"Жуулчдын үзэх наадмын нээлтийн тасалбарыг борлуулж эхлээгүй"

Монгол орныг зорих гадаад жуулчдын тоо олширчээ. Тодруулбал, он гарснаас хойш 235 мянган жуулчин ирээд байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл, жуулчдыг хэрхэн анхаарч байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас тодрууллаа.
Ингэхэд,
- Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчдад зориулан жил бүр 17 орчим арга хэмжээ зохион байгуулдаг
- Одоогоор үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбарын үнэ, ширхэгийн тоо тодорхойгүй
- Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар хүлээн авч буй
- Тэдэнд зориулж гадаад хэлтэй 150 оюутан цагдааг бэлтгэсэн зэрэг мэдээллийг өглөө.
-Монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн. Тэдэнд зориулж ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна?
-Жуулчдад зориулж жил бүр 17 орчим арга хэмжээг зохион байгуулдаг. Тэдгээрээс дурдвал, дээлтэй монгол, талын салхи, UB food зэргийг нэрлэж болохоор байна.
-Удахгүй үндэсний их баяр наадам болно. Жуулчдад зориулж ямар арга хэмжээг төлөвлөв?
-Баяр наадмын үеэр зохион байгуулдаг үндсэн хоёр арга хэмжээ бий. Үүнд, Дээлтэй монгол болон Play time багтаж байгаа юм.
Мөн энэ үеэр нийслэлийн цагдаагийн газартай хамтран оюутан цагдаа хөтөлбөрийг зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрт гадаад хэлтэй 150 оюутныг хамруулаад байна. Тухайн оюутнууд өдөрт дөрвөн цаг ажиллах бөгөөд тохирсон цалингаа авна.
- Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар хүлээн авна гэсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Баяр наадмыг үзэх жуулчны билет гэж бий. Тус билетийн тасалбарын үнэ, тоо ширхэг, аль байгууллагаас тараах тухай одоогоор тодорхойгүй байна. Үүнийг Шадар сайдын ажлын алба хариуцаж, чиглүүлдэг юм.
Бид Жуулчны компаниудтай хамтарч ажилладаг тул тасалбар захиалгын албан бичгийг хүлээн авч ажиллаж буй. Хэрэв манайхаас өөр байгууллага тасалбарыг тараахаар болбол хариуцаж авсан газарт нэгтгэсэн материалыг дамжуулна.
Одоогоор тасалбар захиалгын албан бичиг хүлээн авах хугацаа дуусаагүй байгаа тул тоон мэдээлэл өгөх боломжгүй байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.