Top StoriesЯрилцлага

О.Жаргалсайхан: Хэрээ мэдэж, бяраа таних цаг ирээд байна

Орчуулагч О.Жаргалсайхантай хийсэн ярилцлагынхаа хоёрдугаар хэсгийг хүргэж байна.

Харүки Мүракамигийн “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэл мөргөлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” романуудыг орчуулсан түүнтэй ярилцлагынхаа эхэнд Мүракамигийн тухай сэдвийг хачирхан хөндсөн юм. Учир нь дэлхийн хэмжээний энэ зохиолчийн цоо шинэхэн роман энэ жил худалдаанд гарсан. Энэ роман одоо зөвхөн Япон хэл дээр уншигдаж байна.

Иймд Монгол дахь анхны уншигчдын нэг болох О.Жаргалсайханаас “70 настай Мүракамигаас юу гарч вэ?” хэмээн сониучирхахын шалтгаан болсон хэрэг. “Хот хийгээд түүний уяхан, туяхан хана” гэсэн утга бүхий нэртэй эл романы агуулгыг ярилцлагын хоёр дахь хэсэгт ч холбон татаж байв. Иймд ярилцлагын эхний хэсгийг уншихыг хүсвэл ЭНД дараарай.

Энэ хэсэгт бид нуран унаж буй глобалчлал, түүнийг дагаад дэлхийн энд тэндгүй сэргэн босож буй үндсэрхэг үзэл, тэр дундаа монголчуудын нүүдэлчин соёл иргэншлийн эмзэг турьхан байдлын тухай сэдвийг хөндсөн юм.

Анхаарлаа хандуулна уу.

“Нэг бодлын дэлхийг глобалчлах бодлого эрхгүй нуран унах байсан ч юм шиг”

-Би таны Фэйсбүүк дэх постууд, цаг үеийн болоод улс төрийн сэдвүүд дэх байр суурийг сонирхож явдаг. Мэдээ, мэдээллийн тогоон дотроо л харж явсан гэх үү дээ. Харин уулзтал шуудхан хиймэл оюун ухааны ирээдүйн талаар ярьсан нь анхаарал татчихлаа. Та сэтгэлгээгээ үргэлж хүүхэдлэг ч юм шиг, сониуч бодлууд дунд байлгаж чаддаг уу?

-Япон бол соёлын хэл. Яах аргагүй шинжлэх ухааны, технологийн бөгөөд утга зохиолын хэл мөн.

Би энэ утга зохиолын хэлээр дамжуулж, Японы ард түмний оюуны охь шимийг монголчууддаа уншуулъя, сэтгэлгээний соёл өндөр хөгжсөн ард түмний шинэ, сонин бүхнийг дамжуулъя гэж явдаг.

Ийш хэт нэвтрээд ирэхээр өөрийн эрхгүй нүүдэлчин соёлтой төрөлх эх оронд минь заримдаа их ухаалаг, сайн сайхан юм шиг, заримдаа хэт бүдүүлэг, дэлхийгээс хоцорсон, шинжлэх ухаанч бус үйл явдлууд зэрэгцэж харагдах юм. Сэтгэл дундуур болоод л бухимдаад байдаг гэж бол өөрийгөө үзэхгүй.

Ямар ч байсан энэ хоёр заагийн хооронд оюуны сэлгээ хийж явдгийн хувьд мэдээлэл содон тусдаг. Туссан бүрээ хуваалцъя гээд, заримдаа сошиал ертөнцөд их идэвхтэй байдаг. Аливаа юмнаас сайн, сайхныг нь түүж авах түүлт гэдэг юм хүн хүнд өөр ч гэсэн, энэ талдаа давуу хүн ер ховордчих вий дээ гэж. Дандаа муу муухайг нь, бүтэлгүйтлийг нь өлгөж явдаг болчих вий гэсэн айдас төрдөг л дөө.

Энэ бол үнэ төлбөргүй, нийгэмд цацаж буй миний үйл ажиллагаа.

