Чуулган| Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны дээд хязгаар тогтоох талаар хэлэлцэж байна
УИХ-ын чуулган өнөөдөр /2023.10.19/ хуралдах билээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болсон юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
НЭМЭЛТ: 14.40 цаг
“Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
НЭМЭЛТ: 14.10 цаг
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хэсгийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус дэд хорооны бүрэлдэхүнээс чөлөөлж, Ж.Батсуурь гишүүнийг дэд хорооны гишүүнээр баталлаа. Улмаар тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болсон юм.
Түүнчлэн Тусгай хяналтын дэд хороонд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан юм. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд тодорхой шийдвэр гаргаагүй тул долоо хоногоор хойшлуулах хүсэлт гаргав.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны дээд хязгаар тогтоох талаар эхэлж хэлэлцье гэж санал тавьж байна. Үгүй бол төсөв дээр хугацаа их шаардана" гэлээ. Түүний хэлсэн горимын саналаар санал хурааж, 62.7 хувь нь дэмжсэнээр хэлэлцэхээр болсон юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
НЭМЭЛТ: 13.25 цаг
-2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр боллоо-
Нийт 72 гишүүнээс 51 нь чуулганы хуралдаанд оролцож, ирц 70.8 хувьтай байсан юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Ганбат "D-Parliament-ээр дамжуулж, ард иргэдээс санал авч байгаа нь зөв зүйл. Бид цаашид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Энэ хандлага зөв гэж харж байгаа. Хоёрт, хувийн хэвшилд өсөж, дэвшиж байгаа зүйл алга. Залуучууд улс орноосоо зугтаж байна. Үүнд төсөв болон мөнгөний бодлого нөлөөлж байгаа. Цаашид үүнд анхаарах хэрэгтэй.
Энэ хугацаанд улс орныг урагшлуулсан үйлдвэр барихгүй байна. Малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр Хөгжлийн банкаар дамжаад дууслаа. Цаашид зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа атлаа үйлдвэрийг нь барих асуудал хөндөгдөхгүй байна. Ард түмэн төр засгийг харсан халамж хүртсэн бүлэг болох нь. Бид дээгүүрээ хулгайлж, та нар доороо ингэж амьдар" гэх зүйлийг бий болгоод байх шиг.
Мөн Соёлын яаманд ямар их мөнгө төсөвлөв. Хүүхдүүд гурван ээлжээр суралцаж байхад соёлын төвийн барилгаа хойшлуулж болохгүй хэрэг үү. Боловсролын сайд хүүхдийн хоолны хувьсах зардлыг хасаж попроод байх юм. Эх эцэг нь сайн байсны төлөө хүүхдийг ялгаварлаж, хуулиа зөрчиж болохгүй. Миний хүүхдүүд хувийн сургуульд явдаггүй. Би ашиг сонирхлын зөрчилгүй болохоор хэлж байна. Үндсэн хуулийн зүйл заалт чинь унаад байна. Та нарыг сольж, Ардчилсан намыг гаргаж байж, аятайхан болох юм шиг байна. Тэрийг 2024 онд монголчууд мэдэж байгаа. Их мэдрэмжтэй ард түмэн. Та нар бас нэг бүлэгтэй байх байлгүй дээ" гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураалаа. Улмаар 51 гишүүний 28 нь буюу 54.9 хувь зөвшөөрч, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
НЭМЭЛТ: 13.10 цаг
-"НӨАТ-ын 5 хувьд шаардлагатай 600 тэрбум чинь ороод ирнэ. Санаа зоволтгүй, сайд аа"-
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 2024 оны Төсвийн хүрээний мэдээллийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Макро эдийн засгийн хүрэх түвшинг илүү тогтвортой байх чиглэлд төсвийн шинэчлэлийн хүрээнд анхаарч чадвал, зөв шийдэл зохицлоор явж чадах байх. Инфляцын асуудлыг зөв хармаар байна. Мөнгөний болон төсвийн бодлогоо зөв уялдуулж, эдийн засгийн тавьж буй зорилтуудаа хангаж, үндсэн үзүүлэлтүүдийн уялдаа холбоог хангамаар байна. Авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрхэн төсөөлж байгаа вэ. Мөн төсвийн алдагдал бидний өрийг нэмэгдүүлж байна. Зөвшөөрөгдсөн таазын түвшинд барих бус төсвийн алдагдалгүй явах хэрэгтэй байгаа.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Ер нь бол төсвийн болон мөнгөний бодлого хоорондоо уялдаатай явж байгаа. Төсөв сүүлийн жилүүдэд тэлж байна. Төсөв тэлж буйтай холбоотойгоор мөнгөний бодлогоо чангатгах нь зүйтэй. Ийм эдийн засаг сүүлийн жилүүдэд байгаагүй. Төсвийн бодлоготой уялдуулж, мөнгөний хатуу бодлого баримталж явах нь зөв. Үгү бол инфляц өсөж, иргэдийн худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Эдийн засгийн бодлогын хувьд 2024 онд Монголбанкны зорилтот түвшинд инфляц очоогүй тохиолдолд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх нь зөв юм.
