллаж байгаа. Зөвхөн цалингийн төлөө ажиллаагүй байлгүй дээ. Ялангуяа оюуны ажил хийдэг хүмүүс заавал үзэл санаа хардаг. Адаглаад хамт олонд нь татагдана. Яагаад заавал мөнгө гэж бодоод байгаа юм. Намайг Х.Баттулга гэдэг хүнээс мөнгө аваад л юм хийгээд байдаг гэж боддог байх. Тэр хүн чинь тэгж хамаагүй мөнгө өгдөг ч үгүй. Сайн мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Харин Х.Баттулга байхгүй боллоо ч би бодлогыг нь үзэл санаагаараа дэмжсээр байх болно.

-Тэгвэл санхүүждэггүй юм гэхэд уулзаж учирч, план ярина гэсэн үг биз дээ?
-Ярина. Энэ Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлангуут л агуулга дээр нь ярилцдаг ч юм уу. Тэгэнгүүт л май гээд мөнгө өгчихнө гэж байхгүй. Гэнэн бодол.
-Сэтгүүлч тодорхой байх, үзэл баримтлалаа зарлахыг зөв жишиг гэж харах гээд байна л даа. Гэвч сэтгүүлчийн хувьд энэ хэр дараатай болж ирэх вэ. Эргээд сэтгүүлч хараат бусаар ажиллахад тээг болдог уу. Энэ “шошго” нэгэнт насан туршид зүүгдчихдэг юм байна.
-Үхсэн ч зүүлттэй явах байх. Нэг бодлын энэ хэцүү. Х.Баттулгаасаа л мөнгө авчихна биз, аваа биз гэдэг. Гэхдээ хэзээ ч би өөрөө хэцүү юм, дарамттай юм гэж бодож байсангүй. Х.Баттулга гэдэг хүний үзэл санааг дэмждэг мөртлөө түүнтэй уулзаж үзээгүй, нэг ч төгрөг авсан удаагүй байхдаа би шоронд орох л шахсан. Төмөр замын бодлогыг Х.Баттулгаас огт хамааралгүйгээр, хувь сэтгүүлчийн үзэл бодлоор дэмжсэнийхээ төлөө прокурор дээр 15 жилийн хорих ял сонсчихсон байсан шүү дээ. Тэгэхэд надад хэцүү санагдаагүй юм. Манай нөхөр “Чамд мөнгө өгөөгүй, чиглүүлээгүй, чи өөрөө л төмөр зам зөв гэж үсэрч давхисаар ийш орсон. Тэгэхээр өөрөө л үүр” гэж хэлж байсан. Олон ч жил өнгөрлөө. Үзэл санаандаа улам л үнэмшиж байна. Хичээж байна. Жагсаал цуглаанд оролцсонгүй, акц хийсэнгүй, гарч дүүлээд шүүх прокурорт бичиг сачиг өгч явсангүй. Сэтгүүлч мэдээлэх л үүрэгтэй. Мэдээлчхээд л орхихыг хичээж яваа.
-Эерэг нөлөө нь бодитоор юу юм бэ?
-Намайг хэн гэдгийг мэдэхгүй байж балай, балай юм ярихаа болино. Намайг худалдах гэж оролдохоо болино. Хүмүүст би, миний хүргэж буй мэдээллүүд ойлгомжтой болно. Тухайн сэдвийн хүрээнд шүүмжлэлт, эсрэг байр суурь уншсан бол “Тэгвэл Л.Мөнхбаясгалан юу гэсэн байна” гээд харна. Энэ л байхгүй юу. Нээрэн үзэл баримтлалаа зарласан сэтгүүлч надаас өөр байхгүй юм уу.
-Хэчнээн гадаадад байж болдог жишиг ч манайх улс төр, хэвлэл нь залуу, эмзэг юм ихтэй орон. Энэ үүднээсээ уялдах уу?
-Төлөвших л, ойлгомжтой байх л ёстой нь үнэн. Манайхан талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэнэ гэдэг зарчим ярьдаг. Энэ надад ёстой таалагддаггүй зарчим.
-Тийм үү?
-Тийм. Тийм тэнэг байж болохгүй биз дээ. Надад бол аягүй тэнэг санагддаг. Жишээ нь хүчингийн хэрэг. Хохирогчоос авч болно, хүчиндэгчээс “Та таашаал авсан уу?” гэж асуух уу, яах вэ. Тэгэхээр энэ худал зарчим. Анх л зөв байсан байж магадгүй, одоо биш. Улс эх орны эрх ашигт нөлөөлөх ч юм байна, мэдээлэх, мэдээлэхгүй юм гэж бас бий.
