Ц.Батболд: Бүлэглэлийн эрх ашиг парламентын гишүүд олон байх тусмаа хөндөгдөнө

Эрх баригчид ҮХНӨ-ийн төсөлдөө УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх заалт боловсруулаад, иргэд сонгогчдодоо танилцуулаад ирлээ. Улмаар “Иргэд бол 152 гэдэг тоог дэмжихгүй байна. Тэгэхээр буулгая. Хэд болгохоо ярилцъя” гэж МАН-ын бүлэг өчигдөр (2023.05.16) шийдлээ.
2024 онд өөр хэлбэрийн сонгууль хийгдэхээр болоод буй энэ нөхцөлд, сонгууль болох гишүүдийн тоо тойрсон асуудал, эрх баригчдын баримталж буй хандлагын талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Батболдтой ярилцлаа.
Гишүүний тоо гэхээсээ тойргийн тэнцвэрийг хангах тал дээр анхаарах байсан
-МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудлаа эргэж харахаар боллоо. Энэ тоогоо бол буулгах юм байна. Онолын хувьд хэд байвал зөв болох вэ. 152 нь хэр бодитой тоо байсан бэ?
-Парламентын гишүүдийн тоо цөөн байх нь хөндөнгийн лоббид өртөх магадлалыг нэмдэг. Тодорхой лобби, зорилгод автаж хууль батлаад байгаа нь ч үнэн, манай улс төрд бий.
Харин гишүүний тоо гэхээсээ тойргийн асуудлыг илүү анхаарах ёстой байсан. Онолын хувьд сонгогчдын тооны тэнцвэртэй байдлыг хангах агуулга гэсэн үг. Зарим улс орон дөрвөн жилд нэг удаа тойргийнхоо тэнцвэрийг өөрчилж байдаг. Манайд бол нэг удаа хийчхээд 30-аад жил болчихлоо. Нэг тойрогт нэг хүнийг 60 мянга, нөгөө тойрогт 20 мянган хүн сонгож байвал шударга бус шүү дээ. Үүнийг тэнцүүлэх хоёр арга бий.
Нэгдүгээрт, тойргийг томсгож, багасгаж байгаад тэнцүүлж болдог. Тэгэхээр гишүүдийн тоо нэг бол нэмэгдэнэ, нэг бол буурна.
Хоёрдугаарт, механикаар шийднэ. Зарим тойрог цөөн сонгогчтой байсан ч онцгой статус өгдөг гэсэн үг. Үндэстний цөөнх гэх мэт онцлог бүхий тойргууд дээр үүнийг ярьж болно. Манайд тийм асуудал нь гайгүй. Ингэж тэнцвэржүүлэх тухайд 76 гэдэг тоог өөрчлөх тухай яригдахгүй.
300 мянган сонгогчтой дүүрэгт гурван хүн, 90 мянган сонгогчтой хөдөөгийн тойрогт мөн гурван хүн нэр дэвшиж байдаг. Энэ тэнцвэргүй асуудлыг засаагүй байж, шууд гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь буруу байсан л даа.
-Бусад орнууд дөрвөн жил тутам тэнцүүлэх арга хэмжээ авдаг гэлээ. Манайх шиг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад байдаг нь хэр вэ?
-Зүгээр л дагавар хуулиар шийдчих асуудал. Сонгуулийн ерөнхий хороо нь тэнцвэр хангахын тулд гээд энэ өөрчлөлтөө сонгуулийн өмнө хийж, түүнийгээ мэдээлээд явчихдаг. Хүн ихтэй тойргийн квотыг тэнцүүлээд нэмэх жишээтэй. Нэг удаагийн сонгуулийг л тэнцвэртэй зохион байгуулах уян хатан, бие даасан шийдэл гэсэн үг.

Бодитоор хэлбэл бага ч болов дэвшил мөн
-Бид Үндсэн хуулиа өөрчилнө гэснээ ганцхан заалттай төсөл бэлтгэчхээд байна. Таны хэлснээр, дагавар хуулиар зохицуулаад явах уян хатан нөхцөл бүрдүүлэхээсээ илүү, дахиад л гишүүдийн тоог Үндсэн хуулиар хатуу хуульчилж тогтоох нь ер хэр зөв юм бэ?