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн хүрээнд эрх зүйн шинэчлэлийг сайн хийж ирлээ. Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааг илүү тодорхой болгож, дунд, урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлох ёстой. Эхнийх нь таван сард өргөн барина. Тус яамнаас үүнд анхаарч байгаа байх. Бидний хувьд дэмжиж ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Уул уурхайг л яриад махны талаар ярихгүй юм. Газар ухах асуудал ярихаас бэлэн байгаа зүйлийг боловсруулах асуудлыг ярихгүй байна. Засгийн газраас махны үнийг бариулчихаад малчид иргэдээ ядуу амьдруулах хэнд хэрэгтэй юм. Гар дээр байгаа бүтээгдэхүүнийг нь экспортод гаргах боломжийг нь хангаж өг л дөө. Ирэх оны сүүлээр хэдэн малыг эргэлтэд оруулж, экспортод хэдийг гаргах вэ. Засгийн газар махны үнийг барихаа боль. Шударга ёсонд нийцэхгүй зүйл.
Сангийн сайд Б.Жавхлан: Ж.Батсуурь гишүүн ээ. Юунд бухимдаад байгаа юм. Экспортын квотын асуудлыг нь хаячихсан ш дээ. Хүссэнээрээ гаргаж болно. Харин Засгийн газар үнийг хүчээр барих нь сайн зүйл биш. Тантай санал нийлж байна.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Ирэх онд хөдөө аж ахуйн өсөлтийг зургаан хувь байхаар тооцоолж байгаа. Шинэчлэл хийх шаардлагатай. Олон төрлийн татаас бий. Тэднийг болиулж, бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа. Үе шаттайгаар татаасуудыг чөлөөлнө. Мөн махны экспорт өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: НӨАТ-д өөрчлөлт хийх ёстой. Та нар амар хялбараар татвар аваад сурчихсан байна. Г.Занданшатар дарга маань АНУ-д сургууль дүүргээд ирсэн хүн, сайн байна. НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон гэдэг зөв. Тэр 600 тэрбум чинь ороод ирнэ. Санаа зоволтгүй, Б.Жавхлан сайд аа. 3.5 сая татварын байцаагчтай болж байна гэсэн үг. Хэдхэн том компани, уул уурхайгаас авах биш. Өөр эрх зүйн орчин бүрдэнэ. Иргэд өөрсдөө оролцъё гэж байна. Тэд хяналт тавина. Шоронгоор дүүрэн авлигачидтай. Улаанбаатар хот энэ жил автобусгүй өвөлжих нь. Мөн нийслэл бонд гаргаж байна. Зээлийг нэг оронтой тоо руу аваачна гэсэн яасан. Байхгүй. Мөнгөний бодлого буруу явж байгаагийн илрэл. Үүнийг өөрчилж болохгүй юу. Юу гэж бодож байна. Өшөө их мөнгө орж ирэх бололцоотой. Яагаад 100 сая тонн нүүрсийг гаргаж болохгүй байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын асуудал бол тойргийн асуудал биш. Тогтолцооны асуудал юм. Төсөв өргөн барьсан хойно гарч ирсэн сэдэв. Манайх дээр судалгаа тооцооны асуудал ирээгүй. Одоогийн орон зайгаар харахад тогтолцоо болон бодлогын хувьд ч боломжгүй асуудал.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Б.Жавхлан сайд, тойрог ярьж, улстөржүүл. Сангийн сайд тооцоо судалгаа яривал ярь. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдахгүй шүү. Гишүүдийн ярьж байгаа санал бодолд хүндэтгэлтэй хандаж сур. Тойрог гээд юу яриад байгаа юм. УИХ-ын гишүүдийн үг хэлж буй эрхэнд яагаад халдаад байгаа юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
НЭМЭЛЛТ: 12.25 цаг
-"Улсын төсвийн зардал 3 жилд 2 дахин өссөн байхад иргэдийн орлого тэр хэмжээгээр өссөнгүй"-
