Top StoriesЯрилцлага

Шашин судлаач С.Дэмбэрэл: Ватикан Төв Ази руу бодлогоо чиглүүлж эхэллээ

Энэ долоо хоногт Ромын Пап Францис манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн ШУС-ийн Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Ромын пап гэж ер нь хэн бэ?

-Юуны өмнө Ромын пап Францисын Монголд хийх гэж буй айлчлалтай холбогдуулан ярилцлага авч буйд баярлалаа.

Шашин судлалын талаарх мэдлэг, мэдээлэл нийгэмд тун чухал ач холбогдолтой. Бид найман тэрбум хүн амтай, даяаршсан, олон янзын шашин шүтлэг бүхий дэлхийд амьдарч байна. Тэр хэрээр Монголчууд бусдын шашин, итгэл үнэмшилд хүлээцтэй, хүндэтгэлтэй, зарим талаар шүүлтүүртэй хандаж сурах хэрэгтэй юм.

Ватиканы хот улсын тэргүүн, Христийн шашны хамгийн олон дагагчтай Католик сүмийн удирдагч Ромын пап Монголд 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд айлчлах гэж байна.

Ромын пап олон улсын тавцанд ихээхэн нэр хүндтэй нэгэн юм. Пап Францис 2013 оны гуравдугаар сарын 13-нд Ромын Католик шашны тэргүүнээр сонгогдсон байдаг. Тэр Аргентиний Буэнос Айрэс хотод төрсөн хүн. Америк тивээс анх удаа Ромын Папаар сонгогдсон онцлогтой. Аргентиний цэргийн дэглэмийн үед хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж танигдсан байдаг. Пап Францис шинжлэх ухааны гол онолууд болох хувьслын онол, их тэсрэлтийн онолыг хүлээн зөвшөөрч, Христийн сургаалтай зөрчилддөггүй гэж үздэг.

Пап Францис католик шашны хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийхэд хичээл зүтгэл гаргаж, дэлхий нийтэд ядуурлыг бууруулах, шашин хоорондын яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг дэмжих, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох талаар санаа тавьж ажилладаг. Тухайлбал католик шашны сүм чуулганыг эмэгтэй хүн удирдахыг дэмждэг. Мөн байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн талаар ихээхэн санаа зовниж, дагалдагч, олон нийтийн анхаарлыг хандуулж байгаа ажиглагддаг.

-Христийн шашин манайд элбэг ч энэ дотроо Католик урсгалд сүсэглэдэг нь хэр олон бэ. Харьцангуй цөөн юм биш үү?

-Үндэсний статистикийн хорооны 2010 болон 2020 оны хүн ам, орон сууцны тооллогыг авч үзвэл, манай иргэдийн 61.4 хувь нь шашин шүтдэг, 38.6 нь ямар нэг шашин шүтдэггүй. Харин шашин шүтлэгтэй иргэдийн дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь буддистууд байна. Манай улсыг ер нь гадаад ертөнцөд бурхны шашинтай гэж үздэг шүү дээ.

Шашин шүтлэгтэй хүмүүсийн 4 орчим хувь нь Христийн шашинтай гэсэн тоо байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж буй христийн шашны олон урсгал чиглэлүүд байдаг. Монголд Христийн шашны Протестант урсгал зонхилдог. Харин Католик шашны 10 орчим сүмд 1500 орчим итгэгчид байна. Ийм цөөн итгэгчтэй боловч тэдний итгэл үнэмшил, сүм чуулганы үйл ажиллагааг дэмжиж Ромын Пап манай улсад айлчилж буй нь анхаарал татна.

Монголд католик шашны 10 орчим сүм, чуулганаас гадна, эрүүл мэнд, соёл, боловсрол (дөрвөн цэцэрлэг, гурван бага сургууль ажиллуулдаг), хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг 35 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж Ромын Пап энэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжихээр ирж буй байх. Харин манай боловсролын тухай ерөнхий хуульд шашны байгууллага цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа явуулах талаар тодорхой заасан зүйл байдаггүй. Мөн төр, сүм хийдийн харилцааны зохицуулалтын талаар эрх мэдэлтнүүдтэй санал бодлоо солилцож, католик сүмээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дэмжихийг хүсэж магадгүй.

-Католик болон Протестант урсгалын ялгааг тодруулахгүй юү?

