СПОРТ

БИЧЛЭГ: Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нар 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлагад ИЙМ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

ДАШТ-ий гурав дахь өдөр манай хоёр тамирчин медаль хүртэн, Монголын багийн медалийн салхийг хагаллаа.

Монгол тамирчдын эхний медалийг Б.Бямбадорж хүртэв

Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, цэргийн ДАШТ-ий хүрэл медальт, “Polend open”, Дмитрий Коркин, “Байгаль опен”, “Монголиа опен” тэмцээний медальт, үндэсийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж Монголын багийн анхны медалийг хүртсэн.
23 хүртэлх насны ДАШТ-д анх удаа зодоглосон Б.Бямбадорж эхний тойргуудад Кыргызстаны Мансур Сыргак-Уулуг 7:2-оор ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ираны Мохаммад Нокходид 6:10-аар ялагдсан. Дагах барилдаанд энэ жил Монголд болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Казахстаны Дархан Ессенгалиг 4:4-өөр, хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны дагестан легионер Мурад Курмагомедовыг 5:2-оор ялав.

23 хүртэлх насны ДАШТ-ээс медаль авсан Монголын хоёр дахь тамирчин (түүнээс өмнө Г.Ганхуяг, 2018 онд) тэрбээр Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь.

М.Лхагвагэрэл ДАШТ-ий хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх боллоо

Б.Бямбадоржийн амжилтыг эрэгтэйчүүдийн125 кг-ын жинд барилдсан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл үргэлжлүүлэв.

Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Тахтийн цом, Дмитрий Коркин, Дмитрий Миндиашвили, “Байгаль опен”, “Монголиа опен” олон улсын тэмцээний хүрэл медальт, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр (12:1) ялсан ч удаах даваанд ОХУ-ын Виталий Голоевт 3:2-оор ялагдсан. Улмаар дагах барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр, Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга, Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг 4:4-өөр яллаа.

Ингэснээр Монгол тамирчин ДАШТ-ий хүнд жинд анх удаа медаль авч байгаа нь гэнэ. “Аварга” дээд сургуулийнхан 20 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдрүүдэд М.Лхагвагэрэл дэлхийн медальтан болж баяр дээр нь баяр нэмлээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button