Дугаарын хязгаарлалт дуусахад 3 хоног үлдлээ. "Тэг" зогсолтод бэлэн үү, сайд аа

Дахин агаарын бохирдол. Энэ удаад ч агаарын бохирдлыг үргэлжлүүлэн хөндөх гэж байна. Өмнө нь уншигч та бүхэнд агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх энэ өвлийн хамгийн том хийгээд хүлээлт үүсгэж буй шийдэл болох хагас коксон түлшийг олон нийтийн хэрэглээнд гаргах гэж буй талаар мэдээлсэн билээ. /Холбоотой цуврал нийтлэлийг доор хавсаргав./
Тэгвэл агаарын бохирдол хийгээд түгжрэлийн асуудлыг шийдэх нийтийн тээврийн унааны талаар энэ удаад хөндье. Учир нь түгжрэл ч агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна хэмээн эрх баригчид ярьдаг.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор түр хугацаанд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.
Тодруулбал,
- Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд
- Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох юм.
Товчоор бол тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалт дуусахад гурван хоног үлдлээ. Улмаар энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үргэлжлэх юм. Тэгэхээр жил болгоны "хар дарсан" сэдэв болох "тэг" зогсолтын үе айсуй.
-Түгжрэлийн сайдтай болоод нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд тэрбээр ямар санаачилгуудыг гаргав-
Түгжрэлийн сайдтай боллоо хэмээн саяхан л бид ярьцгааж, Хотын дарга, сайд хоёрын хэн нь "том" байх талаар мэтгэлзэж байв. Одоогоос яг нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Түгжрэлийн сайд" гэх эрхэм хүндтэй гуншинг нэрийнхээ өмнө зүүсэн билээ.
Тэрбээр анх эл албан тушаалыг авсныхаа дараагаар хэд хэдэн санаануудыг гаргаж байв. Цухас дурдвал,
- Хотын төвийг А, В, С ангилалд оруулж, хотын төв рүү орохын тулд татвар төлдөг болох
- Хотын төвд байрлах авто зогсоолуудын үнэ төлбөрийг нэмэх
- Бага тойруу орчимд олон давхар авто зогсоол барих
- Торгууль, хураамжаа төлөөгүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
- Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох
- Автобус парк шинэчлэлт хийх
- Шилжин ирэгсдээс төлбөр, татвар авах
- Хотод орон нутгийн дугаартай машин зорчихдоо зам ашигласны төлбөр төлөх
- Олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх
- Нэгдүгээр эгнээгээр зорилтот хүмүүс явна.
Түгжрэлийн сайд албан тушаалаа аваад удаагүй байхдаа сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаараа "Тээврийн хэрэгслийн худалдан авалт нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Нэг өрхөд дунджаар 1.4 автомашин ногдож байна. Нийт автомашин хэрэглэгчдийн дийлэнх нь 30-45 насныхан эзэлдэг. Одоогийн нийт машиныг замын хөдөлгөөнд оролцуулъя гэвэл хоёр дахин их зам шаардлагатай. Тооцоолбол дунджаар 300 орчим тэрбум төгрөг болно. Бид олон нийтийн сэтгэлгээг яаралтай өөрчлөх шаардлагатай. Үгүй бол түгжрэлээс ангижрахгүй" хэмээж байв.
-Түгжрэлийн сайдын анхны төлөвлөгөөнүүдээс хэд нь хэрэгжив-
Түүний анх нэрийдэж байсан зүйлсээс автобус парк шинэчлэлт, авто зогсоолын төлбөрийг нэмэх, цахим гэрчилгээ олгох, зэрэг ажлуудыг хийсэн. Тэр дундаа автобус парк шинэчлэлтийг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа билээ. Бид дараагийн хэсэгт түгжрэлийг бууруулахаар ямар төрлийн тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулах талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нийслэл хотод амьдран суудаг хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд 0.3 саяар нэмэгдэж, 1.5 сая гаруй болж өсжээ. Харин бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 662.6 мянга болж нэмэгдсэн байх жишээтэй. Хүн амын тоо харьцангуй багаар нэмэгдсэн хэдий ч тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Тэгвэл нийслэл хотод амьдарч буй 1.5 сая иргэний 939.1 мянган иргэн буюу 61 хувийг 20-оос дээш насныхан эзэлж байгаа ажээ. Ингээд тооцоолоод үзвэл 20-оос дээш насны гурван иргэн тутмын хоёр нь автомашинтай гэсэн үг юм.
Мөн нийслэлд байгаа нийт машины,
- 82.6 хувь нь даваа
- 80.4 хувь нь мягмар
- 79.4 хувь нь лхагва
- 78.8 хувь нь пүрэв болон баасан гарагт замын хөдөлгөөнд оролцдог байна.
-Автобуснуудын чанар сайжрах ч тоонд нөлөөлөхгүй-
Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобуснуудын тоог 1200-д хүргэнэ хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Ч.Батзориг мэдээлсэн.
