Тойм: 126-аа дэмжүүлэхээр "нууц"-аар ажиллаж, БЗС-гийн шүгэлдээ өөрсдөө "намнуулах" шахсан долоо хоног

УИХ-ын гишүүд 152 гэдэг тоогоо 126 болгож аваад дахин тойрог, тойрог руугаа явцгаалаа. Иймд намын бүлгийн, байнгын хороодын, чуулганы нэгдсэн хуралдаангүй долоо хоног ийн өнгөрч байна.
Тойрогтоо чимээ, имээгүй ажиллацгаав
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө Засгийн газар УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх, ингэхдээ талыг нь тойргоос, талыг нь намын жагсаалтаас сонгох агуулга тусгасан. Зарим байнгын хороод бүр хоёр дахь хэлэлцүүлгийг нь хийсэн хойно тэд энэ төслөө танилцуулж, санал авахаар тойрог, тойрог руугаа явцгаасан юм.
Ингэхэд олон нийт 152 гишүүний агуулгыг буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй.
Дэмжээгүй гэхэд мөн учир дутагдалтай. Учир нь урьдач нөхцөл, нөхцөл байдал нь ийм сэдвийг хүлээж авахааргүй үе таарлаа.
Нэгт, тэд парламентын гишүүдийн тоог 152 болгож нэмэх ямар үндсэн шаардлага буй, ингэснээр ямар эерэг өөрчлөлт гарах талаар танилцуулга мэдээллийг хангалттай хугацаанд өгөөгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Үндсэн хуулиа өөрчилнө, 30 жилд явж ирсэн тогтолцооны алдааг засна гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дуншсан. Дуншиж дуншсаар гэв гэнэт 152 гэдэг тоотой, ганцхан заалттай төсөл өргөн барьсан нь ердөө саяхны, энэ оны тавдугаар сар доторх асуудал юм.
Хоёрт, инфляц, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Тэр дундаа, хөдөө орон нутгаар өвөлжилт хахир, хаваржаа тааруу байснаас үүдэж малчдын аж байдал ч тун ярвигтай байгаа. Коронавируст цар тахлаас хойш гишүүд сонгогчидтойгоо нүүр тулан уулзах нь багассан. Тийм ч учраас иргэд 152 гишүүн яриад ирэхэд нь, “Амьдрал хэцүү байхад юун тоо нэмэх вэ” гэсэн янзаар л хандсан юм.
УИХ-ын гишүүд улмаар “Иргэд маань 152-ыг буулга, тэгвэл дэмжинэ гэж байна” хэмээн үгийг уншлага болгон бэлдсээр Төрийн ордонд ирцгээсэн байдаг. Тэр даруй МАН-ын бүлэг хуралдаж, маргааш нь 126 дээр тогтсон билээ.
Парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ шаардлага үүссэн нь онолын хувьд үнэн. Судлаачид дэмждэг. Харин олон болох тусмаа тэнд бүлэглүүдийн эрх ашиг хөндөгдөж таарна. Иймд юу юуны ч ойлголт аваагүй иргэдийн саналыг авсан нэр зүүж, 152-ыг бууруулахаар төлөвлөлөө гэсэн хардлага ч явсан юм. Энэ ялдамд, намын жагсаалтаас сонгогдох гишүүдийн квотыг бууруулсныг ч дурдах учиртай.
Гэвчиг 126 гэдэг тоогоо “халааслаад” тойрог, тойрогтоо буцсан гишүүд энэ долоо хоног таг чиг байлаа. Сонгогчдодоо чухам юуг ярьж, ямар амлалт өгч, хэрхэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй долоо хоног өнгөрчихлөө.
Төсөв тодотгохоор бэлтгэж эхлэв
Энэ нь магадгүй 2023 оны улсын төсвийг тодотгохоор бэлтгэж буйтай холбоотой.
