О.Жаргалсайхан: Мүраками энэ удаа өөрчлөгдөж. Магадгүй хиймэл оюун ухаанаас өрсөх гэсэн болов уу

2023.06.23-нд нийтлэгдсэн контентыг сэргээн нийтлэв.
Өнөө цагийн гарамгай зохиолч Харүки Мүраками энэ жил шинэ романаа хэвлүүллээ. Өдгөө 70 нас хүрсэн түүнээс дахиад ямар шинэ “юм” гарсан бол гэдэг хүлээлт дэлхий нийтийн өмнө бий. Одоогоор түүний шинэ роман зөвхөн япон хэл дээр уншигдаж байгаа юм.
Мүракамигийн “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэл мөргөлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” зэрэг романуудыг орчуулсан О.Жаргалсайхантай хоёр жилийн өмнө ярилцаж байлаа.
Тухайн үед тэрбээр “Мүраками долоон жилийн мөчлөгтэй роман бичдэг. Одоо цаг нь дөхөөд л байна” хэмээж байв.
Мөчлөг нь ч аргагүй таарч, шинэ роман нь хэвлэгдлээ.

Түүнтэй хоёр сэдвийн хүрээнд урт ярилцсан. Эхнийх нь мэдээж Мүраками ба түүний шинэ роман. Монголоос, эх хэл дээр нь уншсан анхны уншигчдын нэг бол О.Жаргалсайхан. Тийм учраас Мүракамигийн фенүүд хийгээд утга зохиолд шимтэгчдэд зориулан, шинэ романы талаар урьдач яриа өрнүүлсэн юм.
Хоёр дахь сэдэв нь, нүүдэлчин соёл хийгээд баруун, зүүний ертөнцийн маргаан. Глобал ертөнц бий болгох гэсэн барууны үзэл санаа нуран унаж, эсрэгээрээ үндэсний бахархал, үндсэрхэг үзэл гаарч буй өнөө цагт монголчууд хэрхэх вэ гэдэг агуулгыг тойрч хөөрөлдсөн.
Иймд ярилцлагаа хоёр хуваан хүргэж байна.
Эхний хэсэг: Мүраками ба түүний шинэ роман
О.Жаргалсайхан,
“Их урт яриа болно. Аль болох багасгахыг бодъё.
Хубилай хааны тухай шүлгээс хашир номынхоо эхэнд эш татжээ. Английн Самуэл Тэйлор гэж хүний 1700-аад оны сүүл хавьд бичсэн шүлэг юм байна. Мүракамигийн зэргэлдээ ертөнцийн санаа энэ шүлэгт байна. Тэгээд хашир энэ номдоо оруулсан бололтой.
Би бас олзуурхаж байлаа. Манай Хубилай хаан Мүракамигийн шинэ номд орчхож. Ер нь нүүдэлчин соёлын тухай тэрбээр бичээгүй ч бас биш. Тэр бичсэн зүйлд нь миний бие монгол хүний хувьд тааламжгүй ч гэмээр хандсан удаатай. Мүраками бол үнэхээрийн хотын зохиолч. Нүүдлийн соёл иргэншлийн тухай гэнэтхэн бичээд унана гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ энэ шинэ номдоо мөнөөх шүлгийг ийн эш татахыг бодвол манай соёл иргэншлийн талаар “нүхэлж” үзсэн, магадгүй энэ нь өөрийн “хонгил”-оо бүтээхэд нь сэдэл өгсөн юм болов уу гэж олзуурхаж байна.

Мүракамийг төгсгөл үг бичих дургүй гэж сонсож байсан. Энэ удаа бичсэн байна. “Би төгсгөлийн үг бичих дургүй л дээ” хэмээн учирлаад “Гэхдээ энэ удаад бичихээс өөр арга байхгүй” гэжээ.