-Католик болон Протестант урсгалуудын ариун бичээс болох Библи нь бүтэц, агуулгын хувьд ялгаатай. Католик урсгалын библи 73 бүлэгтэй бол протестант урсгалынх 66 бүлэгтэй. Мөн Протестантууд итгэл үнэмшлийн хувьд Библийг чухалчилж үздэг. Протестант урсгалынхан  ертөнцийн эзэн ба итгэгч хүний хооронд ямар нэг дундын зуучлагч, пап ч юм уу, ширээт лам байх ёсгүй гэж үздэг. Зан үйлийн хувьд ч өөр. Католик шашинд долоон ариун зан үйл байдаг бол Протестант урсгалд харьцангуй цөөн. Дээрх хоёр урсгалын там, диваажингийн тухай үзэл нь ч өөр байдаг.

-Манай Христэд итгэгчдийн хувьд энэ ялгаа, заагийг таньж мэдсэний үндсэн дээр урсгалаа сонгох хандлага нь хэр байдаг бол?

-Үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. Иймд шашны итгэл үнэмшлээ нарийн судалж, номлолын онцлог, ялгаа зөрүүг таньж мэдсэний үндсэн дээр сонгож, шийддэг болов уу гэж найдаж байна. Католик шашны хувьд бусдын итгэл үнэмшилд хүндэтгэлтэй ханддаг болсон байх. Өөр шашинтай хүнийг шашиндаа урвуулах гэж ятгадаг, гудамжаар явж байхад нь хоргоодог, үүд хаалгыг нь тогшиж сайн мэдээ түгээдэг байдал Католик урсгалд ажиглагддаггүй.

-Таны сүүлд дурдсан хэлбэрээр шашны итгэл үнэмшлээ сурталчилдаг урсгал нь тэгвэл ихэвчлэн аль нь вэ. Зарим хүн Ромын Пап ирэх зорилгыг үүнтэй холбож ойлгох тал бий байх?

-Католикийн сүм чуулган бусад урсгалаа бодвол цөөн. Католик сүм сүүлийн жилүүдэд бусдын итгэл үнэмшил, үзэл бодолд хүлээцтэй ханддаг, арай аядуу бодлого баримтлах болсон. Харин БНСУ-д үүссэн христийн шашнаас  гаралтай шинэ шашны хөдөлгөөнүүд Монголд олон байна. Тэд “Манай сүм жинхэнэ үнэн номлол сургаалыг номлодог, манай сүмд орвол та сайхан амьдарна”, “Удахгүй дэлхий ертөнц сүйрэх гэж байна”, “Та зөвхөн манай сүмд явснаар аврагдана” гэх мэтээр ухуулж шашиндаа элсүүлж байна. Шинэ шашны хөдөлгөөнтэй Католик урсгалыг андуурч байхыг үгүйсгэхгүй. Олон нийт, залуус шашны тухай мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Монголд шашин судлал гэдэг шинжлэх ухааны салбар хөгжих шаардлагатай байна л даа. Энэ даяаршсан нийгэмд бидэнд шашны тухай үнэн бодитой мэдлэг нэн чухал болоод буй.

-Их Монгол Улсын үед манай улс Ромын Паптай захидлаар харилцаж байсан удаатай. Харин энэ айлчлал бол түүхэндээ анх удаа болж буй явдал. Иймд улс төрийн болон бусад зорилго, ач холбогдол нь анхаарал татна. Нэг талаар яг Католик урсгалын сүсэгтнүүд манай улсад ийм цөөн, нөгөө талаар хоёр хөрш маань шашны тухайд хатуу бодлого баримталдаг нөхцөлд Ромын Пап ямар хэтийн зорилго агуулж байж болох вэ?

-13-р зуунд Монголын эзэнт гүрний үед Ромын Пап өөрийн элч, төлөөлөгчдийг манай хаад руу илгээж байсан түүхтэй. Манай эзэнт гүрэн бусдын шашин соёлд маш хүндэтгэлтэй хандаж байсан. Өнөөдөр ч ардчиллын тулгуур үзэл баримтлалын үүднээсээ энэ хандлагаа гээж болохгүй юм.

Зарим хүмүүс Ромын Пап ирснээр Монгол Улс дэлхий ертөнцөд танигдана, сурталчлагдана гэж ярьж байна. Миний хувьд Монголчууд бид өөрсдөө л Монгол улсаа дэлхийд таниулна. Дэлхийн найман тэрбум хүн амын 1.3 тэрбум хүний нь оюун санааны удирдагч Ромын Папын айлчлал дэлхий дахины сонорыг манай улс руу хандуулах нь мэдээжийн хэрэг.

Түүний айлчлал хоёр зорилготой байх болов уу гэж харж байна.

