Б.Зоригт: Шал угаахдаа ч сонсоно. Цохивор хөгжим намайг их урлагт хөтөлсөн

2021 онд шүү дээ, Монгол Улсын Консерваторын газарт хууль зөрчиж, байшин барих нь гэдэг асуудал дэгдэж байлаа. Тэр үед Б.Зоригт багшийн цохивор хөгжимд суралцаж буй шавь нар барилга барихаар хашаалсан хашааг “бөмбөрдсөн”. Энэ бичлэг сошиал сүлжээнд маш хүчтэй түгсэн. Тэр хашаанаас нүргэлсэн “бөмбөр”-ийн нүргээн Консерваторыг газартайгаа үлдэхэд асар том нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог.
Сүүлд морин хуурч Д.Шинэцог-Генийн тоглолтод Б.Зоригт багш яруу хэнгэрэг тоглож байлаа. Чин сэтгэлтэй, мэргэжилдээ эзэн болсон яруу дүрээр тэр хүүхэд шиг хөнгөн шингэн тоглосон. 2008 оноос хойш тэр зөвхөн цохивор хөгжмийн шавь нараасаа бүрдсэн “Найруулга” тоглолтыг хийж байгаа. Томоохон зохиолуудыг цохивор хөгжмийн найралд зориулж найруулдаг. Хараад байхад, хэн хүний анхаарлыг татахааргүй цохивор хөгжмийн зэмсгийн увдисыг олон нийтийн хараанд өрттөл нь гаргаж ирдэг, тэр дундаа хүүхдүүдийг, олныг хамарсан найруулгад хүч хаядаг хөдөлмөр нь хэзээ нэгэн цагт ярилцаж үзэх сэн гэсэн хүслийг өдөөж байлаа.
1978 онд Казахстаны Хөгжмийн их сургуульд суралцаж, Алма-Ата хотын симфони найрал хөгжимд гурван жил ажиллаад, эх орондоо ирснээсээ хойш тасралтгүй 40 жил Монгол Улсын Консерваторид багшлахын сацуу Монгол Улсын филармонид хөгжимчнөөр ажилласан Б.Зоригтыг тантай уулзуулж байна.
Түүний цохивор хөгжмийн найралд зориулж найруулсан бүтээлүүд бүхий "Sharav & Jantsannorov" цомог биет болон цахим 37 дэлгүүр, стрийминг платформуудаар худалдаанд гараад байгаа юм.

-Бид наадмын өмнө ярилцаж таарлаа. Нээрэн, наадмын нээлтийн тоглолтод цохивор хөгжмийн зэмсгийг тоглуулж байсан удаа бий юү. Танаас эхлээд энэ мэргэжил тойрсон нөхцөл байдлуудыг сайхан асууж авмаар байна.
-Энэ жилийн хувьд бидэнд санал тавиагүй. Эргээд санахад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын нээлтэд хоёр удаа оролцсон юм байна. 2015 онд 400 бөмбөрчин тоглуулсан. Ийм тооны бөмбөрчин тоглосон нь бас Монголд анх удаа юм. ЕБС-ийн хүүхдүүдийг сарын дотор бэлтгэх гэдэг нүсэр ажил.
Харин Соёлын төв өргөөний хүндэтгэлийн тоглолтод бараг найман удаа оролцсон байх. Мөн 2014 онд, Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 375 жилийн ойд зориулж, 375 хүүхэд чулуун царгил хөгжим тоглосон. Энэ мэт арга хэмжээ, ёслолын үйл ажиллагаанд олон хүүхэд бэлтгэж тоглуулсан удаа цөөнгүй.
-Би сайн мэдэхгүй юм л даа. Манай филармони нийт хэдэн хөгжимчинтэй, тэдний хэд нь цохивор хөгжмийн хүмүүс байдаг юм бэ?
-Филармони дотроо гурван хамтлагтай шүү дээ. Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баянмонгол” жазз оркестр. Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тав байх ёстой. Одоохондоо гурав байна. Морин хуурын чуулгад хоёр, “Баянмонгол”-д нэг бөмбөрчин байна. Ингэхээр филармонид зургаан хүн байна.
-Зургаан орон тоо юу, хөгжимчин үү. Хоорондоо шилжээд явах уу?
-Шилжихгүй, тоглолт давхардах асуудал үүснэ, урсгал чиглэл бас өөр шүү дээ. Морин хуурын чуулга хааяа том бүрэлдэхүүнээр тоглох шаардлага гарахад л бусад хамтлаг найрлаасаа шилжин дайчлагдах тохиолдол гардаг юм.
-Цалин нь хэд байх вэ. Сая гайгүй нэмэгдэх шиг боллоо.
-Хамгийн багадаа сая төгрөг болчихов уу гэж ойлголоо. Гар дээр сая төгрөг авдаг болбол энэ бас том алхам л даа. Саяхан “Энэ цагийн дүр” нэвтрүүлэгт оролцох үеэрээ цохивор хөгжим тойрсон эмзэг асуудлыг хөндөж ярьсан. Манай мэргэжил социализмын үед хөдөлмөрийн хүнд нөхцөлтэйд тооцдогддог байлаа. Тийм учраас 20 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг байсан. Үүнийг одоо эргэж харахгүй бол цохивор хөгжимчид биеэрээ, эрүүл мэндээрээ их хохирдог. Чих нь хатуурдаг. Тэр утгаар, нэвтрүүлэгт оролцох үеэрээ цохивор хөгжимчдөд тохиолддог бэрхшээлийг шуудхан хэлээд тавьчихсан.
