Сорогдогийн Жаргалсайханы хүү Билгүүн: Одоо л надаас хүлээ

Зун амардаг театрын тогтсон хэлбэрийг “Орфей”-н хамт олон энэ жил эвдэх гэж байна. Зуны үдэш, “Зуны шөнийн театр” стилийг тэд ийн барьж авчээ. Ингэхдээ анх удаа монгол зохиол дээр ажиллахаар болсон нь С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг”. Хамгийн анх 2001 онд үзэгчдийн хүртээл болж байсан энэ бүтээлийг кабаре драм хэлбэрт хөрвүүлэхээр найруулагч М.Батболд, С.Жаргалсайханы хүү Билгүүн нар хамтрах нь.
Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн Япон улсад 17 жил ажиллаж, амьдарч эх орондоо ирээд хэвлэлд цөөнгүй ярилцлага өгсөн. Мэдээж их хүний үр хойчис учраас тэр Сорогдогийн Жаргалсайханы үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Нөгөө талаас хувь уран бүтээлчийнх нь үүднээс түүнийг юу хийх нь вэ, юу хийж чадах нь вэ гэж хүлээдэг.
Ж.Билгүүнийг уншигчидтайгаа уулзуулж байна.
“Нүүр бардам, итгэл үнэмшилтэйгээр М.Батболдыг би нэрлэнэ”
-“Орфей” театр анх удаа монгол бүтээл дээр ажиллах гэж байна. Ингэхдээ С.Жаргалсайханы зохиолыг сонгожээ. С.Жаргалсайханы хүү, “Орфей” театр хамтран энэ төсөл дээр ажиллах болсон уулзалт, тохироо хэзээнээс эхэлсэн бэ?
-Аавын төрсөн өдрийг өнгөрсөн жил тэмдэглэж байх үеэр найруулагч М.Батболд бид хоёр тааралдсан юм. Аавын “Чингис хаан” жүжигт М.Батболдын аав Г.Мягмарнаран гуай ажиллаж байсан. Даанч тэр жүжиг тоглогдоогүй. Гэхдээ М.Батболд зохиолыг нь авч, гэртээ уншиж, онцгой сэтгэгдэл тээсэн тухайгаа тэр өдөр надад ярьсан. “Чингис хааны нууц түүх” романыг ч тэр уншжээ.
Он гаргаад би түүн рүү уран бүтээлийн талаар ярья гэж бичлээ. Ингээд бид хамтран ажиллах ойлголцолд хүрсэн гэж болно. Том зорилго нь бол аавын “Тэнгэрийн зарлиг” жүжгийг М.Батболд найруулах үндсэн хүлээлт юм. Мөн “Чингис хааны нууц түүх” зохиолоор есөн ангит кино хийнэ гэж бодоод явж байна.
Миний санаанаас Сорогдогийн Жаргалсайханы бүтээлүүдийг өнөө цагт дахин төрүүлэх, “Reborn” хийх ажил огт гардаггүй. М.Батболд монгол зохиол дээр ажиллах тухайдаа жаахан итгэлгүй байсан байж мэднэ. Надад манай аавыг, ер авторыг хүндэтгэж буй хүндлэл нь олзуурхууштай санагдсан, түүнд нь би татагдсан. С.Жаргалсайхан, Г.Мягмарнаран гэж хоёр хүний хоёр отгон хүү, эр улсын хувиар ч тэр уран бүтээл дээр ийн нэгдэж байгаа нь цаанаасаа учиртай юм болов уу. Мань эр аавын зохиолуудыг нэлээд уншсаны хойно “Шөнө дундын бүжиг”-ийг нэн тэргүүнд барьж авсан л даа. Цаанаа нэг сүнслэг зүйл байна, зохиол өөрөө найруулагчаа сонгож буй хэрэг энэ байх гэж ярьсан. Магадгүй М.Батболд өөрөө яагаад “Шөнө дундын бүжиг”-ийг сонгосноо илүү тодорхой ярих байх. Би бол энэ жүжгийг Монголын орчин үеийн драмын урлагийг тод томруунаар илэрхийлж, тамга тавьсан гэж хардаг юм.
