Тэмдэглэл: Морин хуурыг "удирдсан" хүн

Өнөө цагийн гарамгай морин хуурч Д.Шинэцог-Генийн “Морин хуур мину-III” тоглолтыг үзэхээр “Хүн” театрт үзэгчид чуулж, зуны тэргүүн сарын шинийн 1-ний өдөр цас, бороог холион байлаа. Үүдний хэсэгт “Эгшиглэн магнай”, “Хан мьюзик” хөгжмийн зэмсгийн үйлдвэрүүд нэрийн хуудас болсон морин хууруудаа дэлгэжээ. Мөн нэг хэсэгт айраг сэнгэнэж байна.
Монгол гэрийн хийцтэй, 80 хүний суудалтай эл чамихан театрын тайзнаа Монголын анхны хувийн хэвшлийн оркестр болох “Анир” суудлаа эзэлжээ. Тоглолт эхлэх дөхсөний дохио тэмдэг болгож, царыг гурвантаа дуугаргасны дараа дэлгэцээр “Хөхөө намжилын домог”-ийг анирдуулав.
Морины нь далавчийг ховч хүүхэн үйлийн хайчаараа хайчилж орхисны дараа Хөхөө намжил, ширээр нь царыг бүрж, хялгасаар нь чавхдасыг хийж, явдал дууг нь дуугарган уясдаг болсноор морин хуур хөгжим бүтсэн домог түүх энэ билээ.

Ингээд тоглолт эхлэхүйд, Д.Шинэцог-Гени ихэмсгээр гарч ирлээ. Тэр сандалдаа сууж, харцаа гүн төвлөрүүлнэ. Харин юунд ч түүртэхгүй аж. Тоглож эхлээд ер удалгүй хөлс нь чийхарч, шанаа дагаж урсана. Хоёрдугаар эгнээнд суусан надад тэр нь хөлс нь нэлхийтэл ханх тавьж байх шиг мэдрэгдэнэ.
Тоглолтын хөтөлбөрийн хүрээнд:
- Б.Шаравын морин хуурын концерт
- З.Хангалын морин хуурын концерт
- Б.Мөнхболдын морин хуурын гуравдугаар концерт
- Ш.Өлзийбаярын морин хуурын дөрөвдүгээр концертыг хөгжимдлөө.
Тэр дундаа Ш.Өлзийбаярын бүтээл анх удаа эгшиглэснээрээ онцлог. Энэ концертыг морин хуурч Д.Шинэцог-Гени, "Анир" поп оркестр хөгжимдсөнөөр, анхны сонсогч нь болох хувь тэр өдрийн үзэгчдэд тохиожээ.

Д.Шинэцог-Генид эргэлзэхийн учир байсангүй. Тэр эд эрхтнийхээ нэг хэсгийг удирдаж байгаа юм шиг л хуурыг хөрөөдөх юм. Бас асар их төвлөрч, бясалгаж буй шинж төрхтэй. Яг Д.Шинэцог-Гени л чадна гэлтэй хурдтай, авхаалжтай хэсгүүдийг тэр омог бардам, нүүр тахлам гүйцэтгэж байлаа. Б.Мөнхболдын хувьд зөвхөн түүнд, түүний ур чадварт зориулж тус морин хуурын гуравдугаар концертоо бичжээ.
Ш.Өлзийбаярын шинэ концерт ч мөн ихээхэн ур чадвар шаардсан, хүнд хэсгүүдтэй болж. Д.Шинэцог-Гени л түүнийг хөгжимдөхөөр зориулагдсан мэт зохицжээ. Тэр морин хуурын хөгжлийг чухалчилж үздэг. "Ирээдүйд гар хуруу нь урт, октав дагуулан тоглож чаддаг залуустаа зориулж..." гэж ярьдаг. Тийм ч болохоор хуурын хөгжил гэдэг гарамгай хуурч, сайн зохиолч хоёроос салшгүй холбоотой. Хуурч нь байгаа цагт зохиолч тулгаж, өргөж, шидэж, мөрөөдөж бичнэ. Зохиол нь байгаа цагт хуурч шатаж, асаж, хөлсөө урсгаж, норж тоглоно.
Ийм учрал холбоосоор бүтсэн тоглолтууд "Хүн" театрын тайзнаа өрнөлөө.

Тоглолтын үеэр мөн "Эгшиглэн магнай", "Хан мьюзик" хөгжмийн зэмсгийн үйлдвэрүүд азтан шалгаруулж, ширэн цартай нэг, модон цартай нэг морин хуур бэлэглэсэн. Мөн тоглолтын ивээн тэтгэгч "Таван нүдэн" брэндээс Д.Шинэцог-Генид Өндөр гэгээн Занабазарын анхны тиг бүхий соёмбо дурсгасан.
Харин хамгийн урд эгнээнд тухалсан Д.Шинэцог-Генийн аав, ээж хоёроос жаргал халгиж байлаа. Үлгэр эсхүл хүүхэлдэйн кинон дээр гардаг л аз жаргалтай эхнэр нөхөр, эмээ өвөө хоёрын янзтай. Гарамгай морин хуурчийн аав, найруулагч, жүжигчин Л.Доржням тайзнаа гараад үүнийгээ тунхагласан. Тэр "Миний хүүг гүйцэх морин хуурч дэлхийд байхгүй" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.