УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган| Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 4 хоногийн завсарлага авлаа

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.20/ болох билээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

НЭМЭЛТ: 17.00 цаг

Чуулганы хуралдааны төгсгөлд 46 гишүүн байсан юм.

Гишүүд бүгд асуулт асууж, хариулж дууссан тул байнгын хорооны саналаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолуудаар санал хураалт явуулав.

НЭГТ. Хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Үүнээс 58.7 хувь буюу 27 гишүүн зөвшөөрснөөр санал дэмжигдэв.

ХОЁРТ. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 58.7 хувийн саналаар дэмжигдсэн юм.

ГУРАВТ. Ирээдүй өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 58.7 хувийн саналаар дэмжигдэв.

ДӨРӨВТ. Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 67.4 хувийн саналаар дэмжигдэв.

ТАВД. НӨАТ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 67.4 хувийн саналаар дэмжигдэв.

ЗУРГААД. ХХОАТ-ын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 69 хувийн саналаар дэмжигдэв.

ДОЛООД. Малын хөлийн толгойн татварын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 65.2 хувийн саналаар дэмжигдэв.

НАЙМД. Гаалийн тариф, татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 67.4 хувийн саналаар дэмжигдэв.

АРАВД. Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 67.4 хувийн саналаар дэмжигдэв.

АРВАННЭГТ. Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 69.6 хувийн саналаар дэмжигдэв.

АРВАНХОЁРТ. Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 65.2 хувийн саналаар дэмжигдэв.

АРВАНГУРАВТ. Төрийн болон орон нтугийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 60.9 хувийн саналаар дэмжигдэв.

АРВАНДӨРӨВТ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэх саналын томьёоллоор санал хураахад 68.1 хувийн саналаар дэмжигдэв.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан саналын дагуу Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг ажлын дөрөв хоногийн завсарлага өглөө.


НЭМЭЛТ: 15.40 цаг

-МАН эдийн засгийг боомилсон хуулийн төсөл оруулж ирлээ-

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид тойрог тойглох зүйлийг ярихгүй байна. Хот хөдөөгийн тэнцвэрт байдлын талаар ярьж байгаа. Гэтэл 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотын гэр хорооллоо мартчихаад байна. Орон нутагт болон гэр хороололд барилга барина гээд хамтад нь ярьж болохгүй юу. Орон нутгийн орон сууц барих аж ахуйн нэгжүүдийг зөвхөн орон нутагт дэмжих ёстой юу. Хотод байгаа гэр хорооллын хэсэгт ч орон сууц барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхгүй хэрэг үү.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: М.Оюунчимэг гишүүний хэлсэн зүйл бол маш чухал асуудал. Яаралтай горимоор хоёр хууль орж ирнэ. Түгжрэлийн асуудал болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компаниудад гаалийн НӨАТ-ын татварыг хөнгөлнө. Үүнийг дэмжиж өгөөрэй. Үүсээд буй хүндрэл бол дулаан эрчим хүчний дутагдлын асуудал бий.