Би өөрөө “Холливуд”-ын хэмжээний кинонд ажиллаж, 20 орчим жил Японд энэ чиглэлээр ажиллалаа. Бид айхтар классикийг, гадаадын юмыг авчирч нутагшуулах гэдэг. Гэвч тэндэх дүрүүдийг угтаа монгол хүмүүс гэж харж, тэр үүднээс нь хувиргаж хийх нь зөв. “Айлаас эрэхээр авдраа ух” гэгчээр, Монголынхоо зохиол, бүтээлүүдийг сэргээн тавих нь энэ утгаараа илүү зохимжтой гэж боддог. С.Жаргалсайхан 40-өөд кино, 80-аад жүжиг бичсэн гэхээр асархан богино хугацаанд нийгмээ харж, өгье, өгүүлье гэснээ бичиж үлдээсэн байна. Аав одоо байсан бол 65 настай байх байж. Харин уран бүтээл гэдэг мөнхийн юм, ямар агуу юм гэдгийг би өдөр бүр мэдэрч байна.
Үүний дээр, яагаад зун театр үзэж болохгүй гэж гэдэг шинэ санаа энд явж байгаа. Театрын урлаг бол улиралд баригдах зүйл биш. Улирлын чанартай үзэл бодол, үзэл санаа, хайр сэтгэл гэж байхгүй биз дээ. Тийм учраас зургаадугаар сарын зуны шөнийн театр гэдэг маань концепцын хувьд их шинэ юм. Үзэгчийн суудалд ярьж ч, хөдөлж ч, утсаар ярьж ч чаддаггүй тэр хайрцаглагдсан форматаас энэ удаад жаахан зайлсхийлээ. Үзэгчид тэр атмосферт орж, магадгүй дарс шимэнгээ жүжгийн утга санаанд шимтэнэ. Тэгж үзсэн хүний санаанд “Шөнө дундын бүжиг” таван жилийн, хорин жилийн дараа ч үлдэх байх. Бидэнд залуу гээд өөрсдийгөө нөөж, бэрхшээл саадын өмнө бөхийж, гудайж суух эрх алга. Хайр байгаа цагт юуг ч үүсгэж, бүтээж болдгийг харуулмаар байна.

-Сорогдогийн Жаргалсайханы бүх бүтээлийн оюуны өмчийг та эзэмшиж байгаа. Тэр утгаар, бүтээлүүдийг нь өнөө цагт сэргээн тавих асуудал яригдахад та хамтран ажиллах уран бүтээлчдээ нарийн гярхай нүдээр, өндөр шалгуураар харна биз. “Орфей” театр, найруулагч М.Батболдыг энэ үүднээс хэрхэн харсан бэ?
-М.Батболд классик зохиолыг монгол хүний тархинд хүргэхийн тулд маш сайн судалгаатай, докторын хэмжээнд бодож, тунгааж ажилласан. Тайз, техникийн хувьд илүү инновацлаг, хөдөлгөөнтэй ханддаг. Жүжгийг нь бараг санамсаргүй шахуу ороод үзсэн хүн ойлгож, баярлаж, гуниад гарч байна гэдэг найруулагчийн л уран чадвар. Ер нь бол өмнө нь явж ирсэн хэлбэрийг шууд хуулж, хувцсыг нь өмсгөж, хөгжмийг нь тавиад хийх тийм хэцүү зүйл биш. Харин М.Батболд жүжигчидтэй бөгөөд зохиолтой маш сайн шатаж, тулж ажиллаж байна. “Шөнө дундын бүжиг” дээр ажиллаад хоёр, гурван сар болоход мань эрийн жижиг, деталь зүйлсийг ч задалж байгааг харлаа.
Би “Холливуд”, шоу энтертайнмент талын школатай учраас зарим зүйлээс гял цал байдлыг хайгаад байна. М.Батболд тийм биш. Яагаад уурлаж байна гээд заавал хашгирах ёстой гэж. Зөөлөн бөгөөд оновчтой, цөөн үгээр тэр атмосферийг яаж илэрхийлэх вэ гэдэг үүднээс ажиллах жишээтэй. Тэр нь өөрөө М.Батболдын их зөөлөн, мэдрэмжлэг хүн гэдгийг илэрхийлж байх шиг ээ. Найруулагч гээд заавал захирч, загнаж, хараахаасаа илүү бүтээлчээр нухаж бодож байна. Жүжигчин, жүжигчин дээр нь тулж ажиллаж байгаад нь би их баяртай байгаа.