-Хүмүүст их амархан санагдана л даа. Сонсголын бэрхшээл хүртэл үүсдэг юм байна. Гар яах вэ?
-Гар яах ч үгүй. Сургуулийг нь төгссөн, мэргэжлийн хөгжимчид яаж тогловол гараа эцээхгүйг мэддэг. Авьяастай мөртлөө багшгүй, практикаар сурсан бөмбөрчдийн гар бол ядарна. Тэдний буруу биш л дээ. “Хурд” хамтлагийн бөмбөрчин их авьяастай. Гар нь их ядардаг. Ийм, ийм онцлог бий.
-Нээрэн амьд хөгжмийн хамтлагуудад таны гараар дамжсан шавь нар байдаг уу?
-Хамтлагуудад бий шүү. “Бөртэ” гэж хамтлаг байсан. Миний гарын шавь Б.Ганхөлөг тоглож байлаа. “Алтан ураг” хамтлагийн бөмбөрчин Б.Болортунгалаг мөн миний шавь. “Хөсөгтөн”-д миний шавь Б.Батцэцэг байна.
-Консерваторид цохивор хөгжим сонгон элсэгчид хэр их вэ?
-2008 оноос бид “Найруулга” нэрийн дор том тоглолт хийж эхэлсэн. Зөвхөн цохивор хөгжмийн зэмсгээс бөгөөд сурагч, оюутнуудаас бүрдсэн, Монголын томоохон зохиолчдын бүтээлийг найруулж тоглодог тоглолт. Түүнээс хойш ард түмэнд их хүрсэн байх. Хуучин цохивор хөгжим гэхээр ёочин юм уу, юу юм гэж андуурдаг байсан. Сүүлийн жилүүдэд олон сайн хүүхдүүдээс шилж, сонгож элсүүлэх боломж бүрдсэн гэж болно. Жилдээ хамгийн дээд талдаа гурвыг авдаг. Харин зарим жилд квот өгөхгүй. Улс ямар квот тогтооно, бид түүгээр л сургалтаа явуулахаас аргагүй. Ингэж зарим жилдээ гурвыг, заримдаа нэгийг авахаар боловсон хүчний бодлого гуйвдаг л даа. Замын дундаас шантрах, эрүүл мэндийн асуудлаар буцах асуудал олон тохиолдоно. Энэ бүгдийг тооцох ёстой. 15 хүүхэд элслээ гэхэд бүх сургалтын 11 жилийн дараа ёстой хоёр, гурав нь л үлддэг байхгүй юү.
-Тийм цөөн үү?
-Маш хэцүү мэргэжил. Чи сая цалин мөнгө асуулаа. Хүүхдүүд харж л байгаа шүү дээ. Өөр ажил хийвэл өөр боломж нөхцөлөөр амьдарна гэдгийг том болох хэрээр харьцуулж, харна. Тэгээд мэргэжлээ өөрчлөх нь өөрчилнө, хүн юм чинь сонголт хийнэ шүү дээ.
-Үнэнчээр үлдсэн шавь нараа ажиглаад байхад юу гол хүчин зүйл нь болсон харагддаг вэ?
-Симфони найрал хөгжмөөр жишээ татаж ярья. Бид дэлхийн суутнуудын сор бүтээлийг хөгжимддөг. Тэр гайхамшигтай бүтээлийг өөрийн биеэр хөгжимдөнө, найрал хөгжмийн нэг хэсэг байна гэдэг юутай ч зүйрлэшгүй оюуны ундаа. Энэ өөрөө маш том хүчин зүйл болно. Их урлаг гэдэг юмыг ойлгоно, мэдэрнэ гэдэг ахуй амьдрал ямар байхаас огт шалтгаалахгүйгээр өдөөж өгдөг зүйл. Их урлагт томоохон сонгодог бүтээлүүдээс эхлээд агуу З.Хангал, Л.Мөрдорж, Г.Дарамзагд нарын зохиосон нийтийн дуу ч орно шүү дээ.
Саяхан “Сайн уу, сайн аа” нэвтрүүлэг үзэж суулаа. Нэг эмэгтэй орж ирээд “Магнаг цэнхэр дэлхий”-г дуулахад л амьдралын утга учир тайлагдчихаж байгаа байхгүй юү. “Ийм бүтээлийг хүн бүтээдэг юм байна шүү дээ” гээд л. Мэргэжилдээ үнэнч байх гэхээс илүү, “Энэ мэргэжил өөрөө асар чухал юм байна. Хүний оюунаар бүтсэн бүтээлийг бид мэдэрдэг, тоглодог юм байна” гэдгийг ойлгуулдаг гэж хэлмээр санагдаж байна.