-Украины асуудал дэгдсэнээс хойш бид урьд өмнөхөөс илүү зүүн, баруун болж талцах боллоо. Судлаачид нь нэгэнт нүүгээд явахгүйгээс хойш хоёр хөршийн асуудлаа бодолцож үзэх ёстой гэдэг ч үүнийг коммунизм, Оросыг дэмжигч хандлага гэж үгүйсгэх юм. Ер нь л өөр өнцөг хэлсэн хүн Оросоос санхүүжигч болчих гээд. Харин Япон бол барууны орон. Та энэ их баруун, зүүний талцлыг юу гэж харж явдаг вэ?

-Чиний хэлдэг нэг талаар үнэн. Нэгэнт нүүгээд явчихгүйгээс хойш хоёр хөрштэйгөө эхлээд учраа олох ёстой гэж. Гэтэл, бид бол өнөөдрөөрөө л ярьж байна. 13-р зуунаас хойш өнөөг хүрсэн түүхээ аваад үзвэл, бид аль алиных нь жихүүдсийг хүргэж ирсэн л ард түмэн шүү дээ. Хятадуудад бидэнд талархах юм ерөөсөө байхгүй. Монгол үндэстэн дандаа тэднийг булааж, дээрэмдэж явсан.

Хүчирхэг байх үедээ бидний өвөг дээдсийн хийсэн үйлдэл, олон зууныг дамжсан түүх маань л энэ хоёр улс энэ жижигхэн улс руу шууд дайрч довтлохын аргагүй хана хэрмийг босгосон. Түүхээс өөр юм бидэнд байхгүй гэлтэй. Тийм учраас монгол хүн түүхээ бусдад найр тавихгүй, хадгалж явч явах нь л манай тусгаар тогтнолын нэгэн том хана хэрэм.

Бидний түүх тэднийг дандаа байранд нь тавьж байсан. Оросуудын хувьд ч ижил. Ухаад үзвэл Оросын үндэс угсаанаас татар, монголчууд л гарч ирнэ гэдэг үнэний ортой. Буу гарч ирсэн болохоор л бууны хүчээр тэд хөөж явуулж чадсан. Асар том нутагт нь талаар нэг баавгайтай чихэр цацчихсан юм шиг тархай бутархай явсан. Түүхийн азтай агшинд зүгээр л баавгайтай чихрээ түүгээд цуглуулах маягаар Орос орон бий болсон. Тэгэхээр яаж монголчуудад сайн байх вэ.

Бид Оросын юм уу, Хятадын талд орно гэхээсээ илүү, түүхээрээ бамбай хийж, түүхээрээ жихүүдсийг нь хүргэж, түүхээ зарж идчихэлгүй амьдрах л заяатай улс.

-Нэгнийгээ зүүнийх, барууных гэж яллаж, хараадаг байдлыг?

-Геополитикийн сүүлийн үеийн ойлголт уг нь их өөрчлөгдөж байна. Баруунд глобал, аягүй гоё нэгдмэл ертөнц бий болгоно гэтэл нураад уначихлаа. Ерөнхий нэг ертөнц бий болгох геополитикийн тэр бодлого бас нуран унах ёстой ч байсан юм шиг. Өөр өөрийн түүх, үндэсний бахархалтай энэ олон орныг глобалчилж, нэгтгэнэ гэдэг бараг байж болохгүй ч юм шиг санагдах талтай.  

Гэтэл ингээд жижиг улсуудын эрх ашиг хөндөгдөх тусам популизм, үндсэрхэг үзэл гэдэг юм дээшилж ирдэг. Тэр утгаараа, энэ бол бидний туулах л ёстой зам. Түүнээс бид нэгнээ барууных, зүүнийх гээд байх юм байхгүй.

Бид нуран унаж байгаа глобал ертөнц, босон сэргэж байгаа үндэсний үзэл хоёрынхоо балансыг барьж, хэрээ мэдэж, бяраа таньж явах цаг ирчхээд байна. 2024 оны сонгуульд хэн үндэсний баатар болсон, тэр л ялалт байгуулахаар байна. Дэлхий даяар ч ийм нөхцөл байдал илэрхий байна. Ирэх сонгуульд бол ер хүлээлт тавихгүй байна, гардаг үр дүн л гарна.