Манай театр урлагийн салбарт байгаа хамгийн ирээдүйтэй, техниктэй, хүн талаасаа хүн байж чадаж байгаа хүн бол М.Батболд. Найруулагч гэхээр архи тамхи хэрэглэж, харааж ерөөхдөө биш шүү дээ. Ийм хүнтэй ажиллах ч бас нэг талаар хялбар байна. Тэр дэндүү зөөлөн ч хүн байж магадгүй. Хоёр, гурван сар ажиллаад явж байхад үс нь бууралтаж, стресстэж байгааг нь харахаар яагаад ч юм хайр хүрэх юм. Чи сая асууж байна, хүмүүсийг өндөр шалгуураар харна биз дээ гэж. Өөр театрууд байлаа, байлаа гээд М.Батболдоос сайн найруулагч хаана байгаа юм. Нүүр бардам, итгэл үнэмшилтэйгээр би түүнийг нэрлэж байна.
“Намайг Монголд нь үлдээвэл үсчиж, тогтохгүй нь гэж бодоод аав Япон явуулсан”
-Өнөөдөр таныг уншигчдадаа цоо шинээр танилцуулах шаардлагатай байна л даа. Өмнө нь Японд 17 жил ажилласан, ийм залуу байдаг л гэж харж ирсэн. Та аавынхаа нэр алдраас тусдаа, хувь уран бүтээлчийн хувиар, урлагийн ямар амьдралаар амьдарч ирсэн хүн бэ?
-1997 онд “Еэ еэ шар будаа” кинонд тоглосон маань анхных. Түүний өмнө, бүр жаахан бахдаа “Илүү сартай зун” кинонд бас тоглосон. Түүнээс хойш л миний бага нас зургийн талбай, натур гэдэг газар өнгөрлөө. Японд их сургууль төгсөхдөө “Монголын орчин үеийн урлагийн түүх” гэдэг сэдвээр дипломоо хамгаалсан. “Чингис хаан, тэнгэр газрын хязгаар” гэдэг япончуудын хийсэн кинонд продюсерын туслахаар ажилласан. Дараа нь Жон Вү найруулагчийн “Red Cliff” кинонд борлуулалт, маркетингийн багт нь ажиллаж үзлээ. “Sex and the City” киноны мөн тийм багт ажиллалаа. “Коизүра” гэж киноны зургийн багт явлаа. Ихэвчлэн продюсингийн багт л ажиллаж ирлээ. Сүүлд Монголдоо “Сүүлчийн зоог” гэж бэсрэг жүжиг тавьсан ч удалгүй цар тахал гарч, хөл хорионд орсон.
Хүмүүс “Танай аав зохиолч хүн. Аавыгаа яриад л явдаг, чи өөрөө юу хийж байгаа юм” гэсэн шиг асуулт асуугаад байдаг юм. “Чингис хааны нууц түүх” зохиолыг орос, солонгос, англи, япон хэл дээр болон уйгаржин монгол бичигт хөрвүүллээ. “Amazon” дээр дэлхийн 14 улсад “Чингис хааны нууц түүх” роман худалдаалагдаж байна. Үүнийг аавын хийсэн юм гэх үү, би бүтээгээд байна уу гэдэг дээр хариулт өгье л гэж боддог юм. Соргодогийн Жаргалсайхан гэдэг хүний бүтээлийг илүү дэлгэрүүлэх, монголчууд өдий хэрд бодож, сэтгэж явсан юм гэдгийг илэрхийлэх гэж амьдралаа, мөнгөө үрээд явж байгаа. Хүмүүс найруулагч юм бол өөрөө юу хийж байгаа юм гэж асуудаг л даа. Хариултыг нь одоо өгнө. “Шөнө дундын бүжиг” кабаре драм миний продюсинг хийсэн Монгол дахь анхны уран бүтээл болно.
Би олон ярилцлага өгсөн байх. Харин одоо нөгөө Билгүүн чинь юу хийх гэж байна вэ гэдгийг хүрч ирж үзээд, тунгааж болно. Тэр хариултыг тэндээс олох байх. Чи надаас 20 жилийн дараа ингэж асуусан ч би нэг л адил хариулна. Би бүр өөрийгөө Соргодогийн Жаргалсайхан junior нь гэж боддог. Махан бие нь тэнгэрт халилаа ч уран бүтээл нь үргэлжлэх ёстой. Би өөрөө “Ж.Билгүүн, намайг мэдэх үү” гээд явах нь сонирхолтой биш. Аавын хийх гээд байсан зүйлийг үргэлжлүүлж байгаа нь л миний аз жаргал, хүү нь болж төрсний хариуцлага. Ер аавын зохиолуудаар, Чингис хааны түүхээр жүжиг тавина, бүтээл хийнэ гэдэг өөрөө ямар цар хүрээнд яригдах вэ. Агуулга нь, цар хүрээ нь, төсөв мөнгө нь өөрөө том. Би мөрөөдөхөөс айдаггүй, хийнэ гэсэн бол хийх, түүнийгээ ярих дуртай. Тэр нь намайг ташуурдаж, хариуцлагажуулж, итгэл найдвар, энерги болж байдаг. Гэхдээ наадах чинь их гоё асуулт байна. “Нэмээд хариулаач” гээд дахиад асуувал надад гоё байна.