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Дулааны хангамжийг нь шийдэх болможгүй хэрэг үү.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Төсвийн бололцоо, орон зай хангалттай байгаагүй тул Улаанбаатар хотын дулааны хангамжийг нэмэгдүүлэх төсөв тавьж чадаагүй. Хөгжлийн банкны санхүүжилтээр 116МВт-ын дулааны станцын өргөдлийг Амгалан станц дээр тавьж байна. Дөрөв дэх үуухыг нь тавьж байна гэсэн үг. Энэ нь 6000-7000 айлын дулааныг хангах эх үүсвэр юм. 2024 оны арванхоёрдагаар сарын сүүл, 2025 оны нэгдүгээр сард ашиглалтад орно. Сүхбаатар дүүргийн Сэлбэ дэд төв дээр дулааны эх үүсвэрийг иж бүрнээр барьсан. Дулаанд холбогдох хүсэлт иргэдээс хангалттай их ирэхгүй байна. 30 орчим хувийн ачаалалтай ажиллаж байна. Баянхошуу дэд төв дээр гаазан эх үүсвэрийн судалгаа зургийг хийж байна. Гурван гаазан дулааны станцын зураг манай яаман дээр бэлэн болчихсон байгаа.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Газрын тухай хуулийн зүйл заалт нь онцгой шинж чанартай заалтуудыг хөндсөн тул Ардчилсан намын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна. Аймаг, суман дахь бүх газар олголтыг Улаанбаатарт шийдэх юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: О.Цогтгэрэл гишүүний завсарлага авах саналыг дэмжиж байна. Үүн дээр танай Ардын намынхан урваганж, шарваганаад байх зүйлгүй. Өнгөрсөн гурван жилд бид айхавтар сөрөг хүчин гээд байсан тохиолдол байхгүй. Байнгын хороон дээр яаж байгаа юм. Олонхоороо асуудлыг авч явах гээд л элдэв зүйл хийнэ. Ерөнхий сайдын яриад буй асуудал чинь нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл өгье гэж байгаа. Тийн атлаа босоо түвшинд шийдвэр гаргана гэнэ. Одоо аймагт юу үлдэв. Аймгийн ИТХ чинь зөвхөн төсвөө зарцуулах л зүйл хийх юм байна. Баг, сум, аймагт өгөх гэж байгаа газрыг Засгийн газар хянаж юу хийх юм. Нэг агентлаг бий болно. Тэр агентлаг руу явуулсан бичиг хэзээ ирэх юм. Эдийн засаг боомилсон хуулийн төсөл оруулж ирж байна. Та нар өнгөрсөн жил Шадар сайдын орон тоо оруулж ирээд батлуулсан. Бид юу ч яриагүй. Дагасан хуулиар өнөөдөр газрын хуулийн концепцыг өөрчилж байна. Ажлыг нь дэмжээд байх тусам давраад байгаарай. Дандаа л тэгэх юм. Гадаад дотооддоо асуудал байна. Дайран дээр давс нэмээд яахав гээд л үг хэлдэггүй. Эрх баригч юм даа, за яахав, ард түмэн харж байгаа байлгүй гээд байхад л бүлэг завсарлага авна гэхээр шарваганаад байх юм. Та нар одоо бүр манай бүлгийн асуудалд оролцох нь уу. Танай бүлгийн асуудлыг бид мэддэггүй биз дээ. Тиймээс завсарлага ав. Тухайн асуудал дээр ч гээд байх юмгүй. Та нар ярьж болдог, бид яагаад болдоггүй юм. Биднийг хааяа нэг юм ярингуут олонх гэсэн шиг дайрах юм. Та нараас айх юм уу. Үг хэлүүлээч. Та нарыг үг хэлж байхад бид ингэдэггүй биз дээ. Дуугүй байж байх ёстой юм уу. Бидэнд 3-5 минут л олддог. Завсарлага авъя гэхээр өгүүлэхгүй юм.


