ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төсвийн тодотгол хийсэн ч үнийн өсөлтийн тойргоос мултрахгүй

МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдсан билээ. Улмаар бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Энэ үеэр төсвийн тодотголыг энэ лхагва гарагт буюу 7-ны өдөр өргөн барихаар болсон гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэв.

Төсвийн тодотгол хийх нь тодорхой байсан ч хараахан өргөн бариагүй бол ийнхүү эцсийн хугацаа товлогдлоо. Улмаар пүрэв гарагийн чуулганаар эл асуудлыг хэлэлцэнэ гэх.

Өмнө нь мэдээлсэнчлэн энэ жил урьд өмнө нь байгаагүй тэлсэн төсвийг баталсан. Ингэхдээ 1.8 их наяд төгрөгөөр энэ жилийн төсөв тэлэхээр болсон билээ.

Үүний 77 хувийг нь цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж буй. Энэ бүхэн нь үнийн өсөлтийг өсгөх нь гарцаагүй зүйл.

Үнийн өсөлтийн тойрог хийгээд төсвийн тодотголын хамаарлыг дурдахаас өөр аргагүй. Учир нь үнийн өсөлтөөс сэргийлэх нэрийдлээр цалин тэтгэврийг нэмж буй нь бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсгөх гол алхам болж буй.

Товчоор бол гал дээр тос асгасан гэсэн үг. Тэр дундаа махны үнийн өсөлтөөс үүнийг анзаарч болно. Одоогоор нийслэлийн Статистикийн мэдээллээр махны үнэ 350-1000 төгрөгөөр өссөн гэх боловч бодит байдал дээр 6000-8000 төгрөгөөр өсөөд буй.

Мах хийгээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнй үнэ өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар сулардаг. Ийнхүү инфляц өсөж, худалдан авах чадвар буурдаг. Улмаар улс төрийн нөлөөгөөр цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөний зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Энэ нь улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэх алхам. Алдагдалтай төсөв баталсан бол дахин зардал нэмэгдэж, төсвийн орлогоос хэтийднэ. Улмаар төсвийн алдагдал өснө. Алдагдлаа нөхөх гол арга нь гадаадын зээл тусламж, өр юм. Ингэснээр тухайн улсын зээл, өрийн хэмжээ нэмэгднэ. Өр, зээлээ төлөхийн тулд төсвийн орлогыг нэмэх хэрэгтэй бөгөөд үүнийгээ татвар хураамжнаас бүрдүүлдэг. Энэ нь эргээд махны үнэ өсөх нөлөө болж буй.

Энэ бол бидний одоогийн байгаа зураглал. Тиймээс төсвийн тодотгол хийж буй нь үнийн өсөлтийн тойрог үргэлжилсээр байхын хэлбэр бөгөөд ялгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ өмнөхөөсөө өссөн тооцоололтой байх юм.

Дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг тогтвортой ханган нийлүүлж чаддаггүй нь бидний хамгийн том эрсдэлүүдийн нэг бөгөөд нийлүүлэлтээс үүдэлтэй инфляц нүүрлэх аюултай.

Сангийн сайд ч төсвийн тодотгол хийхийг буруушааж байсан гол асуудал нь энэ хэдий ч төсвийн тодотгол хийхээр болсныг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тэгэхээр цалин, тэтгэвэр нэмсэн хэмээн баярлаж болох хэдий ч дээрх үнийн өсөлтийн тойргоос мултрах аргагүй гэсэн үг. Цар тахлаас хойших хоёр дахь томоохон үнийн өсөлтийн хямрал нүүрлэх вий.

Нөгөө талаас төсвийн тогтвортой байдлыг үл ойшоон, жил бүр тодотгол хийх нь хуулиа үл тоомсорлосон хийгээд өрийн дарамтаа нэмэх шалтгаан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бодитоор хэрэгжүүлэхгүй, хангаж чадахгүй байгааг ийнхүү дахин нэг удаа батлан харуулж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэтгэвэрээ амьжиргаанд хүрэлцэхүйц нэмээрэй

Холбоотой мэдээ

Back to top button