-Шинжлэх ухааны үндэстэй, логик дүгнэлтээр авч үзвэл, Үндсэн хуульд гар хүрвэл гишүүдийн тоо гэхээсээ парламентыг хоёр танхимтай болгох асуудлыг хөндөх ёстой байсан.
Хоёр танхимтай парламентын нэг нь намын жагсаалтаар, нөгөө нь сонгогчдын төлөөллөөр бүрддэг. Намын жагсаалтаар бүрдсэн, байнгын ажиллагаатай танхим нь хуулиа санаачилна, нөгөө нь баталдаг. Нөгөө нь бас хууль ч санаачилж болно. Ингэснээр нэг танхим нь нөгөөгөө хянадаг юм. Манайд тийм хяналтын систем байхгүй учир “аргаа барахдаа” халдашгүй бүрэн эрхийг нь хасахад хүрдэг болчихлоо.
Уг нь халдашгүй бүрэн эрх гэдэг бол аль 17-р зуунд үүссэн ойлголт л доо. Парламентын гишүүн үг хэлснийхээ төлөө шоронд ордог, буудуулдаг зүйл байлаа шүү дээ. Тэгэхээр халдашгүй бүрэн эрх гэж байхгүй л бол ард түмний эрх ашгийг хамгаалж чадахгүй. Үгээ хэлж чадахгүй болно, айдас хүйдэст автана гэсэн үг.
Нэг танхим гэдэг өөрөө зүгээр л хялбарчилсан хувилбар. Харин хоёр танхимыг хэн ч “бодож олоогүй”, түүхийн явцад өөрөө бүрэлдсэн хэлбэр. Нэг танхимтай парламент бүхий хөгжингүй орон гэвэл Швед, Дани гэж хоёр орныг л нэрлэх боломжтой. Тэдний хувьд ард нийтээс хяналтаа тогтоодог тогтолцоотой. Тийм болохоор нэг танхимтай болгож хялбарчилсан.
Нийтийн танхимд ард түмний эрх ашгийг тойрог дээрээ төлөөлдөг ямар ч хүн байж болно, дуучин, жүжигчин. Харин бодлого боловсруулна гэдэг цэвэр намын бодлогын асуудал. Тиймээс бодлого тодорхойлж чадах мэргэжлийн хүмүүс жагсаалтаар орж ирдэг. Ингээд хоёр танхим уялдаатай ажилладаг. Тэгэхээр манайд хэлбэр нь байхаас агуулга нь ер байдаггүй гэсэн үг л дээ.
Японд ч тэр, Ерөнхий сайд нь намын жагсаалтаар орсон хүмүүсээ буцаагаад татчихдаг. Учир нь тэд ард түмний төлөөлөл биш, намын бодлогоор орсон хүмүүс. Тэгэхээр дахин сонгууль явуулах шаардлагагүй, шууд жагсаалтад дараад нь бичигдсэн байсан хүнийг оруулаад ирдэг. Ийм харилцан хяналттай.
“Монголчилно” гэдэг бол хялбарчлах гэсэн үг юм байна. Хуучнаар бол, 10 боолттой орос машиныг “монголчлоод” дөрвөн боолтоор боочих жишээтэй. “Монгол шиг жижиг оронд хоёр танхим хэрэггүй, ийм олон гишүүн шаардлагагүй” гэх мэт буруу юм ярьдаг. Гэтэл аливаа механизм цогцоороо байж гэмээнэ ажилладаг. Төр гэдэг бол механизм. Монголд хялбарчлаад, хоёр танхимыг нийлүүлчхэж болно гэсэн ийм бүдүүлэг ойлголтоор төрийг дампууруулсаар байгаа.
-Уг нь Үндсэн хуулийг өөрчлөхдөө хоёр танхимтай болгоё, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гэж том зорьсон. Гэвч явж явж гишүүдийн тоог нэмэх нэг агуулга дээр л үлдчихлээ.
-Шууд бодитоор хэлбэл, энэ бол дэвшил юм. Өмнөхөөсөө. Сайн ч, муу ч сөрөг хүчин бүрэлдэх боломж үүгээр бүрдэнэ. 2012 онд дутуу дулимаг хандсан ч сөрөг хүчнээс 12 хүн ороод ирсэн шүү дээ. Төгс биш юм гэхэд бага багаар ч болов өөрчилж байгаа нь сайн хэрэг, нэг талаасаа.