Чи мэдсэн байх, энэ номын нэр “Хот хийгээд түүний уяхан, туяхан хана” гэсэн утгатай. Яагаад ч юм, Мүраками 1980 онд энэ гарчгаараа тууж бичсэн байгаа юм. Гэхдээ 1980 он гэдэг бол Мүракамигийн хувьд тэгтлээ мастер болчихсон үе биш. Тэр тууж нь утга зохиолын сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн. Утга зохиолын шим шүүстэй санаа нь сайн бичиж чаддаггүй байх үед нь тэгж гарсан. Түүнийгээ юм болгох сон, сайжруулах сан гэж санажээ. Үүнийгээ сайжруулаад, таван жилийн дараа “Hard-Boiled Wonderland and the End of the World” романаа бичиж.
Зохиолчид эхний үеийн бүтээлдээ гар хүрэх явдал байдаг л даа. Жишээлбэл, Кэнзабүро Оэ 20-иод насандаа бичсэн богино өгүүллэгүүдээ хожим зассан байдаг.
Хашир маш олон бүтээл бичсэн. Зохиол бичнэ, дүрсэлнэ, зураглана гэдэг зүйл үнэхээрийн суурьшиж, амжилттай болсон өдий насандаа 1980 онд бичсэн туужаа дахин барьж авч буй нь нэг бодлын “Аливаа бүтээлийн сэжмийг бүх насаараа хадгалж явна гэдэг гайхамшиг” гэсэн Г.Маркесын үгийг санагдуулж байна.
Мүраками энэ номоо 2020-иод онд бичиж эхэлжээ. Энэ бол цар тахлын үе. Бас Орос ч Украин руу дайраад эхэлсэн. Маргааш яах нь мэдэгдэхгүй, уяхан туяхан, тодорхойгүй ертөнц бий боллоо. Глобал ертөнц гэж ярьдаг байсан нь нэг мэдэхэд нуран уналаа. Популизм, үндсэрхэг үзэл гаарч байна. Оюун санаа болон сэтгэлгээний асар том хувирал өөрчлөлт рүү хөл тавилаа.
Мүракамитай холбоогүй ч, цар тахлын үед хүн бүр гэрээсээ ажиллаж, тэр хэрээр хиймэл оюун ухаан ид цэцэглэлээ. Хиймэл оюун ухааны суурь Мүракамийн бүтээлүүдээс өмнө, 1960-аад оны өмнөхөн тавигдсан гэдэг. 1980-аад онд хоёрдугаар тэсрэлт нь болсон. ChatGTP3-ын эх үүсвэр тэр үед бий болсон. Хиймэл оюун ухаан тэр үед л асар их дата дундаас мэргэжилтэн мэт анализ хийдэг болоод байсан.
Энэ нь Мүракамигийн утга зохиолд дурласан дэлхий ертөнцийн нэг хөшүүрэг ч байсан юм болов уу гэж хэлэх гээд байна. ChatGTP-3 гарснаар 2010-аад онд дахин нэг тэсрэлт үүссэн. Тэгээд 2020 он буюу дижитал үйл ажиллагаа идэвхтэй өрнөсөн цар тахлын үед GTP-4 хүртэл гарлаа. Одоо хиймэл оюун ухаан зохиол бичих гээд байна. Зарим газар дүрэм, журмаа гаргаад эхэллээ. Грэммийн наадам 2024 оны шалгаруулалтад хиймэл оюун ухааны оролцоотой бүтээлийг оруулахгүй гэж байна.
Цаашдаа Мүракамигийнх шиг зохиолыг хиймэл оюун ухаанаар дор нь бичээд гаргаад ирнэ. Аливаа мэргэжлийг хиймэл оюун ухаан орлох ирээдүй бий болсон. 12 триллион ном өдгөө хиймэл оюун ухааны санд нэгдчихээд байна. Мүракамигийн “Хот болоод түүний уяхан, туяхан хана” номын үргэлжлэлийг бичье гэвэл гаргаад ирэх боломжтой, ийм цаг үе.
