Тойм: Эмэгтэй улстөрчид дэмжүүлсэн бас НАМНУУЛСАН долоо хоног

Долоо, долоо хоногийн улс төрийн сэдэв өөрийн гэсэн онцлогтой. Харин энэ долоо хоног ихээхэн “феминист” хэлбэр дор явагдлаа. Сонгуульд нэр дэвшигчдийн эмэгтэй квотын төлөөх жүжиг тоглосон нь бол жүжиг шинжтэй хэдий ч ээлтэй. Х.Булгантуяа, Ч.Номин нарын эмэгтэй улстөрчдөд бас ээлгүй, тийм үйл явдлууд болж өнгөрч байна.
Нэг: Ирж буй цагийн дууг эрчүүд ганцаар дуулах уу
Товчхондоо, УИХ-ын дарга Г.Занданшатарын “Ирж буй цагийн дууг эрчүүд ганцаар дуулах учиргүй” хэмээсэн афоризм энэ сэдвийн гол цөмийг зангидсан юм.
Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендерийн үндэсний хорооны, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг эмэгтэйчүүдийн квотыг дэмжих лобби бүлгийг ахлуулсан байдаг.
Яг энэ үес Н.Энхболд нарын туршлагатай гишүүд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Өдгөө Үндсэн хуулийн өөрчлөлт тэргүүтэй, реформд тэргүүлэх цаад “гэгээн” санаатай ийм үйл явцын ард ерөөс өнөө цагийн МАН-ын залуу лидерүүд, тэдний нэгдэл бий.
Энэ утгаараа Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд энэхүү жендерийн тэгш эрхийг хангах агуулгыг тусгах зорилго харагдсан. Авчиг Н.Энхболдын хуулийн төсөлд, 20 хувийн квотыг 30 болгож нэмэх заалт л тусаж чадсан. Ийм болохоор ч тэр үү, хуулийн төслийг ид УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар эмэгтэйчүүдийг дэмжсэн мессежүүдээ “шидэж” эхэлсэн юм.
Тэр чуулга уулзалт, уулзалт хэлэлцээр бүрдээ л сүүлийн үес энэ агуулгыг ярив. Тийм ч учраас УИХ-ын чуулганы хуралдаанд, 30 биш 40 хувь болгоё гэсэн санал гаргасан гэлтэй. Тухайн үедээ гишүүд 40 хувийн саналыг олонхоор дэмжиж, бултаар бөөнөөр “Эмэгтэйчүүдээ дэмжлээ, браво” хэмээн өөд уруугүй алга ташицгаасан юм.
Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооноор эл саналыг хэлэлцэх үед буцаагаад унагачихсан. Үүнд эмэгтэй гишүүд нь ч, сөрөг хүчин АН-аас ч хуралдаа суулгүй эс үйлдэхүй хийж нөлөөлсөн. Энэ дүр зургаас “Ирж буй цагийн дууг зөвхөн эрчүүд дуулах учиргүй” гэдэг афоризм нь “...зөвхөн МАН-ын ах нар дуулна” болж өөрчлөгдөн ойлгохын шалтгаан үүдэв.
Бүр тодруулбал:
“Эмэгтэй гишүүдийн квотыг 40 болгоод дэмий” гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, тус хуулийн төслийг анх өргөн барьсан Н.Энхболд нарын “томчууд” үзсэн.
Жендерийн тэгш оролцоог хангах агуулгатай энэ асуудалд саналаа өгсөн хоёрхон эмэгтэй гишүүн бий нь М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар л байна. Ганц Ж.Сүхбаатар “сондгойрсон”.
Тэгвэл А.Адъяасүрэн, Ц.Мөнхцэцэг нар эмэгтэй боловчиг санал хураалтад оролцоогүй тойрчээ. Сөрөг хүчнээс Ж.Батсуурь, Т.Доржханд, Б.Пүрэвдорж нар мөн алгасжээ. УИХ-ын даргын санал, санаачилгыг эрхэмлэж ажиллах учиртай Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мөн хуралдаанд суусангүй.
