Х.Нямбаатартай сөргөлдөгч Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар сонсголоор түүнийг "шүүнэ"

Ерөнхий сайд Н.Учрал албан тушаалдаа очоод хоёр сар ч бололгүй Х.Нямбаатарыг огцруулах шийдвэрээ гэнэтхэн зарласан. Үүнийхээ өмнөтгөл болгож тэр "Хүчит шонхор" дээр очиж, махны үнэ өссөнийг гайхан шогшров.
АТГ-ын З.Дашдаваа, ТЕГ-н дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарыг дуудаж "ард түмний нуруун дээр үнийн өсөлт авчирсан, нийгмийн талцал хуваагдалд хүргэсэн зэргээр "Х.Нямбаатарыг агнах" буюу нийслэлийн төсөв, төсөл, тендер нэг бүрийг шалгах ажлын хэсэг байгуулахыг үүрэгдсэн юм.
Ийн Х.Нямбаатар Нийслэлийн захирагчийн тамгаа хүлээлгэн өгснөөс даруй хоёр хоногийн дараа УИХ-ын Төсвийн байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох асуудлыг хэлэлцэж, даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, холбогдох ажлын хэсгийн ахлагчаар Д.Энхтүвшин нарыг сонгов.
Яагаад Ж.Золжаргал, Д.Энхтүвшин гэж...
"Лхагвын тойм"-д орох үеэрээ Х.Нямбаатар "Тавантолгой түлшний үйлдвэрт баахан ТЭЗҮ хийж шахсан нөхөр" гээд Ж.Золжаргалыг хэлчихсний араас тэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт "худал мэдээлэл тараасан" гэх үндэслэлээр гомдол гаргасан.
ХҮН намаас гарсныхаа дараа тэр Х.Нямбаатартай багагүй толхилцсон. Х.Нямбаатар ч Ж.Золжаргалын дүү Ж.Азжаргал нарын хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотой асуудлаар АТГ-т гомдол гаргаж шулгуулна гэж өндрийг аваад тэгсгээд намжсан. Хууль, шүүхийн хаалгадаа тултал явсан тэдний маргааныг задлан харвал, тухайн үед Тавантолгой түлш ХХК-ийн алдагдал нэг их наядаар хэтэрчихсэн байсныг Х.Нямбаатар хотын даргын хувиар чирэх гэж чамгүй хичээгээд бараагүй. Мидлингтэй сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд ч үр дүнгүй, алдагдал нь хэтрээд байхаас гарцаагүй гэж үзээд Х.Нямбаатар утааны сонсголоор иргэдийн угаартах шалтгаан болж байгаа зэргээс үүдээд ерөөс болиулъя дээрээ тулсан. Ингээд өнөөх хэл ам дагуулсан хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлшийг Хятадаас хямдаар нийлүүлэх шийдвэрийг ярьж, тендерээ зарлахдаа бэлтгэж байв. Гэтэл "Хятадаас хэдэн тэрбумын үнэтэй нүүрс оруулж ирэх нь" гэдэг цуурхал цахим сүлжээгээр түгэж эхэлсэн. Харин Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 52 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үнэндээ бүтээн байгуулалт гээд нэрлэчих ч зүйлгүй төсөл болж орхиж. Гүйцэтгэсэн компанийн нэг "Кэй минералс солюшн" ХХК-ийн захирал Ж.Азжаргал бол Ж.Золжаргалын дүү бөгөөд тухайн үед гишүүн өөрөө зөвлөх инженерээр нь ажиллаж байжээ.
Ийм процессын дараа Ж.Золжаргал өнөөдөр “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсголыг даргалах гэж байна.
Харин түүнд хүч нэмэх хүнээр "MCS"-ийн гэж овоглогдсоор байдаг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин бий. Н.Учрал Ерөнхий сайд болоод удалгүй Х.Нямбаатарын амбицлаж ирсэн Туулын хурдын замын асуудлаар мэдээлэл сонсох үеэр Д.Энхтүвшинг асуулт асууж байхад байсангүй гэдэг шалтгаанаар Хотын орлогч асан Т.Даваадалайг орон даяар загнасан. "Хотын дарга аа дууд" гэж зандарсан Н.Учралын энэ үгийн дараах маргаанаас үүдэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайг танхимаас чирж гараад, заамдаж унагасан нь олон нийтийн зэмлэл, шүүмжлэлтэй нүүр тулсан юм.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед улс төр дэх нөлөөллийг бэхжүүлэхэд гар, хөл болж буй гэдэг үүднээсээ Д.Энхтүвшинд шүүмжлэлтэй ханддаг.
Харин тэр Н.Учралыг Ерөнхий сайд болсны дараахан ийм авир үйлдэл гаргасан нь сонин үзэгдэл. Оны өмнө, намар Х.Нямбаатар усны хоолой эвдсэн "MCS"-ийн төсөлд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсгэж, шүүхэд хандан нэхэмжлэл гаргахыг үүрэгдэж байв. Хувийн эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг зөрчихийг зөвшөөрөхгүй гэж уурсаж байсан Х.Нямбаатарт шан нь улс төрийн эгзэгтэй цаг үед ирсэн ч байж мэднэ.