Үүнээс айсан уу, гучин хэдхэн насандаа бичсэн ч дотроо тээж бодоод л байсан тэр туужаа өнөөдрийн өндөрлөгт дахиад бариад авчээ. Энэ ном гурван бүлэгтэй. Эхний бүлгээ бичээд түр орхисон байна. Тэгж байтал цаг үе, үйл явдал эрс өөрчлөгдөөд ирж. Эрс өөрчлөлтийн давлагаан дунд хүний сэтгэл зүй айдас хүйдсээс болж бачуухан, ханаар хүрээлэгдсэн жижиг юм руу тэмүүлдэг юм байна л даа. Хулгана шиг мухарт очиж хэвтэх. Тэр сэтгэлгээгээр үзвэл, хоёр, гуравдугаар бүлгийг нь бичиж болмоор санагдаж. Хашрын гучин хэдэн наснаасаа тээж явсан сэдэл хийгээд нийгэм, цаг үеийн тохиол ийн уялджээ.

Энэ номд яагаад ч юм амгалан тайван байдал ноёрхож байна. Харьцангуй амар амгалан. Мүракамигийн нөгөө сүрхий секс зураглалууд их цөөхөн. Бүр гайхалтай. Настай нь холбоотой ч юм уу гэж бодлоо (Инээв). Нас бол хамаагүй байх. Юутай ч, тэр нь их цөөхөн. Мүраками их өөрчлөгдсөн ном гэж хэлэх гээд байна. Өгүүлэмж бол ижил. Зэргэлдээ ертөнц нь байна. Хот гэдэг бол хүний оюун санааны хамгийн доод хязгаарын, бүгчим, тэр ертөнц. Тэнд хүн ч бий, араатан амьтан ч бий, хүний сайн муу сэтгэл ч бий. Хана гэдэг нь тэр хот ба жирийн амьдрал хоёрын зааг. Тэгэхээр нөгөө л өгүүлэмж бас явж байгаа. Их хатуу, түгжигдмэл, аюултай, системтэй, ухаалаг хот байна шүү.
70 нас хүрчхээд хашир “Одоо л миний бичих үе” гээд суусан нь үнэхээрийн гайхалтай зураглалуудаас харагдаж байна. Мүракамигийн зохиолыг аль ч хэл дээр уншихад хялбархан. Ойлгох агуулга нь харин адармаатай. Уншигдаад байгаа мөртлөө тэр нэг нюанс, агуулгаас цацруулж байгаа дуу хөгжим, агуулгаас гарч байгаа хөдөлгөөн, янз янзын мэдрэмжүүд бол гайхалтай. Эх хэл дээрээ уншихад голын урсгал мэт саадгүй явдаг.
Энэ номыг аль нэг компани орчуулъя гэж бодож байгаа байх. Тэгэхээр би нэгд нэгэнгүй ярьж болохгүй. Одоогоор надад орчуулгын захиалга ирсэн юм алга. Өөрийгөө баясгаад л сууж байна. Эргээд бодоход би дандаа сонгуулийн жилүүдэд том бүтээл эхэлсэн байдаг. 2012, 2016, 2020 онд гурван том роман гаргаж байсан. Нийгмийн дуу чимээ ихтэй, худлаа нээрэн ярьсан ийм орчинд жаахан өөр юмаар зугаацахгүй бол хэцүү санагддаг. Энэ удаа бас л сонгуулийн жил таарчхаад байна. Орчуулъя гэвэл ирэх хаварт ч юм уу, дургүйцэх зүйл алга. Яагаад гэвэл сонгуулийн жил болж байна.
Үйл явдлын хувьд, “Би” гэдэг хөвгүүн, “Чи” гэдэг охин гарна. Нөгөө л өгүүлэмж. Охин нь “Чамтай яриад сууж байгаа би бол миний сүүдрээс өөрцгүй. Харин өндөр өндөр ханаар хүрээлэгдсэн нэгэн хот бий. Жинхэнэ би бол тэр хотод байдаг юм” гэж хөвгүүндээ хэлж байгаа юм.