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ парламентын хугацаанд төрийн зарцуулах мөнгө 2020 онтой харьцуулахад хоёр дахин өсжээ. Иргэдийн эдийн засаг хоёр дахин өссөн үү. Ирэх жилийн төсөвт зэсийн үнийг 9000 ам.доллар гэж байна. Хэт өөдрөг төсөөлөл. Иргэдэд цалин тэтгэмжийг нэмж байна. Ядуурал буурахгүй байна. Төсвөөр байшин барилга барилаа. Хэдэн хүн ажилтай болсон бэ. Баруун гараараа цалин тэтгэвэр нэмж, зүүн гараараа үүнийгээ эргүүлээд авчихдаг. Ийм байж болохгүй. Оронд нь эрчим хүчээ шийдье л дээ. Үүнд чиглэсэн том төслөө санхүүжүүлмээр байна. Бодит санхүүжилтийг хийх хэрэгтэй. Бодлогын өөрчлөлт гарч ирэх ёстой юм биш үү. Улсын төсөв яагаад төвлөрөлгүй, бүхнийг шийдэх гэсэн байгаа юм бэ. Төмөр замын холболт ирэх жил ч дуусахгүй юм билээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Том эдийн засгийн агуулгаар нь тантай санал нийлж байна. Төсвөө сайн харвал таны ярьсан зүйлийг том агуулгаар нь оруулсан. Зэсийн үнэ бол зах зээлийн үнэ. Тэнцвэржүүлсэн орлогыг тооцож байгаа. 9000 ам.доллар бол зах зээлийн үнэ. Эрчим хүчний асуудал дээр ч тантай санал нэг байна. Тиймээс 1.1 их наяд төгрөгийг эрчим хүч дээр төвлөрүүлж байгаа. Ирэх жилээс барилгын ажлууд нь эхэлнэ. Гашуунсухайт дээр цаанаасаа ирсэн төмөр зам биднийг 10 жил хүлээж байна. Манай талаас энэ ажлыг эрчимжүүлж хийж байгаа. Төмөр замын асуудлыг улстөржүүлж ярихгүй байгаа шүү. Хэрэв ярих дээрээ тулбал хэн гацаасныг ярих хэрэгтэй.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Зэс орохгүй бүтээгдэхүүн ирээдүйд байхгүй. Сая түр хугацааны баяжмалын илүүдэл болсон тул үнэ нь ийм байгаа юм. Ирэх жил өснө.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Эдийн засаг, хөгжлийн яамтай болоод бидэнд ашиг гарсан уу. Яагаад зэс, нүүрс, төмрийн хүдрээ л яриад байгаа юм. Бусад дэд бүтэц, алт тэргүүтэй түүхий эдээ яагаад ярихгүй байна. Бидний төсвийн нийт орлогын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолж буй явдал. Яагаад бусад салбараа хөгжүүлж, ярихгүй байгаа юм. Сайд нь хаана байна. Яамаа байгуулсан юм чинь та нар судалгаа сайтай, өсгөж, нэмэгдүүлж буйгаа зүйлсээ яриад сууж байх ёстой шүү дээ. Засгийн газар хоорондын уялдаа холбоо явахгүй байна. Яагаад эдийн засгаа солонгоруулахад анхаарахгүй байгаа юм.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Яам байгуулагдаад бодлогын хувьд урт болон дунд хугацааны бодлогыг боловсруулсан. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд эдийн засагт ихээхэн сорилт орж ирсэн. Гааль, боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх тэргүүтэй хэд хэдэн ажлгы хийсний үр дүнд экспортыг нэмсэн. Энэ оны есдүгээр сарын байдлаар эдийн засаг 6.4 хувиар өссөн. Яамнаас асуудлыг өөдрөгөөр харж, төсөөлж байх ёстой. Нүүрсний экспортыг 34 сая тонн байна гэсэн ч энэ үзүүлэлтээсээ ч нэмэгдсэн. Эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Бизнесийн орчинг сайжруулахын тулд бүхий л салбарын хуулийн орчинг судалсан. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаар ч байна. Бүхий л салбарт төсвийн татаастай байсан нь үнэн. Манай яамнаас эдийн засгийг либералчлахад хатуу барй суурьтай байгаа. Энэ онд махны экспорт хоёр дахин нэмэгдсэн. Үүнд, төрийн бодлого зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Инфляцын түвшинг ирэх жил 8.5 хэмээн тооцоолжээ. Ийм боломж бий юү. Хувийн хэвшлийнхэнд хэдэн хувийн хүүтэй мөнгө очиж байна. Тэдэнд халтай зүйлс ирэх жилийн төсөвт их ажиглагдаж байна.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Яамны зүгээс эдийн засгийн тооцооллоо зөв тооцоолсон. Инфляцын түвшинг нэг оронтой тоо руу оруулна гэж тооцоолсон юм. Гадаад валютын ханшийг барьснаар импортоос хамааралтай хүнсний инфляцыг барих, бууруулах боломжтой гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын болон худалдааны бодлогод тулгуурлах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий.
НЭМЭЛТ: 11.50 цаг
-"Эдийн засаг тоон дээр өссөн. Иргэдэд хүрэхгүй байна"-
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эдийн засгийн үзүүлэлтүүд тоон статистикаар харагдаж байна. Гэвч нийгэмд хүрч чадахгүй байна. Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор бодит тооцоо хийх үү. Эдийн засгийн өсөлт нь иргэдэд мэдрэгдэхгүй байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Урсгал зардал 4.9 их наяд төгрөгөөр буюу өмнөх онтой харьцуулахад 22 хувиар өссөн. 4.9 их наядын 65 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм. 20 хувь нь Нийгмийн даатгалын багц хуулийн батлагдсантай холбоотойгоор төсвийн татаас нэмэгдэж, түүнд зарцуулагдана. Нийт 485 тэрбум төгрөг болно. Боловсролын багц хууль ч гэсэн үүнд хамаарна. Түүнчлэн ирэх жилийн нэг удаагийн үйл ажиллагааны зардал нэмэгдэх юм. Олимп болон ЭБУЦС-ын нөхөн олговор гэх мэт. Хөрөнгө оруулалтын зардал 300 тэрбум төгрөг юм. Инфляцтай уялдуулж чадвал төсвийн нэг төгрөг бүр улсын хөгжлийг дэмждэг.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Хагас жилийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байна. Ирэх жилийн өсөлтийг 7.0 хувь гэж тооцоолж байгаа. Эдийн засаг тоон дүнгээр өсөж байгаа ч иргэдэд наалдахгүй, хүртээмжгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай байгаа. Ирэх жил иргэдийн орлогыг хамгаалахын тулд экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Үүний тулд боомт, гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбарт 60-70 мянган хүн ажилладаг. Эдгээр хүмүүст бол нөлөө байгаа ч бусад салбарынханд төдийлөн хүрч чадахгүй байгаа. Иргэдэд эдийн засгийн өсөлтийг хүргэхийн тулд төсвийн бодлогоор дамжуулж, цалингийн доод хэмжээг нэмэх, тэргүүтэй хэд хэдэн ажлыг хийнэ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвөөсөө өмнө төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцдэг байх дэгийг тогтоож өгсөн. Энэ жилээс эхлээд гол бодлогын баримт бичгээсээ эхэлдэг байх дэгийг тогтоосон. Эдийн засаг, хөгжлийн яам дараа жилээс энэ гол макро эдийн засгийн төсөөллийг оруулж ирдэг болно. Энэ яамнаас их хүлээлттэй байгаа. Яамны зүгээс судалгаа, тооцоо, мэдээллээ одоо гаргаад явж байгаа гэдэгт итгэж байна. Та нар хийж байгаа юу.
Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга н.Энх-Амгалан: Хуулийн батлагдсан төслийг аваад, уншиж, танилцаж байгаа. Эдийн засгийн төсөөллийн хувьд тоорхой загвар хөгжүүлж, бодлогоо төсөөлж, тооцоолж байна. Дараа жилийн хувьд манай яамнаас төсвийн төслийг өргөн барих байх.
НЭМЭЛТ: 10.48 цаг
-"НӨАТ-ыг ямар шалтгаанаар одоо хөндөж буйг мэдэхгүй байна"-
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тэтгэврийг индексжүүлэх хуулийг ашигласнаар тэтгэврийн асуудлыг шийддэг. Төрөөс тэтгэвэр нэмлээ л гэнэ. Гэтэл нөгөө талд инфляцдаа идэгдээд байна. Хүнсний үнэ нэмэгдсэн байна. Инфляцын дагуу 10 хувиар тэтгэвэр нэмэхээр байна. Нийт 800 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй. Нийтээр нь 15 хувиар нэмж болохгүй.
Сангийн сайд Б.Жавхлан: Одоо бол төсвийн хүрээгээ ярьж байгаа. Төсвөө үдээс хойш ярьж таарах бололтой. Инфляц, үнийн өсөлттэй уялдуулж, жил бүр тэтгэвэр нэмнэ гэж хуульд заасан. Гэвч бид 10 хувиар төсөвлөж, төлөвлөөд УИХ-д өргөн барьсан. Төсөв батлагдсаны дараагаар таны хэлсэнчлэн хэдэн хувиар тооцож ажлыг үргэлжлүүлэхээ шийднэ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Засгийн газрын өр зээлтэй холбоотой асуудал байна. Нэгт, Хуралдай бондын үлдэгдэл төлбөрийг 2024 онд 392 сая ам.долларыг гадаадын хөрөнгийн бирж дээр бонд гаргаж санхүүжүүлнэ гэсэн. Хэдэн хувийн хүүтэй вэ. Хоёрт, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 3.7 их наяд төгрөгийг дотоодод үнэт цаас гаргаж санхүүжүүлэх юм байна. Засгийн газар 15-16 хувиар босгох байх. Энэ нь хувийн хэвшилд хүнд тусах гээд байна. Гуравт, 1.5 тэрбум ам.долларын нүүрсийг нийлүүлэх оффтейк гэрээ хийж, 450 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэсэн. Бараг л 2 их наяд төгрөг гэсэн үг. Дахиад 1.7 тэрбум ам.долларын нүүрсийг нийлүүлнэ гэнэ. 32 хувийн алдагдал хүлээж байгаа. Үүнийг хэзээ болих вэ. Мөнгө байхгүй, дотоод гадаадаас зээлнэ гэх юм. Дотоод нөөцөө зөв ашигламаар байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамааралгүй асуулт байна. Бондын хүүг ярихад эрт байна. Төсвийн алдагдлыг нөхөх олон эх үүсвэр бий. Энэ жилийн эцэст төсвийн давсан орлоготой байхаар байна. Ирэх жилд ч эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Шаардлагатай бол дотоодын бонд гаргана. Гэвч энэ нь хамгийн хүндрэлтэй, сүүлийн хувилбар юм. Оффтейк гэрээг шинээр хийсэн зүйл байхгүй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Ирэх жилийн эдийн засгийн өсөлт долоон хувь гэж байна. НӨАТ-ын асуудал хөндөгдөж байна. Төсөв ярьж байгаа энэ үед НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон гэж байна. Хэр оновчтой вэ. Өргөн барьсан төсөл дунд дурдагдаагүй атлаа одоо яагаад энэ сэдвийг хөндөж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ ямар учиртай яригдаж байгааг би мэдэхгүй байна. Хугацаандаа төсвөө өргөн барьсан. Өргөн барьсны дараагаар энэ сэдэв гарч ирж байна. Сэдвийг хөндөж тавьсан талаас нь асуух нь