Мөн Д.Энхтүвшингийн ахалж буй холбогдох ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар багтсан харагдав.
38-ын талаас буюу Н.Учрал болоод ерөнхийлөгчийн талынхан ажлын хэсэгт орсноос үзвэл Нийслэлийн төсвийн зарцуулалт дээр төвлөрөх үү, улс төрийн талцал хуваагдлын "хонзонгоо" гаргах уу гэдэг өнгө аяс ч цухалзана. Бодвол тэд төө зузаан сценарьтай орж ирэх биз ээ.
Сонсгол даргалагч хийгээд ажлын хэсгийн ахлагчийг харвал "Миний дайсны дайсан бол миний найз" гэдэг үг санаанд бууна.
Харин хоёрхон жил ажиллахдаа нийслэлд хэтэрхий олон төслөөр амбицалсан гэж Х.Нямбаатарыг цоллон шүүмжилж байгаачуудын араар шинэ мэр Б.Пүрэвдагва тэдгээр төслүүдийг хэрэгжүүлж аваад өөрийн нэртэй наах хүслээ дарж чадахгүй гүйж яваа нь үнэн. Мөн нийслэлийн төсвийг Х.Нямбаатар 5.8 их наяд болгосон гэж мөн л цоллогдож буйн ард Б.Пүрэвдагва төсвөө тодотгохдоо танахгүй, эсрэгээрээ 38 тэрбумаар нэмэгдүүлэх гэж байгааг хэн ч анзааран ярихгүй нь гайхам.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тавхай нүүртэй ухралаа ухаа худагаар сонсгол хий түгжилээ
1. Сонсгол хийх нь зөв. Гэхдээ энэ нь үнэхээр төсөв мөнгөний зарцуулалтыг ил болгох ажил уу, эсвэл улс төрийн хонзон тайлах талбар уу гэдэг нь л иргэдэд сонин байна. Баримттай яривал дэмжинэ, жүжиг бол хэрэггүй
Гямбаатарыг өмөөрөх гээд байгаа юм биш. Хотын мөнгө хаашаа орсон, ямар тендер хэнд очсон, ямар ажил бодитоор хийгдсэн бэ гэдгийг л хармаар байна. Харин шалгах хүмүүс нь өөрсдөө ашиг сонирхлын сүүдэргүй байх ёстой
Хотын асуудал бол нэг хүний нэр төрийн хэрүүл биш. Төсөв, тендер, зам, түгжрэл, хөрөнгө оруулалт гээд бүгд иргэдийн амьдралтай холбоотой. Сонсгол нь улс төрийн шоу биш бодит шалгалт байгаасай
Өмнө нь хоорондоо муудалцаж байсан хүмүүс ийм сонсгол дээр орж ирэхээр иргэд шууд л улс төрийн өнцгөөр харна. Тиймээс үнэхээр шударга шалгах гэж байгаа бол баримт, аудит, гэрээ, гүйцэтгэлээ л ил гаргах хэрэгтэй
Нийслэлийн төсөв гэдэг чинь намын мөнгө биш иргэдийн татварын мөнгө. Хэн дарга байх нь дараагийн асуудал. Юунд, хэдийг, ямар компаниар хийлгэсэн бэ гэдгийг л ойлгомжтой гаргаад өг
Tender bolon tusviin asuudal deer hen negnii ner tur bish, irgediin mungunii asuudal yarigdaj baina. Ene mungiig zuv zartsuulsan uu gedgiig l todorhoi bolgoh heregtei
Umnu ni margaldaj yavsan humuus sonsgol udirdahaar ashig sonirhliin zurchil haragdah ni oilgomjtoi. Tiim bolhoor ene udaa iluu tsever, iluu barimttai, iluu shudarga yavah heregtei
Сонсгол нэртэй улс төрийн өс хонзон биш, нийслэлийн мөнгө хаашаа урссаныг баримтаар гаргаарай даа
Хэн хэнийг шүүх нь сонин биш, 5.8 их наядын төсөв яг юунд зарцуулагдсаныг л ард түмэн мэдмээр байна
Нэг нь хотыг самарсан уу, нөгөөдүүл нь хонзон авч байна уу гэдгийг сонсголоор биш баримтаар харуул
Хотын төсөв хэдэн их наядаар өссөн юм бол иргэдийн амьдрал яагаад өссөнгүй вэ
Хэн нь даргалах нь биш, хэн нь үнэн хэлэх вэ гэдэг л чухал байна
Нийслэлийн асуудлыг намын зодоон болгоод дуусгавал энэ сонсгол ямар ч үнэ цэнгүй
Шалгах нэрээр нэг хүнийг намнах гэж байгаа бол тэрийгээ шударга ёс гэж битгий нэрлэ
Нямбаатарын алдааг шалга, гэхдээ оронд нь ирсэн хүмүүсийн ашиг сонирхлыг ч давхар шалга
Үнэхээр шалгах гэж байгаа бол хэн ч байсан хамгаалахгүй, нуухгүй, тохирохгүй байж чад