УРЛАГ

Бороо, дарс, кабаре... “Ийм театр байж болдог гэж үү”

Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг

Чамдаа би хайраа үлдээлээ

Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал

Сэрүү татаад даарах шиг

Сэтгэл минь зунаараа цэцэглэсээр байтал

Сэрүү татаад даарах шиг...” гэсээр төдийгөөс өдий хүртэл аялгуулж ирсэн поп дива Т.Ариунаагийн хоолой эгшиглэж эхэлмэгц 2000-аад оны хөгжмийн уур амьсгалд нэлхийн автлаа. Энэ мөчид Улаанбаатар зочид буудлын гол танхимын төв дэх багашаархан тайзнаа бороо шивэрч байх юм.

Шубира бороонд норж алхална. Т.Ариунаа, Т.Дэлгэрмөрөн нарын хит дууг найруулагч зориуд хүндэтгэн, бүтнээр тоглууллаа. Дуу дууссаны дараа бороо “намдлаа”. Жүжиг завсарлав. Завсарласан нь дохиолсноор үзэгчид гэнэтхэн боорооноос хоргодохоор нөмөр зүг хөдлөх мэт дэрхийж, мөнөөх бороо танхимын адраас цутгаж эхлээгүй байгаа даа гэмээр шидлэг дүр зургийг үүтгэлээ.

Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” өнөө цагийн гарамгай найруулагч М.Батболдын хувилбараар ийн тоглогдлоо. М.Батболд бүгдийг шинэчлэх гэсэнгүй. Монголчуудад хоногшсон уур амьсгалыг хүндэтгэн хадгалахын тулд Т.Ариунаа, Т.Дэлгэрмөрөн нарыг ийн эгшиглүүлсэн нь 20 жилийн хугацаа хэрхэн өөрчлөгдөн хувьссаныг сэтгэлдээ тэмтэрч болохоор мэдрэмж үүсгэж, шинэ хуучин дурсамжийг холбон өртөөлсөн юм.

Энэ бол Ф.Достоевскийн “Гэм зэм” романыг тайзнаа амжилттай амилуулж, удахгүй М.Булгаковын “Мастер Маргарита хоёр”-ыг жүжиг болгоно хэмээн ам өчиг өгснөөр урлагт хорхойтнуудын амыг ангайлгасан “Орфей театр”, найруулагч М.Батболдын ээлжит уран бүтээл. “Орфей” анх удаа монгол зохиолчийн бүтээлийг барьж авлаа. Түүнчлэн театр амардаг зун цагт “Зуны шөнийн театр” хэмээх шинэлэг концепцыг сонгож, “Шөнө дундын бүжиг”-ээр амжилттай туршлаа.

Эрвээхий хэлбэрт кабаре бүжгийн маскийг (урилга) гартаа атгасаар Улаанбаатар зочид буудлын их танхимд хөл тавимагц үүдэн хэсэгт чавхдаст хөгжмийн найрал сонгодог аяз хөгжимдөнө. Ийм театр байж болох юм гэж үү. Дөрөв, дөрвөн сандлаар зассан ширээнд үзэгчид суудлаа эрж, дарс шимэн үзвэрт бэлтгэнэ. Танхимын гол хэсэгт тайз байрлуулсан нь сонирхолтой шийдэл. Жүжгийг дөрвөн талаас нь үзнэ гэсэн үг. Жүжигчид ч сүүлд дөрвөн зүгт хандан ёсолсон нь М.Батболдын шинэ тавилт бүрийнхээ онцлог шинжийн хийг шахаж, нягт нямбай ажилладгийн илэрхийлэл болов.

М.Батболдын  хувьд эртнээс зуны шөнийн театр хийхээр мөрөөсөж явжээ. Золоор Сорогдогийн Жаргалсайханы Билгүүнтэй уулзан танилцжээ. Харин “Шөнө дундын бүжиг” зохиолоос ид шид мэдэрсэн байна. Ингээд энэ хоёрыг уулзуулахаар сэтгэл шулуудсан нь өдгөө хүлээн авалтын тансаг ширээнд дарс шимэнгээ дөрвөн талт тайзнаа кабаре бүжгийн шоу үзэн цэнгэж, хайр сэтгэл, атаа хорсол, гэм шийтгэл, гэмт хэрэг, нүгэл хилэнцийн өрнөлийг нүдээр үзэж, шиврэх бороон дуслыг тийм ойроос хүртэхийн үүтгэл болжээ.

Үүсгэсэн атмосферийг чинээнд нь тулгасан элементүүд бол кабаре бүжгийн шоуны хэсгүүд. Нүд хужирлана. Гол дүрийн залуу идэрмэг жүжигчдийн хувцаслалт, биеийн хэлэмж, дөрвөн зүг харан тоглох илэрхийллүүд зуны шөнийн театрын тачаангуй уур амьсгалыг өдөөнө. Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар өвч цагаан хослол өмсөн, өндөр дээд зиндаанд дэгжирхэж, хувь жүжигчний мастерствог батлан харуулах үест жүжиг бүхэлдээ тансаг, чансаалаг хэлэмжид биежиж байх юм.