Ер МАН-ын шинэ үеийн төлөөлөл Үндсэн хуулийг өөрчилье, парламентын гишүүдийн тоог нэмье, холимог тогтолцоотой болъё, сангуудын мэдээллийг дэлгэе, хулгайтай тэмцье гэх нь ээ нь “ах нар” далд эсэргүүцдэг логикийг өнөө цагийн улс төр ил тод үзүүлж буй.
“152 гишүүнтэй болъё” гэхээр “Иргэд дэмжихгүй байна, 126 болгож бууруулъя”, “50 гишүүнийг жагсаалтаас сонгоё” гэхээр “Жагсаалтаар 48 байсан нь дээр” гэж, жагсаалтын тодорхой квотыг нэхэж барьцаалдаг лугаа адил дүр зураг л эмэгтэй гишүүдийн квотын асуудал дээр харагдлаа. Сөрөг хүчин нь ч сөрж чадахгүй, эмэгтэй нь ч эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудлаар дуугарч чадахгүй, ийм “хайрцаг”-т орчихлоо л гэлтэй.
Эцэстээ УИХ-ын чуулганы хуралдаанаар, 40 хувийн квотыг ирэх 2028 оны сонгуулиас эхлэн мөрдье гэдэг дээр гишүүд нэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтөөр буюу 30 хувийн квотоор 2024 ондоо сонгуульдаад, 2028 оныг угтаж дахиад л сонгуулийн хуулиа өөрчлөх нь. “Гуя дагуулж хүзүү” гэгчээр, энэ өөрчлөлтөд мөн ямар заалтууд хамт орж ирэхийг таашгүй хэрэг.
Хоёр: Эмэгтэй улстөрчдийн “мэнгэ голлох” цаг
Сонгууль угтахаар л эмэгтэй улстөрчид рүү эр нь ч, эм нь ч ил далд дайрдаг дүр зураг нэгэнт бий билээ. Энэ удаа, улс төр дэх жендерийн тэгш оролцоог хангая, дэмжье гэсэн яриан дунд тэр хэлбэр дахиад ажиглагдаж эхлэв.
Тухайлбал, өдгөө хэн хэн нь сайдаар ажиллаж буй Х.Булгантуяа, Ч.Номин нар эхнээсээ өртөж байна.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа эмэгтэйчүүдийн квотыг дэмжсэн ярианыхаа дараа “балбуулах” болов. Үүнд нь тодорхой хатуу үндэслэл, элдэв буруутгах шалтгаан эрээд олдохгүй байгаа. Хэчнээн Х.Булгантуяаг өмөөрч, өмөлзөж буй өнгө аясаар уншигчдад буруушаагдах магадлал бодитоор бий ч, юу үнэн, энэ үнэн.
Х.Булгантуяа яг энэ цаг үед ХНХ-ын сайдаар ажиллаж, төсвийн тодотгол дагасан нийгмийн халамжийн нэмэгдлийг гардан хариуцаж буйн хувьд сонгогчдоосоо оноо авах бүрэн бололцоо бүрдээд байгаа. Улмаар түүний тойргийг суллах, эсвэл жагсаалтад багтах боломжийг хязгаарлах агуулга бүхий дайралт голчлон эмэгтэй гишүүдээс чиглэсэн дүр зурагтай. Ялангуяа өмнө нь “улны айл” гэж хэлээд банга хүртээд ХНХ-ын сайдаас буусан Д.Сарангэрэл, ямагт энэ суудалд далд санаархаж ирсэн М.Оюунчимэг нар эрхгүй төсөөлөгдөж байна.