Төсөв тодотгоно, ингэхдээ иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд анхаарна гэдгээ эрх баригчид хоёр долоо хоногийн өмнө л мэдэгдсэн. Яг энэ үеэр соёлын салбарынхан цалингаа нэмүүлэхээр жагсаж, Ч.Номин сайд энэ агуулгаарх саналаа Сангийн яаманд хүргүүлэв. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөв тодотгол ерөөс иргэдийн амьжиргаа тааруу байгааг нь далимдуулж, цалин тэтгэвэр нэмэх, халамж өгөх чиглэлд чиглэх дүр зурагтай. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтөө дэмжүүлэх, нэг үгээр иргэдээ “авлигадах” далд агуулгатай харагдаж байгаа юм.
Яг энэ дагуу тэд тойрогтоо чухам чимээ имээгүй ажиллацгаалаа.
Ирэх долоо хоногт эрх баригчид төсвийг хэрхэн тодотгохоор болсноо мэдээлж таарна. Халамж ч яригдах болов уу. Дагаад “Иргэд 126-г бол дэмжлээ” гэсэн үг хэлцгээж, хаврын чуулган хаахаас өмнө “машиндах” ажлаа эхлүүлж болзошгүй юм.
Сангуудын мэдээлэл Засгийн газраа ч “намнах” шахав
Мөн энэ долоо хоногт Боловсролын зээлийн сангийн мэдээллийн араас хөвөрсөн улс төрийн томоохон үйл явдлууд өрнөлөө.
Ерөнхий хүрээндээ далд явж ирсэн процессыг ил тод болгож, шүгэл үлээснээрээ энэ процесс Засгийн газарт оноо авчирсан. Нөгөө талаас, АН-ын шинэхэн дарга, ирэх оны сонгуульд сөрөг хүчнийг зангидах Л.Гантөмөр лүү шууд чиглэсэн үйл явдал ч өрнөсөн. Энэ нь зохион байгуулалт бүхий сошиал баг, зохиолтой эвлүүлж цацсан бичлэгүүдээс л анзаарагдаж байлаа. Мөн түүнтэй зэрэгцэн “намнуулсан” улстөрч нь ХҮН-ын Т.Доржханд байв. Өөрөөр хэлбэл, хоёр сөрөг хүчнийхээ нэр хүндийг унагасан дүр зурагтай.
Харин яв явсаар МАН-ынхан өөрсдөө ч нэр дурдагдах болсон. Тэр бүү хэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн эхнэр ч БЗС-гаас зээл аваад төлөөгүй яваа нь мэдээлэгдсэн. Ингэмэгц “Бантсан хүн балайрна” гэгчээр Л.Энх-Амгалан сайд бараг л хамаг карьераа нураах шахлаа.
Наад захын жишээ гэхэд л тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийхдээ
- Эхнэрийнхээ зээлийг "Zarig.mn" сайтын Н.Өнөрцэцэг сэтгүүлч төл гэсэн учраас төлсөн гэлээ.
- Гадаадад суралцаж байгаа оюутнууд амиа хорлоход хүрсэн гэж "айлгалаа". Мөн жил гаруйн өмнө Польшид суралцаж байгаад амиа егүүтгэсэн, БЗС-тай огт холбоогүй кэйсийг энэ хүрээнд дурдлаа.
- О.Сийлэгмааг ажилд нь эргүүлж авахаар урьсан, уулзаж уучлалт гуйсан гэлээ.
О.Сийлэгмаагийн тухай дахь асуудал л гэхэд ихээхэн зарчим алдсан шинжтэй. Учир нь, аливаа асуудал хууль журам, зарчмаараа явах ёстой. О.Сийлэгмаа өдгөө ардын баатар болоод байгаа нь үнэн. Тэр хөшигний ард байсан асуудлыг ил тод, нээлттэй, зоригтой дэлгэн тавьж буй шүгэл үлээгч гэдэг нь ч үнэн.
Гэвч төрийн алба хашиж байхдаа зөрчил гаргаж, ажлаасаа халагдсан нь, албаны мэдээллийг зөвшөөрөлгүй хуулж авсан нь ч бас үнэн юм. Тэр эдгээр агуулгаар өдгөө шүүхийн маргаантай яваа.
