Нийгмийн

Л.Баян-Алтай: Тэгш хүртээмжтэй нийгэмтэй болоход залуусын оролцоо чухал

Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч, Монгол дахь хөтөлбөрийн менежер Л. Баян-Алтайтай ярилцлаа.

- “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийн хаалт саяхан боллоо. Энэ төслийн онцлог юу байв?

-Бид төслийн үр дүн танилцуулах уулзалтыг Баянхошуу дэд төвийн 2 давхарт байрлах Инноваци Бизнес Инкубатор төвд 5-р сарын 18-нд хийлээ. Уулзалтад Азийн Хөгжлийн Банк, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр болон Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц төслийн хамт олон, мөн Улаанбаатар хотын Эдийн засаг, Дэд Бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Энэхүү төслийг бид гэр хорооллын залуусын оролцоо, санаачилгыг түлхүү анхаарч, уг төслийн хэрэгжилтийг үе тэнгийн залуусаар удирдуулан хэрэгжүүллээ. Ажиглаад үзэхэд залуус идэвх санаачилга сайн байлаа. Төслийн хугацаанд сургалтын хөтөлбөрүүдэд 150 гаруй залуус хамрагдсан.

-Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд 600 гаруй залуусаас судалгаа авсан гэсэн. Судалгааны үр дүнгийн талаар хуваалцахгүй юу?

-Залуусын нөхцөл байдлыг тодорхойлох судалгаанд залуусаас гадна залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан, мөн бүлгийн уулзалтыг ч зохион байгуулсан. Уг судалгаагаар бид Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэйг хамрах 11 хороодын 18–30 насны залуусын нийгэм эдийн засаг, жендерийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт болон иргэний оролцоо зэрэг чиглэлээр мэдээлэл цуглуулсан. Ингээд үзэхэд, 2 залуу тутмын 1 нь хөдөлмөр эрхлэхгүй байна, хөдөлмөр эрхлэж буй залуусын хагас нь хөдөлмөрийн гэрээгүй ба 7 хоногт 50-аас илүү цаг ажилладаг. Тэд дор хаяж 1 зээлтэй, хамгийн дээд тал нь 3 зээлтэй байна. Тэд хүрээлэн орчиндоо сэтгэл хангалуун бус, 10 залуу тутмын 9 нь төвийн дэд шугамд холбогдоогүй сууцанд, 2 залуу тутмын 1 нь мөн адил чөлөөт цагаа өнгөрөөх орчин байдаггүй гэж хариулсан. Залуус харин аливаа хөрөнгө өмчлөх нь бага, гэхдээ эзэмшиж буй хэдээс түлхүү эрчүүд байгаа ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гэр ахуйн цалингүй хөдөлмөр эрхлэлтэд 2 цагаар илүү байна. Нөгөөтэйгүүр залуус иргэний оролцоог харьцангүй дэмжих хандлагатай, судалгаанд орсон залуусын 90% нь орчноо сайжруулахад ямар нэгэн хөтөлбөр, сайн дурын ажилд оролцох сонирхолоо илэрхийлсэн.

-Гэр хороололд амьдарч буй залууст тулгамдсан гол асуудал нь юу байсан бэ? Хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Залуусын идэвх санаачилгыг дэмжсэн, оролцооны аргаар олон зүйлийг хэрэгжүүлэх шаардлага харагдаж байна. Тухайлбал, залуусын хөдөлмөрийн харилцааны мэдлэгийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийг даруй хэрэгжүүлэх хэрэгтэй, үүнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон манлайллаар хэрэгжүүлэх боломжтой. Үүнээс гадна залуус амьдрахад таатай орчин бүрдүүлэх оролцоонд тулгуурлан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцуулах, үүнийг хөтөлбөрчилсөн байдлаар хэрэгжүүлэх боломж ажиглагдсан. Хүрээлэн орчинг хамгийн тэргүүнд тавьсан тул төслийн залуу элч хөтөлбөрийн хүрээнд залуучууд бичил төслийн үйл ажиллагаанд оролцсон. Буцалтгүй олгогдсон 1,000 ам долларын санхүүжилтаар хүүхэд залуусын номын сан, сургалтын төв, замын хөдөлгөөны аюулгүйн толь, гэр хорооллын хаягжилт, мод тарих мөн сагсан бөмбөгийн талбай байгуулах зэрэг ажлуудыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүллээ. Ерөнхийд нь авч үзвэл залуучуудын санаачилан хэрэгжүүлсэн бичил төслүүдэд хувийн хэвшлийн зүгээс бүхий л байдлаар дэмжиж байгаа нь сайшаалтай, тухайлбал манай залуусын хэрэгжүүлсэн номын сангийн төсөлд дотоодын томоохон хэвлэлийн үйлдвэрүүд хамтран 200 гаруй ном хандивласан, хаяг хэвлэлийн компани 20% хямдрал үзүүлж, залуусын идэвх санаачилгыг үнэлсэнд талархаж байгаа.

