Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрч байна

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрч байна. Тэрбээр Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаан хад гэх газар 1924 оны зургаадугаар сарын 15-нд төрж байжээ.
Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Намайг мэндлэх үед аав минь эзгүй байж. Богд уулын өвөр, Сэргэлэн сумаас отроор нүүж ирж манайхтай саахалт буусан айлын маань Лувсанжамц гэж хүн намайг боож авсан гэдэг юм. Гурваас зургаан насны хоёр хүүхэдтэй, дээр нь өвчтэй, бие нь тааруу байсан ээж минь "Энэ хүүхдийг би хүн болгож чадахгүй нь. Та үрээ болгож ав” гээд намайг эх барьж авсан тэр хүнд шууд өгчихсөн гэж байгаа. Ингэж би Лувсанжамцынх гэдэг айлын охин болсон юм билээ. Төрүүлсэн ээж нь "Та үрээ болгож ав” гэхэд аав чинь "Юу ч хэлж чадсангүй” гээд чамайг хормойлоод ирсэн хэмээн өргөж авсан Долгоржав ээж минь ярьж байсныг бүүр түүрхэн санадаг. Хөөрхий ээж минь намайг төрүүлснээсээ хойш удаагүй, сар гаруйхны дараа насан өөд болсон гэсэн. Өргөж авсан аав минь маань мэгзэм хэлдэг, орон хийдэд суугаагүй л болохоос номтой хүн байв. Баргийн морь даахааргүй биерхүү. Ганцхан л морь унадаг байсан юмдаг.
Аав, ээж минь өөрийн гэсэн үр хүүхэдгүй байсан бөгөөд надаас өмнө айлаас нэг хүүхэд өргөж авсан нь Маамаа эгч минь. Эгч надаас арав гаруй насаар ах. Зургаан настайд аав минь үлийд бүдэрсэн мориндоо дарагдаж унаад хорвоогоос явчихсан. Ээж минь ч удаагүй. Аавыг өнгөрснөөс хэдхэн сарын дараа бурхан болж эгч бид хоёр өнчирч үлдсэн дээ" гэж ярьсан байдаг.
Өдгөө 102 насны өндөр босгыг даваад буй Ардын жүжигчин Л.Цогзолмаа
- 1945 онд "Цогт тайж" түвдийн гүнж Дулмаа
- 1956 онд "Манай аялгуу" дуучин
- 1979 онд "Бушхүүгийн үлгэр" Наран ээж зэрэг дүрүүдийг кино урлагт мөнхөлсөн.
Түүнд 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд МУ-ын Ардын жүжигчин, 2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан байна а тх
Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайдаа урт насалж удаан жаргаж, эрүүл энх байхыг ерөөе !