БШУЯ дотор О.Сийлэгмааг тус албан тушаалыг хашиж байхдаа, өөрөө ч зээл олгох кэйсүүд дээр тодорхой эрх ашиг, нөлөөлөлтэй ажиллаж байсан тухай яриа хөвөрдгийг энд аливаа асуудлыг хэрсүү харах шаардлагатайн учир бичив.
О.Сийлэгмаа алдаа гаргаад ажлаас чөлөөлөгдсөн бол чөлөөлөгдсөн. Харин ардын баатар болоод, нийтэд эерэг орон зай үүсгээд ирэнгүүт нь сайд буцаагаад уучлалт гуйдаг, ажиллахыг урьдаг байж болохгүй. Зүй нь, "О.Сийлэгмаа шүгэл үлээж, том тус хүргэж, иргэний үүргээ биелүүлэн ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ төрийн албанд ажиллаж байхдаа ийм, ийм зөрчил гаргасан учраас..." хэмээгээд салбарын сайд зарчим ярих учиртай юм.
Сайд ингэж зарчим алдсан. Л.Оюун-Эрдэнийн танхим дахь өндөр хүлээлттэй, “давхар дээл”-тэй сайд нарын нэг нь ингэж олон нийтээс тааруу оноо тавиулахад хүрсэн.
Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь ойрын хүмүүс болох Б.Болор-Эрдэнэ, О.Батнайрамдал нарын нэр БЗС-гаас зээл авагсдын жагсаалтаас гарч ирсэн байдаг. Тэд тэтгэлэг авсан, О.Батнайрамдалын хувьд бүр БЗС-гийн ярилцлагад бүрдэрч байсан гэдгээ ил тод, удаан хугацаанд ярьж ирсэн. Гэвчиг ийм асуудал дэлгэгдсэн нь ч анхаарал татаж байгаа. Мөртлөө шүгэл үлээгчид рүү нь чиглэсэн ийм мэтийн асуудал өндрөө авч өгөхгүй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Хэдийгээр Засгийн газар залуу үеийн манлайлал, өөр үзэл санааг илэрхийлэн, улс төрийн түүхэнд байгаагүй алхмуудыг зориглож байгаа нь үнэн ч,
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хандаж буй дээрх байдал
- Акцуудаа хэлбэр төдий бөгөөд өрсөлдөгчдөө "намнах" чиглэлд хийж буй зэрэг нь анхаарах л асуудал болж буй юм.
АТГ ч олон жил таг дуугүй байснаа БЗС-гийн асуудал сошиалд өндрөө авсны дараа ажиллаж эхэлснээ зарлалаа. Улс төрд хаанчлах субъектүүд солигддог, харин хожмоо түүх бичигдэж үлддэгийг л эрх баригчид санууштай. Эерэг талаараа үзэгдэл болсон дүрэмгүй тоглолтууд гаарч буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дахин дахин сануулмаар үг "Улс төрийн соёл ба зарчим" болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ooriinhoo mehend ooroo unah shahsan ni unen tuunees 1 helee hazsan setguulch hiichdeg ajil bish boloi
76 аар хуучнаараа явахгүй бол Данхар огцорч ч магадгүй шүү
Мэх мжхэн дээ Ичихгүй мунхагуудаа.!!!!!! илрдэггүй нууц байлагүй юм .Дэд Тэнгэрээс айхгүйбайна уу ???????!!!!!!!ёс Сатнысү садаа �######�!!!!!!!!!!!!
сонгуулийд нэр дэвшихгүйгээр Жагса�##�т хэмээх нууц САНгаар дамжин нотой хүмүүс гишүүн болох зээл ийн нэг сонгодог жишээ юм шигээ
СОНГУУЛЬД
одоо 76 аар баймаар юмаа нэмэх цаг нь болоогүй юм биш үү