Нэг удаа шавь нарын дунд гар утасны үнэтэй, үнэгүйн ялгаварлал үүсэхгүй юү. Нэг хүүхэд түүнээс болоод “Шинэ гар утас авч өг” гэж ээж, аавдаа хэлж. Би хэлдэг л дээ, “Оюуны баялгийг чухалчил аа” гэж. “Багш нь лав үнэтэй машин унах хүсэлгүй, бараг унадаг дугуй унах гээд байгаа шүү” гэж тоглоом, шоглоомын дундуур хэлдэг. Их урлаг, их хөгжмийн агуу сайхныг мэдрээд л бид бага мөнгөөр амьдарч сурах гэдэг лоозонд дуртай болчихдог улс л даа.
-Их урлаг гэхээр агуу хөгжмийн зохиолчдыг ч юм уу, эсвэл найралд хүчтэй жин дардаг нийтлэг хөгжмийн зэмсгүүдийг холбож ойлгох нь их байх аа. Уг нь найрал хөгжимд цохивор хөгжмийн үүрэг гайхалтай юм билээ. Ялангуяа симфониос яруу хэнгэргийг нь аваад хаячихвал ямар ч амь сүнсгүй болчихоор.
-Агуу В.А.Моцарт, Л.В.Бэтховэний үед өнөө цагийнх шиг олон цохивор хөгжим байгаагүй ч яруу хэнгэрэг гэдэг хөгжим голлох үүрэг гүйцэтгэдэг байсан. Энэ бол хөглөдөг бөмбөр гэсэн үг. Монголд ирсэн солонгос гаралтай америк удирдаач долдугаар сарын 1-ний үймээний өмнөх өдөр Л.В.Бэтховэний алдарт долдугаар симфонийг эгшиглүүлсэн. Тэр хүн “Энэ симфонийн амин сүнс бол яруу хэнгэрэг юм” гэж хэлсэн байдаг.
Өнөө цагт бол 40 орчим цохивор хөгжим хэрэглэгдэж байна. Найрал хөгжимд их хэнгэрэг, харанга, хавсардаг цан, өлгөдөг цан гэх мэт олон хөгжим өөр өөрийн үүргээ гүйцэтгэнэ. Тус тусдаа их онцгой, орлуулшгүй үнэ цэнтэй.
Найрал хөгжмийн концейртмейстр ихэнхдээ нэгдүгээр хийлийн хүн байдаг. Харин миний сурч байсан Казахстаны Алма-Ата хотын найрал хөгжимд, багш маань оркестрийн концейртмейстр хийдэг байсан. Энэ бол бас л сонин тохиолдол шүү. Цохивор хөгжим хамгийн ард байрладаг хэдий ч зэрэглэлээр сүүлийнх гэсэн үг биш. Агуу Ж.Чулуун “Цохивор хөгжим бол оркестрийн зүрх” гэж тодорхой хэлсэн нь бий. Хүн өөрөө өөрийнхөө мэргэжлийг хэтэрхий дэврүүлж ярих нь тааламжтай бус учраас ийм хэмжээнд л хэлье. Дуурьслыг хүчирхэгжүүлж байгаа том хүчин зүйл бол цохивор.
-Долдугаар сарын 1-ний урд өдөр Л.В.Бэтховэний долдугаар симфонийн яруу хэнгэргийг та тоглосон уу?
-Тэгсэн. УДЭТ-ийн тайзнаа тоглоод, үймээн гарчихсан болохоор хөгжмүүдээ явган зөөж филармони руу оруулж байлаа (Инээв).

-Та ер нь хэдэн оноос хойш багшилж байгаа билээ?
-1985 онд Казахстанд төгсөж ирээд л багшилсан. Миний үед онол, практиктийн хослолыг их чухалчилдаг байсан. Багшлахын зэрэгцээ филармонид тоглож ирсэн маань их том үнэт зүйл болж үлджээ.
-Хараад байхад та нэгдэж нийлсэн, хамтын хүчийг үзүүлсэн тийм ажлыг их санаачилж, зохион байгуулах юм аа. Ялангуяа хүүхдүүд рүү чиглэж. Эндээс юуг олж харсан юм бэ?
-Нийгэмдээ энэ хөгжмийн үнэ цэнийг ойлгуулах олон жилийн мөрөөдөл надад бий л дээ. 2008 оноос хойш жил бүр “Найрамдал” тоглолтоо хийж байна. Цар тахлын хоёр жил тасарсан. Алдсанаа хөөж гүйцээд, нийтдээ 15 жил тасралтгүй тоглочихлоо. Ерөөс цаад утга нь, дэлхийн хэмжээний сор бүтээлүүдийг өндөр хэмжээнд хөгжимдөх, нөгөө талаар бидний хөгжимддөг хөгжим хүнд их ойрхон гэдгийг ойлгуулах юм. Тийм ойрхон хөгжим мөртлөө суутнуудыг хөгжимдөөд байна. Тэр утгаараа суутан, суутны бүтээл гэж юу юм гэдгийг ард түмэнд ойлгуулах их том гүүр болдог.
Өөрөөр хэлбэл цохивор хөгжмөө өнөө цагт Монголын нийгэмд дутагдаад байгаа соён гэгээрүүлэх ажилтай холбох алсын мөрөөдөлтэй. Хүүхдийг хөгжмөөр соён гэгээрүүлье гэвэл асар том зэмсэг нь бид. Хүүхдүүдэд асар их ойр хүрч чаддаг байхгүй юү.