-Та асуултын цаад контекстийг өөрөө мэдрээд хариулчихлаа л даа. Мэдээж энэ талаар ярилцахгүй бол болохгүй. Харин ийм үүрэг хүлээсэн нэгэн гэдгээ хэзээ, ямар үйл явдлаас хүчтэй ухамсарлаж ойлгосон бэ?
-Аав 2007 оны долоодугаар сарын 26-нд бурхан болсон. Бурхан болохоосоо 4-5 жилийн өмнө надад хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Анх өвөөг оршуулах ёслолын үеэр аавын уйлж байхыг нэг харсан, энэ анхных. Дараа нь тэр үед “Аавд нь одоо таван жил л байгаа болов уу. Үүнээс цааш ээжийгээ анхаарна шүү” гэж хэлэхдээ нулимсаа арчсан. Аавын уйлж байхыг, сэтгэлийн их уналттай байхыг тэгж хоёр дахиа л харсан.
Есүхэй баатрыг, аавыг нь татаруудад хорлогдлоо гэдгийг Мэнлиг эцэг Тэмүжинд дуулгах үеийн тэр эмоцыг би адилтгаж боддог. Тэр үед би Соргодогийн Жаргалсайхан гэж хүний үргэлжлэл байх ёстой гэж бодсон. Бурхан болчихлоо гэж утастахад би ер тэнгэр лүү л харсан. Тэнгэр лүү хараад “Баярлалаа...” л гэж боддог юм билээ. Тэгэхэд ер нь гэр бүлээ авч явах ёстойг, Соргодогийн Жаргалсайхан гэдэг хүний юмыг тэнгэрт мандуулахгүй юм гэхэд мартуулчихгүй явахыг хүссэн, өөртөө хэлсэн.
Өнгөрсний нь дараа “Үхэж үл болно” кино хийгдсэн, автор нь аав. Натурт явж байхад Г.Мягмарнаран ах зургийн талбайн зайд ирээд, надад “Миний хүү одоо хүчтэй байх хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Аав өнгөрсний дараа “Миний хүү” гэж дуудаад, хугарч, нугарч болохгүйг тэгж сануулсан. Тэгэхэд би дөнгөж 20 хүрээд л байж дээ. Хэн намайг энхрийлэх, өрөвдөх, түшиж тулах бол гэж бодогдсон тийм үе.
15, 16 жил өнгөрөхөд “Сорогдогийн Жаргалсайханы гэгээн дурсгалыг хүндэтгэв” гэсэн тоглолт байсан юм уу. Би аавыг одоо ч явсан гэж боддоггүй. Би тэр хүний сүнс бөгөөд аура үргэлжлээд явж байгаа гэж бодох их дуртай л даа. Намайг 14, 15 настай байхдаа “Соргодогийн Жаргалсайханы хүү байна” гээд яваад байхыг хараад загнасан. Тэгээд л Япон явуулсан. Аав өөрөө даруу, хэзээ ч “Би Соргодогийн Жаргалсайхан байна” гэж ярьж явдаггүй, ярилцлага өгдөггүй хүн байсан. Энэ хүүхдийг Япон гэдэг орон руу явуулж, япон хүмүүсийн тархи, зүрхийг ойлгуулбал өөрөө өөрийгөө удирддаг болох байх гэж бодсон юм байна. Энэ үед нь явуулахгүй бол хэцүү, магадгүй Монголоороо байвал ийш тийш үсчиж тогтохгүй байж мэднэ гэсэн байх л даа.

“Би бол бичихгүй байх. Харин гүүр хийж чадна”
-Таныг өөрөө шийдээд Япон явж дээ гэж бодож байсан.
-Үгүй. Тэр аавын алсын хараа байсан.