НЭМЭЛТ: 14.10 цаг

-Г.Ганболд: Засгийн газар яахаараа орон нутгийн газар олголтыг шийддэг юм-

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг ирэх жилийн төсвийн асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүллээ.

Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргасан юм. Тэрбээр "14.00 цагаас Дэгийн хуулийн дагуу явах Ерөнхий сайдын асуултыг хойшлуулах саналтай байгаа. Засгийн газраас ч гэсэн хойшлуулж өгөх хүсэлт өгсөн. Төсөв дагасан 21 хууль, долоон тогтоолыг өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэж байж, ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх юм. Үгүй бол арваннэгдүгээр сарын 10-ны доторх ирэх жилийн төсвөө батлах хугацаандаа амжихааргүй болж байна. Тиймээс өнөөдрийн асуулгыг хойшлуулж, төсөв дагасан, төсвийн хамт өргөн барьсан хууль тогтоолыг хэлэлцэх горимын саналыг гаргаж байна" гэв.

Улмаар 62.2 хувийн саналаар горимын саналыг дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Газрын хуулинд анхаарлаа хандуулаач. Сум аймаг газраа олгож чадахаа болих нь. Зөвхөн дуудлага худалдаагаар газар олгохоор болсон. Бүх аймгууд эдийн засгийн форум хийж, газрын асуудлыг хөндөж байна. Засгийн газар аймгийн, төвинй, сумдын газрыг олгож эхэлбэл асар том ухралт болно. Засгийн газраас орон нутгийн газрыг олгоно гэж юу яриад байгаа юм.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: газар олголт төлөвлөгөөгүй хэвээр байна. Нэг байгуллага л газрын эрхийг олгодог болъё гэж байгаа юм. Төлөвлөлтөө бол аймаг болон нийслэлийн ИТХ шийднэ гэж байгаа. Тиймээс бүгдээрээ нэг удаа шинэчлэл хийж, нэг газраас олгодог болж үзье гэж байгаа юм. Хуучин байснаараа сайжрахгүй байна. Тиймээс ингээд нэг яваад үзье. Газар олголт байнгын маргаантай асуудал. Төлөвлөлтийн дагуу босоо тогтолцоогоор газар олгоно гэж байгаа юм. Энэ бол газар олголтын реформ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Уул уурхайн биржээр төрийн өмчит компаниудын 35 хувийг нь арилжаалж байна. Энэ жилийн хувьд 60 сая тонн нүүрсийг борлуулах хүлээлттэй байгаа. Төмөр замын холболтын ажлыг бол яаралтай хийх хэрэгтэй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул: УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолд зааснаар уул уурхайн стратегийн орд газрын талаар тусгасан байдаг.Сонгон шалгаруулалт нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд хийгдэхээр тусгасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Зөвхөн аж ахуйн нэгж ч биш иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх эрхийг Засгийн газар хариуцна гэсэн заалт байна. Орон нутагт, нэг суманд байгаа иргэн газар авахын тулд Засгийн газарт хүсэлт гаргах юм уу. Энэ яг юу яриад байгаа юм.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Засгийн газрын хуралдаанаар биш юм. Засгийн газрын агентлагийг Ерөнхий сайдын харьяаны болгосноо ингэж бичиж байгаа юм. Ерөнхий сайдын харьяаны агентлаг босоо тогтолцоотой. Газар олголт орон нутагт бол аймаг дээр хийгдэнэ. Аймаг дээр хийгдэхдээ ИТХ-ын баталсан төлөвлөлтийн дагуу гэрчилгээ олгох процесс нь аймгийн газрын албанд хамаарна. Тэгэхээр хянаж, гэрчилгээ олгох асуудал явна. Бүгдээрээ хийгээд л үзье. Болохгүй бол тэр биз.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд Улаанбаатар хотоос тухайн орон нутагт иргэний шилжилт бүртгэл хийлгэж, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан бол орон нутагт нэг ажилласан хугацааг нэг жил гурван сар, суманд ажилласан бол нэг жил ажилласан хугацааг нэг жил зургаан сараар ажилласанд тооцож болно гэж заажээ. Болно гэдгийг хэн тодорхойлж байгаа юм. Хэний үзэмжээр явж байгаа юм. Дараагийн заалтан дээр нь төрийн албаны тухай хууль дотор байгууллагын албан тушаалыг хооронд нь ижил зэрэг зиндаатай болгох талаар тусгасан байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Нягтлан бодогч гэж бүр зааж өгсөн байна шүү дээ. Гуравт, Ерөнхий сайдын эрх бүхий асуудлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг нэмсүгэй гэжээ.Төсөв, зардал нэмэгдэх асуудал дагаж орж ирэх үү.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Манай яамны харьяа газрыг л шилжүүлж буй хэрэг. Ямарваа нэгэн зардал огтоос гарахгүй.