Хүүхдийн хүчирхийллийн сэдвээр нэвтрүүлэг бэлдэж, 2-3 сар явсан. Гэтэл хүүхэд хүчирхийлсэн тухай мэдээг түгээх тоолонд гаж донтой хүмүүсийн дотор сэрэл өдөөгддөгийг шинжлэх ухаан нотолсон байна. Тэгээд орхиж байсан. Хүн болгон үзэх сэдэв мөн үү, мөн. Гэхдээ болохгүй байх. Тэгэхээр тэнцвэртэй байр суурь гэж тэнэгтдэгтээ жаахан хязгаартай баймаар байна шүү дээ.
“Ер нь бичсэн юм л үлддэг”
-Та түрүүнд ирээдүйд бичдэг сэтгүүлч үлдэнэ гэж дуугарлаа. Өөр карьер зорьж, амжилтад хүрсэн ч эргээд бичихийн үнэ цэнийг ярьж байгаа нь олзуурхууштай хэрэг. Бас та өөрөө яагаад бичихээ больчихсон юм бэ?
-Бичдэг сэтгүүлч үлдэнэ, бичих чухал юм гэдгийг одоо л ойлгож байна. 10 жил телевизэд ажиллачихаад шүү дээ. Бичнэ гэдэг чинь уншина. Уншсан хүн толгой доторх мэдээллээ эмх цэгцтэй болгоно. Тархи эмх цэгцтэй болно гэдэг ямар чухал гэж санана. Тэгсэн хүн бичиж чаддаг. Тархины, ухааны сахилга бат сууна гэсэн үг. Уншдаг, олон хэлээр, олон талт эх сурвалжаас мэдээлэл авдаг сэтгүүлч олон байна аа. Гэвч тархи нь эмх цэгцгүй. Тийм хүн худалч хүнд мэдээ ч бичиж чадахгүй. Бичдэг хүн телевизийн салбарт маш амжилттай хөрвөсөн нь миний жишээ байх гэж бодож байна. Гэхдээ эфир бол мартагддаг л юм билээ. Бичсэн л юм үлддэг. Ингэж ярихаар худал санагдах байх, би Youtube, Google-гүй үед сэтгүүлчээр ажиллаж байсан шүү. Энэ платформууд байхгүй болчихлоо гэхэд хард дискээр үлдэнэ гэж бодож байгаа байх. Телевизийн нэвтрүүлэг гэдэг тэр бүр хүний тархинд үлддэггүй л юм билээ. Яах вэ, телевиз рүү орсон нь амбицынх л даа. Залуу байж. Одоо бол аль болох эфирээс хол баймаар санагдах болж. Нэг хэсэг олны танил болоод гоё л байсан байх. Одоо бол тийм биш.

-Нэг талаас сэтгүүлч өөрөө хүлээн зөвшөөрөгдөхөөр үйл явдлын баатар, дүр болж эхэлдэг. Таны хувийн амьдралын тухай сэдвийг олон сөхөж, нааж байхтай таарсан. Сэтгүүлч өөрөө ийм зүйлтэй нүүр тулахаар танд ямар санагдсан бэ?
-Эхний нэг, хоёр жилдээ хэцүү байсан. Дараа нь би өөрөө бусдыг гол дүр болгодог хүн байж, эргээд хэзээ нэгэн цагт гол дүр болох нь карма гэдгийг ойлгосон. Сэтгүүлчид тэгдэг шүү дээ, бусдыг айхавтар цоллож биччихээд, өөрийг нь нэг хоёр хэлэхээр хэвлэлийн эрх чөлөө, миний эрхэнд халдлаа гээд давхидаг. Бичүүлж буй хүн чинь өөрөө аав ээжтэй, эхнэр хүүхэдтэй. Тэдэнд нь аймаар тусаж байгаа. Тэд бухимдаад сэтгүүлчийн нь тухай нэг юм бичиг л дээ, эрх нь шүү дээ. Түүнд уурлана, “Дарамталлаа” ч гэх шиг (инээв). Ална гэж дарамтлах бол олон. Би лав тоодоггүй. Чи бурхан болохоор хүн намнаж байх ёстой биш шүү дээ. Би тэгж бодоод тоохоо больсон, тэгэхээр нэг их чөлөөлөгдчихдөг юм билээ. Өчнөөн хүнийг улс даяар матарлаж орхиод, өөрөө ганц ална гэсэн үг, араас нь машин дагахыг, шүүхэд өгөхийг даахгүй бол больсон нь дээр. Хэн чамайг албадаа вэ. Манай сэтгүүлчид аймаар гонгинодог болсон, болих хэрэгтэй. Энэ чинь нэг талаараа сэтгүүлчдийн оюун санаагаараа дааж авч явах ёстой үүрэг юм.
