УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цалин, тэтгэвэр нэмэхдээ 2024 оны хөрөнгө оруулалтын зардлыг танаж, У.Хүрэлсүхийн кэйсийг давтах вий

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2023.05.30) хуралдаж, хоёр үндсэн шийдвэрт хүрснийг томьёолбол,

  • 126 гишүүнтэй болох Үндсэн хуулийн өөрчлөлт
  • Үүнтэй уялдуулаад 2023 оны төсвийг тодотгож, цалин тэтгэвэр нэмэх ЗГ-ын саналыг тус тус дэмжлээ.

Анх 152 гэдэг тоогоо “цүнхлээд” УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллахад амьжиргааны хүнд нөхцөлд буй иргэдийн өөр сэтгэл зүй угтсан. Тэд илүүтэй бэлчээрийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, цалин тэтгэврийн хангалтгүй байдлыг хөндөөд, “Юун 152 гишүүн бэ, дэмжихгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.

Иргэдийн дэмжлэгийг авахын тулд эрх баригчид ийн тойрогтоо ажиллаж ирснийхээ дараахан шууд 2023 оны төсвийг тодотгоно, ингэхдээ цалин тэтгэврийг нэмнэ гэж ам шүд алдсан юм.

Үүнийхээ дараа 152-оо 126 болгож өөрчлөөд дахин тойрог, тойрог руугаа явсан. Өмнөх удаа шиг нээлттэй тайлан тавиагүй. Оронд нь “Иргэд бол 126-г дэмжиж байна” гэдэг үгийг маань мэгзэм мэт цээжилцгээгээд ирлээ.

Нөгөө талаас, инфляц өндөр буй өнөө цагт иргэдийн гар дээрх мөнгө улам бүр үнэгүйдэж, өрхийн орлого буурч байгаа нь үнэн. Тиймдээ ч хэдэн гишүүдийнхээ барааг харсан иргэд цалин, тэтгэврийг нэмүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлж, тэдний хүсэлтийг биелүүлж буй мэтээр гишүүд нь өчигдөр дээрх шийдвэрүүдийг гаргалаа.

-Сангийн сайдын хоёр араншин-

Төсөвт тодотгол хийнэ гэдэг төдийлөн хүсээд байх зүйл биш. Манай улсын хувьд төсвийн сахилга бат хангалтгүй түвшинд байдаг. Тиймээс ч эрх баригч нам төсвийн тодотголын асуудлыг хөндөх үеэр Сангийн сайд нь хуулийн дагуу тодотгол хийх нөхцөл бүрдээгүйн дээр сүүлийн хагас жилд эдийн засаг хэрхэхэд санаа чилээж байв.

Төсвийн тодотголыг дараах таван асуудлыг хөндсөн үед хийдэг. Үүнд,

  • Төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй
  • Төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх
  • Түүхий эдийн үнэ батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд
  • Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх
  • ЗГ-ын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд өрийн баталгааны хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд тодотгол хийхээр тусгажээ.

Дээрх тохиолдлуудаас авч үзвэл орлого буурах бус өсөж, зарлага ч багассан. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл 344.1 тэрбум төгрөгөөр давуулан биелэлттэй гарав. Төсвийн орлогыг 6.76 их наяд төгрөг байхаар тооцоолсон ч гүйцэтгэл нь 7.1 их наядад хүрсэн байна. Мөн төсвийн зардлыг 7.04 их наяд төгрөг байна хэмээн тооцоолсон байдаг. Тэгвэл 5.6 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй байснаар 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн хэмээн Сангийн яамны тайланд дурджээ.

Тиймээс ч төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүйгээс гадна шаардлага байхгүй хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байлаа. Харин тэрбээр өчигдөр Төсвийн тухай хуулийн 34.1.4-д заасан заалтын дагуу тодотгол хийх гэж буй хэмээн тайлбарлав. Тэрбээр аман дээрээ цалин тэтгэврийг нэмэх нь зүй ёсных гэх боловч цаагуураа инфляцаа хэрхэн бууруулах, үгүй ядахнаа тогтвортой хадгалахад санаагаа чилээж буй.

-Тодотгол хийснээр энэ жилийн төсвийн нийт зардал 22 их наяд төгрөг болно-

Сангийн сайд Төсвийн тухай хуулийн 34.1.4-д Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх үед тодотгол хийж болно гэх заалтыг баримталж байгаа гэдгийг дурдсан юм.

