НИЙГЭМ

Дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музей тодорлоо

Дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музейг онцлон сонгосон талаар “World monuments fund” сангаас өчигдөр албан ёсоор зарлав. Өнөө жил эл шалгаруулалтад пэлхийн 250 гаруй дурсгалт газрыг нэр дэвшүүлжээ. Монголын урлагийн зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей Улаанбаатар хотын түүхэн барилгуудын нэг яах аргагүй мөн.

“American Express болон Stavros Niarchos”, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларыг санхүүжилтээр эдгээр 25 дурсгалт газар соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019 онд Чойжин ламын сүм музейн барилгын нөхцөл байдлын судалгааг хийж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм байна. Энэ хүчин чармайлтыг дэмжиж тус сангаас Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчирч, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа болон олон улсын хамтын ажиллагааг хоёр жилийн турш явуулах болжээ.

Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Г.Лувсанхайдав олноо Чойжин лам хэмээн танигдсан бөгөөд 1904-1908 онд энэхүү сүмийг өөрийнхөө нэрээр нэрлэн, байгуулсан түүхтэй. Сүсэгтэн олны дунд “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын бурхны шашны түүх, соёлын хосгүй үнэт өвийг нэг Чойжин ламын сүм музей 1903 онд уг сүм учир битүүлэг шалтгаанаар шатаж Чойжин лам, эх дагина Сүрэнхорлоо нар өмссөн хувцастайгаа зогсож байжээ.

Лам Лувсанхайдав сахиус буулгах, сүмийн хурал номыг тасралтгүй үргэлжүүлэх шаардлага байсан тул тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нарын зааснаар өнөөгийн музей буй газар сүмийг сэргээн байгуулжээ. Энэ нь Хүрээний хамгийн их мөстлөгтэй догшин газар учир сахиус оршоох тусгай зан үйлд тохиромжтой хэмээн үзсэнээр сүм, орд өргөөг дахин байгуулах ажлыг 1904 оноос эхлүүлсэн байна. Уран барималч Омбо тэргүүтэй 300 гаруй монгол урчууд барьсан бөгөөд тухайн үед Хүрээнд байсан гарын уртай хятад хүмүүсийг ч дайчилсан байна. Уг сүмд нэр өгөх хэрэгтэй болжээ. Лувсанхайдав чойжин Хүрээнд хэрэг шийтгэн сууж байсан манж, монгол сайдуудад 55 өрөө тасалгаа бүхий сүм барьж байгуулснаа дуулган, тэр нөхдөөр уламжлуулан Манжийн хаанаас сүмд нэр хайрлахыг хүсэхэд Бадаргуулт төрийн буюу манж хаан Өршөөлийг хөгжүүлэгч сүм хэмээх нэр шагнажээ. Гэсэн ч энэ сүм ард олны дунд Чойжин ламын гэдгээр алдаршсан байна. 

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button