Жүжгийн ухаалаг тавилтууд ч анхаарал татна. “Гэм зэм”-ээс эхэлж, “Опал” дээр төгөлдөржсөн интерактив хэлбэр, кабаре шоуны эр эм хөтлөгч үзэгдэл бүрийг холбон, үйлдэл бүрийн фон, хэрэглэгдэхүүнийг зэхэн бэлтгэх нь сонирхолтой. Улаанбаатар зочид буудлын их танхимын гол дахь тайзнаа өрнөж буй бүх зүйл бодит амьдралаас ургасан нэгэн тусдаа орон зай мэт сэтгэгдэл төрүүлж, мөртлөө үзэгчидтэй бүхий л талаараа холбогдож, харилцаа үүсгэж байлаа.

Сонирхолтой тавилтаар тайзнаа цусыг, үхлийг, хүчирхийллийг, хайр сэтгэлийг, хүлээлтийг, сексийг ч үзүүллээ.

Нэгэнт зуны шөнийн театрыг туршсан нь буюу хэлбэрт анхаарсан нь илэрхий тул Соргодогийн Жаргалсайханы концепц мэдээжийн юм шиг л буулаа. Бас үзэгчдэд ойр, үзэгчээ хүндэлсэн, ягшмал дэгийг эвдсэн энэ хэлбэр өөрөө агуулгыг ч хялбаршуулж, зөөллөдөг бололтой. Мянга орчим хуудаст “Гэм зэм”-ийг тайзны жүжиг болгон дэглэхдээ агуулга, концепцыг огтхон ч зөрүүлээгүй “Орфей”-н туршлага “Шөнө дундын бүжиг”-т ид хаваа үзүүллээ л гэлтэй.

Түүнчлэн эл жүжигт ерөнхий продюсерээр ажилласан, "Орфей" театрын захирал Т.Ариунчимэгийн шинийг эрэлхийлэгч, уйгагүй хөдөлмөрч, урлагт дурласан чин сэтгэл (өмнө нь "Опал"-д өөрөө тоглосон) Улаанбаатар зочид буудлын их танхимд, үзэгчдийн суудал дундуур сүлжин алхахад нь мэдрэгдэж байлаа.

Нөгөө талаар, найруулагч хүссэн хэмжээндээ задгай сэтгэх боломжийг сайн зохиол олгодог. Энэ ч утгаар, ийм хэмжээний туршилт амжилттай биежсэний учир нь Сорогдогийн Жаргалсайхан гарамгай жүжгийн зохиолч байсны, утга санаа нь энгүүн тодорхой бууж буй нь нэрт сэтгэгч байсны баталгаа байж таарна.

СТА Т.Сэргэлэн Хавхын дүрийг бүтээснээр өөрийн карьер дахь нэгэн шинэ хуудсыг нээлээ. Түүний романтик, сэтгэл татам буй байдал (нуруун дээрх шивээсийг нь нэвт харагдах артай хувцсаар тодотгон үзүүлсэн) үзэгчдийг байлдан дагуулав. Т.Сэргэлэнгийн сэтгэл дэх буглаа, зөрчил, үзэгчид рүү шидэн цацлах хашгираан бүр нь эцэстээ цогц гоо сайханд зангидагдсан нь алга ташилтаас мэдрэгдэж байв.

Загвар өмсөгч С.Төгс жүжгийн багахан хэсэгт харагдаад өнгөрөхдөө мөн л хэлбэрийн гоо сайхныг төгөлдөржүүлж, Шубира, Анка нарт тоглосон Д.Асардарь, Н.Нархажид нар үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж, гоо биеийн үзэсгэлэнгээр ховстов. Жүжигчин С.Батзориг тайзнаа чин сэтгэл, хүмүүнлэг чанарын биелэл болж, эв хавгүй бүдчиж, амьсгаадаж, хоолой мэдэн орилж, нэг бол эрслэн уурлаж Хавхын толгойн орой дээр шил хагалахдаа үзэгчийн сэтгэл дэх өрөвч, нандин сэтгэлийн утсыг татав.

Хэлбэрээр, шийдлээр “зодож” хангалттай чадахаа М.Батболд батлан харууллаа. Олон жилийн өмнө Улаанбаатар зочид буудлын зоогийн газарт Сорогдогийн Жаргалсайханы санаа сэдлээ олсон “Шөнө дундын бүжиг”-ийг “төрсөн газар”-т нь, хүү С.Билгүүний нь хамтаар, өнгөрсөн цагийн дурсамжийг хадгалж, авторыг гарамгай хүндэтгэхийн ялдамд амжилттай шинэчилж чадлаа.

Харин одоо дахиад агуулга руу, үзэл санаа руу тэмтрэх хэрэгтэй гэсэн хүлээлт л “Орфей”-н үзэгчдэд үлдэв.

ГЭРЭЛ ЗУРГУУД:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2023 18:39

Дажгүй сайн зохиол бхоор найруулагч продюсор уран бүтээлчид сайн ажиллажээ. Шинэ юм бүхэн �##�даа оноотой байдаг. Улам бэлтгэлээ сайн хийж ажиллахыг хүсье

Зочин
Зочин
6 сар 6, 2023 16:32

Сайхан долоожээ

Холбоотой мэдээ

Back to top button