-Дээрх бичил төсөлд залуус маш идэвхтэй оролцож, номын сан, сургалтын төв, аюулгүйн толь зэрэг хүүхэд багачуудад хэрэгтэй олон ажил хийжээ. Залуусын эхлүүлсэн эдгээр ажлыг та бүхэн цаашид санхүүжүүлэх боломжтой юу?

-Хүүхдийг Ивээх Сангийн зүгээс бид залуусын хэрэгжүүлсэн төслийн тогтвортой байдлыг хангахад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, мөн тэдний оролцоо, санаачилгыг дэмжихэд хувийн хэвшлүүдийг ч уриалж ажилласан. Уг төслүүд орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудалд залуус хэрхэн оролцоо идэвхээр шийдвэрлэх боломж бүрдэж буй нь оролцооны жишиг төслийн загваруудаар орон нутгийн залуус төдийгүй иргэд хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Эцэст нь эдгээр жишиг төслүүдэд түшиглэн цаашид өөр байршлуудад хэрэгжүүлэхээр төслийн дараах шатны бэлтгэл ажилдаа орсон байгаа.

-Гэр хороололд амьдарч буй иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх, залуусын оролцоог дэмжих энэ төслийг нийслэлийн удирдлагууд хэрхэн дэмжиж ажилласан бэ?

-Манай төслийн хувьд төрийн байгууллагуудын оролцоо их чухал байлаа, нэн тэргүүнд тэдэнд талархаж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын харьяа 11 хороодын Засаг Дарга нар, Нийгмийн ажилтнууд, Хэсгийн ахлагч нь манай төслийн багтай маш ойрхон ажилласан. Бид бас аль болох тэдний ажилд саад бололгүй, төслийн эхэнд, дунд болон төгсгөл хэсгүүдэд залуусд мэдээлэл хүргэхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхэд мөн залуусын хэрэгжүүлсэн бичил төслийн ажлуудад гээд онц чухал үеүдэд тэд маань үргэлж бэлэн байлаа.

-Та хүүхэд, багачуудтай ойр ажилладаг хүний хувьд тэдний эрхийг хангах, тэгш хүртээмжтэй нийгэм бий болгоход юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Манай нийгэм хөгжиж байгаа хэдий ч зарим зүйлс үргэлж урвуу хамааралтай байна, тухайлбал манай энэ төслийн хувьд хөгжлийг дагасан хэд хэдэн асуудлууд илэрсэн. Мэдээж төр бүх хүнд хүрч чадахгүй ч, зөв тогтолцоог иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоотойгоор тогтвортой хөгжлийг бүрдүүлэх боломжтой. Гэхдээ бид алхам алхмаар урагшилж байгаад бахархалтай байдаг.

-Хүүхдийг ивээх сан 1994 оноос Монголд үйл ажиллагаа явуулахдаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монгол хүүхдийн эрхийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуулсаар ирсэн. Сүүлийн үед хэрэгжүүлж буй томоохон ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хүүхдийг Ивээх Сан 6 хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс гадна 7 аймагт 13 төсөл хэрэгжүүлж байна. Таны дурьдсан дээр нэмээд манайх Хүүхдийн ядуурлыг бууруулахад чиглэсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг хэрэгжүүлж 5 аймгийн 25 сумдад хүүхэд залуучууд өөрдсийн оролцоо санаачилгаар амжилттай бизнес эрхлэх арга зүйд суралцаж байна. Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд гамшгийн нөхцөлд үүсэх эрсдэл, хохиролыг аль болох бага хэмжээнд байлгахад энэ жил бид хөдөө алс сумдын өрхөд нэн шаардлагатай хэрэгслүүд, мөн өнгөрсөн жил шуурганаар орон гэргүй болсон өрхүүдэд гэр хүлээлгэн өглөө. 2023 оны эхний хагаст хэрэгжүүлсэн зудын төслөөр бид 1200 орчим малчдад малын тэжээл, бэлэн мөнгө олгож, 2200 орчим малчны хүүхдүүдэд эрүүл ахуйн багц, дотуур байруудад ном, тоглоом гардуулсан.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Duuree
Duuree
2023-05-30 14:47

Яг ийм амьдр�##�д ойр төслүүд Монголд хэрэгжих нь маш өгөөжтэй байна. Хэрэгжүүлсэн з�##�уустаа баяр хүргэе. Бүх зүйлд идэвхтэй байгаарай!!!

Back to top button