АНУ-ын ТНБД-ын орлогч Монгол дахь айлчлалаа эхлүүллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандес манай улсад айлчилж байна. Түүний айлчлал энэ сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
АНУ, Монголын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор төрийн өндөр албан тушаалтнууд болон бусад холбогдох талуудтай уулзахаар төлөвлөжээ.
Уг айлчлалын зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, зам тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх, дижитал эдийн засаг зэрэг чиглэлээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлах юм байна.
ТНБД-ын орлогч Хосе В.Фернандес Улаанбаатар хотноо Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) өндөр стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах арга замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудлаар түүхэн дэх анхны гурван талт яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ жил АНУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байгаа буй.
Айлчлалын үеэр Хосе В.Фернандес мөн Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзаж, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад олон улсын худалдааны талаар илтгэл тавихаас гадна, "Оюу толгой" уурхайд зочилж, соёлын үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.