Ингэж ярьж байгаад удалгүй үхдэг. Нөгөө л өгүүлэмж. Эсвэл үхчихдэг, эсвэл салаад явчихдаг шүү дээ. Охины хэлсэн үгээр хөвгүүн хотыг хайгаад, олоод очиж байгаа юм. Тэгээд нөгөө охинтойгоо таарна. Эргээд биеэ нийлүүлсэн ч сэтгэл нийлэхгүй, зөрөө ялгаа гарч байна. Бас л уйтгар гуниг, элдэв юм үргэлжилнэ. Ерөөс энэ хот уйтгартай юм байна. Сүүдрээ дуудаж, хамжаад бодит ертөнц дээрээ ирье гэдэг. Тэгэхэд 45 настай байдаг. Бид 35-тай л баатар уншиж дассан шүү дээ. 35-тай Тэнго, 35-тай Тазаки, 35-тай нэргүй зураач гээд. 35-тай, 45-тай хүний зураглал тэр чигтээ өөр болж хувирч байгаа юм. Төлөвшсөн бие хүний тухай зураглал гарч ирж байна. Тэр хүн номын сангийн дарга болдог. Тэгээд дахиад бөөн бүлэг үйл явдал. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Нөгөө л зэргэлдээ ертөнц, нөгөө л ганцаардал, нөгөө л хагацал, дахиад учирдаг тэр л өгүүлэмж. Гэхдээ өмнө нь хүйтэн нойтон агуй, хонгил дотор явдаг байсан бол гэрэлтэй, гэгээтэй хуурмаг хот дотор явж байна.
Хашрын уран бүтээлийн ерөнхий уур амьсгал бол маш өөрчлөгдсөн гэж л хэлмээр байна”.

-Хиймэл оюун ухааны талаар та өөрөө хам сэдвийн хүрээнд ярив уу. Эсвэл Мүракамиг үнэхээр цаг үеийн дохио тэмдгийг тэгж мэдэрчээ гэж үзэж байна уу?
-Би одоо хашрыг нэлээд таниад, мэдээд байна л даа. Түүний бүтээлд цэвэр утга зохиол дээр нэмээд өндөр зэрэглэлийн энтертайнмент явдаг. Тэр нь яагаад ч юм сонгодог бүтээлүүдээс арай өвөрмөц, жирийн бүтээлүүдээс бас өөр, тэр нь утга зохиол дахь хиймэл оюун ухаан юм шиг “гажиг” сэтгэгдэл төрүүлдэг. Орчуулаад л сууж байхад.
Яагаад ингэж их холбох гээд байна вэ гэхээр, 2020 онд тэр 1980 оны туужаа сөхөж, засварлаж эхлээд, 2023 онд зарлаж байгаа юм. Тэр үе бол үнэхээрийн дэлхий даяарх хиймэл оюун ухааны тэсрэлтийн цаг хугацаа. Хиймэл оюун ухаан түүний хувьд роман бичих болсон бас нэг хөшүүрэг нь юм биш байгаа гэж ойлгож байна л даа.
-Мүракамигийн зохиолыг хиймэл оюун ухаан төвөггүй үргэлжлүүлээд биччихнэ гэж байгаа юм уу?
-Тийм айдас бол байна. Ганц Мүракамиг ч биш. Хэний ч бүтээлд, өгүүлэмжийг нь оруулахад л гаргаад ирж болохоор байна. Тэгэхээр хашир бол хиймэл оюун ухаанаас өрсөж, өөрийнхөө утга зохиолын мөн чанарыг, чадварыг илүү тодорхой гаргаж, хиймэл оюун ухааны чадахгүй юмыг хүн өөрөө чадаж байна гэдгээ харуулах гэв үү л гэж ойлгож байна.
-Бүр 1980 онд бичсэн туужаа дахиж сөхсөн гэхээр, жинхэнэ туршлагатай зохиолчдын эгнээнд нэгэн дуугаар шилжихээр болов бололтой. Г.Маркезыг хүмүүс түүн шиг нэг юмаа давтаж бичдэг гэж шүүмжилдэггүй. Гэхдээ бараг Мүракамигаас ч илүү давтдаг, нэг нэр ус ч зохиолуудад нь явж байдаг. Зураачдад ч нэг эхэлсэн бүтээлээ дуусгадаггүй, хожим хойно үргэлжлүүлсээр, цувруулсаар байх нь их. Нэг үгээр, анхны үүдэл санаагаа тээж явна гэдэг сайн уран бүтээлчдийн нэг шалгуур байж болох юм.
-Тийм ээ, Мүракамигийн шүтээн болсон Г.Маркез нэгэнтээ “Нэг сюжетийг амьдралынхаа бүхий л үед тээж явдаг зохиолч агуу” гэж хэлсэн нь бий.