Харин парламентын гишүүн олон байх хэрээр хэдэн хүн илүү тэжээх нь гэж голоо цохих хэрэггүй. Олон байх тусмаа хуйвалдаанд, янз бүрийн лоббинд өртөх нь буурдаг. Дэлхийн хэмжээнд 500-600 хүнтэй парламент байж л байна.
Нарийн яривал, хоёр танхим байвал нэг нь нөгөөгөө айхтар хянаж чадна. Ардчилсан засаглал гэдэг ард түмний хяналт гэсэн үг. Бид энэ хяналтын системийг мартчихаад, хэрэгжүүлэхгүй байгаа. Уг нь нийтийн танхим нь хяналтаа тавиад явдаг учиртай. Манайд хяналт байхгүй, бүгд хууль тогтоодог сүрхий хүмүүс болчихсон. Нэг танхимд мэргэжлийн, мэргэжлийн бус хүмүүс холилдоно. Тэгээд хууль батална гэхээр юу болох вэ.
Сонгуулийн ерөнхий хороог бие даалгах ёстой
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа энэ өөрчлөлтөө ярьсан. Иргэд бол гишүүдийн тоо гэхээсээ амьжиргааны хүндрэлээ илүү ярилаа л даа. Өөрсдөө ойлгох нь ч бага байна.
-Энэ бол иргэдийн нэрийг барьж ажиллаад буй хэрэг. Иргэд бол нарийн учрыг мэдэхгүй, мэдэх ч албагүй. Малаа маллаад, барилгаа бариад, аж ахуйгээ эрхлээд явж байх ёстой хүмүүс. Санал авна гэвэл бодож санаснаа л хэлнэ. Тийм учраас, үүнийг нь өөрсдийн зорилгод ашиглахын тулд л санал авна гэж явцгаасан.
-Тийм учраас халамжийн агуулгаар энэ оны төсвийг тодотгох гэж байна. Иргэд 152 гишүүнийг дэмжихгүй байгаа нөхцөлд, яг ҮХНӨ яригдах үеэр зэрэгцүүлж төсвийн тодотголыг хөндөх нь улс төрийн шийдвэр байх боломжтой юу?
-Ямар ч байсан, 152 ч бай, хэд ч бай, тойргийн тэнцвэрийг хангах нь нэн тэргүүнд чухал. Харин нэрсийн жагсаалтын хувьд нээлттэй, хаалттай гэж хоёр хувилбар бий.
Нээлттэй нь, нэрсийн жагсаалтаар гарч ирээд давхар сонгууль явуулдаг. Тэгэхээр ард түмний төлөөлөл болчихно, иймд тэднийг огцруулж болдоггүй. Намын бодлогын эсрэг нам дотроо тэмцдэг фракцууд бий, манайд тэр нь бүр олон. Нам гэдэг дотроо асуудлаа шийдчихээд, бодлогоо хэрэгжүүлдэг онцлогтой болохоос эрх мэдэлд хүрчхээд, намтайгаа тэрслээд, сөрөг хүчинтэй нийлээд, улсыг хэд хэдэн тийш хуваагаад байж болохгүй.

-Өдгөө гишүүдийн тоог нэмэх нь гарцаагүй боллоо. Харин жагсаалтаар сонгогдох агуулгыг нарийвчлахгүй, гэрэл тусгахгүй байна л даа. Та жагсаалтын хувьд хаалттай байсан нь дээр гэж үзэж байна уу?
-Онолын хувьд тийм. Намууд төлөвшиж чадаагүй, бодлого нь байхгүй байна л даа. Нээлттэй байвал жагсаалтаар сонгогдсон хүмүүсээ буцаан татаж болохоо больчихно. Нам яагаад ялж олонх болсон билээ. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд. Бодлого хэрэгжүүлэхэд саад болоод байгаа хүмүүсээ буцаан татах л хэрэгтэй. Сөрөг хүчинтэйгээ нийлж, бодлого тарааж хаясаар 30 жил юу ч хийгээгүй юм шүү дээ.
-Дагалдуулаад сонгуулийн болон улс төрийн намын тухай хуулиа шинээр боловсруулсан байгаа. Та сонирхож харсан уу. Агуулга гэхээсээ дахиад л эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг хуульчлах гэх мэтээр, хэлбэр төдий хандах гээд байна уу гэж харах юм?
