ДТҮ: Эрүүл мэндийн хугацаат үзлэгт 934 ажилтан хамрагдаад байна

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь ЭМС-н 340-р тушаалын дагуу эрүүл мэндийн хугацаат үзлэгийг Орхон аймгийн Эрдэнэт медикал эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу 2022 оны 10-р сараас эхлэн зохион байгуулж нийт 934 ажилтан буюу 61,3% хувь нь хамрагдаад байна.
Гэрээний дагуу нэг хүний үзлэг шинжилгээ 299,500 төгрөгний багцыг сонгож 28 нэр төрлийн үзлэг шинжилгээнд 100% хамруулан, шинжилгээ оношилгоонд 279,733,000 төгрөг, унааны зардал 14,000,000 төгрөг, хоолны зардалд 34,000,000 төгрөг зарцуулаад байна.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар ажилчдын дунд зонхилон тохиолддог ердийн болон халдварт бус өвчлөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт үед нь илрүүлж тухайн өвчин эмгэгийн тархалтыг бүрэн үнэлэх, шалтгаан нөхцөлийг тогтооход дөхөмтэй болж байна. Үзлэгт хамрагдагсдаас түүвэрлэн авсан судалгааны дүнгээс үзэхэд зүрх судасны эмгэг өөрчлөлттэй 29,4%, амьсгалын эрхтний өөрчлөлттэй 21,4%, нүдний харааны эмгэг өөрчлөлттэй 11,6%, сонсголын бууралттай /хөнгөн зэрэг/ 22,4% оношлогдож байна.
Ажилтнуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тодорхойлон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлтэй уялдуулан эмчлэн эрүүлжүүлэх, дараагийн шатлалын эмнэлэгт хандуулж нарийвчилсан шинжилгээ хийлгэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна. Улмаар цех хэлтсүүдийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн нөлөө байгаа эсэхийг нарийвчлан үнэлж тогтоолгохоор хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр төлөвлөж байна. Тус үзлэг нь 2023 оны 01-02 дугаар сард үргэлжлэн хийгдэх бөгөөд ажиллагсдын хувьд үр дүнгээ өгсөн, ковидын цар тахлын дараах хүндрэл эмгэгийг эрт илрүүлэх цаг үеэ олсон үзлэг болж байна.
Эх сурвалж: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.