-Та өөр салбарын хүн байсан бол аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж буйг тань шууд хүндэтгэн хүлээж авах байсан байх. Урлагийн салбарт ажиллаж, найруулагч, продюсер гэдэг нэр зүүж байгаа болохоор л Сорогдогийн Жаргалсайханаас тусдаа, яг өөрөө юу хийж байгаа юм гэдгийг олонтой асуудаг байх л даа?
-Хийнэ дээ. Одоо 40 дөхөж явна. Нас бол тоо гэдэг л дээ. Яг үнэнийг хэлэхэд өөрийгөө олоогүй хүнээс ямар урлаг, ямар философи гарах юм. 40 дөхөж явна гэдэг тодорхой хэмжээнд хайрыг нь ч, зовлонг нь ч, ачааг нь ч, үхлийг нь ч үзчихэж байгаа юм. Тэгэхээр одоо харин надаас хүлээ.
Ирэх жил “Чингис хаан-Тэнгэрийн зарлиг” гэдэг жүжиг тавина, дахиад есөн ангит кино хийнэ. Нөгөө асуугаад байдаг асуултад “Одоо би та нарт хариулчих уу” гэдэг шиг хэлэхэд тийм байна. Өмнө нь бол би өөрөө өөр нэг нийгмийг үзээд явж байсан л даа. Өөрийнхөө авах, үзэх, ойлгох ёстой зүйлсийг тэндээс авсан. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр, “Миний дотор ийм юм асаад байна” гэж хандана гэж байхгүй. Тэр бол багийн ажил. Яг үнэндээ, чиний асуултад хариулахад, Соргодогийн Жаргалсайхан бичдэг хүн байсан бол би бичихгүй байх. Бичихгүй байх. Гэхдээ биччихсэн юмыг хэлбэржүүлэх, бүтээх, эцсийн хүнд хүргэх гүүрийг бол хийх байх.
Сорогдогийн Жаргалсайхан гэдэг хүн яагаад намайг Япон явуулж, магадгүй мөнгөтэй яаж харьцахыг сургасан бэ гэдэг бидний мөрөөдөлтэй ч холбогддог. Продакшн байгуулж, аав бичиж, би найруулж, би тоглоно гэдэг мөрөөдөл байсан. Харин одоо “Шөнө дундын бүжиг” кабаре драмын зохиолч нь С.Жаргалсайхан, ерөнхий продюсер нь Ж.Билгүүн гэж бичигдэнэ. Аавтайгаа нэг уран бүтээлд, чиний хүсээд байгаа, уран бүтээлч хүний үүрэг рольтой орж ирнэ, үүнд дотроо баярлаж байна.
-“Би бол бичихгүй байх” гэсэн нь оносон байх аа. Тэр хүн менежмент, багийн ажил гэж гүйж явсангүй. Тэр авьяас дахин давтагдахад хэцүү байх л даа.
-Хэцүү.
-Та 14, 15-тайдаа “Би Сорогдогийн Жаргалсайханы хүү байна” гэж ярьж явдаг байсан гэхээр, том хүний хүүхэд гэдгээ эрт мэдэж, амьсгалчихсан явжээ гэж ойлгогдож байна?
-Тийм, тийм. Манайх Сансарын “Гурван өндөр”-ийн захын байранд амьдардаг байсан. Тэнд чинь Н.Жанцанноров гуайнх, Ц.Батчулуун агсных, Б.Нямгарав, Б.Балжинням найруулагчийнх, ардын жүжигчин Н.Сувд, А.Долгор нарынх байлаа. Айлын том хүү Хөвсгөлөөс Польш явж ирээд зохиолчоор ажиллаж байсан энэ хүн өөрөө, амьдралынхаа нуруугаар надад үүнийг, багад минь мэдрүүлчихсэн. Г.Доржсамбуу, Б.Балжинням найруулагчийг, Б.Бадрууган гэдэн хүнийг зургаан настайгаасаа харж, найрлахад нь дэргэд нь гүйж явлаа. Энэ мэдрүүлчихсэн.