1985 онд бас засвар хийх гэж бас оролдсон. Тэр бүтээл нь бидний мэддэг урт нэртэй зохиол. Тэгээд бас сэтгэл нь ханаагүй. 60, 70 нас хүрээд ирэхээрээ дахиад оролдоно гэж бодож байсан юм шиг. Ёстой нөгөө уяхан, туяхан хана шиг цаг үе ирэнгүүт өдөөлт болж, өөр лүүгээ жинхэнэ өнгийсөн үү.
Тэр “Би орчуулга хийнэ, роман бичихийн засвар богино өгүүллэг бичнэ. Гэтэл ийм завгүй байхад хүртэл роман бичих аазгай төрөөд байдаг. Гэхдээ би 70 гарчихлаа. Тийм үе маань ер хэд ирдэг бол доо” гэж төгсгөлийн үгэндээ бичжээ. Тэгэхээр хиймэл оюун ухаанаас өмнө амжаад, санасандаа хүргэе гэж санасан уу гэдэг миний хардлага, сэрдлэг үнэн байж магадгүй.
Гурав дахь удаагийн оролдлогоор энэ ном гарчээ. 70 настай зохиолч хүний, өөрөөр хэлбэл утга зохиолын ертөнцөд 40 гаруй жил амьдарсан хүний чансааг бас харуулсан байна.

-Түүний энэ үйлдэл нэгийг бодуулж байна. Гэхдээ та өөрөө хиймэл оюун ухаан хүний авьяасыг давж гарна гэдэгт ер итгэдэг үү?
-Одоо бол аймшигтай үе гараад ирлээ. 12 триллион номыг систем нэг дор хураачихлаа. Тэр дотроосоо хүнтэй өрсөлдөхүйц хэмжээний анализ дүгнэлтийг нэг минутын дотор хийгээд цацаж байгаа. Энэ бол бодит ертөнц. “Хот“-ын ертөнц биш. Ийм нөхцөлд хиймэл оюун ухаан зураг зураад, зохиол бичих нь ердөө өнөө маргаашийн л ажил.
Хүний авьяас чадвар гэдэг хиймэл оюун ухааны хувьд давагдашгүй хүчин зүйл байхаа болих цаг ирчих гээд байна л гэж.
-Зохиол бичээд эхэлсэн юм билээ. Гэхдээ тус тусдаа зохиолууд бол бичих л байх. Харин ийм цаг үед эргээд, бидний “Мүраками нэг юмаа л давтдаг” гэж гоочилдог, хувь зохиолчийн олон жилийн хөдөлмөр, өсөж хөгжсөн явц, дотроо тээсэн дахин давтагдашгүй дуу хоолой, “Дахиад юу хийх бол” гэж хүлээдэг тэр хүлээлтүүд эсрэгээрээ үнэд орох юм шиг бодогдож байна.
-Мүракамиг хиймэл оюухаанархуу зохиолч л гэж хэлэх гээд байна. Хэрвээ хиймэл оюун ухаан хүн байсан бол Мүракамирхуу хүн байх байсан болов уу гэж. Маш их юм уншдаг, тэр бүгдээ хурдан боловсруулж, баздаг. Одоо энэ Хубилай хааны тухай шүлэг хүртэл Мүракамигийн утга зохиолын бараг нэг шугам болчихсон явж байна.
Асар их уншдаг, асар их сонсдог хүн бол хиймэл оюун ухаанархуу зохиол бичээд, тэр нь бидэнд их содон туссан юм биш үү гэж. Энэ миний хувийн дүгнэлт шүү. Мэдрэмж төдий юмаа л ярьж байна. Судалгааны ажил биш. Ингээд бодоход үгүйсгэхгүй юм гэж.
Ярилцлагын үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэзээ Англи хэл рүү орчуулагдах юм бол оо?
Ха ха уучлаарай Мүраками чинь эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү
энэ хүн чинь өөрийгөө харуулах гээд байгаа юмуу эсвэл япон зохиолчийн тухай яриад байгаа юмуу