Тэрбээр “Төсөв эдийн засгаа дагаад тэлж байна. Түүнээс тодотгол хийн, хүчээр тэлж буй хэрэг биш. Энэ бол цаг үеийн шаардлага. Төсвийн 1.3 их наяд төгрөг зах зээлээ тэлж, нэмэгдүүлж байгаа. Нөхцөл байдал сайжирсан хэмээн хэлэхэд эрт хэдий ч өрхийн орлогын түвшинд жигд хуваарилах шаардлага бий. Энэ онд багтаж инфляцын түвшинг нэг оронтой тоо руу оруулах зорилго тавьсан. Засгийн газар экспортыг нэмэхээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана” хэмээлээ.

Товчоор бол төсөв жамаараа тэлж буй нь энэ бөгөөд үүнийг тодотгол хийж тэлсэн хэмээн үзэж болохгүй гэх утгыг олон нийтэд өгч буй. Агаарын шинжтэй тайлбар. Үл үзэгдэгч гарын онол гэлтэй.

Угтаа бол төсвийн тодотгол хийнэ хэмээж буй дээрх 1.3 их наяд төгрөгийг өнгөрсөн жилийн төсвөөс суутган хадгалсан байх боломжтой. Тодруулбал, МАН-ын бүлэг өчигдөр хэвлэлийн хурал хийхтэй зэрэгцэн УИХ-ын чуулган эхэлсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнгөрсөн жил 19 их наяд төгрөгийн төсвийг баталсан. 2022 онд 1.9 их наяд төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулсан. Үүний 1.5 их наяд төгрөгийг зарцуулаагүй” хэмээн мэдээлсэн.

Тэгэхээр өнгөрсөн жилийн зарцуулаагүй мөнгийг энэ жил цалин тэтгэвэр нэмэхэд зарцуулах бололтой. Энэ жилийн хувьд урьд хожид байгаагүй өндөр буюу 20.5 их наядын зарлагын төсөвтэй. Тэгэхээр одоогийн цалин тэтгэврийн зөрүүг арилгах зардлыг нэмвэл 22 орчим их наяд төгрөг болох юм.

Хэрэв эрх баригч намд чуулганаар ч дурдаад буй дээрх 1.5 их наяд төгрөг байхгүй бол тэр жинхэнэ асуудал. Оны эцэст төсөв хүрэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Мөн эхний хагас жилийн хугацаанд 1.3 их наяд төгрөгөөр зарлага нэмэгдэж байгаа бол ирэх оны төсөвт дарамт нэмэгдэх нь баараггүй. Сонгууль болоход нэг жил үлдээд буй учраас тэдний хувьд бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, хөрөнгийг нь татаж, цалин тэтгэвэр нэмэх сонголт байхыг ч үгүйсгэхгүй юм.

-У.Хүрэлсүхийн ирэх жилийн бүтээн байгуулалтыг царцааж, тэтгэвэр нэмсэн кэйс-

Үүнтэй ижил төстэй тохиолдол одоогоос 16 сарын өмнө болж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг үүрэгдэж байв.

Ингэхдээ 630 орчим тэрбум шаардлагатай хэмээж байсан бөгөөд үүнийхээ 310 орчим тэрбум төгрөгийг 2021 оны нийгмийн даатгалын давсан орлогоос санхүүжүүлж, 320 гаруй тэрбум төгрөгийг 2022 онд хэрэгжүүлэхээр төсөвлөсөн бүтээн байгуулалтыг царцааж, санхүүжилтийг нь ашигласан байдаг. Ингэж л бүтээн байгуулалтыг царцаан, тэтгэвэр нэмж, 500 мянган төгрөгт хүргэсэн байдаг.

Өнөөдрийн дүр зураглал үүнтэй ижил төсөөтэй. Тодруулбал, өнгөрсөн жилийн 1.5 их наяд болон эхний дөрвөн сарын байдлаарх орлогын давуулан биелэлтээ цалин тэтгэврийг нэмж, хүүхдийн мөнгө олгоход зарцуулна гэх.

Хэдийгээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тул цалин тэтгэврийг нэмэх нь авууштай, сайн зүйл мөн. Гэвч хэр цаг үеэ олсон бэ гэдэг нь чухал.