Манай аав харин бусад шиг “Би” гэж яваагүй тул цол, гавьяа шагналд фокуслаагүй. Харин өөрөөсөө ах найруулагч нарын хүсдэг зүйлийг тэр өгч чаддаг байснаараа legend. Би бахархахаас өөр аргагүй. Харин энэ нөхрийг яг энэ нийгэмд нь үлдээчихвэл боломгүй нь гэж тэр миний зам жимийг харж, тэгж хүмүүжүүлж. Үндсэрхэг болгосон. Их сайн яривал надаас монгол үнэртэнэ. Гэхдээ гадна царай төрхөөрөө, байгаа байдлаараа өөр байж мэднэ. 20 жил Японд амьдрахдаа, аавын хөвгүүд Японы сүмо бөхийн дэвжээнд Ёкозүна гэдэг дээд цолд нь хүрээд явж байхад, би өөр салбараар нь Ёкозүна болъё л доо гэж зорьж, шатаж явсан. Одоо ч шатаад байгаа. Гэхдээ би ирсэн нь аймаар шүү.
-Та хэзээ ирлээ?
-Ээж эрүүл мэндийн асуудалтай болж, Монголд ирсэн сүүлийн 4-5 жил хэцүү л байлаа. “Монгол хүн Монголын баялаг нэвтрүүлэгт” М.Халиунбат надаас “Гоё, гоё юм их ярилаа. Харин хэзээ Монголдоо ирэх вэ. Хүлээж байгаа ш дээ?” гэж асуусан. “Миний зүрх сэтгэл өдөр бүр Монголдоо бий” гэж хариулж байсан.
Хожим Х.Баттулга ерөнхийлөгчийн хүлээн авалт дээр М.Халиунбаттай тааралдахад, “Ханыг хатуу гэдгийг мөргөж байж мэднэ гэж чи ярьж байсан. Өөрөө мөргөж үзчихээд буцаад ирэв үү” гэлээ. Би “Тэглээ” л гэсэн. Би жаахан гөжүүд зантай. Яагаад заавал хүний бодсоноор хийх ёстой гэж. Хүн гэдэг нэг л хувилбар. Бусдын хүссэнийг өгнө гэдэг нэг талаар өрөөсгөл. Тэр төрмөл авьяасыг, тэгийг нэг болгодог юм гэдэг амар биш. Яагаад өнөөдөр зохиол алга, зохиолч байхгүй гэж яриад байгаа юм. Амаргүй болохоор л тэр.
-20 жил гэдэг залуу хүний хувьд их урт хугацаа. Та юу хайж, юу хүлээж Японд байсан бэ. Түүнийгээ олсон уу?
-Японоос сахилга бат, тэвчээр, хүний хүн байхын утга учрыг л олж байгаа юм. Би гэхдээ Японд хайртай, миний хоёр дахь нутаг. Надад Японы иргэншил авах, япон хүнтэй суух хүсэлт ч ирж байсан. Яг үндсэндээ надад юу таалагдсан гэхээр, надад түүртэх юм байгаагүй. Цаг барих, хувийн соёл, бусадтай харилцах харилцаан дээр. Бараг төөрсөөр төрөлдөө гэдэг шиг, урд насандаа япон хүн байж байгаад, Монголд төрчхөөд, эргээд нутагтаа буцаад очсон юм шиг санагдаж байсан гэхэд хилсдэхгүй. Хэлийг нь хүртэл амархан сурсан. Тэр хүмүүсийн бусдыг хайрлаж, хүндэлж, тусалж, багаар ажиллаж байгаа нь “Wow”. Тэдний хөгжил монголчуудаас бараг 30-40 жилийн урд яваад байна.
Магадгүй би ирээдүй рүүгээ аялчхаад ирсэн учир, тийм болохоор би болоод байсан. Манайхан их дээд сургууль төгсөөд л, үсрээд 7-8 жил болоод буцдаг. Миний хувьд яг япончуудын топ давхаргад нэвтэрч, япон хүний мөн чанарыг, суурийг нь харахын тулд өөрийгөө зовоож явсан. Манай япончуудын “Чулууны дээр гурван жил” гэж зүйр үг бий. Би үүнийг давуулан биелүүлсэн (Инээв). Тэвчээрээр үнэлэмж үүсдэг. 10 жил дотор бол юмыг мэдэх хэцүү. Нэг бүтэн циклийг ойлгоход их хугацаа хэрэгтэй. Би сахилга бат, тэвчээрийг л авсан. Техник технологи гээд л лаг юм яриад байдаг, үгүй ээ. Гудамжинд яагаад шүлсээ хаяж болохгүй вэ, бие биедээ гай болохгүй амьдаръя гэж юу вэ гэдгийг л ойлгохын нэр. Мянган хуудастай ном уншиж, академик юм ярихыг гадаадад амьдарсны үр шим гэх гээд байдаг. Тэр хүн дараа нь гудамжинд шүлсээ хаяж л байвал хөгжөөгүйн нэр биз дээ. Япончууд яагаад ийм сүнслэг, залгамж халаатай хөгжиж, дэлхийг хөдөлгөж байгаа юм гэдгийг л олох, ойлгох хэрэгтэй.
