УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ганцмод-Гашуунсухайт төмөр замын холболтын цэгийг 1.6 жилийн хугацаанд дуусгана"

УИХ-ын өнөөдөр /2023.07.06/-ийн хуралдаан үргэлжилж байна.

Чуулганаар Монгол Хятадын 1955 оны хилийн хэлэлцээрийн болон гашуунсухайт-Ганцмод хил дамнасан бүтээн байгуулалттай холбоотой хил дамнасан хэлэлцээр болон авах зарим арга хэмжээний талаарх тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Хоёр боомтыг нийлүүлэх ажлыг 7-8 жил ярилаа. Хэзээ холбох вэ. Хэдэн онд ашиглалтад орох вэ. Хэзээ төмөр замаа нийлүүлж дуусах талаараа мэдээлэл өгөөч. Сайн зүйлээ өөрсдөө нааж, шоуддаг. Саар зүйл болвол Ардчилсан нам руу түлхдэг. Засгийн газар нь ажлаа хийхгүй. Тэгсэн атлаа манай намын Ерөнхий сайд байсан хүнийг үргэлжид муулж, түүнд мууг нь наадаг байсан. Зам тээвэр, төмөр замыг үргэлжид хойд хөрштэй нааж байдаг. Хоёр хөршөөсөө байнгын хамааралтай боллоо. Царигийн асуудал хөндөгдсөөр л байна. Өмнө нь барьсан замууд юу болсон бэ. Их ч олон тууз хайчилсан шү. Ашиг орлогогүй зүйл рүү иргэдийн татварын мөнгийг хийсэн. Хэн хариуцлага хүлээх вэ. Би мэдэж байгаа. Гэхдээ олон түмэн сонсох хэрэгтэй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Д.Ганбат гишүүн цар хүрээтэй улстөрч тул геополитикийн асуудлыг ихээхэн хөндлөө. Би геополитик талаас нь хэлж мэдэхгүй байна. Өргөн болон нарийн царигаар хоёр улсын хил рүү холболт хийнэ. ТЭЗҮ ид өрнөж байгаа тул ирэх оны нэгдүгээр шатанд багтааж барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Наймдугаар сард Монгол-Хятадын ажлын хэсэг хуралдана. Нарийвчилсан хэлэлцээрүүдээр хуралдах юм. Зардал нь ТЭЗҮ батлагдсаны дараа тодорхой болно. Гашуунсухайт руу аваачсан төмөр замын үзүүрээс Монгол Улсын хилийн тэг цэг хүртэлх зардлыг манай тал хариуцна. Цаашаа хэсгийг Хятадын талаас хариуцна. Төмөр замын ажлыг "Чайна Энержи" компаниар гүйцэтгүүлэх саналыг хоёр талаас тохирсон. Өнөөдөр энэ шийдвэрийг албажуулна.

Өмнө нь баригдсан Тавантолгой-Гашуунсухайт хоорондын 286 км төмөр замаар нүүрс тээвэрлэлтийн процесс үргэлжилж байгаа. Хил холбогдоогүй болон зүтгүүрийн тоо цөөн байгаа тул бүрэн гүйцэд ашиглаж чадаагүй.