зүйтэй. Одоогоор мэргэжлийн яам, холбогдох байгууллагад ямарваа нэгэн тооцоо судалгаа байхгүй. Ямар боломжтойгоор гаргаж ирсэн талаарх мэдээлэл байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Төсвийн хүрээний мэдээлэл дунд хамгийн чухал зүйл бол инфляц байна. Үүнд нөлөөлж буй зүйлсийн нэг нь нефтийн асуудал юм. Жилийн эцэст нэг оронтой тоо руу орно хэмээж байгаа. Бид нефтийн өөр эх үүсвэрийг хайж баймаар байна. Экспортын уул уурхайн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Сүүлийн үеийн уул уурхайн тоон мэдээллийг өгөөч.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Нэгт, дизелийн түлш 200 төгрөгөөр өссөн. Дизелийн үнэ аравдугаар сараас бууна.Шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний үнэ гадаадын бирж дээр бууж байна. Тиймээс хамаагүй нөөцөлж болохгүй. Хоёрт, Хятадаас АИ-92 болон дизелийг урд хөршөөс авч байгаа. Энэ нь үнэтэй хийгээд тээвэр ложистикийн хувьд асуудалтай. Евро-5 стандартын түлшийг урдаас авч байна. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа энэ асуудлыг ярилцаад шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч тогтвортой байж чадахгүй байгаа. Гуравт, зэс хайлуулах үйлдвэрийн хувьд хэд хэдэн байршил ярьж байна. "Эрдэнэт"-ийн хувьд цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэрээ барьж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Өрийн хэмжээ 2024 онд ДНБ-ий 42.7 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байгаа юм байна. Үүнд хүрч чадах уу. Төсвийн урсгал зардал нэмэгдсэн байна. Шинээр гарах бонд өндөр хүүгийн зардалтай гарах төсөөтэй байна. Тайлбар өгөөч. Төсвийн алдагдал хоёр тэрбум төгрөг байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан сайн үзүүлэлттэй байна. Мөн төсвийн зардал нэмэгджээ. Шалтгаан нь юу вэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой байх. Цалин нэмэгдвэл инфляцад нөлөөлөх эрдсэлтэй. Нөгөө талаас Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтлах магадлалтай гэж байгаа. Мөн НӨАТ цаашид яах юм.
Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх жил төсвийн хязгаар тусгай шаардлагын дагуу 60 хувиас доош байх ёстой. Гадаад өрийн хувьд манай улс сахилга баттай явж байгаа. Засгийн газрын гадаад өрийн зээлжих зэрэглэл хүнд үе сайн байлаа. гурван жилийн хугацаанд нийт 11.9 их наядын гадаад өр зээлийн зохицуулалтыг хийсэн. Хүү, өр зээлд 6.5 их наядыг төлсөн. Өрийн эрсдэлийн хувь хэмжээ амжилттай буурч байгаа. Ирэх жил шинээр гарах хоёр өрийн хэрэгсэл байна. Нийслэл ирэх жил 500 тэрбум төгрөгийн бондоо гаргана. Мөн Дорнодын цахилгаан станцыг яаралтай дуусгах ёстой. Ковидын үед мунгинаж байхад БНХАУ нүүрсний ямар ч том зээл олгохгүй гэсэн. Улмаар Засгийн газрын баталгаа шаардсан. Үүнд Засгийн газрын өрийн баталгаа 50-70 сая ам.доллар бий. Тиймээс 42.7 хувьдаа барина. Мөн Хуралдай бонд дээр 50-60 хувь дээр нь дахин санхүүжилт гаргана. Боломжтой бол төсвөөсөө шууд гаргана гэж тооцоолж байгаа.