-Ер нь эмэгтэй сэтгүүлчийн амьдрал амар хялбар явсныг хараагүй. Таны үеийнхэн одоо сэтгүүл зүйн ч, амьдралын ч хүндийг давхар үүрсээр нэг тийм гундуу, гунигтай үлдээ юу гэж хардаг. Та харин яаж энэ хоёрыг ийм сайн тусгаарладаг юм бэ?
-Гуниг шаналандаа дөрлүүлж явбал өөд нар үзэхгүй. Би зайрмаг идээд л кайф авчихдаг, гоё болчихдог. Аймаар хэцүү болоод ирвэл зайрмаг идэж, цэв хүйтэн ундаа уугаад л сайхан болно. Тэгж хаяж сурсан гэх үү дээ. Эсвэл би хоосон чанарт итгэдгийнх байх. Бүгдийг хоосон л гэж хардаг. Нэг хоёр өдөр шуугиг, арван жил ч шуугиг. Тэгээд яах вэ дээ.
-Хэзээнээс ийм болов?
-Эхний жилүүдэд хаяж чаддаггүй байсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хийгээд ирэхээр өөрийгөө цэнэдэг, өөрийгөө удирддаг, үйлийн үр заавал эргэж ирдгийг ойлгодог болсон. Өглөө жаахан хүнд байлаа, сая гоё шарсан мах идээд сайхан болчихлоо. Тэгж л явна даа. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй надад их юм өгсөн. Яарах, уурлаж тэчъяадах, өшөө авахын хүслэнд автахаа больсон.
-Таны ажлын өрөөнд Далай ламын зураг харагдаж байна. Нээрэн сэтгүүлчийн хувьд, өсөж дэвжихийн тулд одоо хэнийг уншиж, ямар үзэл онол сонирхож байгааг нь асуумаар санагдлаа?
-Тусгаар тогтнолын сэдэвт ихэнх номуудыг уншиж байна. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн тухай “Шинэчлэлийн эцэг” гэдэг гайхалтай ном гарлаа. Гуравдугаар сарын 5-нд Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний гэж бидний тэмдэглэн, цэнгэн хөгжилддөг өдрийн үндсийг тэр тавьжээ. 35-хан насандаа Ерөнхий сайд болж, наймхан жил ажиллахдаа өнөөгийн Монгол Улсын үндэс суурийг бүтээлцжээ. Би ер нь түүх их сонирхоно. Шастирын чуулганыг уншсан. Би бас шүтлэгтэй. Сэдэв бүрийг л уншдаг даа. Тоодоггүй сэдэв гэвэл уран зөгнөлт уран зохиол юм уу даа. Ц.Буянцогтоогийн орчуулсан “Геополитик”-ийг хэд ч уншив даа. 1800 оны үед манай төмөр замын концессын гэрээг авъя гэж АНУ-аас Манжийн хаанд хандаж л байсан юм билээ шүү.
“Сайн редакцад нухуулж, хүн болж авахыг л хичээх хэрэгтэй”
-Түрүүнд дэлгэрүүлж асуулгүй өнгөрсөн чухал яриа бол, “Технологийн дэвшил явсан ч сэтгүүл зүй улам ухарсан” гэсэн тань юм. Яг яагаад, юунаас ингэж хэлэхэд хүрсэн бэ?
-Хамгийн аймаар нь үе тасарч байна. Манай үе залуу үедээ хайргүй, халамжгүй ч юм уу, сайн мэдэхгүй юм. Энэ хооронд үе л тасарлаа. Нэг телевизийн мэдээ үзэхэд “Данхан толгойт Л.Оюун-Эрдэнийн...” гээд уншиж байх юм. Энэ одоо юу вэ. Л.Оюун-Эрдэнэд дургүй байж болно, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн буруу бодлого...” гээд явж болно доо. Энэ чинь мэдээ шүү дээ. Фэйсбүүкийн, постын хэллэгүүд сэтгүүл зүйд ороод ирлээ. Тэднийг хянадаг редактор гэж байхаа больсон. Биднийг сайн дарга нар, сайн редакторууд нүдэж, нухаж байж сэтгүүлч болгодог байлаа. Гарчиг байна, гарчиг дахь агуулга мэдээн дотор нь байхгүй байх жишээтэй. Түүнийг хэн нь ч харахгүй юм. Тэгэхээр ухарсан.
