Пап Францисын айлчлал: Х Богдыг хүндэтгэж, бусад шашны нөхцөл байдлыг "тандлаа"
О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" шүлгийг эш татаж, Төрийн ордноос алд далам, гүн агуулга бүхий үг уншсан Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисын айлчлал өнөөдөр дуусна.
Тэр төрийн хийгээд шашны тэргүүн учир айлчлалынх нь бодлого, үйл ажиллагааг мөн хоёр салгаж харах бололцоотой.
Иймд манай улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан төрийн тэргүүний хувиарх агуулгыг нь өчигдөр тоймлон мэдээлсэн билээ. "Пап Францис төрийн 3 өндөрлөгтэй юу ярив: “Монгол бол баруун лугаа эрх чөлөөт орон, бас үндэстэн” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
Харин өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны ням гарагт тэрбээр дэлхийн католик шашны тэргүүний хувиар хоёр чухал үйл ажиллагаанд оролцлоо.
Тодруулбал, пап лам Монгол улс дахь шашны тэргүүнүүдийг хүлээн авч уулзсан. Энд Х Богдыг байлцаж, Пап Францистай уулзах болов уу гэсэн хүлээлт үүсээд байв.
"Хүн" театрт болсон уг уулзалтад монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 12 шашны байгууллагын төлөөлөл албан ёсоор оролцлоо. Буддизм, бөө, ислам, эвангел, үнэн алдартан, иудей, хинди зэрэг 12 шашны төлөөлөл болгож үйл ажиллагаа явуулдаг сүм, холбоодын тэргүүн нар тус тусдаа үг хэлсэн.
Харин Монголын бурхны шашинтны тэргүүн Д.Чойжамц хамбаас бусад нь ерөнхийдөө өөрийн шашны номлол сургааль, дэг жаяг, үйл ажиллагаа явуулж буй ерөнхий дүр зургийг Пап Францист тайлагнасан маягтай уншсан нь анхаарал татсан.
Д.Чойжамц хамбын хувьд бол Х Богд тодорсон асуудлыг албан ёсоор мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн уламжлалт шашныхаа тэргүүнийг тодруулсан, одоо шашны үйл ажиллагаа жигдрэх, сэргэх цаг үе ирээд байгаа талаар байр сууриа илэрхийлж амжсан юм.
Түүний хэлсэн үгээс эш татвал,
"Бурхан шашны ном бидний оюун санааны тусгаар байдалд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг билээ. Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурханы шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ.
Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд гэгээн Жавзандамбахутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна".
Үүний дараа Пап Францис Монгол дахь айлчлалынхаа хүрээнд монгол сүсэгтнүүд болон Азийн бусад орноос ирсэн хамба лам, эргэл мөргөлчдийн хамт талархал магтаалын ариун мөргөлийг тэмдэглэсэн.
Энэ мөргөл нь католик шашны хүндэтгэлтэй, өргөн хүрээнд хийдэг, хамгийн том үйл ажиллагаа. Үүнд зориулж, "Пап Францис Ватикан хотыг нүүлгээд иржээ" хэмээн орчуулагч тайлбарласан байдаг.
Тус мөргөлд 3500 гаруй хүн оролцсон. Пап Францис энэ үеэр "Баярлалаа" гэдэг үгийг Кардинал Жорж Маринга бидэнд тайлбарлаж өгсөн нь сонирхолтой. Монголд 1300 гаруй албан ёсны тооллогод хамрагдсан католик шашинтан бий. Харин мөргөлд ийн хоёр дахин их хүн ирсэн нь бүс нутгаас болон бусад улс орнуудаас хүрэлцэн ирсэн сүсэгтнүүд байв.
Тэмдэглэл:
Дипломат үйл ажиллагааны хувьд Пап Францис манай улсыг барууны ертөнцөд хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөт, ардчилсан улс гэсэн байр сууринаас хүлээн зөвшөөрсөн онцлогтой. Энэ үүднээс геополитикийн анхаарал татсан нөхцөл байдлуудад "хүчээ уялдуулж" ажиллана гэдгээ ч мэдэгдсэн юм.
Харин шашны хувьд түүний сүсэгтнүүдтэй уулздаг гэгээн мөргөлийн үйл ажиллагаа нь айлчлал бүрийн хөтөлбөрт багтдаг жам ёсны зүйл.
Гэхдээ шашин хоорондын уулзалтыг санаачлан зохион байгуулсан нь хамгийн анхаарал татам. Монголын урт удаан хугацааны үүх түүхийг ихээхэн судалж ирсэн Пап Францис эрт үед олон шашны зэрэгцэн орших эрх чөлөөг хүндэтгэж байсан монголчуудын суурь үзэл санааг мэддэг нь ойлгомжтой.
Ирээд бусад шашнуудын үндсэн үйл ажиллагаа, нөхцөл байдлыг сонсоод, Х Богд тодорсон болон үндсэн уламжлалт шашин сэргэж буй тухай Д.Чойжамц хамбын үгийг ихээхэн хүндэтгэж хүлээж авав.
Эдгээрээс харахад Пап Францисын хувьд Монголд хийсэн айлчлал нь илүүтэй улс төрийн зорилготой байсан нь харагдаж буй гэлтэй. Угаас 1300 орчим сүсэгтэнтэй улсад айлчлахын урьтал нь таагүй харилцаа бүхий ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрш, тэдэнтэй ойлголцох гэсэн арга хэрэгсэл хэмээн гадаадын судлаач, тоймчид идэвхийлэн бичсэн байдаг.
Харин Х Богд бол мөн нэг талаар улс төр. Манай улсын уламжлалт шашныг хүндэтгэх хийгээд Х Богд тодорсон үйл явдлыг дэмжин хүлээн зөвшөөрөх нь мөн манай улсыг барууны ертөнцөд "өргөж" буй агуулга. Нөгөө талаар БНХАУ-тай үүсгэдэг харилцаанд яг энэ нь бидэнд хамгаалалт, арга хэрэгсэл болно. Гэвчиг илтэд дэмжсэн үг, үйлдэл үзүүлбэл мөн эргээд сөрөг үр дагавартай.
Тийм ч болохоор Пап Францис яг өөрийн амаар Х Богдын тал дээр дуугарсангүй. Харин шашны тэргүүнтэй нь уулзаж, энэ талаар чимээгүй, хүндэтгэн сонслоо.
Айлчлалын үйл ажиллагааг Eguur.mn редакцаас сэтгүүлч М.Тэнгис, гэрэл зурагчин Б.Эрдэнэбаяр нар сурвалжлав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мандан бадраг . үйлс бүхэн нь ариун байж их эрч хүчийг илгээх болтугай . Х богдоо хүндэтгэн з�##�ах сайхан цаг үе удахгүй тохиох буз аа. мэлмий нь гийсэн хурц ухаан , итгэлийг түгээх ариун үйлс нь цэлмэг байж сүсэгтэн олноо , ард иргэдийнхээ амар амаглан ажирхуйг жаргаан цоглоох болтугай . болтугай