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Санжаадорж: Болно гэж бичсэнийхээ доор нь хэрхэн нэмэгдүүлнэ тооцохыг Засгийн газрын журмаар зааж өгсөн. Ажиллаж байх хугацаандаа зөрчлийн асуудал үүсгэсэн бол болохгүй, сайн ажилласан бол болно гэж тусгаж өгсөн. Орон нутагт нягтлан бодогчид харилцан адилгүй цалин хөлс авдаг. Тиймээс эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгээр, сургуулийнх бол сургуулийн цалин хөлсийг тооцох боломжтой. Хэрэв нягтлан бодогч гэдгээр нь хуулийн зүйлд зааж өгөх боломжгүй гэж байгаа бол ерөнхий нэршлээр нь явж болно. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг шилжүүлбэл урсгал зардалтай нь хамт шилжүүлнэ. Ямар нэгэн байдлаар зардал нэмэгдэхгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Уул уурхайн биржийн хуулийг батлаад удаагүй. Амин сүнс нь төрийн өмчийн компаниуд. Цаашид энэ компаниудад хуулгай битгий нүүрлээсэй гэх зарчмаар биржийн хуулийг оруулж ирсэн. Гэтэл хуулийн төсөл дээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гэсэн. Гэтэл Ж.Ганбаатар сайд тухайлсан төсөл гэж тайлбарлалаа. Тухайн төсөл нь төрийн өмчийн компанийн төсөл байвал бас хамаарахгүй болно. Урт хугацаанд биржээр арилжаалахгүй байх заалт ороод ирж байгаа юм биш үү. Зарчмын хувьд энэ зөв үү. Тухайлсан төсөл эсвэл тухайлсан компани байвал ил тод нээлттэй байх зарчмаараа байвал яадаг юм. Хоёр дахь нь газрын асуудал. Захиргааны шүүхээр орж байгаа маргааны 30 хувь нь газрын маргаан байдаг. Тэгэхээр бүх иргэн, аж аухйн нэгжид олгох харилцаа чинь Ерөнхий сайд дээр очих юм байна. Тэгэхээр хууль зүйн хувьд асуудал үүсвэл эргээд Ерөнхий сайд хууль зөрчсөн гэх шалтгаанаар асуудалд орох юм биш үү. Тэгэхээр тэр бүрийд УИХ-аар Ерөнхий сайдыг хууль зөрчсөн эсэхийг авч хэлэлцэх асуудал үүсээд байна. Гуравт, УИХ-ын дарга нар аймаг сумын засаг дарга нарт албан даалгавар өгөх боломжгүй зүйл орж ирсэн байна. Дөрвт, ХХОАТ болон ААНОАТ-ын харилцаанд өөрчлөлт оруулах тухай оруулж ирсэн байна. СЗХ гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар оруулж ирсэн үү. Үүсэж болох эрсдлүүдийг тооцсон уу.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Өнөөдрийн тулгамдаж буй хамгийн гол асуудал бол хүргэлт юм. Биржээр хангалттай нүүрс зарах хэрэгтэй байдаг. Оролцогч тал их хэмжээний нүүрс авах гэж байна. Хамгийн гол асуудал бол хүргэлт. Тиймээс төмөр замын холболтыг холбосноор биржийн үйл ажиллагааг 100 хувь дэмжинэ гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Газрын тухай хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд маань буруу ойлголттой байна. Ерөнхий сайд өөрийн дэргэдэх агентлагтаа газар олгох асуудлыг авч ирж буй асуудал огтоос биш. Монгол УЛс газрын нэгдсэн төлөвлөсөн системтэй байх үүднээс аливаа орон нутгийн гаргаж байгаа төлөвлөлт нь улсынхаа бодлоготой уялддаг байх зарчмыг л хангаж байгаа юм. Аймаг, нийслэлийн ИТХ-аар баталж байгаа төлөвлөгөө нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий төлөвлөгөөтэйгөө уялдаж буй эсэхэд дүгнэлт гаргаж, өөрсдөө олгож, хариуцлагаа хүлээнэ. Тэр нь улсын бодлоготойгоо нийцэж буй эсэхийг Засгийн газраар шалгах гэж байна.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Г.Тэмүүлэн гишүүн ээ. Ерөнхий сайдын харьяа олон газар бий. Тухайн газрууд дээр асуудал үүсвэл Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй. Бусад агентлагтайгаа ижил.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Газрын харилцааны нэгдсэн удирдлагыг нэгдсэн байдлаар зохион байгуулж туршлага 2002 онд бий. Таван сайдын хүрээнд эрхэлсэн асуудал байсан юм. Гол асуудал нь газар давхцуулж, газрын наймаа цэцэглэсэн асуудал байсан юм. Хуулийн текстийн хувьд Засгийн газар газар олгох, эрхлэх захирамж гаргахаар хуульд тусгасан бол байнгын хороогоор засахаас өөр аргагүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Д.Амарбаясгалан дарга аа. Таны хэлснээр санаа нь тийм байж болно. Гэвч хуулийн заалтдаа шийдвэр гаргах нь Засгийн газрын эрх гэж явсан байна. Бичгийн алдаа гарсан бол засах хэрэгтэй.


НЭМЭЛТ: 13.50 цаг

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Гишүүд үг хэлж дууссан тул үргэлжлүүлэн санал хураалтыг явуулсан юм. Улмаар,

  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингүй болгох тухай,
  • Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Хүн худалдаалах хэрэгтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Зөрчил шалган шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Хууль зүйн туслалцааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Гамшгаас хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Онц байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Иргэний бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авахад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Ингэснээр хуралдаанд оролцож буй 43 гишүүний 58.1 хувь буюу 25 гишүүн дэмжсэнээр төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


