Top StoriesУлс төрийн халуун сэдэв

“Ирж яваа цагийн дууг зөвхөн МАН-ын АХ НАР ДУУЛНА”

“Ирж яваа цагийн дууг зөвхөн эрчүүд дуулах учиргүй” гэсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын афоризм “...зөвхөн МАН-ын ах нар дуулна” болж өөрчлөгдлөө.

Дөнгөж түрүү долоо хоногт л “Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь болгоё гэхэд УИХ-ын гишүүд дэмжлээ” хэмээн улстөрчдийн эр нь ч, эм нь ч сошиалд давлагаалж байв. Авчиг дараа долоо хоногт нь эл санал Төрийн байгуулалтын байнгын хороон дээр уначихлаа. Юуны өмнө, “Санал” хэмээснээ тодотгон тайлбарлая.

“30 болгож л нэмье, 40 дэмий”

Одоогийн хуулиар нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй (яг заалтаараа эмэгтэй биш “Аль нэг хүйсийн” гэж тодотгосон) байх зохицуулалттай. Харин Н.Энхболд нарын гишүүдийн өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, 20 гэдэг тоог 30 болгосон байгаа юм.

Өөрөөр хэлбэл нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-иас багагүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж өөрчилсөн гэсэн үг. “Аль нэг” гэдэгт эр хүйс ч багтаж болох боловчиг автоматаар эм хүйсээр ойлгож, ярьж буй нь сэдвийнхээ хүрээнд бол бас хоржоонтой хэрэг.

Ингээд энэ заалтыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч, УИХ ч дэмжсэн.

Гэхдээ түрүү долоо хоногийн чуулганы хуралдаанаар “Ер нь 30 ч багадна. 40 болгосон нь концепцынхоо хувьд арай бодит” гэсэн санал гарсан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу парламент 126 гишүүнээс бүрдэнэ. Тэгэхээр, 30 хувь нь 38 гишүүн гэсэн үг. Олон улсын жишгийн дагуу, парламент дахь жендерийн тэгш байдлыг хангая гэвэл энэ тоо хангалтгүй. Иймд 40 хувь болгож, дахин 10 хувиар нэмсэн нь зүйтэй хэмээн санал гаргасан.

Чухам энэ саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн хэрэг. Тэгээд араас нь “Эмэгтэй гишүүдийн квотыг нэмье гэдгийг УИХ дэмжлээ, браво!” гэсэн улстөрчдийн постууд хөвөрсөн байдаг.

Харин эл саналыг хуулийн төсөл дээр ажиллаж буй Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2023.06.14) хэлэлцээд, хүлээж авсангүй.  

Нэгтгэн тайлбарлахад, 20 хувийн квотыг 30 болгож нэмэхийг ТББХ дэмжсэн. Харин дахиад 10 хувиар нэмж, 40 болгох УИХ-аас гарсан саналыг дэмжээгүй. Эцсийн дүндээ 30 дээр тогтож буй гэсэн үг юм.

Спикерийн илэрхий мессеж ба 30 хувиар боловсруулагдсан төсөл

Парламент дахь жендерийн тэгш оролцоог хангах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар идэвхийлэн дэмжиж буй нь ил юм. Хэрэв та УИХ-ын тамгын газрын албан сайт дахь үйл явдлын мэдээг гүйлгэж үзвэл, сүүлийн өдрүүдэд “Жендер” гэсэн үг олонтой давтагдаж буйг анзаарна.

Саяхан айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн УИХ-ын даргатай уулзахдаа энэ асуудлыг хөндөж, дэмжсэн байр суурь илэрхийлсэн.

Уржигдархан парламентын спикер өөрөө БНСУ-ын “Эва” эмэгтэйчүүдийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзсан.

Бас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр” хэмээх томоохон чуулга уулзалтыг зохион байгуулахдаа, хамгийн гол сэдвийг нь “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн “малгай”-н дор авч үзсэн. Ийм сэдэвт тусдаа хэлэлцүүлэг ч болсон. Энэ мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилга юм.

Сүүлд дурдсан чуулга уулзалтын үеэр л тэрбээр “Ирж яваа цагийн дууг зөвхөн эрчүүд дуулж болохгүй” хэмээсэн.

Анх л Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байхад энэ дагуу 30 биш 40 хувь гэдэг тоог  оруулж болох байсан. Н.Энхболдын өргөн барьсан төсөлд тэгсэнгүй. 10 хувиар л нэмэхээр заасан. Логик дагуу бол тэр концепц агуулгаараа тусаж, боловсруулагдсангүй. 152 гишүүн 126 болж буусан лугаа л адил. Тийм ч учраас ард нь арга буюу санал гаргасан дүр зурагтай.

Сөрөг хүчин, эмэгтэй гишүүдийн эс үйлдэхүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, “40 биш 30 дээр тогтъё” гэсэн утга бүхий томъёоллоор санал хураажээ.

Ингэхэд,

  • С.Амарсайхан
  • Г.Ганболд
  • Ц.Мөнх-Оргил
  • Х.Нямбаатар
  • Д.Тогтохсүрэн
  • Н.Энхболд
  • Ж.Эрдэнэбат нар ДЭМЖСЭН.

Харин,

  • М.Оюунчимэг
  • Д.Сарангэрэл
  • Ж.Сүхбаатар нар ДЭМЖЭЭГҮЙ байна.

