М.Оюунчимэг: 2022 онд зогссон дэд бүтцийн төслүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.07.06/-ийн чуулган үргэлжилж байна. Энэ үеэр 2022 оны төсвийн нэгдсэн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүн М.Оюунчимэг: "Аливаа ажилд гүйцэтгэл, үр дүн чухал. 2022 оны гүйцэтгэлийг харахад зогссон төслүүд олон байна. 2-3 хоногийн үерийн улмаас гэр хорооллын бохирдсон хөрс хотын төв рүү орж ирж байна. Хяналт тавихгүй, хариуцлага тооцохгүй байна шүү дээ. гэр хорооллын асуудал, аудитын тайланд дурдсан асуудалд хэн, ямар хариуцлага тооцох вэ" гэсэн юм.
Аудитын ерөнхий газрын Орлогч даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг: "2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар 25 байгууллагад сөрөг, 13-д нь аудит хийхээс татгалзсан дүгнэлт өгсөн. Аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, сөрөг дүгнэлт авсан тохиолдолд хариуцлага тооцох албан шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргэдэг. Татгалзсан дүгнэлт авсан байгууллагын дүгнэлт авсан удирдлагыг ажлаас чөлөөлөх шаардлагыг хүргүүддэг хуулийн зохицуулалттай. Бидний хувьдз албан шаардлагуудыг хүргүүлсэн" гэв.
Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Д.Энхболд: "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар захиалагчийн болон хөрөнгө оруулагчийн аудит хангалтгүй байгаа гэх ерөнхий дүгнэлт хийсэн. Холбогдох арга хэмжээг авахуулахаар дээд шатны байгууллагад хандсан. Мөн дэд бүтцийн асуудал дээр Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Аудитын байгууллагын акт, албан шаардлагын зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа явдалд Зарлагын дэд хороонд албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэв" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.