НЭМЭЛТ: 10.15 цаг
-"УИХ-ын дарга намын жагсаалтад орно гээд тойргоо хаясан бололтой"-
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Адьшаа хүсэлт гаргасан юм. Ингэхдээ тэрбээр төсвийг ярилцах үеэр 1072 хувьцааны ногдол ашгийг ярих нь зүй ёсных гэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох ёстой. Бид одоо Улсын төсвийг ярилцах гэж байна. Энэ үеэр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах асуудлыг хөндөж, ярих хэрэгтэй. Орхигдуулж байна. УИХ-ын чуулганд энэ асуудлыг хэлэлцэх дараалалд оруулах хүсэлтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-д айлчилсан. Энэ үеэрээ "Орано" компанитай гэрээний хэлцлийг шинэ түвшинд авч ирлээ. Цаашид цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэглэхээр байна. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүч рүү орох шаардлагатай гэж байна. Энэ чиг хандлага руу манай улс нэн яаралтай орох шаардлагатай байгаа. "Орано"-гийн гэрээн дээр сайн ажилласан. Ураны үнэ ч цаашид өснө. Засгийн газрын ажлын хэсэг хоёр бүлгийн хуралдаан дээр танилцуулсан танилцуулгаасаа илүү амжилт гаргаж, гэрээг үзэглэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний загварыг энэ ондоо багтааж оруулж ирвэл, илүү амжилт болно. Бидний үр хүүхэд улсдаа амьдрах баталгаа болж байна. Гал атгасан улсууд л хөгжиж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Би орон нутагт, тойрогттоо ажиллаад ирлээ. УИХ-ын даргад бичиг өгөөд явсан ч улс орон даяар хайсан бололтой. Хэд хэдэн асуудлыг хөндлөө. Нэгт, арьс шир боловсруулахад анхаарах хэрэгтэй байна. Үнэгүйдэж дууслаа гэх юм. Хоёрт, сурагчдын хоолны төсөв байна. Хоёр хуушуурны мөнгөөр дотуур байрны сурагчдад өдрийн гурав хоол өгч байна гэнэ. Энэ байж болохгүй. Үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн төсвийн хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог хангах ёстой. Тиймэс иргэдийн оролцоог хангах боломжийг УИХ-ын дарга анхаарвал ямар вэ. Та өөрөө намын жагсаалтад орно хэмээгээд тойргоо хаясан бололтой. Иргэдийн үгийг сонсохгүй бол нийгэм бухимдалтай байна. Залуу малчидгүй, орлогогүй бол хэн тухайн газар суурьших вэ. Засгийн газраас өргөсөн нэг зүйл нь хөдөөгийн нэмэгдлийг 20-40 хувь өсгөх нь сайн зүйл. Хөдөөгийн боловсон хүчнийхэн гадагшаа гарч ажиллаж байна. Ажиллах хүчний хомсдолтой болсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Ш.Адьшаа гишүүний хүсэлтийг хэлэлцэх боломжгүй. Холбогдох хэлэлцүүлэг орж ирээгүй. Мөн Б.Пүрэвдорж гишүүний сонсголын саналыг хэлэлцэх боломжгүй. Өнөөдөр орж ирэхгүй. Би амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж, 1000 малчны чуулга уулзалтад оролцоно. Залуу малчдын уулзалтыг хотод хийх үед сонсон. Залуу малчдын залгамж халаагүй болж байгаа юм. 200 мянган малчин өрх бий. Сум, нэгдэл болж эхнээмээ хамтарч ажиллаж байна. Хөдөөгөөс сонгогдсон гишүүд идэвхтэй ажиллаж байна. Ингэж анхаарахгүй бол улс маань Улаанбаатар улс болох гэж байна.
ЭХЛЭЛ:
Өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Тиймээс өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэж, чуулганы хуралдаанаар дахин хэлэлцэх товтой байна.
Чуулганаар,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
- “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүд
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Бусад
- Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.