-Нээрэн хүүхдэд их ойр буух юм байна.
-Маш ойрхон. Хүүхэд шууд симфони сонсож чадахгүй. Харин манай хөгжим гүүр нь болж байгаа юм. Гуравдугаар ангид англи хэл заана, заахгүй гэж улс даяар маргалддагаас дутахгүй том зүйл гэж бодож явдаг.
-Та өөрөө яаж яваад цохивор хөгжмийн хүн болсон юм бэ. Санамсаргүй тохиолдол уу?
-Санамсаргүй. Манайх олон хүүхэдтэй айл. Хүүгээ зовлонгүй хоолоо олж иддэг болог гээд л ээж маань намайг анх аваачиж шалгуулсан байгаа юм. Гэтэл юун зовлонгүй хоол олж идэх, түүнээс хэд дахин давсан, оюуны асар том хөдөлмөрт хөтөлж оруулж дээ.
-Хүүхэд байхдаа нүддэг, тогшдог сонсгол мэдрэгдэж байгаагүй юү?
-Үгүй. Их санаандгүй тохиолдол юм даа.
-Шал дэмий ч юм руу оров уу гэж бодогдож байсан уу?
-Яалаа гэж. Миний амьдралын зам мөрийг тэр чигт нь чиглүүлсэн зүйл шүү дээ. Энэ сургуульд санаандгүй тохиолдлоор орсон ч их урлагийн хаалгыг татаж гэдгээ үнэхээр сүүлд мэдсэн.
-Сүүлд гэдэг нь?
-Сургуулиа улаан дипломтой төгсөж, 1978 онд Казахстаны хөгжмийн их сургуульд явсан. Дээд сургуульд очиж, их симфони найрал хөгжимд биеэрээ ажиллаад ирэхэд ерөөсөө миний гол зорилго дэлхийн бүх суутнуудын бүтээлийг сонсох болж хувирсан. Шалаа угааж байхдаа ч сонсоно, бүхнийг хийж байхдаа сонсоно. Миний пянзны цуглуулга хэмжээгээрээ Монголд хоёрт ордог. Алмазан зүүтэй минийх шиг пянз тоглуулагч Монголд бас ховор. Мэргэжлээрээ дамжуулж би ийм хоббитой болсон. Санаандгүй сонгосон мэргэжил минь ийм том юм руу оруулсан байгаа байхгүй юу.
-Пянзны цуглуулгад нь ихэвчлэн сонгодгууд бий юү. Та хамгийн ховор, үнэ цэнтэй пянзнуудаа бас сонирхуулаач?
-Сэргэн мандалтын үеийн хөгжмийн зохиолчдын нэр ус тодорхойгүй байдаг. Араас нь барокко урсгал орж ирдэг. Ингээд л бароккогийн том төлөөлөгч А.Гендель нарын хөгжмүүд эхнээсээ бий. Бароккогийн дараач болох Венийн сонгодог урсгалын төлөөлөгч В.А.Моцартын симфониуд, Л.В.Бэтховэний есөн симфони есүүлээ. Төгөлдөр хуурын 32 сонат нь бүгдээрээ. С.Рихтерийн тоглосноор ч, Эмиль Гилелсийн тоглосноор ч. Сүүл рүүгээ романтизм, экспрессионизм, импрессионизм руу орж ирнэ. Германы суутан Г.Малерын есөн симфони ч есүүлээ бий. Бүгдийг нь сонссон. Яах вэ, үүгээрээ омогших нь бас зүйн хэрэг байх аа.
-Тэгэхээр таныг зөвхөн цохивор хөгжмийн бус, дэлхийн сонгодог хөгжимд гүн дурлаж, нэвтэрсэн хүн гэж ойлговол илүү зохилтой бололтой.
-Том утгаараа тийм байх. Ерөөсөө л шавь нартаа “Хөгжим гэж чухам юу вэ” гэдгийг мэдэж байж л цаашаа явна гэж хэлдэг. Зарим нь хөгжмөө гарамгай тоглож сурахын араас улайран хөөцөлддөг. Буруу биш. Гэхдээ хөгжмийг ойлгох илүү чухал. Нийт хөгжмийн боловсролыг чухалчлах нь асар их давуу талтай. Үүнийг би өөрөө ч сүүлд нь ойлгосон байх.
-Филармонийн үе үеийн удирдаачтай та бас хамтарч ажилласан байж таарах нь ээ.
-Манай улсад симфони найрал хөгжим үүсээд 100 жил ч болоогүй байна. Монгол Улсын Филармонийг үүсгэн байгуулсан Ц.Намсрайжав гэдэг хүнийг амьд байхад би орж ирж байлаа. Дөрвөн жил хамт ажиллах боломж тохиосон. Энэ хүн симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулаад зогсохгүй, монгол бүтээлүүд төрүүлж гаргахын чухлыг ойлгосон байсан. Дээр үеийн хүмүүс юмыг бэлэнчилдэггүй байж. Удирдаач хийхээс гадна хөгжмөө ч зохиодог байж.