“Монголчууд ажилдаа сэтгэл зүрхээ өгч, өвчилж, донтдог болмоор байна”

-Одоо харьцангуй залуу үеийнхэн засаглаж байна. Улс төрд хэн мандаж, хэн унаж ирснийг та мэдэхийн хувьд, энэ засаглал хэр урт үргэлжлэх бол, ямар нэг зөв зүйл рүү аваачих болов уу гэж асуумаар санагддаг юм?

-Монголчууд ер нь хүнд захирагдах дургүй хүмүүс. Нэг монгол морь унаад алсыг хараад давхиж явдаг. Нүдэнд нь ганц нэг хүн таарвал хэн билээ, юу билээ гэж сонирхдог. Найзалдаггүй, нөхөрлөдөггүй, харин сониучирхдаг. Тэр утгаараа бол бидний харилцаа ёстой энэ хана мэт (Харүки Мүракамигийн шинэ роман руу заав).

Гэтэл тариачин ард түмэнд бүх юм нь хүнээс хамааралтай. Бөхийгөөд үрээ цацахаас ургацаа хураах хүртэл заавал хэн нэгний халуун туслалцаа дэмжлэг шаардлагатай. Иймд тэдний харилцаа бөх бат.

Бид бол одоо нэг нэгэндээ захирагдаж сурмаар байгаа юм. Өөр оронд захирагдах биш, өөрөө өөрсдөдөө захирагдаж сурмаар. Бие биеийнхээ хийсэн бүтээснийг үнэлдэг, хамтардаг, цааш нь явуулдаг, том бүтээл, бүтээгдэхүүн гаргадаг болмоор байна. Хүнд захирагддаггүй энэ зан чанар ерөөс бидний мах, цусанд байдаг.

Дээрээс нь монголчууд ажил хийж сурмаар байгаа байхгүй юу. Энэ чинь одоо юу вэ. Ажилдаа сэтгэл зүрхээ өгөөд, өвчлөөд, түүндээ донтдог болмоор байна шүү дээ. Миний энэ Мүракамид донтсон шиг. Тийм хоёр юм бидэнд дутаад байгаа юм.

Яах вэ, төрийн хулгай шат шатандаа бөөс мэт үүрлэчихсэн. Бид бол тэр, энэ хулгайч гэж хараад л явдаг. Харин шат шатанд үүрлэсэн бөөсийг цэвэрлэх хэрэгтэй биз дээ. Ингэхэд залуу үеийн үйл ажиллагаа эрхгүй гарч ирж байна. Учир нь тэр бөөсийг хөгшчүүд арилгахгүй. Залуу үе л арилгана. Дараа нь тэр бөөсөндөө бариулчих вий дээ гэж бодох тал байна. Муухай жишээ авчихлаа, уучлаарай. Тийм учраас би энэ Засгийн газрыг агуулгаар нь дэмждэг. Ямар ч байсан хулгай зэлгийтэй ноцолдож буйнх нь хувьд дэмждэг.

-Японд иений ханш унаж, багш нар нь Австрали явж хар ажил хийж байна гэх юм. Япон бас хүндрээд байгаа тал байна уу?

-Ерөнхийдөө эдийн засаг дэлхий даяар амаргүй байна. Дэлхийн аль ч улс сорилтттой тулгарч байна. Өнөөдөр Nikkei сонинд БНХАУ-ын эдийн засаг таагүй байгаа тухай мэдээ гарчээ. Япончууд ч бас дайраагүй, туулж л байна.

Гэхдээ агуу том эдийн засаг учраас, тэр эдийн засгийн нуралт, уналт элдэв юм дороо сэргэдэг. Эсвэл аймаар юм биш байдаг. Манай жижиг эдийн засгийн хувьд өөр байх л даа.