Тодруулбал, манай улс энэ жил инфляцаа нэг оронтой тоо руу оруулахаар ажиллаж буй. Монголбанкны мэдээлэлд Улаанбаатарын хэмжээнд инфляцын түвшин 10.9, улсын хэмжээнд 11.3 хувьтай байна. Энэ жилийн зорилтот түвшин бол найман хувьд хүргэх явдал билээ. Гэтэл Засгийн газрын дээрх шийдвэр мөнгөний бодлоготойгоо уялдахгүй байгаа нь эргээд эрэлтээс үүдэлтэй инфляцыг нэмэх эрсдэлтэй. Товчоор бол бодлогын хүү 13, инфляц 11, зээлийн хүү 16 хувьтай байгаа энэ үед цалинг нэмбэл бараа бүтээгдэхүүний үнэ даган өсөх юм. Тиймээс таны гар дээр ирж буй цалингийн хэмжээ нэмэгдсэн зураглалтай ч угтаа бол бараа бүтээгдэхүүний үнэ ханшдаа ялгаагүй л идэгдэнэ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цалингийн хувийг долоодугаар сарын 1 болон аравдугаар сарын 1-нээр нэмэх хоёр шатлалыг гаргасан. Ингэхдээ хоёр сарын дараагаас соёл, спорт, нийтлэг үйлчилгээний албаны цалинг сууриар нь нэмэгдүүлнэ хэмээж буй.

Эрсдэл ба тайлбар: 126-г дэмжих санаа зөв, зарчим буруу арга зам

126 гишүүнтэй болох Үндсэн хуулийн өөрчлөлтийн өмнө олны бухимдлыг цалингийн системийн тогтолцоогоор шийдэж буй нь эрх баригч намын “авлига”-ын нэгэн төрөл мэт. Сонгууль бүрийн өмнө энэ мэт асуудлыг шийдсэн зураглал жишиг тогтоох шиг.

Гэхдээ цалин тэтгэврийг нэмэхдээ ангиллын ялгаатай байдлаас болж суурь дүн нь зөрүүтэй байсан асуулдыг тогтолцоогоор нь шийдэхээр хөдөлсөн нь авууштай хэрэг. Нөгөө талд иргэдийн амьдралд бодит өгөөж болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь өнөөдрийг хүртэл амжилттай бууруулсан инфляцаа энэ удаагийн шийдвэрээр дахин өсгөх эрсдэлтэй юм.

Мөн энэ жилийн хоёрдугаар хагаст эдийн засгийн нөхцөл байдал хэр байх нь одоогоор тодорхойгүй. Эдийн засагчид 2024 оны төсвийг сонгуульд зарцуулах эрсдэл өндөртэй хэмээж байгаа. Түүнчлэн энэ жилд Засгийн газар “Евро” бондын 400 сая ам.долларыг ирэх есдүгээр сард төлнө. Харин арванхоёрдугаар сард “Самурай” бондын 30 тэрбум ам.долларыг төлөх ёстой билээ. Тиймээс Засгийн газар өнөөдөр гаргасан уг шийдвэр нь оны хоёрдугаар хагаст хэрхэн нөлөөлөх, жил эцсийн төсөвт хүрэх эсэхэд санаа зовохын зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн үнэ буурахгүй, өндөр дүнтэй байхыг хүсэхээс өөр сонголтгүй болох нь.

Ирэх 2024 онд өрийн таазыг ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Иймд эргээд Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сангийн зардлыг ч нэмж болзошгүй юм.

Засгийн газар “Энэ бол гал унтраах арга хэмжээ биш. Цаг үеийн бодит шаардлага. Төсөв өөрөө тэлсэн, тодотгон тэлж буй хэрэг биш” хэмээн тайлбарлаад байгаа.

Гэвчиг энэ оны зардал 22 их наяд төгрөг болчихоор ирэх жил тодорхой бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардлыг танах, тусгай сангуудын зардалд найдах эрсдэлтэй. Инфляцад ч эерэг нөлөө авчрах эсэх нь дээр дурдсанчлан эргэлзээтэй.

Төсвийн орлого давж, түүхэндээ анх удаа ДНБ 5,000 ам.доллар давсан энэ үед улам хэмнэх, уул уурхайн түүхий эдүүдийн ханшид найдах, томоохон бүтээн байгуулалтуудаа урагшлуулах холын бодлого баримтлах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 1, 2023 07:38

Энэ нэг муухай хар авгай Ганзулыг харахаар баас хүрч байна

Зочинхүнтэй
Зочинхүнтэй
6 сар 1, 2023 18:04

Хүн сайн муу сайхан муухай ч байсан өөрт чинь нээг их гай болоогүй бол битгий ингэтлээ харлуулж муухайгаар бичиж байгаа ч хүмүүс минь.

Холбоотой мэдээ

Back to top button