НЭМЭЛТ: 12.50 цаг

УИХ-ын гишүүн П.Анужин: Хүүхэд хамгааллын хуулийг УИХ хэлэлцэх нь зүйтэй. Гэвч ул суурьтай авч үзэх шаардлагатай. Хариулт өгч байгаа хүмүүс хүүхэд хамгаалал гэх утгаа бүрэн дүүрэн ойлгож байгаа юу. Хэрэв ойлгож байгаа бол ХНХ, БШУ болон ЦХХХ-ны сайд л суух ёстой зүйл биш. Хүүхэд хамгаалал бол нийгмийн асуудал. Тэгэхээр бид өөрсдөө хүүхэд хамгааллын асуудлыг дутуу харж байна. Сүүлийн үед хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг харахаар монгол хэлэнд бүрэн суугаагүй, орчуулагдаагүй үгс, утга байна. Нэг жишээ нь, кейс менежмент гэх үг байна. Утга нь юу юм. Өөрсдөө ойлгохгүй байна. Тохиолдлуудын дараа л араас нь хөөж мөрдөх юм уу. Алдагдсан бодлогын золиос, тоо баримтуудыг л дурдаж байна. Хуулийн утга нь юу юм. Энэ хууль одоо гарч байгаа асуудлыг шийдэж чадах уу.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Боловсролын салбарын хамгийн том асуудал бол анги танхимаар мэдлэг олгож байна. Олж авсан мэдлэгээ ур чадвар болгож чадаж байна уу гэдэг нь тогтолцооны гажиг. Бид тогтолцооны асуудлаа харах хэрэгтэй. Дорвитой систем, тогтолцоотой болж чадах эсэхийг ярих нь зүй. Олон хууль, нийгмийн сэтгэл зүй, сэтгэлгээний асуудлын өөрчлөлтөөс л таны хариулт гарч ирнэ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Уул уурхай ярьсаар байгаад хүүхдийн асуудлыг орхиж байна. Хүүхэд хамгаалалттай холбоотой зардлыг тодорхой болгох хэрэгтэй. Зарим аймаг орон нутагт аймгийн ИТХ хангалттай зардал тавьж өгдөггүй. Тиймээс заавал тавьж өгдөг байх гэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж болох уу. Хүн амын тоотой уялдуулж, нийгмийн ажилтны асуудлыг шийдэж болохгүй юу. Алслагдсан орон нутагт сүлжээ байхгүй. Зарим сумдыг сүлжээтэй болгох шаардлагатай байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бид олон хууль баталсан ч олон хуулийг дагалдан гарах журамд асар их цаг алдаж байна. Хүүхэд хамгааллын хууль ч журам дээрээ хугацаа алдана. Тиймээс журам багатай гаргая. Манай улсын хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ багадаа дөрвөн цаг байна. НҮБ-ын судалгаагаар дунджаар хоёр байна. Датагүй бол хүүхдээ хэрхэн хянах вэ гэдэг дээр таван үүрэн оператор асуудлыг шийдэж өгсөн. Манай улсад сүлжээнд огт ороогүй 191 баг байна. Хэрэв төсөв тавьж өгвөл тавдугаар сарын 1-нийг хүртэл 50 хувийг нь сүлжээтэй болгохоор зорино.


НЭМЭЛТ: 11.37 цаг

-"Google Family Link-ийг өчигдөр монгол хэл дээр орчуулсан. Нутагшуулахаар ажиллаж байна"-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Манай нийгэм хүүхдэд ээлтэй юү гэдгийг бодох хэрэгтэй. Улсын хэмжээнд 2.8 сая цахим хэрэглэгч бий. Хүүхдүүддээ юу үзүүлж байгаагаа бид харах ёстой. Энэ нь хүүхдүүдэд хэрхэн нөлөө үзүүлж байгаа вэ. Хүүхдүүд цахим халдлагад өртөж, дэлгэцийн хамааралтай байна. Тиймээс нийгмээ цэвэрлэх хэрэгтэй. Сургуулийн орчинд хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах явдал нэмэгдлээ. Сургалтын хөтөлбөр нь монгол хүүхдэд тохирч байгаа юу, үгүй юү. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт холбогдох ялыг чангатгах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бохир нийгмээ цэвэрлэх ёстой. Түүнд уруу татаж, бэлгийн буруу чиг хандлага руу уруу татаж байгаа хүмүүсийг цэвэрлэх ёстой.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Энэ нийгэм хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүнд ч ээлтэй. Энэ хуулийн төсөл нь урьдчилан сэргийлэх чиглэлийнх. Боловсролын салбарынхан 4-8 цаг л байгаа. Бусад цагт гэртээ байдаг. Тэгэхээр гэр бүлтэйгээ байх хугацаандаа боловсордог тул үүнийг ч судлах ёстой гэдгийг судлаач, эрдэмтэд хэлдэг. Дэлгэцийн хамааралтай байгаа нь ч гэр бүлтэйгээ холбоотой.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тавигдах шаардлагыг тавьсан. Ингэхдээ хүүхдэд хориотой контентыг тодорхой хэмжээнд хязгаарласан. "Blacklist.mn" сайтад хориотой контент, сайтын жагсаалт бий. Олон улсын стандартын дагуу "Ekids.mn" 10 жил ажиллаж байхад олон нийтийн хандалт бага байна. Эцэг эхчүүд ч и-монголиа платформоор хүүхдүүдтэйгээ харилцах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хүүхдүүд юу харж, сонсож, мэдэрснээ даган дуурайдаг. Бид хэд хэдэн зүйлийг цэгцлэх боломжтой. Нэгт, үзэж харж байгаа зүйлийг нь цэгцлэх боломж бий. Хоёрт, дэлгэцийн хамааралтай болохоос сэргийлж, ПС тоглоомонд донтохыг хязгаарлах боломжтой. Гуравт, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх зүйлийг хэрэглүүлэхгүй боломж байна. Дөрөвт, хүүхдүүдийн бэлгийн чиг хандлагыг багаас нь зөв тогтоолгохгүй бол хүний эрх ярьж, учраа олохгүй хүүхдүүд жагсаад явж байсныг би нүдээрээ харсан шүү. Багаасаа үүнийг сонирхоод буруу чиг хандлагатай болчихвол аюултай. Тавд, цахим халдлагаас хүүхдүүдээ хамгаалах боломжтой.