Сая “Их-7” Японд уулзахад олон л яриа, хэлэлцээр боллоо. Хиймэл оюун ухаан дээр хүртэл дүрэм журам гаргах хэрэгтэй гэж ярьж, тохирсон байна. “Их-7” бол Европын холбооноос гаргаж буй хиймэл оюун ухааны тухай хуулийг дэмжье гэсэн байр суурь илэрхийлсэн.

-Төр нь тогтчихсон улсын иргэдэд төрөө шүүмжлэх сэтгэлгээ бага байдаг байх.

-Тийм. Бас завгүй байгаа шүү дээ.

-Бидэнд юмыг хэт их идсэн, уусан болгох, ер ямар ч юман дээр дөвчигнөх хандлага давамгайлаад байх шиг санагддаг. Ялангуяа залуус их дарангуйлсан нийгэмд, ардчилалгүй, эрх чөлөөгүй амьдарч гэж ярьж бичдэг л дээ. Энэ сэтгэл зүйг юутай холбоотой гэж үзэж болох юм бол?

-Нийгэмд хулгай зэлгийг төнхөөд ирэхээр бужигнаан үүснэ биз дээ. Тэнд ч баригдаж гэнэ, энд ч хоригдож гэнэ гээд. Ийм хязгааргүй их хулгайн сенсац дотор хүний араншин оюун санааныхаа мухарт очиж байгаа юм. Энэ сенсац хамгийн хүнд тусаж буй нь залуу үе.

Уг нь хулгайгаа ч бариад, бүтээн байгуулалтаа ч хийгээд л явах ёстой юм. Манай Засгийн газар аргагүй үүндээ баригдчихаад байна.

“Малаа талаар  нэг тараачхаад амар жимэр амьдардаг монголчуудын амьдрал байхгүй болж байна”

-Тантай ярилцах үед “Нээрэн нүүдэлчид шүү, бид” гэдгээ санадаг. “Тал нутгийн тэмдэглэл”-ийг орчуулсан нь таны сэтгэлд үлдсэн байх. “Бид тал дээр давхиж явсан хүмүүс шүү” гэдгийг та өөртөө ч байн байн сануулдаг уу?

-Та нарын үе бол хотын хүүхдүүд, ийм хотын (ном руу заав) хүүхдүүд болчхоод байгаа юм. Миний насны хоёр нийгэм дамжиж, хот хөдөөгийн ялгааг мэдэрсэн хүмүүст унасан газар, угаасан ус гэдэг улс орны хөгжил дэвшилтэй зэрэгцэхээр том ойлголт л доо.

Нүүдлийн соёл иргэншил гэдэг юман дээр л монголчууд явж байгаа. Хоттой болъё гээд дөнгөж 70 жилийг л өнгөрөөж байна. Ерөөс ясны цаадах ухагдахуун гэдэг мартагддаггүй. Одоо мартдаг болчих вий л гэж айгаад байна.

Бидний мал ахуйгаа дагасан амьдрал, тэр амьдралаас үүдсэн философи, энэ л бусдаас ялгарах ялгарал шүү дээ. Энэ маань ёстой нөгөө уяхан, туяхан хана шиг болчхоод байна. Тэр уяхан туяхан хананы завсраар шагайж, гайхдаг залуу үе бий болчихлоо.

Мал аж ахуйг фермерийн юм уу эдийн засагжуулсан нүүдлийн соёл иргэншил болгох ёстой ч гэцгээж байна. Энэ бас зөв. Тэгж байж соёл иргэншлээ орчин цагт хадгалж үлдэнэ.

Нөгөөтээгүүр, талаар нэг малаа тараачхаад амар жимэр амьдардаг монгол хүний амьдрал үндсэндээ байхгүй болчхоод байна шүү дээ. Тэр ч баяны хашаа руу орчих вий, тэгээд торгуулах вий гэж айж байна. Тэр ч бас байх ёстой айдас.