Ер нь хэн нэгэн хүний эрх ашгаар хэн нэгнийг хэн ч биш болгож болохгүйг манай аав энэ жүжгээрээ ч илэрхийлж. Одоо манайхан “Сорогдогийн Жаргалсайхан гуайн зохиол бараг хуучрахгүй юм, тэ (шивнэв)” гэж ярьдаг. “20 жилийн дараа муудсан уу гэхээс сайжраагүй байна” гэцгээдэг. Надад АНУ, Австрали, Герман, Хятад гээд сонголтууд байсан. Харин аав “Япон шүү, чи бод доо. Дайны дараа 60-хан жилийн дотор ийн хөгжсөн” гээд л ярьж байлаа. Япончуудын цаад тэнгэр оршихуй нь магадгүй бид угсаа гарвал нэгтэйнх ч байж магадгүй. Магадгүй миний Японд хайртайн, төрсөн газраа буцаж очсон юм шиг санагдсаны учир энэ.
“Чингис хааны нууц түүх”-ийн ард “Дээрэнгүйгээр монголчууд гэж хэн юм бэ гэж асуухад та шууд хариулж чадахгүй бол энэ романыг уншаарай” гэж бичсэн байдаг.
“Болдог бол өөрийгөө улам л зовоох сон”
-Японд нэлээд амбиц тээж явжээ. Энэ хугацаанд унах босох, өөртэйгөө ажиллах шаардлага олон тулгарсан байх. Харин яг өнөөдөр та амьдралын ямар зам мөрийг олж зогссон бэ?
-Би багадаа л өөртөө их итгэлтэй хүүхэд байсан. “Яагаад айх ёстой гэж”. “Яагаад мөрөөдөж болохгүй юм”. Японоос би айхтар өөрийгөө олсон ч гэдэг юм уу, тэнээд явж байсан хүн шигээр өөрийгөө боддоггүй юм. Деталиудыг олж авсан. Тэд яагаад амжилтад хүрэв, мөнгөний бодлого нь яав гэдгийг дотор нь орж байж мэдэхгүй бол гаднаас нь уншаад ойлгохгүй л дээ. Зарим хүмүүс “Монголд ирэхээр хэцүү байна уу, Монголын нийгэм ийм ч, тийм ч” гээд байдаг. No.
Одоо бид энэ дотроо тэрслэх, сөрж зогсох, дуугарах ёстой. Олныг түүчээлэх, хийж бүтээх ёстой. Жаахан болохгүй болоод ирэнгүүт нь зугтаж болохгүй. Амьдрал мөнхийн тэмцэл. Хаанд ч, хаалгачид ч зовлон бий.
-Өөрөө өөртөө дургүй хүрдэг юм бий юү?
-Болдог бол улам их тэмцэж, улам их өөрийгөө зовоох сон гэж боддог. Хааяа “Болчхож байгаа юм чинь” гээд залхуурах талтай.
-Ийм хөдөлмөрч мөртлөө юү?
-Яах вэ, хөдөлмөрч гэдгийг амьдралаа ахуйн үүднээс авч явах тал дээр ярьж болно. Гэхдээ би өөрийгөө улам л зовоох гээд байдаг. Тэгж байж кайф мэдэрдэг байх. Сайн юм хийж байж, өөрийгөө шаналгаж, зовоож байж кайф аваад байдаг. Намайг чадахгүй гээд хэлчихвэл би улам шатдаг, “өшөө авах” гээд байдаг.
-Одоо та ямар урлагаас гадна ямар бизнесийн төслүүд дээр ажиллаж байгаа гэлээ?
-Ноолуурын брэнд үүсгэх гээд явж байна. Ус цэвэршүүлдэг бизнес судалж байна. Японы натурал гоо сайхын брэндийг оруулж ирсэн. Хэд хэдэн салбарыг судалж, бас хийж байна.

-Та надаас Монгол үнэртэнэ гэж хэлсэн болохоор, монгол хүний мөн чанар гэж юу болохыг асуумаар байлаа. Сая аавынхаа номны ард бичигдсэн үгийг эшлэхдээ, та тэр асуултыг бараг өөрөөсөө асуучих шиг. Үүнд хариулт авмаар байна?