Надад ганцхан л зохиол байдаг. Бодлогоор 2008 онд анх бичиж байсан, сургалтдаа хэрэглэдэг л дээ. Алдарт Л.В.Бэтховэний есдүгээр симфонийг Монголд анх дуугаргасан хүн бол Ч.Намсрайжав гуай. Яг намайг төгсөж ирсэн жил тоглож байсан.
Энэ хооронд боловсон хүчний чадавх тэнгэр газар шиг зөрүүтэй болсон. Гадаадын ямар ч удирдаач ирээд дохисон бүрэн хэмжээнд тоглох чадвартай, чансаатай болсон. Харин хөгжмийн зохиолчид төрийн бодлогогүй явсны хар гайгаар гэх үү дээ, цөөрч байна. Э.Чойдог, Ж.Чулуун, Ч.Намсрайжав, тэднийг залгаад Б.Шарав, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, З.Хангал, Х.Билэгжаргал нар орж ирнэ ээ дээ. Харин тэднийг залгаад хэлье гэхээр саараад ирж байгаа юм. Агуу Б.Шаравыг заавал дурдах хэрэгтэй. Түүний бичсэн хоёрдугаар симфонийн цаадах монгол хүний сэтгэлгээ, үүх түүхийн үнэ цэн гэдэг гайхамшигтай. Хоёрдугаар симфонийг бичих хэмжээнд Монголын сонгодог урлаг хөгжсөн гэдэг бол дэлхийд гайхуулах зүйл мөн.
-Та Б.Шарав гуайтай хамтарч ажиллаж үзсэн үү?
-Үзсэн, олон жил.
-Ямар хүн байсан бэ?
-Асар энгийн мөртлөө ихэмсэг. Хүн тийм агуу бүтээл бичихээр дагаад ихэмсэг байхаас өөр ямар ч гарцгүй шүү дээ. Асар гоё ихэмсэг. Олон бүтээлийнх нь анхны тоглогч би. Ерөөс гайхамшигтай хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байсан гэж хэлж болохоор санагдаж байна. Агуу З.Хангал байна. Морин хуурын концертыг нь гэрт нь очиж, дэргэд нь суугаад буулгаж байлаа. Түүхэн олон үйл явдлын гэрч болж дээ.
-Морин хуурч Д.Шинэцог-Генийн тоглолтыг та гайхалтай чимж байсан. Тэр үеэр З.Хангалын чухам тэр морин хуурын концертыг тогложээ. Танд салбартай холбоотой өөр эмзэглэл юу байдаг вэ. Төдийгөөс өдийг хүртэл юм юм л үзсэн байх. Төрийн буруу бодлогын хор уршгийг ч амссан байх. Тийм хүнд хэцүү дурсамжууд?
-Филармонид би насаараа ажилласан хөгжимчин. Тэгэхэд надаас түрээс нэхэх жишээтэй.
-Түрээс нэхнэ гэдэг нь?
-Заалны түрээс, лед дэлгэцийн түрээс. Хоёр өдрийн тоглолтын. Үнэгүй тоглуулж байсан удаа бий л дээ. Намар аравдугаар сарын эхээр “Найруулга” тоглолтоо хийнэ, түрээс авна гэдгийг одоо хэлчхээд байгаа. Энэ бол уран бүтээл хийхэд нөлөөлж байгаа том саад, эмзэглэл юм даа. Юм хийх гэж мачийж байгаа хүмүүсийн зам саадгүй байх хэрэгтэй. Оюутан, сурагчдаас бүрдсэн тоглолт хийхэд хэдэн сая төгрөг хэцүү шүү дээ. Эргээд үзэгчдийн цар хүрээ ямар билээ. Нугаршгүй юм шиг харагдаж байгаа боловч цаанаа бол нугарч л байгаа байхгүй юу. Хөдөлмөрлөж байгаа хүнийг сайн хэлдэг нь 90 хувь бол ойлгодоггүй, таашаадаггүй нь 10 хувь. Энэ хэзээ ч дуусахгүй үргэлжлэх жамтай байх. Ер нь хүнийг амьд байхад нь биш нас барсан хойно нь учиргүй магтдаг бол хүний араншин юм шиг. Тийм байх ёстой ч юм болов уу. Уржнангийн газрын тэмцлийг чи мэдэж байгаа. Санаандгүй толгойлогч нь би болчихсон явж байсан. Гэтэл үүгээр маань тухайн үеийн захирлыг үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү намайг хавчиж, хөгжим гаргахгүй гэж одоог хүртэл үйлийг минь үзсэн. Би шарандаа өөрөө 90 сая төгрөг босгож, хөгжим цуглуулсан л даа.
-Та тодруулаач, хөгжим гаргахгүй гэдгийг?
-Сургуулийн хөгжмийн зэмсгийг ашиглаж бизнес хийж байна гэж л. Овор ихтэй хөгжим учраас тэвштэй машин дээр л ачиж гаргана. Нэг талаас сургуулийн хөгжмийг зэмсгийг авч яваад, өөр тайзан дээр угсраад, оюутан сурагчдаасаа бүрдсэн тоглолт хийх нь зарчмын хувьд алдаатай байж болно. Том утгаар нь харахад энэ бол хууль бус гэрээ хийж, газар луйвардах гэж байсныг нь зогсоосны хариуг л авч байгаа хэрэг.