Тэгэхээр бидний өдөр тутмын сенсац заавал нэг нэгэндээ гомдсон, буруутгасан, хулгайлсан агуулгатай болохоор хөгжил, дэвшил рүүгээ орох зав ч алга. Сэтгэл зүй, оюун санааны хувьд. Ийм үед бид яах ёстой юм бол доо.

-Ер нь л малчингүй болчихлоо гэцгээж байна. "Манай нутгийн хамгийн залуу малчин би” гээд 50-тай хүн өөрийгөө зааж байгаа юм. Бэлчээр, ус муудаад л. Эрчимжсэн мал аж ахуй эрхэлье гэхэд малчидтайгаа зэрэгцэн оршиж чадахгүй, ойлголцохгүй тал харагдах юм. Нүүдэлчдээ авч үлдье гэсэн бодлого баримтлах цаг ирсэн юм шиг санагдаад байгаа.

-Яг чиний ярьж буй асуудал бол ирэх 20 жилийн асуудал байх болов уу л гэж бодож байна. Нэг талаас нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүсийн үндэс угсаа тийм амар тасрахгүй. Хоёрдугаарт нөхцөл байдал ийм байна.

Тийм учраас уяхан, туяхан хана гэдэг юмыг л оюун санаандаа бий болгох хэрэгтэй болж байна. Гэхдээ Дональд Трамп шиг бодит хана бариад эхэлбэл явуургүй ажил болно. Оюун санааны хана гэдэгт ёс зүй нь, дэд бүтэц нь, хүн нь, хүний түмэн асуудал нь байх учиртай.

Сая 40 сая мал тоолууллаа гэв үү дээ. Малын тоо толгой нэг их өсөөгүй юм шиг статистик харсан санагдаж байна. Бидний энэ асуудал сүүлдээ байгаль руугаа л орох байх даа. Их цөлжиж байна. Усны асуудал нэгэнт тулгамдсан. Бэлчээрийн асуудал буу шийдэмдээ тулж байна. Харин үүнийг хулгайтайгаа хамт цэгцлэх үү, дараа нь цэгцлэх үү гэдэг Засгийн газрын бодох ажил. Гэхдээ монгол хүн бүр л үүнд санаа зовж байх ёстой юм. Зовлонгүй юм шиг амьдрах цаг ард минь үлдэж дээ. Ялангуяа нүүдлийн соёл иргэншлийн тухайд юуг нь авч үлдэж, юуг нь бүтээл, бүтээгдэхүүн болгож, юуг нь ЮНЕСКО-д бүртгүүлж амжих вэ гэдгийг маш эрт л анхаармаар байна. Энэ бол төрийн хийх ажил. Бидний хийх ажил бас биш л дээ.

-Хэчнээн хотын хүн болсон ч дотроо тэр соёлоо тээж амьдарна гэдэг ер нь бололцоотой юу?

-Охин тосгоноос явсан ч, тосгон охиноос явсангүй гэдэг шиг сумаас ирээд, сумандаа байгаа юм шиг хотод амьдрах боломж мэдээж бага. Хэчнээн хичээгээд, гэр хорооллыг тохижуулаад амьдарсан ч бүх нийтээрээ энэ боломж бага биш үү.

-Ахуйтай холбож байна уу?

-Ахуй гэдэг юм оюун санаагаа тодорхойлоод байна шүү дээ. Хуучин бол оюун санаа ахуйгаа тодорхойлно гэж боддог байсан. Ахуй сайн байж байж тэнд оюун санаа хөгжиж байна. Сая ЭЕШ-ын оноог хараад үзсэн ч, арай нэг ахуй хөгжсөн, эсвэл намартаа хадлангаа авчихдаг аймгийн хүүхдүүд өндөр оноо авч байна шүү дээ.

-Мэдээж нүүдэлчин соёлоо авч үлдье гээд бүгд талдаа мал маллаж амьдрахын учиргүй, боломжгүй. Таны хэлдгээр ахуйг сайжруулах шаардлагатай нь гарцаагүй. Гэтэл энэ улам л суурин болохын нэр. Энэ дунд сэтгэлгээний хувьд нүүдэлчид гэдгээ яаж тээх вэ гэдэг л?