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан: Бэлгийн цөөнх бол бидний адил хүн. Тиймээс нэр төр, эрхийн хувьд адил тэгш байдаг. Монгол Улс бэлгийн чиг баримжаанд үндэслэж, ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцдог. Тиймээс бэлгийн чиг баримжаа нь өөрөөс болж, хүүхдийн хүчирхийлэл бий болж байгаа, эсвэл хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа гэж тодорхойлох нь буруу, ташаа ойлголт юм. Бэлгийн цөөнхийн эрх ч хүний эрхийн асуудал. Бидний адил эрх чөлөөтэй юм.

УИХ-ын гишүүн Д.Батлут: Засгийн газар ЦХХХЯ-тай болсноор дэвшил гарч байна. Хүүхдийн цахим хэрэглээнд онцгой анхаарах ёстой. Цахим орчинд байгаа контентуудыг хэрхэн хязгаарлах вэ. Ийм боломж байгаа юу. Хуулийн төслийг баталснаар гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын орчин бий болно гэнэ. Хуулийн төслийн 3.8.2-т хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэдтэй холбоотой асуудлыг сэтгэхүй, насанд тохирсон таатай орчинг бүрдүүлнэ гэжээ. Монголын шүүх ямар орчинд байна. Өрөөндөө багтахаа больсон шүү дээ. Тиймээс ширээгээ жижгэрүүлж суудаг. Тийм байхад юу бодож, төсөөлж, хийж хэрэгжүүлж, энэ заалтыг оруулж ирсэн бэ. Боломж нөхцөл нь хязгаарлагдсан заалт ийм заалтууд байна. 358 хүүхэд хүчирхийлэлд өртсөнөөс 70 гаруй хувь нь ураг төрлийн хүрээнд байна. Ийм эрсдэлд орох гэр бүл, хүүхэд хэд байгаа вэ. Тоон судалгаа байгаа юу. Урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх ажил хийсэн үү.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Тухайн платформ, аппликейшн нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөрсдөө хяналт тавьдаг. Бидний хувьд орж ирж буй сүлжээнд нь хяналт тавьдаг. Жилд дэлхийд 1.5 тэрбум хуурамч хаяг хаагдсан байна. Ингэхдээ тухайн улс орнууд тухайн платформтой холбогдож, харьцаж, хяналт тавьж байгаа. БШУЯ болон манай яам хамтран Google-тэй хамтран ажиллагааны хүрээнд "Google Family Link"-ийг өчигдөр гэхэд монгол хэл дээр орчуулж, Монголд нутагшуулахаар ажиллаж байна. Ингэснээр байршил, дэлгэцийн хамаарлыг нь хянах боломж эцэг эхэд нь бий болно.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Шүүх хуралд хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч мэдүүлэг өгөхөд стэгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс хүүхдийн эрх, хамгааллын хүрээнд бид төсөв гаргаж, хийхээс өөр сонголт байхгүй.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Гэр бүлийн шүүх, хүүхдийн асуудлаар мэргэшсэн сэтгэл зүйч, шүүгч байхгүй байна. Хүүхдийн насны үечлэлтэй холбоотойгоор сэтгэл зүйн өөр байдаг. Үүнийг ойлгож, судалдаг хүний нөөцийн хомсдолтой. Өөрсдөө хүүхэдтэйгээ хэр харьцаж, ойлголцож, сонсож байгаа вэ гэдэг зүйл хөндөгдөнө. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн өөрийн өмч гэх ойлголтыг оруулж ирнэ. Хүүхэд бие даасан өмчтэй байх асуудлыг оруулж ирэх юм.

ХНХЯ-ны мэргэжилтэн н.Баярмаа: 2019 онд эрсдэлийн программд 20 мянган хүүхэд бүртгэлтэй байсан. 2020 онд 21, 2022 оны байдлаар 14, 2023 оны байдлаар найман мянган хүүхэд эрсдэлийн програмд бүртгэлтэй байна. Урьдчилж сэргийлж, хамгаалж, эрсдэлт бүлгийн эцэг эхчүүдэд сургалт ордог. Хамгаалах үйлчилгээг 10 мянган хүүхдэд үзүүлсэн. 58 мянган хүүхдэд нөлөөллийн ажлыг хийсэн.