Мөн маш их улстөрждөг. Би 26 жил ер нь л улс төрөөр дагнасан сэтгүүлч. Манай залуу сэтгүүлч нар улс төрийг бараг надаас илүү л “мэдэж” байна. “Түүний ард тэр байгаа, тэр фракц нь” энэ тэр гээд. Тэр нь худлаа байгаа байхгүй юу. Түүнийгээ итгэл үнэмшил болгож, хоолоо олж иддэг. Тэгэхээр ухарсан. Үе тасарч буйг хэрхэн залруулахыг би мэдэхгүй л сууна. Төрийн ордны урд бунхан байсныг мэдэхгүй залуус өнөөдөр Ерөнхий редактор, Гүйцэтгэх захирлын хэмжээнд очсон байна гээд бод. Санах ой устах нь. Санах ойтой хэсэг нь хаачив.
-Он цаг үеийн гэрч болсон сэтгүүлчид ядаж бичиж үлдээмээр л байна.
-Тийм ном бичих гэж байгаа, харин унших болов уу. Монголчуудын амьдралд дандаа гай авчирсан том том үйл явдлуудын тухай, өнгөрсөн 30 жилийн хэмжээнд. Уншихгүй байсан ч бичээд үлдээхэд нээрэн яах вэ дээ. Нэг хэсэг би хамгийн олон үзэгчтэй, уншигчтай сэтгүүлч байх юм сан гэж боддог байлаа. Одоо больсон байна. Ойлгож байгаа нь хэд бол гэж бодохоор л гол харлах юм. Тэгэхээр юм хийж үлдээх тал руу нь л боддог болж. Өглөө бүр оффистоо ирж ажиллаад байгаа мөртлөө л бүтээл гарахгүй байгаа биз. Үлдэх юмны төлөө ажиллаж байна гэсэн үг. Бас ганц нэг хүнээ гайгүй сургачих юм сан гэж бодоод байна л даа.
Залуу сэтгүүлч нар бас ухаалаг байна аа. Даанч уншихгүй байна. Уншвал 10 жилийн дараа мундаг болно. Хурдан олны танил болохыг яарч байна. Мөнгө бол мөнхийн асуудал, тийм үү. Монголд мөнгөтэй л бол амьдрах нь үнэн. Бас залуу байхад өдөр бүр, хурдтай мэдээллийн урсгалд ухнатдаг л даа. Гэхдээ л би номын сан руу очдог байсан.
-Юм сайжрах л ёстой.
-Сайжрах ёстой.
-Тэгэхээр сайжрахын тулд үе, үеэрээ хичээе гэж хэлэх гол суурь асуудлууд юу вэ?
-Уншдаггүйгээс их алдаа хийдэг. Түүнийг уншаад залруулчихна. Харин хүнийг сонсдоггүйгээсээ, сонсоод итгэдэггүйгээсээ болж алдаа хийдэг. Сонсож сурах хэрэгтэй. Тэгээд сайн дарга, сайн редакцад боловсрох их чухал. Түүнээс өнөөдөр сошиалд од болох амархан шүү дээ. Нухуулах хэрэгтэй. Манай залуус нухуулах их дургүй болжээ. Юм уншдаг, сонсдог байх, тэгээд нухуулж сурах хэрэгтэй.
-Ингээд редакцын чадавхын асуудал хөндөгддөг л дөө. Гэхдээ бизнес модель нь төвөгтэй байхад редакцууд чадавхжиж чадах уу. Эсвэл У.Оргилмаа шиг чөлөөт сэтгүүлчид шинэ ирээдүй юм уу?
-У.Оргилмаа ч нэгэн цагт надад нухуулж явсан. Тэгэхээр үндэсгүй юм гэж ер байхгүй, өнгөрсөнгүй одоо үе гэж үгүй. Сайн редакц дотор хүн болж авахын тулд л зорих, эрж хайх хэрэгтэй. Нэг жил сайхан ажиллах ч давгүй үр дүн авчирна.
-Редакцууд хүн бэлтгэхдээ муу болсон байж магадгүй ч ажилчдынхаа нийгмийн баталгаанд анхаарч чаддаг болсон. Хэдий дампуурсан ч таныг У.Оргилмааг байртай болгосноос эхлээд, редакцууд үүнийг олж хараагүй байхад зоригтой алхмуудыг хийж ирж гэж сонссон?
