МАН-ын бүлэг сөрөг хүчний байр суурийг хөсөр хаяж, Ерөнхийлөгчийн зааврыг дагав
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэсэн аж. Ингэхдээ бүлгийн дарга Ж.Батжаргал өмнө нь ярьж байснаасаа тэс хөндлөн шийдвэрүүд танилцуулав.
Тухайлбал, Х.Тэмүүжин нарын гишүүний санаачилсан УИХ-ын дарга нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг дэмжихгүй байхаар тогтжээ. Энэ нь эрх баригч нам өөрсдийн зорьж буй парламентыг төгөлдөржүүлэх үйл ажиллагаанаас ухарсан үйлдэл болов.
Мөн Ерөнхийлөгч дургүйцсэн тул түүний өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг бусад хуулиас тусад нь ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон байна. Эл үйлдэл нь нам бус байх ёстой Ерөнхийлөгч намын хийгээд парламентын үйл ажиллагаа руу хэрхэн гараа сунгаж буйг улам тод харууллаа.
Угтаа бүлгийн дарга Ж.Батжаргал удаа дарааг "Нэг ижил хуулийг сайжруулах гэж байгаа учраас ажлын хэсгийн түвшинд нэгтгэж авч явна" хэмээн танилцуулж, "гацаагаад" байсан юм.
Нөгөө талд сөрөг хүчний голцуу гишүүд холимог тогтолцоор бүрдүүлсэн 126 гишүүнтэй олон намын суудалтай УИХ-ын дарга нам бус байх ёстой гэж үзэж буй. Эрх баригч С.Бямбацогтын нам бус болгох агуулга хөндөгдөж буй уг хуулийг нь дэмжинэ, хариуд нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжээрэй, тал талаас нь нь сайжруулаад явъя гэх хандлагатай гаргасан. Гэхдээ зүтгүүлсэн өөрсдийн зүтгүүлсэн хуулиа парламентын босго давуулсны ард байр сууриасаа ийн холбирчихлоо.
Түүнчлэн чуулганы танхим дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудлыг доошлуулж, УИХ-ын гишүүдийн дээрээс харж, өндрөөс харьцдагийг халах агуулгыг ч мөн дэмжихгүй гэж үзсэн байна.
Товчхондоо, эрх баригч намынхан, тэр дундаа Ж.Батжаргал тэргүүтэй гэгддэг МАН-ын олонх талын гишүүд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн агуулгаас бусдад нь татгалзсан хариуй өгөхөөр саналаа нэгтгэсэн байна. Том зургаар нь харвал, МАН-ын бүлэг сөрөг хүчний байр суурийг хөсөр хаяж, Ерөнхийлөгчийн зааврыг дагасан үйл явц өрнөлөө.
Мөн тус хурлаар, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд олон жил ажилласан бол илүү тэтгэвэр тогтоох, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгах зорилготой хуулийн төсөл юм. Хуулийг шинэчилснээр тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхээр хуульд тусгасан.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц ажил хийж байгаа Ерөнхийлөгчөө шүүмжлэхээ болих хэрэгтэй. Энэ гишүүд бүр ажил хийхгүй зөвхөн шүүмж хэлдэг боллоо доо