Далайд гарцгүй улсууд дэлхийн худалдааны 1 хувийг бүрдүүлдэг

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр болно. Нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулах уг уулзалт энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Урьдчилсан байдлаар гадаадын улс орноос 700 орчим зочид, төлөөлөгчид ирэх товтой байна.
Эл чуулга уулзалт нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлдэг юм.
Дэлхий даяар далайд гарцгүй 44 улс орон байдаг. Үүний хоёр дахь том улс нь Монгол билээ. Уг 44 улсаас 32 нь хөгжиж буй улс орон байдаг аж. Далайд гарцгүй улсуудын 80 хувь нь экспорт хийхдээ ямарваа нэгэн байдлаар бэрхшээлтэй тулгардаг байна. Эдгээр улсуудын тээвэр, ложистик нь дэлhийн улсуудаас 17 хувиар доогуур байдаг ажээ.
Хэдийгээр далайд гарцгүй 44 улсын экспорт нь дэлхийн нийт худалдааны нэг хувийг эзэлдэг хэдий ч энэ нь муу гэсэн үг. Тэдгээр улс орнууд цар тахал, Орос-Украины мөргөлдөөний дараагаар экспортын шинэ чиг хандлагуудыг эрэлхийлж эхэлсэн нь мэдээлэл харилцаа холбооны технологи ажээ.
Олон Улсын Худалдааны Төвөөс (ОУХТ) танилцуулсан тайланд өөр хоорондоо харилцан уялдаатай, эдийн засгийн өөрчлөлтийг хөтлөгч дөрвөн төрлийн үйлчилгээг онцолсон байна. Тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбооны технологи, бизнесийн болон мэргэжлийн үйлчилгээ гэсэн энэхүү дөрвөн төрлийн үйлчилгээ нь илүү их бүтээмж, худалдаа, арилжааг нэмэгдүүлж, улмаар ажлын байрыг бий болгодог.
Эдгээр нь мөн бизнест ээлтэй орчныг бий болгох замаар компаниудын өрсөлдөх чадварыг өсгөдөг билээ. Харилцан уялдаа бүхий үйлчилгээ нь компаниудыг худалдаагаар дамжуулан дэлхийн эдийн засагт нэвтрэхэд нь тусалдаг гэдгийг ОУХТ-ийн судалгаанаас дэлгэрэнгүй харах боломжтой юм.
Өндөр чанартай үйлчилгээг өөр хоорондоо илүү сайн уялдуулан хүргэж буй бизнес бүхий бүс нутгуудад нийт компаниудын 44 хувь нь экспорт хийдэг байхад үйлчилгээгээ уялдуулж чадаагүй орнуудын бизнесүүдийн 19 хувь нь бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Далайд гарцгүй орнуудын хувьд эдгээр үйлчилгээний салбаруудад хөрөнгө оруулах нь асар чухал байдаг. Тухайлбал, уг орнуудын логистикийн гүйцэтгэл дэлхийн дунджаас 17 хувиар доогуур байдаг гэдгийг өмнө нь дурдсан. Түүнчлэн манай улс логистикийн гүйцэтгэлийн индексээр 139 орноос 97-д эрэмбэлэгддэг билээ. Тэд дэлхийн зах зээлд чухал бараа бүтээгдэхүүнээ экспортолж дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг байсаар.
Үйлчилгээний салбарын уялдааг сайжруулахад хөрөнгө оруулах нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд учирч буй хямрал цочролыг сөрөх зогсоход илүү тэсвэртэй болгоно. Далайд гарцгүй орнууд бараа бүтээгдэхүүнд суурилсан эдийн засгаа цаашид нэмүү өртөг шингэсэн бөгөөд тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шилжих замаар төрөлжүүлэхэд эдгээр уялдаа холбоо бүхий үйчилгээ чухал.
Энэ нь мөн улс орнууд дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний цочролоос өөрсдийгөө хамгаалахын тулд бүс нутагтаа уялдаа холбоогоо бэхжүүлж, ханган нийлүүлэлтийн богино сүлжээг хөгжүүлэхэд анхаарч буй глобал чиг хандлагын нэг хэсэг болно. Иймд тээвэр, логистик нь бүс нутгийн дотоодын худалдааг түргэтгэх боломж бүхий, далайд гарцгүй орнуудын хамгийн чухал салбаруудын нэг юм. Далайд гарцгүй орнуудын худалдаа нь худалдааны тэргүүлэх коридорууд болон олон тооны хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дамждаг. Иймд энэ салбарт хилийн шинэчлэл болон дижитал шилжилт чухал орон зайг эзэлж буй.
Манай улсын гадаад худалдааний эргэлт өнгөрсөн онд 32 хувь өссөн нь эдийн засаг 4.8 хувийн өсөлттэй байхад нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч энэ нь нүүрсний үнэ болон Хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотой юм. Нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд экспортын 80 хувь нь Хятад руу чиглэдэг.
Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт эрх баригчдын хувьд дараа дараагийн шийдвэрийг гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээж буй. Цар тахлын дараагаар эдийн засгаа сэргээхээр чиглэж буй манай улсын хувьд бодлогод нөлөөлөх үр дүнгүүд, шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.