-Аанхан. Монгол ухаан гайхамшигтай гээд л ярьдаг. Түүнийг нүүдэлчид бий болгосон шүү дээ. Нүүдэлчин соёлын гүнээс бий болсон зүйл гэдэг муу юм, ичих юм биш. Муухай юм бас биш.

Биднээс өмнөх үеийнхэн л гэхэд, улсын математикийн олимпиадад Улаанбаатарын биш Увсын, Архангайн, Хөвсгөлийн сумын сургуулийн хүүхдүүд тэргүүлдэг байсан шүү. Тэгэхээр бид орон нутгаа л хөгжүүлмээр байгаа юм. Нүүдлийн болон суурин соёл иргэншлийн жинхэнэ сонгодог жишээ болгож хөгжүүлмээр. Нүүдэлчин хүн халуун ус, 00-ийн асуудлаа шийдээд сайхан амьдарч болно шүү дээ. Одоо интернэтгүй аймаг гэж байхгүй биз дээ. Соёлоо, хөгжлөө хөдөө рүү жаахан өгмөөр. Тэгж байж бид тэсэж үлдэнэ. Хоёрдугаарт бас хотын асуудлаа давхар шийднэ.

“Оюуны санааны хувьсгал дутагдаад л байна”

-Энэ асуултыг Японтой ч холбож тавимаар байна. Тэд ч мөн олон зуун жил явж ирсэн соёлтой байгаа. Харин одоо айхавтар хотожжээ. Хараад байхад хотдоо чихэлдсэн, амь насаа хорлосон, их л бараан дүр зурагтай юм шиг. Тэд үндсэн соёл, сэтгэлгээгээ хотжилтын дундуур хэр хадгалж үлдсэн байдаг вэ?

-Япончууд биднээс их өөр. Шүлгээр нь авч үзсэн ч, маш том санааг жижигрүүлж, хураасаар цэг болгодог. Монгол шүлэг болохоор цэг шиг жижигхэн зүйлийг дэлхийн хэмжээний том болгож томруулдаг, дэлгэрүүлдэг, тэр нь өөрсдөд нь их зохидог. Япончуудыг монголчуудтай харьцуулахад боломж бага. Соёл иргэншил нь ч өөр.

Жижиг газар нутагтай, тэндээ эв найртай амьдарч суудаг. Эв найргүй байя гэвэл багтахгүй. Тэр утгаараа олон жилийн турш тэнд бусдад гай тарихгүй, өөрөө өөрийгөө авч явах ухаан гэдэг юм харьцангуй өндөр хөгжсөн. Түүнээс гажвал нийгмээсээ хасагдана.

Тэр утгаар бусдыг хүндэтгэх сэтгэл гэдэг юм япончуудад гүн суусан учраас өөрийгөө онцгойлох гэдэг юм олон жил дарагдаж явсан. Тэр үзэл бодлоос нь салгах гэж Мэйжигийн үед бүр хувьсгал хийсэн. “Та нар хүнтэй л адил. Яамада, Хироши хоёр яг ижил. Хүнийхээ хувьд эрх тэгш” гэдэг үзэл санааг суулгах гэж байлдсан, бараг дайн хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, миний орчуулсан “Эрдмийг эрхэмлэх ухаан” гэж ном бол тэдний гол сурах бичиг нь. Япон хүний тэр сэтгэлгээг өөрчлөх гэж, “Би энэ хүнтэй эрх тэгш шүү”  гэдэг үзэл санааг суулгах гэж оюун санааны хийгээд бодит дайн байлдаан хийсэн. Үүн шиг оюуны хувьсгал манайд дутагдаад байгаа юм.

Бид социализмын үеийн хязгаарлагдмал орчноос палхийтэл зах зээлд шилжсэн. Юу юугаа ойлголгүй гахайгаа үүрээд эрээн рүү гарцгаасан. Юмаа ойлгодог байсан бол арай өөрөөр бизнес хийж, энэ 30 жилд учиртай начиртай капитализмд шилжих байсан байх л даа.