Нэгдүгээрт, Монголд үйл ажиллагаа явуулж буй Католик шашны сүм хийд, байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, энэ талаар эрх мэдэл бүхий хүмүүстэй яриа хэлэлцээр хийх зорилго агуулж буй болов уу.

Хоёрдугаарт, Улс төрийн зорилго. Түүний Монголд хийх айлчлалын талаар гадаадын судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлээд эхэлсэн байна.

Жишээлбэл, Сингапурын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн судлаач Микель Чамбон энэ талаар нийтлэл бичжээ. Тэрээр Ромын Пап айлчлал нь Ватиканы нөлөөг Азид бэхжүүлэх зорилготой гэж үзэж байна.

Ватикан сүүлийн үед манай хоёр хөрштэй харилцаа холбоогоо сэргээх, уулзалт, хэлэлцээр зохион байгуулах гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтээгүй байна.  Хамгийн сүүлийн жишээ гэхэд, 2022 онд Ромын Пап Казахстан улсад айлчилсан. Энэ үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн Казахстанд байж таарсан. Ватиканы зүгээс Ромын Папыг түүнтэй уулзуулах сонирхлоо илэрхийлэхэд нь татгалзсан байдаг. Мөн БНХАУ шашны асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэж үздэг. БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй Католик шашны сүм хийдийг хятад хүн тэргүүлэх ёстой, гадаадаас үйл ажиллагааг нь удирдаж, санхүүжүүлж болохгүй гэсэн бодлого баримталдаг. Гэтэл Ватиканы уламжлалт ёсоор тухайн улсын сүмд өөрсдийн кардиналаа томилдог байх жишээтэй.

Харин Орос-Украины дайныг Ватикан дэмждэггүй. ОХУ-ын Үнэн алдартны шашны тэргүүнтэй Ватикан холбоо тогтоож, яриа хэлэлцээр хийх хүсэлт тавьсан ч мөн хүлээж аваагүй.

Сүүлийн үед Ватикан Төв Азид чиглэсэн бодлого явуулж байна. Тэгэхээр хил залгаа орнуудад өөрсдийн үйл ажиллагааг бэхжүүлэх сонирхол байна уу гэж харж байна.

Ромын Пап олон улсын тавцанд Ватиканы нөлөө, байр суурийг бэхжүүлэх дипломат бодлого идэвхтэй явуулдаг юм байна. Тэрээр Ромын пап болсноосоо хойш дэлхийн 40 гаруй улсад албан ёсны айлчлал хийж бүс нутаг, улс орнуудын зөрчил, маргааныг намжаах яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож иржээ.

-Ер нь дипломат үйл ажиллагаанд их нөлөөтэй ажилладаг юм байна.

-Тийм. Ватикан ер нь Төв Азид их анхаарлаа хандуулж байна л даа. Өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан  Казакстан, Узбекстан, Киргизстан зэрэг орнууд Исламын шашинтай. Мөн тэдгээр улс оронд цөөн тооны Христийн шашинтай хүмүүс, сүм чуулган бий. Иймд Ватикан Төв Азийн улсуудад Ромын Католик сүмийг таниулах, эрх баригчдад нь шашны асуудалд нээлттэй, уян хатан хандахыг уриалдаг байх. Тийм ч учраас Пап Францис 2022 онд Казахстанд айлчлаад, энэ жил Монголд ирж байгаа юм байна.

Монгол бол уламжлалт Буддын шашинтай орон. Ромын папын айлчлал нь буддын шашин болон христийн шашин хоорондын яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцолыг бий болгох, тэр дундаа католик болон бусад урсгалуудтай ойлголцох, эв нэгдлийг уриалах зорилго агуулж байгаа болов уу гэж харж байна.

-Ватиканы бодлого илүүтэй Төв Ази руу чиглэж байна гэхээр, Ватикан барууны ертөнц даяар сүсэгтнүүдээ алдаж буй дүр зураг байна уу?

-Ер нь Католик шашин Европын түүх, ертөнцийг үзэх үзэл, соёл урлагт  маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Сүүлийн үед Католик шашинтай холбоотой тулгамдсан асуудлуудын нэг бол, итгэгчид нь цөөрөх хандлага ажиглагдах болсон явдал. Сүм хийдүүдийн зарим барилга байгууламж олон нийтийн номын сан ч юм уу, соёл, боловсрол, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төв болон хувирч байгаа үзэгдэл ажиглагддаг. Тиймээс Ватикан Ази, Африк руу бодлогоо чиглүүлж байж болох юм.