-Хүйс бол яах ч аргагүй дэлхий нийтийн л хандлага болчхоод байна. Үүнийг хийснээр тэд өөрсдийгөө л дэмжүүлэх гээд байгаа юм. Сонгогчдын 50 хувь нь эмэгтэй гэдгийг тэд мэдэж байгаа шүү дээ. Тэр утгаараа л оруулж ирж байгаа юм. Нөгөө талаасаа, чадах л юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү ажиллаж болохыг үгүйсгэхгүй.
-Дагалдах хуулиудыг яаж хийвэл одоо зөв болох юм бэ. Үндсэн хуулиар бол гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоогоор сонгохыг гарцаагүй болгож хуульчлах нь тодорхой боллоо?
-Сонгуулийн тухай хуульд нэг зүйл бий. Сонгуулийг “уяачид” нь өөрсдөө шүүгээд байгаа юм л даа. Зүй нь төрийн албан хаагчид буюу хөндлөнгийн хүмүүс шүүх ёстой. “Энэ хүн хууль бус юм хийсэн учраас нэр дэвшигчээс татлаа” гээд татах ёстой. Өөрсдөө шүүгээд байгаа учраас “Танай намын тэр тэгсэн шүү, за тэгвэл дундаа хийчихье” гээд хуулийг завхруулдаг. Нэр дэвшигчдээ тогтдог. Манай төрийн байгууллагад бол итгэх аргагүй л дээ. улс төрд атгуулсан.
Тэгэнгүүд оронд нь иргэний нийгмийн байгууллагад итгэл хүлээлгэх асуудлыг ярьдаг. Иргэний нийгмийн байгууллагыг “Ядуус юм чинь жаахан мөнгө үнэртүүлчихвэл хаашаа бол хаашаа явчихна” гэж бас хэлдэг.
Яаж ч бодсон хоёр багийн дасгалжуулагч өөрсдөө шүүгч болчихвол хачин юм болно биз дээ. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хороог бие даалгах л ёстой. Тэгэхгүй бол дандаа хор найрна.
Олон гишүүнтэй болбол бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөнө

-Энэ өөрчлөлтүүд эргээд эрх баригчдад юугаараа ашигтай тусах вэ. Том зорилтуудыг удаан хугацаанд тавьсан ч ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа ийм ганц л заалт үлдлээ?
-Ер нь өөрт ашиггүй ямар ч хуулийг эрх баригчид дэмждэггүй. Энэ бол логик. Жаахан ч болов ашигтай байвал тэр төсөл явж байдаг. Харин давхар олон нийт, ард түмэнд ашигтай байх талыг анзаарах ёстой. Тэд бол онолын хувьд дандаа өөрт ашигтай юм хийж байдаг. Учир нь тэдэнд эрх мэдэл бий. Ашиггүй байх гээд байвал жаахан ч болов ашигтай тал оруулж ирж байж дэмжигдээд явдаг. Харилцан ашигтай байж гэмээнэ төсөл, шийдвэр улс төрийн дэмжлэгээрээ ахидаг.
-Эцсийн дүндээ иргэдийн саналыг тусгах, ойлгуулах асуудал л хамгийн эмзэг сэдэв болж харагдлаа?
-Үүний цаана улс төр, бизнес, төрийн албаны гурвалжин бүлэглэлийн сонирхол явж байдаг. Иргэдийн санал гэдэг үгээр халхавчилж, парламентын гишүүдийн тоог цөөрүүлнэ гээд явчихлаа шүү дээ. Их олон гишүүнтэй болчихвол энэ бүлэглэлийн ашиг сонирхол хөндөгдөнө. Түүнээс тэр малчин, тариачин хүмүүсээс асууна гэдэг бол шоу. Гэнэт очоод асуувал тэд хувийн санаагаа л хэлнэ шүү дээ.
-2024 онд шал өөр сонгууль болох нь. Иргэд, сонгогчдод энэ процессоос үүнийг л анхаар гэж хэлэх зүйл юу байх вэ?
-Одоо төслүүд батлагдаагүй, боловсруулах шатандаа явж байна. Тэгэхээр урьдчилж хэлэх дэмий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм тэнэг юмнууд их сургуульд багшлахаар ч одоо монгол улс сөнөлгүй хаачихав дээ !