НЭМЭЛТ: 10.40 цаг

-"Хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй болох талаар хуульд тусгасан"-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын 72 гишүүнээс өнөөдрийн хуралдаанд 48 гишүүн оролцож байна. Нийт гишүүдийн ирц 66.7 хувьтай байгаа юм.

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-ын эмэгтэй гишүүд 2020 онд өргөн барьж байсан ч нэг охины кейсийн улмаас одоо л яаралтай горимоор хэлэлцэж байна. ХНХЯ 534 орон тоог шинээр бий болгоход 16.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт шинээр тусгаж оруулж ирэх ёстой гэж байна. Өмнө нь найман тэрбум байсан. Үүнийг 14 тэрбум болгохоор төсөвт тусгасан бид ойлгож байгаа. 14 тэрбум нь 16.4 тэрбум дотроо хамаараад байна уу, эсвэл тусад нь нэмэлтээр шаардлагатай гэж үзэж байгаа юу. Хоёрт, өмнөх судалгаануудыг харахад хүүхдийн эрхийн байцаагчид цөөн. Орон нутагт олон ажил давхар хийж байгаа хүүхдийн эрхийн байцаагчид давхар ажил эрхлэхгүй гэдгийг хуулиар хэрхэн зохицуулж өгч байгаа вэ.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хүүхэд хамгааллын тухай хууль анх 2016 онд батлагдсан. Энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд 11 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзэж байсан юм билээ. Гэсэн хэдий ч найман тэрбум төгрөгийг л өгч байсан. НҮБ-аас кейсийг судлах шаардлагатай хэмээн үзсэн тул төсөв 14 тэрбум төгрөг хэмээн үзсэн. Харин бусад зардал нь нэмэгдэж орж ирнэ гэсэн үг.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар: Хүүхдийн эрхийн байцаагч нийгмийн ажилтнаас ялгаатай. Тиймээс тодорхой эрхийн хүрээнд ажилладаг субъект. Хүүхэд хамгааллын тогтолцоо нь мэргэшсэн байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан. Нийгмийн ажилтан хамтарсан багийг гол арга зүйгээр нь хангаж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ төслийн хуульд чиг үүргийг нь нарийвчилж, тусгаж өгсөн.

НҮБ-ын Хүүхэд сангийн гэрээт зөвлөх Б.Энхтуяа: Энэ хуулийн төсөл НҮБ-ын хүүхдийн эрхийн зарчимд бүрэн нийцсэн хууль болсон. Энэ ажлыг хариуцах хүнгүй, чиг үүрэг нь тодорхой бус байсан. Хуулиар чиг үүргийг нь нарийвчилж зааснаар үзүүлэх ёстой мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ. Манай улс хүчирхийлэлд өртсөн, асран хамгаалах үйлчилгээ шаардлагатай хүүхдийг түр хамгаалах байранд байлгадаг. Тэгвэл энэ удаагийн хуулиар асралт гэр бүл гэх ойлголтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ нь олон улсад хүүхдээ хамгаалж буй нэг хэлбэр юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Х.Булгантуяа сайд төсвийн асуудлыг дэлгэрэнгүй яримаар байна. Та нарын зүгээс 20 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байна гэнэ. Төсөв мөнгийг хаа сайгүй хуваарилж байна. ХЗДХЯ бас хамтарч ажилладаг. Тэдэнд төсөв тавьдаг юм уу, үгүй юү.

