Нүүрсний хулгай ба Хөгжлийн банкны хэрэг: 76 гишүүний 3 нь түдгэлзэж, 1 нь яллагдахаар болов

Хаврын ээлжит чуулган энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлсэн байдаг. Нийт 114 хоногийн турш үргэлжилсний эцэст ийнхүү өнөөдөр хуралдаж, чуулган хаах гэж буй.
Нүүрсний болон Хөгжлийн банкны гэх тодотголтой томоохон хэргүүд үүссэн нь хаврын чуулганы үеэрх онцлох зүйлсийн нэг байв. Улмаар гурван гишүүн замаасаа буцаж, дөрөв нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон юм. Харин нүүрсний гэх хэргээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ.
Нүүрсний хэрэг ба УИХ-ын гишүүд
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт хамруулан 50 хүнийг шалгаснаас эхний ээлжинд 17 нэрийг ил болгож байлаа. 17 нэрийг ЭТТ ХК-ийн захирал асан Х.Ганхуягийн мэдүүлгэд үндэслэж зарласан гэдэг.
Анхны 50 дотор төрийн алба болон төрийн өмчит компаниуд ажиллаж байсан МАН-ын гишүүн олон бий. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд үүнээс ч илүү байгаа гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар удаа дараа сануулж байлаа.
Тэргүүн нүүрнийхэн: Тодорхой гурав багтана. Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн байж байгаад бүрэн эрхээсээ түдгэлзсэн хүмүүс нэрлэгдэнэ. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гурав. Өдгөө Т.Аюурсайханых шүүх рүү шилжсэн ч, товыг тогтоогоогүй байна.
Хэргээ шалгуулагсад: Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, А.Адъяасүрэн нар багтна. Тэд хуулийн байгууллагад шалгуулж байгаа ч одоо ч таг чиг. Прокурорын байгууллагын шатанд гацаад байгаа гэж хэлж болно.
Сугарагсад: Дээрх нэр бүхий гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгч явсан удаатай. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэрэг прокурорын байгууллагад шилжиж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шатанд парламентын гишүүд нь аваад үлдчихсэн. Шалгуулсан хэвээр ч нам гүм. Харин нөгөө гурав нь АТГ-ын шатнаас нэрээ сугалаад "буруугүй" хэмээгдэцгээсэн билээ.
Алсын зайнаас ажигсад: Эл бүлэгт сайд нар голдуу хамаарна. Нүүрсний хэргийн дуулиан эхлэх үед хардлагад өртөж басхүү цоллогдож байсан Засгийн газрын гишүүд энэ бүлэгт багтана. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн сайд С.Бямбацогт зэргээр хөвөрч байв.
Соёлын сайд Ч.Номингийн аав “Тэвшийн нүүрс” ХХК Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 877.4 га талбайтай “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг үргэлж дагадаг цол нь "Хотгор шанага"-ын уурхай. Түүний Ч.Гантулга, Ч.Гансүх гэсэн ах нар “Хотгор шанага” ХХК-ийн хамтрагч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэйгээ одоо ч “Шанага транс” ХХК-ийг эзэмшдэг.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн сонгуулийн хандивт “Энержи ресурс” ХХК-ийн захирал Готовын Батцэнгэл багтаж байв. Эл компанийг нүүрсэнд хамаатуулахгүй байх үндэслэл байхгүй.
Цаашлаад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ болон Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий “Нью прогресс” группийн охин компаниуд асуудал гэхчлэн нүүрсний хулгайтай холбон зарим хэвлэлүүд бичиж байв.
Гэхдээ сайд нарын хэн нь ч нүүрсний хулгайн хэрэгт огт хамран шалгагдаагүй гэдгийг онцлон тэмдэглэе. Харин Засгийн газар нь шүгэл үлээгч болчихсон. Тэд бол шүгэл үлээгч Засгийн газрын гишүүдийн төлөөлөл.
Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын нэг гишүүнийг гэм буруутай хэмээн үзэв
"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 46 хоног болж, зургаадугаар сарын 21-нд дууссан.
Нэр холбогдсон дөрвөн улстөрч бий. Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг болон Г.Амартүвшин нар юм. Тэгвэл шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүд дундаас ганц Ё.Баатарбилэгийг л гэм буруутай гэж үзсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгасан юм.
“НВЦ" компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж үзсэн.
Шүүхээс 32 хүнийг Хөгжлийн банкийг хохироосон хүмүүсийн нэг ийн УИХ-ын гишүүн болов. Тэгвэл чуулган хаах эл өдөр Хөгжлийн банкны хэргээр хэнд хэдэн жилийн ял оноов, хэнийг торгох ялаар шийтгэх шийдвэр гаргасан талаарх дүгнэлтээ танилцуулах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкны �##�бан туша�##�ын хэргүүдийн дийлэнхийг нь хэрэгсэхгүй болгож энтэр Монголын шүүх бүтэхгүй ээ
Нүүрсний хулгай бол том акулын хэрэг учир зундаа зугтаах нь зугтаасны дараа сонсгол хиймэр аядана