Мөн түүнчлэн, Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнтэйгээс 10 нь л энэ санал хураалтад оролцсон. ОРОЛЦООГҮЙ ес нь,

  • А.Адъяасүрэн
  • Ё.Баатарбилэг
  • Ж.Батсуурь
  • С.Бямбацогт
  • Т.Доржханд
  • Г.Занданшатар
  • Ц.Мөнхцэцэг
  • Л.Оюун-Эрдэнэ
  • Б.Пүрэвдорж нар юм.

“Эмэгтэй гишүүдийн квотыг 40 болгоод дэмий” гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, тус хуулийн төслийг анх өргөн барьсан Н.Энхболд нарын “томчууд” үзжээ.

Жендерийн тэгш оролцоог хангах агуулгатай энэ асуудалд саналаа өгсөн хоёрхон эмэгтэй гишүүн бий нь М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар л байна. Ганц Ж.Сүхбаатар “сондгойрчээ”.

Тэгвэл А.Адъяасүрэн, Ц.Мөнхцэцэг нар эмэгтэй боловчиг санал хураалтад оролцоогүй  тойрчээ. Сөрөг хүчнээс Ж.Батсуурь, Т.Доржханд, Б.Пүрэвдорж нар мөн алгасжээ. УИХ-ын даргын санал, санаачилгыг эрхэмлэж ажиллах учиртай Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мөн хуралдаанд суусангүй.

Өөрөөр хэлбэл тэд эс үйлдэхүйгээрээ 40 хувийн квотыг дэмжсэнгүй.

Атал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өмнө нь дэмжчихсэн, дэмжлээ гээд баахан сошиал популизм хийчихсэн байдаг. Тэгэхээр УИХ дээр дэмжсэн болж жүжиг тавиад, байнгын хороон дээр унагах тохироо явагдсан байж болохоор байна. Эсвэл байнгын хороогоор орохын өмнө “Битгий дэмж” гэсэн чиглэл явж, бүр сөрөг хүчнийхэн ч үүнд нь нэгджээ.

Ж.Сүхбаатарын ахалсан лобби бүлгийн ар дахь нэгдмэл байр суурь

Аль нь ч байсан гэсэн, дэмжихгүй мөртлөө дэмжсэн болж жүжиглэсэн эр эм, МАН-ын, АН-ын, ХҮН-ын гишүүдэд л асуудал нь бий. Өнгөн дээрээ нэг их жендерийн тэгш оролцоог хангах хүсэл зорилготой, эмэгтэйчүүдээ хүндэлдэг, хүндэтгэдэг хүмүүсийн дүрээр сошиал жүжиг тавьчхаад, нэдэр дээрээ ухарч буцсан нь өнөөгийн улстөрчдийн арга заль л гэлтэй.

Эрчүүдээс ганцаараа “сондгойрсон” Ж.Сүхбаатар жендерийн тэгш оролцоог хангах лобби бүлгийг ахалж байгаа. Ахлуулах шийдвэр Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендерийн үндэсний хорооны, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан хуралдаанаар гарсан байдаг.

Нөгөө талд УИХ-ын дарга Г.Занданшатар нь уг концепцыг оройлон дэмжээд буйгаа илэрхийлээд байдаг.

Ж.Сүхбаатарт холбогдуулж бичсэн дээрх дүр зургаар бол Засгийн газар нь ч, УИХ-ын дарга нь ч парламент дахь эмэгтэй гишүүдийн квотыг нэмье гэж санал нэгдээд байжээ гэлтэй.

Гэвч явж, явж бодит үр дүн нь, үйлдэл, эс үйлдэхүй нь ийм байлаа.

Тэмдэглэл:

Ер МАН-ын шинэ үеийн төлөөлөл Үндсэн хуулийг өөрчилье, парламентын гишүүдийн тоог нэмье, холимог тогтолцоотой болъё, сангуудын мэдээллийг дэлгэе, хулгайтай тэмцье гэх нь ээ нь “ах нар” далд эсэргүүцдэг логикийг өнөө цагийн улс төр ил тод үзүүлж буй.

“152 гишүүнтэй болъё” гэхээр “Иргэд дэмжихгүй байна, 126 болгож бууруулъя” гэнэ,

“50 гишүүнийг жагсаалтаас сонгоё” гэхээр “Жагсаалтаар 48 байсан нь дээр” гэнэ, жагсаалтын тодорхой квотыг нэхэж барьцаална,

Томоохон хулгайтай тэмцэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл нь “Хуулийн сайд шүүхийн хараат бус байдалд халдлаа” гэдэг асуудал оруулж ирж, хэлэлцэнэ.

Үүний ард чухамдаа нам дотор ужгирсан “ах нар”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр оролцоотой гэж харагддаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дийлэнх гишүүд гэхэд л Ерөнхийлөгчийн шууд нөлөө бүхий, томилгооны хүмүүс байгаа юм.

Энэ л дүр зураг эмэгтэй гишүүдийн квотын асуудал дээр харагдлаа. Сөрөг хүчин нь ч сөрж чадахгүй, эмэгтэй нь ч эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудлаар дуугарч чадахгүй, ийм “хайрцаг”-т орчихлоо л гэлтэй.

Яг ийм утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатарын “Ирж яваа цагийн дууг зөвхөн эрчүүд дуулах учиргүй” гэдэг афоризм “...зөвхөн МАН-ын ах нар дуулна” болоод өөрчлөгдчихлөө хэмээсэн хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 15, 2023 12:07

Занданшатар ийм хүн

Холбоотой мэдээ

Back to top button