Улс төрийн мэдээ

Пап Францис төрийн 3 өндөрлөгтэй юу ярив: “Монгол бол баруун лугаа эрх чөлөөт орон, бас үндэстэн”

Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр тэр шашин хоорондын уулзалт хийж, сүсэгтнүүдийн хамт мөргөлд үйлдэнэ.

Харин өчигдрийн хувьд манай улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан. Пап Францис өөрөө төрийн ч, шашны ч тэргүүн учраас олон талт үйл ажиллагаа явуулдаг. Төрийн тэргүүний хувьд манай улсын удирдагчидтай ямар асуудлаар ярилцаж, хэлэлцсэн талаар тоймлон хүргэе.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нар уулзахдаа,

  • Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх
  • Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх
  • Олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцсан гэж албан мэдээндээ дурдсан байна.

Мөн тэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон.

Дээрхээс харахад, Ерөнхийлөгч, Пап Францис нар байгаль орчны асуудалд ихээхэн санал нэгдсэн. Дараа нь хоёр улсын урт удаан харилцааны түүхийг онцлох, сэргээн дурдах сонирхолтой байлаа. Тэд геополитикийн асуудал ч ярилцсан байна.

Далайд гарцгүй, хүчирхэг хоёр хөршөөр хүрээлэгдсэн манай орны хувьд гуравдагч хөршийн бодлого асар чухал. Пап Францис өөрөө манай хоёр хөрштэй найрсаг харилцаа үүсгэж чадаагүй байгаа. Тийм ч болохоор ОХУ, БНХАУ гэсэн хоёр орны бодлого, нөхцөл байдлын талаар болон манай гадаад бодлогын үзэл баримтлал, ашиг сонирхлын тухай товчхон санал солилцсон болов уу.

Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г.Занданшатар: Айлчлал манай гадаад бодлогын үр дүнг илэрхийлж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Пап Францист бараалхсаны дараа албан мэдээ бүхэлдээ гадаад бодлогод тулгуурлан бичигдсэн байгаа юм.

Өдгөө дэлхий даяар энх тайван, амар амгалан цогцлоох чухал ач холбогдолтой болж байна гэж дурджээ. Улмаар Гэгээн ширээт улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтуудын нэг гэж шууд тэмдэглэсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна” гэж хэлжээ.

Харин Пап Францисын хувьд манай улсыг олон зуун жилийн урт түүхээр нь, бүрэлдэн тогтсон үндэстэн гэдгээр нь онцолж байв. Тэрбээр “Агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь Монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм” гэж хэлжээ.

Мөн сонирхолтой нь, манай ардчилал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн үед дэмжлэг үзүүлж байсанд Гэгээн ширээт улсад талархалтай байдаг гэж Г.Занданшатар дарга хэлсэн нь анхаарал татаж байна.

Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд тулгамдсан асуудалд хүчээ уялдуулах

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пап Францист бараалхсан.

Уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон. Манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Тэд энэхүү түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Мөн хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцжээ. Энэ нь тодорхой асуудлууд дээр байр сууриа нэгтгэнэ гэсэн агуулгатай уншигдаж буй.

Тэмдэглэл:

Дээрхээс харахад, Пап Францисын айлчлалаар дамжуулж манай улс энх тайванч, ногоон хөгжлийг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс гэдэг агуулгаа түлхүү ярьжээ. Мөн энэхүү айлчлалыг гадаад бодлогын чухал үр дүн гэж онцлоод байгаа нь эргээд манай улсын газар зүйн байрлал, геополитикийн  нөхцөл байдалтай холбоотой.

Тун товчоор хэлэхэд, Пап Францисаар дамжуулан манай улсыг барууны ертөнцөд хүлээн зөвшөөрүүлэх, олон тулгуурт гадаад бодлого баримтлах зорилтыг төрийн гурван өндөрлөг баримталж байна.

Үүний дараа, Пап Францисын зүгээс бол биднийг урт удаан хугацааны түүх болон соёл, өв уламлжлалын агуулгаар ихэвчлэн онцолж ярьсныг санууштай. Энэ бол манай улсыг зөвхөн өнөөдрөөр биш түүхээр нь, үндэстэн гэдгээр нь хүлээн зөвшөөрч буй хэрэг. Энэ бол хамгийн том хүндэтгэл юм.

Даяаршиж буй дэлхийд барууны ертөнц чих тавих гадаад бодлогын асуудал яригдахын ялдамд үндэстэн гэдгээрээ Пап Францисаар удаа дараа онцлогдсон нь аль аль талын ашигтай үйл явдал боллоо. Ер нь Пап Францис Монголын түүх, соёлыг ихэд судалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button