-Айлчлалын хүрээнд шашны эв нэгдлийг уриа үгээрээ ч чухалчилж байгаа юм билээ. Манай улс Х Богдоо зарлаж, уламжлалт шашны тэргүүнээ болгож чадвал дэлхийн Буддын шашны төв болох боломжтой гэж ярьж, бичиж байна. Ийм онцлогтой оронд Ромын Пап ирээд олон шашны эв нэгдлийг хэр чухалчлах бол?

-Аливаа улс уламжлалт шашинтай, шашны тэргүүнтэй байдаг. Манай Буддын шашинтнуудын оюун санааны тэргүүн нь яах ч аргагүй Х Богд мөн. Шашин шүтэх эрхийг Үндсэн хуулиар хангасан ардчилсан нийгэмд Х Богд зайлшгүй байх ёстой. Тэгж байж шашны соёл уламжлалыг хадгалах, ёс зүйн хэм хэмжээг тогтоох, хүнлэг энэрэнгүй сургаалыг түгээх, нийгмийн харилцааг зохицуулах зэрэг нийгэмд үзүүлэх эерэг нөлөө, гүйцэтгэх үүрэг роль нь өсөх юм. Монголын оюун санааны ийм удирдагч зайлшгүй шаардлагатай. Энэ шаардлагын дагуу Х Богдыг жам ёсны дагуу тодорч гарч ирж байгаа болов уу гэж харж байгаа.

Монголчуудын дийлэнх нь буддын шашинтай гэж үздэг боловч сүсэгтнүүдийнх нь итгэл үнэмшил нь хэлбэлздэг байдалтай. Тогтмол сүм хийдэд очиж, буддын сургаал номлолыг судлан амьдралдаа хэрэгжүүлдэг нь цөөн. Шүтсэн ч яах вэ, байсан ч яах вэ гэсэн хандлагатай нэлээд байна. Буддын шашинд тууштай, гүн сүсэгтэн нь бага хувийг эзлэх дүр зурагтай. Харин Христийн шашинд итгэл үнэмшилдээ тууштай, гүн итгэгч аажмаар нэмэгдэх хандлага ажиглагддаг. Монголд нэгэнт олон шашин үйл ажиллагаа явуулах болсон болохоор шашин хоорондын харилцаанд яриа хэлэлцээр чухал. Бусад шашны сургаал номлолд хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг болох хэрэгтэй. Иймд хууль эрх зүйн болоод бодлогын түвшинд шашны асуудлыг эрхэлдэг тусгай институц, байгууллагатай болох нь чухал байна.

-Манайд шашин гэдэг зүйлийг сууриар нь сайн ойлгодоггүй. Тэгэхээр  шашинд хяналтаа бид хэр сайн тогтоодог юм. Бид олон шашны асуудалд илүү нээлттэй болох ёстой юу. Эсвэл эсрэгээрээ юу?

-Үндсэн хуулиар бидний шашин шүтэх, эс шүтэх эрх баталгаажсан. Мөн Төр, Сүм хийдийн харилцааны тухай хууль бий. Төр шашны дотоод асуудалд хэт оролцох нь хязгаартай.

Гэхдээ төр-сүм хийдийн харилцааны тухай хуулиар бол,

  • УИХ нь төрөөс сүм хийдтэй харилцах бодлогын үндсийг тодорхойлно
  • Монгол улсын Засгийн газар тэр бодлогыг хэрэгжүүлнэ
  • Монгол улсын Ерөнхийлөгч төр, сүм хийдийн болон шашин хоорондын асуудлыг зохицуулна гэж заасан байдаг.

Харин Төр, сүм хийд, шашин хоорондын харилцааг яг хөрсөн дээрээ бууж хэрэгжүүлэх, зохицуулах, болоод ирэхээр уялдаа холбоог нь хангах нэг тусдаа институт манай улсад хэрэгтэй санагддаг л даа.

Ихэнх улс оронд “Шашны хэрэг эрхлэх газар” гэж байдаг. Тэр институт нь хаана ямар сүм барих, лам санваартны үнэмлэхүй тоо, гадаадын ямар шашинтай харилцаж болох вэ гэдгийг зохицуулж байдаг.

Нөгөө талаар бид шашны талаар хийх шинжлэх ухааны судалгааг эрчимжүүлмээр байна. Хүмүүс өөрсдөө шашинд шинжлэх ухаанч, мэдлэг ойлголттой ханддаг болох хэрэгтэй. Нэгэнт олон янзын шашин байгаа цагт тэдний нийгэмд гүйцэтгэх үүргийг таниулах хүрээнд шашны тухай мэдлэг, ойлголт чухал.