Нөгөө талд Соёлын сайд Ч.Номинг дурдаж болно. “Хааны алба халаатай” гэж хэлээд ажлаа авсан Ч.Номингийн хувьд сайдын суудлаас буух цаг хугацаа нь дөхөж буйг ойлгож, ухамсарлаж байгаа. Харин улс төрд нэгэнт хөл тавьсан хүн буцаж, бухаж болдоггүй тийм жамтай. Цөөн хүн үүнийг хийж чаддаг.
Ч.Номин нэгэнтээ “Монгол HD” телевизийн захирлаар ажиллаж байхдаа “Нэгэнт дэлгэцийн салбарт ажилласан хүн буцаж чаддаггүй юм даа” хэмээн ирээдүйтэй, потенциалтай ажилчдадаа хэлж байсан гэдэг. Энэ удаа “Улс төрд нэг алхсан бол буцахын учиргүй, дараагийн алхам дотроос хатгадаг” гэдгийг түүнд өөрт нь хэн нэгэн шивнэж буй биз ээ.
Х.Булгантуяагийн адилаар, төсвийн тодотголын “малгай”-н дор соёлын салбарын ажилчдын цалин хамгийн их нэмэгдэж байгаа. Энэ ч түүнийг ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшье гэх нь ээ тодорхой давуу тал болж очих бололцоог нээж байна.
Гэхдээ Ч.Номин харлуулагдах болсон шалтгааныг зориудын гэж тодотгоход ихээхэн учир дутагдалтай. Учир нь, түүний аав, Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг заналхийлж, машинаар дайрахаар элдэн давхиж буй бичлэг сошиалд түгээдэхэв.
Өмнө нь, охин нь аавынхаа ажилд саад болж ирсэн дүр зураг байв. Харин одоо аав нь охиндоо гай түйтгэр дуудлаа. Сэлэнгэ аймагт хаан мэт заларч, хуулийн өмнө хэзээд үл бөхийх мэт сагаж явсан Л.Чинбатын үнэн зан араншин үүгээр илэрч, удаан хугацаанд толгой дохин бөхөлзөж ирсэн нутгин малчид түүгээр тэсэрлээ л гэж харахад хүрлээ.
Гэхдээ энэ завшааныг ашиглаж, Л.Чинбатыг зориуд харлуулах кампанит ажил тэр дороо эхэлснийг твиттер дэх хөлсний жиргээчдээс харж болохоор байна. Одоо Л.Чинбатын асуудал Ч.Номингийн асуудал болж наалдах болно.
Тэмдэглэл:
Яг эмэгтэйчүүдийн эрхийг дэмжье, квот нэмье гэсэн асуудал улс төрийн сэдэв болохтой зэрэгцээд эмэгтэй улстөрчдөд халтай үйл явдлууд цагийн аясаа дагаж үүдсэн нь ихээхэн хоржоонтой юм.
Квотын асуудал ч яах вэ, хуулийн төсөл юм болохоор ингээд алх цохисон хойно намжина. Одоо сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх зохицуулалт нэгэнт батлагдчихлаа. 40 хувийг ирэх 2028 оноос нааш горьдолтгүй боллоо.
Харин 2024 оны сонгууль ирж байна. Ирэх ирэхдээ 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаас сонгох холимог тогтолцоотойгоор ирж байгаа. Ийм ч учраас жагсаалтын квот нэхэж барьцаалах, багтах гэж өрсөлдөх, улс төр хийх өрнөл ид явагдана. Тойрог ч суллах ажиллагаа хийгдэнэ. Энэ “гал”-ын эхлэлийг эмэгтэйчүүд хамтдаа үүрэх нь. Одоо эмэгтэй гишүүд ямар чимээ имээгүй, нам жим болно вэ. Хазгай гишгэж, гай дуудахаас хэний яанаагүй л өдгөө айж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэмжээ хягаар тогтоогоод бгаа нь хамгийн гаж үзэгдэл яагаад 30 40 хөн гэж эмэгтэй хүүхдүүд хамаагүй олноороо лидер бгааг олж хар нөхдөө