1955 онд Хятад улстай төмөр замын хэлэлцээр байгуулсан. Удахгүй төмөр замын тээвэрлэлтүүд эхэлнэ. Тиймээс уг хэлэлцээрт өөрчлөлт оруулна. Уг хэлэлцээрт зөвхөн Замын-Үүд-Эрээн боомтыг холбосон төмөр замын хэлэлцээр үйлчилж байсан юм. Энэ аравдугаар сард Шивээхүрэн- Сэхээ бомтын хил дамнасан бүтээн байгуулалт дуусна. Үүнээс өмнө хэлэлцээр хийх ёстой. Ганцмод-Гашуунсухайт боомтын хэлэлцээрийг нарийвчлах хэрэгтэй. Ирэх жилдээ багтаж, 2004 оны Хятад болон Монгол хоорондын хил боомтын дэглэмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Ханги-Мандалыг төмөр замын боомт болгох хэлэлэцээрийг хийж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Санхүүжилтийг хэрхэн хийх вэ. Өмнөх оффтейк гэрээний үлдэгдлийн мэдээг дэлгэрэнгүй мэдэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Засгийн газар ярилцсан. Оффтейк гэрээ өгөөж муутай тул зах зээлийн үнээр худалдаалах санал гарсан. Тэг цэг хүртэлх замын санхүүжилтийг "Эрдэнэс Монгол"-ын борлуулалтын орлогоос бэлнээр төлнө. Манай талд хийх төмөр замын байгууламж төвөгтэй. Дунджаар 40 метр өндөртэй хос гүүр барих шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Холболтын төмөр зам эдийн засагт ач холбогдолтой. Эхний барьсан нь үр ашиггүй байгаа. ҮАБЗ-өөр нууцад хамруулсан гэрээнүүд бий. Гэрээ хийсэн хүмүүс шалгагдаж байна. УИХ-аас компани болон хаанаас санхүүжүүлэх зэргийг нэг бүрчлэн заан, дурджээ. УИХ-ын тогтоолоор нэг бүрчлэн заасан байна. Хэр оновчтой тогтоол вэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2004 оны Монгол-Хятадын хил боомтын дэглэмийн гэрээ бий. Авто болон төмөр замын боомтыг тодорхойлсон. Мөн талуудын санамж бичиг байгуулсан юм. 2022 онд Эрдэнэс Тавантолгой болон Чайна Энержи компаниудын хооронд ерөнхий хэлэлцээ байгуулсан. Энэ нь нүүрс тогтвортой худалдаалах санамж бичгийг байгуулсан байдаг. Ингэхдээ УИХ-аар баталгаажуулах юм. Хил дамнасан хэсэгт Хятадын компаниар бариулж буй нь инженерийн нарийвчилсан зураг зуруулах шаардлагатай, хоёр улсын хилийн болон бусад байгууллагаас олон зөвшөөрөл гарч ирэх шаардлагатай гэх мэт олон асуудлын улмаас Чайна Энержигээр бариулахаар болсон. Төлбөрийг оффтейк бус борлуулсан нүүрснийхээ зардлаас бэлэн төлбөр хийнэ шийдвэрлэнэ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас нээлттэй тендер зарлаж, компаниа сонгосон.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2014 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих тогтоол гарсан. 2019 онд Гашуунсухайтын төмөр зам хууль бусаар, өргөн царигтайгаар эхэлсэн. УИХ-д энэ асуудал орж чадахгүй тул Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулж, хууль бус зүйлээ нуусан. Үндсэн хуулийн цэц хууль бус зүйлд оролцсон юм. Коксжсон нүүрсийг 600 ам.долларын өртөгтэй байхад хангалттай ашиг олох боломж байлаа. Гэвч царигийн асуудлаас болоод чадаагүй. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын эсрэг шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн асуудлыг яриахгүй байхаас өөр аргагүй. Монгол Улсын эдийн засаг 4-5 дахин нэмэгдэх боломжтой байлаа. Монголын ард түмний эсрэг ажилласан. Нүүрс өнөөдрийн байдлаар 140 ам.доллар болсон. Тэр их хэмжээний ашгийг бид алдлаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Мухар төмөр замыг 1.4 тэрбумаар барьчихаад яагаад ашиглахгүй хэвтүүлээд байгаа юм бэ. ТЭЗҮ дээр яагаад алдаа гарсан юм. Ямар шалгуураар гүйцэтгэгчийг шалгуулах, санхүүжилтийг нь хэрхэхийг шийдэх хэрэгтэй. Хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр зарчмаар нь ажиллах хэрэгтэй байна. Хулгайг өөхшүүлж байгаа мэт шйидлийг УИХ гаргаж болохгүй. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор төмөр замын бүтээн байгуулалтыг түргэвчлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, 1955 оны хэлэлцээртээ тодорхой мэдээлэл оруулах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтынх нь ажил эхлэхээс өмнө холболтын цэг тохирч, зүйл заалтаа сайжруулмаар байна. Санхүүжилт түрүүлж авсан ч хэлэлцээр нь буруу байгаа шүү. Яаралтай шийдэх хэрэгтэй байна. Зөв тооцоолол хиймээр байна. Тиймээс тогтоол гаргая. Зарчмын хувьд дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Холболт хийхэд хэр их мөнгө хэрэгтэй вэ. Өндөржилт нийлэхгүй гэх асуудлыг хөндсөн. Солбилцол нийлэхгүй гэх зүйлийг ч ярьж байсан шүү дээ. Мөн төр бизнесийн байдал руу хэт ороод байгаа юм биш үү. Зах зээлийн дэг жаягт орж байсан үе бий. Гэтэл компаниудын 70-90 хувь нь төрийн өмч боллоо. Хувийн хэвшлээ дэмжмээр байна. Бизнесийг өөрийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй юм биш үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хятадын талтай тохиролцоогүйн улмаас хил холболтын цэг зөрсөн. Хоёр улсын төмөр зам хоёр талдаа зөрсөн юм. Өндөржилт ч зөрсөн. Асуудлыг шийдэхийн тулд өнгөрсөн онд санамж бичиг байгуулсан. ТЭЗҮ 50 хувьтай хийсэн юм. Гол замын урт долоо, салаа замтайгаа нийлвэл 20 орчим км болно. Дунджаар 300 орчим сая ам.долларын зардал гарна гэж тооцоолж байгаа. Ирэх оны нэгдүгээр улиралд Ганцмод-Гашуунсухайт боомтын барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Нэг жилийн хугацаанд хийж дуусгана хэмээн тооцоолж байна. Ханги-Мандалын төмөр замыг санамж бичиг байгуулсан цагт хэдхэн зуун метрийн бүтээн байгуулалт хийгээд ашиглалтад орж дуусах юм. Энэ оны сүүл гэхэд бүхий л ажил цэгцэрч, нэг чигт болно.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хил холболтын цэг тохирсон. Монгол-Хятадын 703 дугаар хилийн тэмдэгтээр нэвтэрч орно. Манайхаас өргөн, цаанаасаа нарийн царигаар орж ирэх юм. Барилга угсралтын ажлыг 1.6 жилийн хугацаанд дуусгана. ТЭЗҮ-ийг компани тодорхойлно. Мөн Хятадын талын компанитай ярилцсанаар жилд 40 орчим сая тонн нүүрсийг экспортлох боломжтой гэх агуулгыг хөндлөө. Үүнээс 20 саяыг нь нэг компанитай, үлдсэнийг нь жижиг компаниудтай экспорт хийнэ. Нэг том нөхцөл тохирсон. Одоогийн байгаа Шивээхүрэн, Гашуунсухайт, Ганцмод, Ханги, Бичигт дээр байгаа квотоос гадна "анлимитэд" байдлаар нүүрсний экспорт хийнэ. Бид аман байдлаар хэлэлцээр хийсэн. Наймдугаар сард баталгаажуулна. Зарж буй нүүрснээ нэг дахин нэмэх боломж бүрдэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "Тамсаг"-аас нефтийн үйлдвэр рүү явах зам тавьж эхэллээ. Ямар эх үүсвэрээр тавьж байгаа вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Алтанширээгийн газрын тос боловсруулах үйлдвэрээс газрын тос дамжуулах хоолойн ажил эхэлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" оффтейк гэрээгээр Норинка компани гүйцэтгэж байгаа. Ингэхдээ технологийн зам шаардлагатай тул түүнийг хийж байна. Тухайн хоёр компанийн дунд хийсэн гэрээний дагуу тус бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Нэмэлтээр мэдээлэхэд Засгийн газраас Сайншандаас Баруун-Урт чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг зарлана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2023 16:09

Наад компани чинь 1 жилийн дотор ашигл�##�танд оруулна. Хөөж гаргаад гуйгаад буцаан сан�##� тавьж ...монголын төр засгийн нүүр царай

Холбоотой мэдээ

Back to top button