Сэрэмжлүүлэг: Туул, Сэлбэ, Улиастайн голууд аюулгүйн түвшнээ 4-7 см-ээр давлаа

Туул голын усны түвшин өнөө өглөөний байдлаар таван см нэмэгдэж хоносон байна. Энэ талаар Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлэл гаргалаа.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнө Тэрэлж орчмоор усны түвшин 30 см нэмэгдэн, хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг даваад байна хэмээн мэдээлсэн юм.
Түүнчлэн Туул голын үерийн түвшин 50 см давж, аюултай түвшинд хүрэхэд таван см үлдээд байсан билээ. Улмаар Туул голын усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байгаа хэмээж байсан юм.
Тэгвэл өглөөний буюу долоодугаар сарын 7-ны өдрийн 08.00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай байгаа ажээ. Гэсэн хэдий ч өчигдрийн 20 цагийн ажиглалттай харьцуулахад усны түвшин 5-8 см буурсан байна.
Тодруулбал, Сэлбэ-Санзай орчмоор өнгөрсөн шөнөтэй харьцуулахад таван см буурсан ч үерийн аюултай түвшнээс зургаан см даваад буй.
Харин Сэлбэ-Дамбадаржаа орчмоор урьд шөнөтэй харьцуулахад усны түвшин найман см буурсан хэдий ч үерийн аюултай түвшнээс 11 см давсан байна.
Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш найман см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг таван см даван хүчтэй үерлэж байна. Тус голын түвшин Улаанбаатар хот орчмоор дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байгаа юм. Хэрэв усны түвшин нэмэгдвэл үерийн аюултай түвшнээс 10 см давах билээ.
Түүнчлэн Улиастайн гол өчигдрийн 20 цагийн байдлаарх хэмжилттэй харьцуулахад хэвийн байга боловч үерийн аюултай түвшнээс гурван см нэмэгдсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.