-Консерваторын газрын тэмцэлд бөмбөрийн хүчийг бас олж харсан шүү. Сурагчид хашааг бөмбөрдсөн тэр үйл явдал, тэр бичлэг тэмцэл амжилт олоход маш их нөлөөлсөн гэж бодож явдаг. Тэр хавчлагын эсрэг та өөрөө хувийн хөгжмийн зэмсэгтэй болох мөнгөө яаж босгосон юм бэ?
-“Багшийг нь ингэж хавчаад байна” гээд ярьтал миний АНУ-д байдаг хоёр шавь шууд мөнгө босгох ажлыг санаачилсан шүү. Ямар л гарц байна, түүнийг эрэлхийлье гэж шийдсэн. Тоглолт хийсэн нь тоглолтынхоо орлогоос хандивлаад л, эрвийх дэрвийхээрээ. Би ч мөн өөрөөсөө хэдэн сая төгрөг босгож оруулсан. Одоо тэр хөгжмүүд миний гаражид байж байгаа (Инээв).
-Консерваторын тухай их л юм сонсогддог. Танд ил, далд хэлмээр юм ер нь байна уу?
-Мэдээж. Ялангуяа сүүлийн 3-4 жилд гарсан үзэгдлүүд. Тэр дундаа үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгийн үе бол гамшгийн үе. Над мэтийн шударга хүмүүсийг эрс ялгаварлан гадуурхаж, бүх талаар хавчих жишээтэй. Одоо агаар арай л зөөлөрч байна. Юугаа ч мэдэхгүй хүмүүс биднийг захирахаар сургалт эрүүл явах уу. Өөрийнхөө л үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, даалгаврыг биелүүлдэг хүмүүсээр хүрээлүүлж, сайхан багш нарыг яаж хавчиж, гаргав. Муухай хар сүүдэртэй үе. Үүнийг аштайхан бичих л хэрэгтэй.

-Та гэр бүлийнхээ хүнтэй яаж танилцаж байв аа. Консерваторид уу?
-Бид хоёр оюутан байхдаа танилцаж, гэр бүл болсон л доо. Өссөн орчин их ойролцоо, ижил. Хуучир хөгжмийн багш П.Мөнгөнцэцэг. Гэр бүл болоод 40 гаруй жил болчихлоо доо. Бас л консерваторын алдартай багш. Хуучир болон цохивор хөгжмийн багш ийн гэр бүл болсон.
-Нэгтгэсэн зүйл нь хөгжим байв уу, хувь хүний зан араншин байв уу?
-Хувь хүний зан араншин нь илүү. Олон хүүхэдтэй айлд өссөн, гүргэр хөдөлмөрч зан чанарууд ижиллсэн л дээ. Ер нь бид залуудаа сурахын төлөө л амьдарч байж шүү дээ. Бидний оюутан нас асар өндөр агуулгатай өнгөрсөн. Тэр утгаараа ч авах ёстой мэдлэгээ сайн авч гэж бодогддог юм. Консерваторид би 40 жил, эхнэр маань 38 жил ажиллаж байна.
-Мөн хоёр хүү нь ч хөгжмийн амьдралыг сонгожээ?
-Би түрүүнд хэлсэн дээ, шал угааж байхдаа ч хөгжим сонсдог гэж. Хүний ген гэж сонин юм. Том хүү З.Энхмөнх (Kush) хөгжмийг аймаар сонсоно. Ёстой л суутнуудыг “ба, бэ”-гүй мэднэ. Эхийн хэвлийд байхад нь үүсгэсэн орчин гэдэг тэгж дамждаг юм байна л даа. Бага хүү маань ахаасаа 13 насны зөрүүтэй. З.Мөнх-Өлзий хүү маань 12 жил төгөлдөр хуурчаар төгссөн, сүүлд хөгжмийн зохиолчоор бас сурсан.
-Бага хүүгээ хөгжмийн зохиолч болно гэж итгэдэг үү?
-Цаг цагаараа байдаг учраас агуу Б.Шарав, Н.Жанцанноров нарыг залгамжлах хөгжмийн зохиолч төрөх тухай асуудал их том юм. Орчин үеийн хөгжмийн сэтгэлгээ бас өөрчлөгдчихлөө. Дүгнэж хэлэхэд надад ахдах байх л даа. Хүү маань их мэргэжлийн ажиллаж чадаж байгаа.
-Та хүүхдүүддээ хатуу үед нь хатуу ханддаг шиг санагдах юм. Ямар зарчим барьдаг вэ?
-Бид хоёр өөрсдөө амьд жишээ нь байхыг л хичээдэг. Гэртээ ч, нийгэмд ч ямар ажилсаг хүмүүс билээ. Түүгээрээ л өөрсдөөрөө үлгэр дуурайл болъё гэж явж ирсэн.
-Удахгүй 15 жил тасралтгүй зохион байгуулсан “Найруулга” тоглолтын үр шим цомог болж худалдаанд гарах юм байна. Энэ цомог гарах болсон тохиол юу байв аа?