-“Монгол хүн бол” гэдгийг монголчууддаа хэлэх нэг өөр, гадаадуудад хэлэх нэг өөр ухагдахуун. Би хэрэв чиний асуултад хоёр хувилбараар хариулах юм бол, нэгт бие биедээ хайртай, бие биеэ дэмждэг байх ёстой байх. Хөлөө жийлцэж, атаархаж, амбицалж суухдаа гол биш байх. Өөрөө лаг болчихоор бусдыг үгүйсгэдэг, бусад нь хог гэдэг аминч хүмүүс олон байна. Н.Түвшинбаяр аварга алтан медаль хүртэхэд бид хэрхэн нэгдэж байлаа. Хоёр дахь хувилбараар хариулах юм бол, хэлсэндээ хүрдэг байгаасай, хариуцлагатай байгаасай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Хилийн дээс алхсан бол монгол хүн, монгол хүү болж л амьдраасай.
Хол очиж суучхаад хэн хэнээ доромжилж, компьютерын араас коммент бичихдээ гол биш. Амьдарч буй нийгмээ өөрсдөө бүтээж буй гэдгээ ойлгохгүй бол ирээдүй үгүй. Бараг шүлэг хэлэх нь холгүй юм яриад л байдаг. Монгол хүн монгол хүндээ хүндэтгэлтэй ханддаг, жижигхэн юмаар ч болов тусалчихдаг л байгаасай. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж үг бий. Бараг өөрөөсөө асуучхав уу гэдэг шиг чинь, эргээд би өөрөө ч тийх байх ёстойгоо мартаж болохгүй.
-Гэхдээ аав нь энэ асуултад юу гэж хариулсан гэж бодож явдаг вэ. Та хоёрын тодорхойлолт ойр уу?
-Миний багад аав энэ тухай насанд минь тааруулж л ярьдаг байсан байх. Аав гурван ангит кино бичээд, “Монголчууд бол 13-р зуунд дэлхийн топ байсан. Одоогийн америк байхгүй юу. Харин 800 жил өнгөрсний дараа өөрсдийгөө хар даа” гэдэг байлаа. Үр хойчис, тархины хэмжүүр, өөрсдийн код гэдэг бий гэдэгт би лав итгэдэг. Харин үүнийг яаж өдөөх вэ, чиглүүлэх вэ. Монгол хүний код тархинд нь, зүрхэнд нь явж байгаа. Бид хувь хувьдаа жижиг, жижиг Чингис хаад болох ёстой.
“Чингис хааны нууц түүх”-ийг унших нь ээ, нэг бүлэг дотор л их философийг задалж, буталсан байдаг. Би Сорогдогийн Жаргалсайхан гэдэг хүнийг өөрийнхөө хэмжээнд л ярьж яваа. 100 хувь ойлгож би бол барахгүй. Дээр нь бусдын амбиц, ашиг сонирхол орж ирнэ. Дээр нэг ярилцлага өгөхдөө “Өөрийнх нь амьдралд дэндүү хурц явсан хүнийг хожим нь дурсахыг хүсдэггүй юм байна даа” гээд хэлчихсэн. С.Жаргалсайханыг ярьчихаар тэд өөрсдийгөө үгүйсгэчих гээд байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гени байга�##�даа. Хүлээе харая аав нь мундаг хүн байсан шүү
Дүү хүүд амжилт хүсье. Аав нь сайн хүн байсан шүү.
батболд эмч хүн болохоор хүмүүсийн сэтгэл санааг сайн мэдэдэг найруулагч даа Чингис хаан киног сайн хийж дэлхийд Чингисийн нэрийг гаргах л хэрэгтэй дээ
ЧИНГИС ХААН ЗОХИОЛЫГ УНШИЖ БЛАА, ЯГ ТИЙМ ТҮВШИНД ХҮРЭХҮЙЦ ЗОХИОЛ БИЧЭЭРЭЙ АМЖИЛТ, ЧИХ ТАВИН ХҮЛЭЭЖ БАЙЯ
Kkk
Сайхан боловсролтой хүн шүү! Хоер орны харилцаанд хувь нэмэр болж яваа одоо мэргэжлээрээ юм юм хийж байгаад баяр хүргэе!
Амжилт хүсье.
estoi hud gardaa ems huuhen erguulsen shalig baagii. bult bult usrehiin yana.