ХНХЯ-ны мэргэжилтэн н.Баярмаа: Хүүхэд хамгааллын зардал нэмэгдсэн. Үүний 60 хувийг нь урьдчилан сэргийлэх, 40 хувийг нь хамгаалахад зарцуулдаг. 2017-2019 оны хүүхэд хамгааллын үйлчилгээний зарцуулалтад Сангийн яамтай хамтарч судалсан. Улмаар хүүхдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээн дэх төсвийг нэмэх шаардлагатай гэж үзсэн. 350 гаруй нийгмийн ажилтантай ажилласан. Нэг нийгмийн ажилтны хүүхдэд зарцуулж буй төсөв, цагийг судалж байгаа. Зардлыг нь нэмэх шаардлагатай гэх судалгааны хариу гарсан.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Цагдаагийн байгууллага бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Тухайлсан гэмт хэрэг болгоноор төсвийг хуваарилдаггүй. Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэг дээр тэмцэхдээ төсөв дутдаг гэж хэлэхгүй. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг УИХ хуульд ч, төсөвт ч чангалсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл хүүхдийн амиар цочроо авч, яаралтайгаар орж ирж байна. Хуулийн төслийн зүйл заалтаа тодорхой, нарийн яримаар байна. Ерөнхий зүйл ярихаа больё. Ямар онцлох, шинэ заалтууд байгаа вэ. Хоёрт, бид хүүхдийн хүчирхийлэгчдийн жагсаалтыг гаргаж, олон нийтэд гаргана хэмээсэн. Хэн хариуцах юм. Хуульд оруулсан уу. Гуравт, Ерөнхий сайд урьдчилсан сэргийлэх гэмт хэргээс сэргийлэхэд камержуулалтыг чухалчлахыг хэлсэн. Эцэст нь 2020 онд өргөн барьсан хуулийн төслийг 2023 онд ярьж байгаа энэ хугацаанд хуульд ямар өөрчлөлт орсон бэ.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар: Хүүхэд хамгааллын хуулийн гол зүйл нь тогтолцоо юм. Тодорхой төрлийн шат шатны байгууллагууд хамаарч байгаа. Хүүхэд хамгааллын чиглэл дээр эцэг эх үүрэг хүлээнэ. Гэр бүлээс гадна сургуулийн орчинд үүсэж болох эрсдэлийг үнэлнэ. Тодорхой бүлгүүдийн үүрэг бүрийг тодорхойлж өгсөн.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: 108 утас олон улсын санхүүжилтээр явдаг байсан. Тус утсанд хохирогч болох хийгээд зөвлөгөө авахаар холбогддог. Шинэлэг хэд хэдэн зүйлийг хуульд тусгасан. Аймаг, дүүргийн бүтэц нь ижил байдаг. Тиймээс кейсийн тохиолдолтой холбоотойгоор гурван жил тутамд хүүхэд хамгааллын ажилтнуудыг хуваарилдаг болно. Мөн хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй болъё. Үе тэнгийн дээрэлхэлтийг олон улсын судалгаанд үндэслэж, хуульчилсан. Энэ мэт олон зүйл бий.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цахим гав зүүнэ. Үүнд цагдаагийн байгууллага байнгын хяналт тавина. 2024 оны төсвөөрөө шийднэ. 2024 онд 110 орон тоо үүсэж, 1.6 тэрбум төгрөгийн нэмэлт төсвийн ачаалал батлагдсан. Тиймээс төсвөө дотор нь хуваарилах байдлаар явна.

Хуульч н.Баттулга: Хүүхэд хамгаалал гэдэг нь олон хуулийн зааг дээр оршдог. Гэр бүл дэх эцэг эхийн хамгааллын тухай хууль ч давхарддаг. Хуулийн төслийн 4 дүгээр бүлэгт хүүхэд хамгааллын тухай нэг бүрчлэн зааж өгсөн. Хүүхдийг гэр бүлийн орчинд байлгах боломжгүй бол хамаатнуудынх нь гэрт байлгах, бүр боломжгүй нөхцөлд түр хамгалаах байранд байлгана.


ЭХЛЭЛ:

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Чуулганаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэх бөгөөд онцлох нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх явдал юм.

Ингэхдээ Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтаар өнөөдөр үргэлжилнэ.

Түүнчлэн гурван ажлын хэсэг хуралдах юм. Тодруулбал,

  • Эдийн засгийн байнгын хороо - Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
  • Төсвийн байнгын хороо - Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
  • Нийгмийн бодлогын байнгын хороо - Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭРКА
ЭРКА
10 сар 20, 2023 11:55

ЭНЭ ЭНХАМГАЛАН ЯАСАН ИХ ДУУ ОРОО ВЭ ШОРОНД ОРОХ ГЭЭД БНА ГЭСЭН ЯААВ

Иргэн
Иргэн
10 сар 20, 2023 12:15

УИХ-ын гишүүн Энх-Амг�##�анд: Ярьж байгааг тань 2 гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ яаж???

zochin
zochin
10 сар 20, 2023 14:41

Зөв оо гомонуудыг шууд шоронд хий

Зочин
Зочин
10 сар 20, 2023 15:39

газар олголтын т�##�аар ганболд зөв дуугарлаа. засгийн газар бүх эрх мэдлийг төвлөрүүлж, буцаад хуучин нийгэм рүү орох, бусдыгаа хардаж сэрдэх нь ихэсээд өөрсдийн эрхийг нэмж төвлөрлийг гааруулах гэж байнөа. иргэдэд бүр төвөгтэй тогтолцоо руу орох нь та миэнээ

Холбоотой мэдээ

Back to top button