-Капитализм гэснээс, одоо АНУ-д ч капитализмыг нэг их өөгшүүлэхээ больжээ. Жаахан зүүний шинэ салхи сэвэлзэж эхлээд байгаа юм биш үү, дэлхийд?

-Хөрөнгөтний үзэл та нарт арай эрт л суугаад байх шиг байна даа. Бид хөрөнгөтний эсрэг үзлээр хүмүүжсэн. Хөрөнгөтөн гэдэг ойлголтыг болгоомжтой хэрэглэдэг байлаа, одоо ч тийм. Тэгсэн мөртлөө бид тэр нийгэмд зорьсон. Хэн овсгоо самбаатай нь л хождог энэ нийгэм рүү.

АНУ-д капитализм хөгжсөн ч хүмүүнлэг бусаар хөгжсөн гэж бодохгүй байна. Өргөн дэлгэр капиталыг бий болгохын тулд зах зээлийн зарчмаар хүнд хэцүү юм их туулсан байх л даа. Бидний хувьд нэгэнт хүний нийгмийн туулсан туршлага гэдэг сурах бичиг байж байгаа шүү дээ. Түүнийгээ сайн уншмаар, судалмаар байгаа юм.

-Мүраками нүүдэлчин соёлын талаар бичсэн байсан гэж та эхэнд дурдсан. Үүнийг ярилцлагынхаа төгсгөлд нэг тодруулах гэсэн юм?

-Манай түүхийг жаахан эвгүй байдлаар цөөн үгээр бичсэн нэг бүтээл бий. “Хилийн дээснээс урагшхан, Алтан нарнаас баруунтаа” зохиолд нь цухасхан гардаг. Мүраками бас Монголд ирсэн байдаг юм шүү.

-Хэзээ вэ?

-Социализмын үед. Тэгээд нэг их таалагдаагүй юм шиг байгаа юм. Хөрөнгөтний хүнийг харах манай хилийн цэргийн албан хаагчдын хараа, байр байдал арай өвөрмөц санагдсан байх л даа. Таалагдаагүй байж магадгүй гэж бодсон.

Гэхдээ тэр Монголын түүхийг үгүйсгэдэг хүн биш л дээ. Бид ярилцлагынхээ эхэнд түүний шинэ романд эш татсан Хубилай хааны тухай шүлгийг их олзуурхаж ярьсан. Манай соёл иргэншил гажууд муухай, тийм юм биш. Харин ч дэлхийн суурь иргэншил, соёлын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дашдэндэв
Дашдэндэв
6 сар 26, 2023 22:36

Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ өгч донтож ажилла гэж юутай үнэн үг ...

ЗочинЭрдэнэбаатар
ЗочинЭрдэнэбаатар
6 сар 27, 2023 06:29

Баярл�##�аа. Сайхан ярилцлага болжээ! Хүндлүүштэй ухаантай хүн байна

Зочин
Зочин
6 сар 27, 2023 07:51

Энэ ярилцлага цаг үеэ олсон, хүмүүст хүргэмээр болсон байна. Ялангуяа энэ сонгууль дөхсөн үед. Хүмүүс минь түүхээс бусдын туулж ирсэн нийгмээс буруу зөвийг нь дэнсэлж ирээдүйдээ хандмаар сэтгэлгээгээ өөрчилмөөр бн. Юмыг зөв ухаарахаасаа илүү хэт шүүмжлэх Би гэдэг хийрхэл нь дэндээд бн

Зочин
Зочин
6 сар 27, 2023 09:24

Баярл�##�аа

Дарьсүрэн.Д.
Дарьсүрэн.Д.
6 сар 28, 2023 07:35

Маш их бодож тунгаах хэрэгтэй. Гялайлаа

Д.Батхуяг
Д.Батхуяг
12 сар 20, 2023 09:49

энэ номыг яаж олж авах вэ? япон хэл дээр нь

Холбоотой мэдээ

Back to top button