-Ганц У.Оргилмаад биш 10 гаруй сэтгүүлчид байр өгсөн шүү. Өгье л гэдэг сэтгэл байвал яаж ч олж болдог. Арга зам зөндөө. Үгүй л гэвэл үгүй болчихно, тэр чигээрээ байж л байна. Яах вэ, дээр үед эздийн дарангуйллаас гарах гэж бид хичээж байсан л даа. Гарч ч байсан. Би бол гарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайрламаар хүн юм байна аа
Шуугиант мэдээний сэтгүүлчид мөнгө төгрөг олох боловч ард түмний хүндлэлийг олдоггүй юмаа.
Макс Вебер "Улс төр мэрэгжил болох нь" номноос...
Олны анхаар�##� татсан сэдвээр л заним�##�ддаг болохоос сэтгүүлчийн ур чадваргү хүн ш дэ.хүмүүст сэдэв хийгээд оролцож бгаа зочин нь л чух�##� болохоор хөтлөгч сонин биш ур чадварыг нь тоохчгүй.бичиж бл бүр чадахгү.хэн ч худ�##� үнэн яриж чадна.энэ чнь сэтгүүл зүйг сн мдэхгү хүн курс төгсөж сэтгүүлч болдоггүй юма.ТМС төгссөн гсэн үг.олигтой зохион бичлэг ч бчиж чадахгү дэ.
Энэ сайт бүтэхгү э.ЧУХ.А .Л гээд бичхээр ЧУХ гээд А.Л гээд бчлээ гэд хасчих юм.А.Л АГ даага гж яаж бичхэв
Мөнхбаясг�##�ан Женкогоос зайсанд 7 өрөө байр авч Женкогийн хамаг баасыг цэвэрлэж ирсэн Төмөр зам ингэж барьж бна гээд сүржигнээд л
Худ�##�дагдсан авгай. Пээдийчээд л
мөнхбаясг�##�ан нэг хэсэг нэвтрүүлгээрээ үнэний төлөө, бцусармаг үйлдэлийг таслан зогсоох, тэдгээртэй холбоотой муу муухай хрхой шавьж, явдаг жорлонгуудыг устгахын төлөө явсан ч бүтээгүй. Ж нь: Хотгор шанагын Хүрэлбаатар мэтийг үнэхээр чацга тавиулж байсандаа. даан ч хууль хян�##�тын нойн бөөснүүд тэр бусармагчуудаас хахууль авч идээд ял завшуулсан даа. ийм жишээ олоон олон.
Бас л дайчин хүн шүү
Ажлын өндөр амжилт хүсье
Ёстой нэг Женкотойгоо таарсан харанхуй толгой доо хөөрхий минь . Чааваас даа ... бас мундаг нэвтрүүлэг хийж байсан гээд өөрөө өөртөө итгэчихсэн ... хөөрхий минь
Монголын Сэтгүүл зүйг "мөнгөний авдаранд" хийсэн, Женкогийн бууны нохойшүү дээ ! Боловсрол нойль амьтан.
Жонхуугийн шавхруу долоогчидын нэг Монголоо хорлон сүйтгэх, гацаах ажлыг гарамгай хийдэг сэтгүүлч нэртэй урвагч хүүхэн
Уншаад бодууштай сайхан ярилцлага байна
Женкогийн үүсгэсэн ШуБусХо-гийн тэргүүн эгнээний байлдагч, Женко РЯ-ын цохилтын гол хүч болж явсандаа, хөөрхий,одоо эрэг нь нурж, эрч нь суларчээ!
Энэ хүн үнэний эрэлд л гарч, ард түмэндээ үнэнийг шууд сонсгохын тулд хөгийн гаруудтай зфирийн өмнө тулдаг байсан, гэж ойлгодог. Энэ ажлаа үргэлжлүүлэхгүй гэдэг нь харамс�##�тай ч цаашдын ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсье. Мундаг шүү Та. Хэдий таныг танихгүй ч Шударга үнэний төлөө гэсэн зүтгэлийг тань Хүндэтгэж ирсэн.. АМЖИЛТ.
жинэхэн мундаг сэтгүүлч ш.Сайн сайхныг хүсье.Үнэхээр төр засаг эрүүл саруул биш учраас нийгэм иргэдийн амьдр�##� ингэж доройтсон. Үүнийг засах �##�хамуудыг Мөнхбаясг�##�ан сэтгүүлч хамт олныхоо хүчээр зоригтой илрүүлж төр шүүх засагл�##�д мэдээлсэндээ. Даанч ялзарсан төр шүүх цагдаа ажлаа хийхгүй нэгэн жарныг үзэж б.на д.Энэ бол монголчуудын хохь.