-“Найруулга” тоглолтын хүрээнд бид Монголынхоо бүхий л чухал зохиол, бүтээлүүдийг цохивор хөгжмийн найралд зориулж найруулсан гэхэд болно. Том хүү маань үүнийг өнөө цагт нь цомог болгож үлдээе гэсэн айхтар бодол бодож л дээ. “Хувьсгалын тохироо” аль аль талаар бүрдлээ. 2020 онд бид Б.Шарав, 2021 онд Н.Жанцанноровыг тоглосон. Үүндээ суурилж, маш өндөр зэрэглэлийн бичлэг хийлгэж, Б.Шараваас тав, Н.Жанцанноровоос таван бүтээл сонгосон. Мөн Н.Жанцанноровын “Хулан”, Б.Шаравын “Гэгээн алсад одох юм сан”, “Наадмын дэнж дээр” бүтээлийг сонгож, дүрсжүүллээ. Би дээр үед өөрөө бичих гэж оролдож байсан. Нэг л бэрхшээлтэй байсан юм. Харин орчин үед техник хэрэгсэл ч боловсронгуй боллоо. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, түмнийг бишрүүлсэн, энгийн мөртлөө омогшуулж, ухааруулдаг тэр дүгнэлтийг бүрэн хангасан 10 бүтээлийг “хувьсгалын тохироо” бүрдсэнээр бичүүлж, цомог болгож чадлаа. Монголын чуулга учир Монголын хөгжмийн зохиолчдоороо цомог гаргах нь амин чухал асуудал байсан.
-Нэг дугаарын үнэ цэнийг нь та юу гэж тодорхойлох вэ?
-Ард түмнийг соён гэгээрүүлэх. Гурван минут ч хүрэхгүй хөгжим доторх сэтгэлгээ, агуулга, үнэ цэн хийгээд хөгжимчид нь, хийсэн найруулга нь гэдэг тусдаа маш том агуулга. Сонсож буй хүн бүр нарийн мэдэх боломжгүй ч энэ гурван минутаар хүн сэтгэлийн их ухаарал олж авдаг. Их урлаг гэдэг хүнийг гайхшруулдаг. Нийтийг соён гэгээрүүлэхэд бид ямар нэгэн зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа нь л хамгийн чухал үнэ цэн. Чуулгаар дамжуулж ирээдүйн өсвөр үеэ соён гэгээрүүлэх гэдэг нөгөө амин чухал үнэ цэн энд явж байгаа. Энүүхэн гурван минутын цаадах нөр их хөдөлмөр ч мөн чухал. Асар их зардалтай ч юм байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цаана заавал бодлого байх ёстой нь үүгээр харагдлаа. Хүн захаас нь халширчихмаар ажил юм байна шүү.
-Ойрд та ямар хөгжим их сонсож байна?
-Өчигдөрхөн “Магнаг цэнхэр дэлхий” дууг “Сайн уу, сайн аа” нэвтрүүлгээр сонсоход, урьд нь мэдэж байсан мөртлөө л биширлээ. Зорьж сонсож байгаа гэвэл П.И.Чайковскийн XVII уралдаан байна. Бенжамин Бриттин гэдэг Английн хөгжмийн зохиолчийн асар хэцүү хэллэгтэй хөгжмийг нэг хөгжимчин сонгосон байх юм. “Ийм хөгжмийг ойлгох хэмжээний мэргэжил сонгож” гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа байхгүй юу. “Энэ цагийн дүр” нэвтрүүлэгт зоригтой хэлсэн л дээ. Сонгодог хөгжим гэдэг нийгмийн тодорхой бүлэг хүмүүсийн л хөгжим гээд шууд хэлчихсэн. Гудамж шүүрддэг хүн ч сонсдог, тийм тусдаа давхарга бий гэдгийг хэлсэн хэрэг. Түүнээс баян, ядуугийн юм уу амьдралын боломж нөхцөлийн ялгаа гаргаж хэлсэн үг биш л дээ.
-Энэ бүх хугацаанд юу танд итгэл, урам зориг өгч ирсэн бэ?
-Урлагийн өгдөг мэдрэмж цаанаасаа хүнийг огшуулдаг. Тэр огшилтын цаана хүн болж төрсний үнэ цэн явж байдаг. Ядарсан ч ядраагүй мэт ажилламаар эрч хүч ороод л. Урлаг гэдэг хүнийг ухааруулахаас гадна тэгж эрч хүч бэлэглэдэг юм байна.
-Тэгэхээр ерөөсөө л хөгжим юм даа.
-Хөгжим. Том утгаараа урлаг.
-Таны амьдрал, дотоод ертөнцтэй хамгийн ойр, адилтгая гэвэл их дөхөж очих тийм хөгжим, хэний ямар зохиол вэ?