-Та судлаачийн хувьд шашны хэрэг эрхлэх байгууллага байх ёстой гэж үздэг юм байна. Манай нийгэм төр шашны дотоод хэрэгт хэт оролцохыг хүлээн зөвшөөрдөггүй хандлагатай шүү дээ?

-Ардчилсан улсад ч ийм байгууллага бий. АНУ-д л гэхэд Төрийн департаментын дэргэд ийм байгууллага ажилладаг. Ардчилсан нийгмийн үнэт зарчим, Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллаж, төр, сүм хийдийн харилцааны асуудлыг зохицуулж байдаг ийм институц олон. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд шашны асуудал хариуцсан яам, агентлаг хүртэл ажиллуулдаг. Ер нь гадаадын судлаачид Монголын голлох шашныг Бурхны шашин гэж үздэг. Монголын эзэнт гүрний түүхэнд Төр, шашны хос ёсны сургаалыг даган улс орон, ард түмнээ удирдаж байсан уламжлал бий. Аливаа улс оронд ард иргэдийн хүмүүнлэг, ёс суртахуунтай байх, нэг нэгнээ хайрлаж энэрэх асуудлыг шашин номлож ирсэн. Төр бол улс орны тусгаар тогтнолыг хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах, нийгмийн харилцааг хууль цаазаар зохицуулж иржээ. Өөрөөр хэлбэл төр, шашин хамтарч байж улс үндэстэн тогтвортой оршино гэсэн хос ёсны зарчмыг хэрэгжүүлж байсан уламжлалтай.

Шашин хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, хойшид ч чухал үүрэг гүйцэтгэсээр байх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
8 сар 28, 2023 08:54

бурхны шашин гэж юуг хэлж байна вэ.
Бурхан гэж Байдаг шүү.та бол цорын ганц.
Зүгээр л шашин гэдэг ойлголт биш

zochin
zochin
8 сар 28, 2023 12:43

Бид цөөхүүлээ байж ийм олон шашин хэрэггүй байхаа шашны мөргөлдөөн гээч юм гарв�##� яана эрсдэлийг тооцох л хэрэгтэй гэж бодож байна шүү.

Зочин
Зочин
8 сар 28, 2023 13:01
Reply to  zochin

шашны зарим тэргүүн.томчууд .номлогч нар өөрсдөө шашин хоорондын үл эвлэрэл.мөргөлдөөнийг хадг�##�ж байх.бүр дэврээх санаатай ч байдаг юм билээ

Зочин
Зочин
8 сар 29, 2023 09:45

Bodlogo ch gex shig bitgii xetruuleed xiirxeed bai.

Зочин
Зочин
9 сар 2, 2023 09:24

Аливаа шашны зорилго бол уг нь хүн төрөлхтөнийг хэрхэн үхэл , зовлонгоос ангижруулах тухай л асууд�##� юм. Энэ т�##�аар гарг�##�гааг хамгийн сайнаар тусгасан нь Библи судар байдаг ч зөв ойлгохоосоо илүү зүгээр л шашин болгож ирсэн нь өнөөгийн пап ламын тэргүүлдэг Катологи урсг�##� , мөн Сэргэн манд�##�тын үед энэ урсг�##�ыг эсэргүүцэж гарч ирсэн Протестант урсг�##� хоёр юм. Сүүлийн үед энэ хоёр урсг�##�ыг хүн төрөлхтөнийг авр�##�аас нь холдуулан , тархи угаасан , мөнгө олж амьдрах гэж ядсан , үеэ өнгөрөөсөн урсг�##�ууд гэж үзэж байгаа. Гэвч амьдрахын тулд тэд байр сууриа хадг�##�ахын тулд , Библийг зөв ойлгож цагийн жамаар гарч ирсэн шинэ урсг�##�уудыг ихээхэн хавчиж байгаа юм. Гэвч Бурхан амласнаа биелүүлэх нь цаг хугцааны л асууд�##� болсон.
Зүйрлэвэл олон жил төрийн эрх барьсан нам , шинээр байгуулагдаж буй намуудаа дарж авах гэж янз бүрээр оррлддогтой төстэй ч юм шиг. Гэвч энэ бол газрын асууд�##�. Шашин бол тэнгэрийн асууд�##�.
Харин Бурхан �##�ь урсг�##�тай нь хамт байна гэдгээс
Шашины асууд�##� шийдэгддэг. Энд тоо ерөөс хамаа байдаггүй.

Зочи
Зочи
12 сар 5, 2023 14:26

Энэ нөхрийн гэр бүл, хүүхдүүдийн тухай мэдээлэл байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button