-Францын сууран Хэктор Бэрлиозын “Уран сэтгэмжийн симфони”. “Миний амьдрал энэ симфонитой яасан ижил юм бэ” гэж бодогдох үе бий. Таван ангитай, анги бүр нь нэртэй. Гурвыг нь цохивор хөгжмийн чуулгаараа тоглосон. 1803-1869 оны хооронд амьдарч байсан романтизмын том төлөөлөгч. “Үдшийн цэнгүүн” гэдэг ангийг нь сонсох нь ээ, нийгэмд асар ганцаардуу мөртлөө соён гэгээрсэн хүн байжээ, тэр. Дөрөвдүгээр анги нь “Цаазын тавцан руу чиглэх жагсаал” нэртэй. Шударга иргэнийг цаазалж байсан түүх олон. Өөрөө амсаагүй ч харсан, мэдэрсэн учраас бичсэн байна. Түүнийг бид тоглож байгаа гээд бод доо. Сонсоод, сонсоод уйдахгүй гэхээсээ улам гүнзгийрч ирдэг, тийм хөгжим. Хүн огшихоороо нэг эхэр татдаг даа. Тэр хэмжээний бүтээл. Тавдугаар ангийнх нь нэр гэхэд л “Шөнийн зүүдэн дэх чөтгөрүүдийн баяр”. Тэгээд л бод. Хөтөлбөрт симфони гэдэг төрөлдөө хамаарч явдаг.
Консерваторид орсон эхний жилүүдэд хаанахын ч юм мэдэхгүй, нэг цуврал кино олж үзсэн юм аа. Энэ симфонийн тухай. Одоо хайгаад олдоггүй, нэрийг нь тогтоож чадаагүй. Тэр бол миний амьдралын хөтөч. Хал үзнэ, халуун чулуу долооно, жаргал зовлонгийн заагийг үзнэ гэдэг юмыг энэ симфони хэлчихсэн. Эн зэрэгцэх бүтээлүүд олон л доо. Харин энэ бол хувь заяа нэгтгэсэн юм шиг хөгжим. Ийм юмыг л хүн бүтээдэг юм байна гэж хэлэхэд хүргэх симфони.
-Амьдралтайгаа тийн зүйрлэж байна гэхээр, ер нь ганцаардуу, бусдаас өөрөөс болж тусгаарлагдсан мэдрэмжүүдийг та залуудаа авч байв уу?
-Айхтар их ганцаардсан гэхээсээ илүү хүүхэд байхдаа их зовлон үзсэн. Маш их зовлон үзсэн. Манай ээж долоон хүү, хоёр охин төрүүлсэн. Олон хүү олон янз хүмүүжилтэй өснө. Том ах нар хулигаан, зодно. Зодуурыг аймаар амссан. Төрсөн ах нараа би муу хэлэхгүй, зовлон үзсэн л гэж хэлнэ. Ах зодож байхад ээж биеэрээ хааж, өөрөө зодуулаад л. Тийм айхтар үе байсан. Шанаа хүртэж өссөн. Нэг талаар тухайн үед гэртээ орохоос айх хэмжээний эмээлт юм. Харин сүүлд амьдралд биеэ даах, бусдаас хамааралгүй амьдрах тал дээр том сургууль болжээ. Хэр баргийн юман дээр нугарахааргүй болж.
Ээжийн сайн сэтгэл гэдэг хүний амьдрал өөдөө явахад маш том хүчин зүйл юм байна. Эхийн сэтгэл гэдгийг бараг л 60 гарсан хойноо гэнэтхэн бодож, ойлгосон. Ээж маань цэцэрлэгийн асрагч, үйлчлэгч. Есөн хүүхдийг тэгж тэжээсэн л байгаа юм. Бид хоёр идээгүй, хоосон хоноогүй. Цэцэрлэгийн хоол буудах гээд очдог байхгүй юу. Зарим үед түгээгч хоол үлдээсэн бол түүнийг иднэ. Хүүхэд байхдаа бол түгээгч их түгээж үү, бага түгээж үү гэдгийг мэдэхгүй. Харин ээж бол хоол авчирч өгнө. 60 гарсан хойноо, өөрийнхөө идэх хоолыг олон удаа өгч байж гэдгийг ухаарлаа. Бүр хэдэн зуун удаа өгсөн байна. Ийм зүйлс л амьдралыг утга төгөлдөр болгож байна.
-Хөгжмөөр явсан өөр хүн бий юү?
-Гэр бүл дотроо би ганцаараа.
-Ээж нь яагаад ч юм таныг санаандгүй тохиолдлоор хөгжимд тэгж холбосноор, хөгжмийн нэгэн бүхэл гэр бүлийг бий болгожээ. Ээжид нь ер далд нууцхан хөгжмийн сонирхол байсан болов уу?
-Үгүй. Тийм сонин тохиол юм билээ.
Н.Жанцанноровын "Хулан" зохиолыг цохивор хөгжмийн найралд зориулан найруулсан хувилбар, клип.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр мундаг багш шүү. Миний охины багш таниар бид нар бахархадаг, хүндэлдэг шүү. ЗОРИГТ багшдаа хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Ж�##�га довны үзэлтэй юмаа даа ах хүү.
сайн байцгаана уу. ЦОХИВОР ХӨГЖМИЙН НАЙРАЛ ГЭЖ АНХ УДАА ДУУЛЖ СОНСОЖ БАЙНА. Ямар сайхан юмбэ, ТУН ИХЭЭР ТААЛАГДЛАА, МАШИД ТААТАЙ БАЙНА. Цомог бий буй байдаг бол олж авнаа. Баярл�##�аа М. Тэнгисээ, гоё мэдээлэл өгсөнд.
Уншлаа, бас Хуланг сонслоо, үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж чадлаа. Танд баярлав.