Ингэхдээ Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байгаа ажээ. Мөн энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180-ыг оруулж ирнэ хэмээсэн юм.
Тэгвэл дээрх автобус оруулж ирж буйтай холбоотойгоор нийслэлийн Зам тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Хичээл сургууль эхэлж хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор есдүгээр сарын дундуур нийтийн тээврийн хэрэгслийн тоогоо нэмдэг. Парк шинэчлэлтийн хүрээнд орж ирж буй автобуснууд нэмэлтээр үйлчилгээнд гарна гэсэн үг бус ашиглалтын хугацаа дуусаж буй автобуснуудыг нөхөн хангалтаар үйлчилгээнд оруулна. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү иргэдэд хүрэлцэх хүртэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны маршрут төлөвлөлт дахин хийн ажиллаж байгаа. Энэхүү ажил нь зөвхөн төлөвлөлтийн түвшинд л явагдаж байгаа" хэмээлээ.
Тэгэхээр ямартай ч автобуснуудын тоо хүрэлцээтэй байх эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Зөвхөн хуучин автобуснуудаа л шинэчилж, захын хороолол руу илүү автобус гаргах агуулгатай байгаа хэрэг. Юутай ч автобуснуудын тоог нэмсэн ч хотын төвдөө хүрэлцэх эсэхийг харах үлдэв.
-Мартагдсан дүүжин тээврийг манай талаас зогсоосон-
Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр "Агаарын дүүжин тээвэр" нэрлэгдэж байв. Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2020 оны наймдугаар сард хоёр компани руу нийт 22.2 тэрбум төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Тухайн үед одоогийн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын албан тушаалыг хашиж байхдаа "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээж байлаа.
Тэгэхээр С.Амарсайханы хэлсэнчлэн бид дүүжин тээврээ ашиглаж эхлээд хэдийн хоёр жилийг өнгөрөөжээ.
Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан юм.
Түүгээр ч зогсохгүй 2021 онд уг төсөлд зориулж 414 гаруй сая төгрөг төсөвлөсөн ч юу хийсэн нь тодорхойгүй. Ямартай ч 242.9 сая төгрөгөөр ажилчдын цалин хөлс, 51.9 саяар эд хогшил, багаж, техник хэрэгсэл тавилга авсан гэж шилэн дансанд мэдээлсэн байдаг.
Хожим энэ оны гуравдугаар сард Түгжрэлийн сайд "Дүүжин тээвэр хэлэлцээрийн түвшинд гацсан. Францтай тохирсон учраас дүүжин тээврийн ажлаа гүйцээнэ. 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулна" хэмээсэн.
Товчоор бол сонгуулийн үе гэсэн үг. Эх сурвалжийн мэдээлснээр дүүжин тээвэр ийн гацахад манай талаас эрх баригчид буруутай гэх. Анхны зураг төслийн дагуу амжилттайгаар хийж эхлүүлсэн уг төсөлд гэнэт зураг төслөө өөрчилж, Францын талд хүндрэл учруулсан гэгддэг. Францын талаас ч манай эрх баригчдын шийдвэрийг гайхаж, хүлээн аван эцэстээ гэхэд тэднээс гарах шийдвэрийг хүлээж байгаа гэгдэж байлаа. Тиймээс л дүүжин тээврийн асуудал хэлэлцээрийн түвшинд дахин очсон гэгддэг билээ.
-Д.Сумъяабазарын "нэг дээр бичигдэх" LRT төсөл хэрхэв-
Одоогоос нэг жилийн өмнөх хамгийн том маргаан дагуулсан сэдвүүдийн нэг бол LRT төсөл байсан. Үүний санхүүжилтийг гацаасан хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар. Тэрбээр "2023 оны төсөвт LRT-ын мөнгө, баталгаа зэргийг юуг ч суулгаагүй" хэмээн мэдээлж байсан билээ.
Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Э.Бат-Амгалан эл төслийг яаж ийгээд хэрэгжүүлнэ хэмээн тойрогтоо очихдоо ярьсан байдаг. Тэрбээр "LRT төслийн ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, томоохон шинэчлэл хийхийн тулд зоригтой хөдөлж, үр дүнд хүрэх хэрэгтэй. LRT төслийг УИХ дэмжихгүй байсан учраас түр хороо, Ерөнхий сайд, хотын дарга ярьж байгаад нийслэлд эрхийг нь шилжүүлж өгсөн. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар нийслэл өөрөө бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болох боломж бүрдсэн. 420 тэрбумыг хотод суулгасан" хэмээн ярьж байв.
Угтаа бол анх 2022 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэгний төсөл эрх баригч намын бүлгийг хот хөдөөгөөр нь талцуулж хэрэлдүүлсэн билээ. Тэгвэл Хотын мээр ч энэ мөрөөдлөө орхиогүй.
Тэрбээр энэ оны хоёрдугаар сараас эхлээд л урд хөрш рүү хөнгөн галт тэргийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар томилолтоор явсан билээ.
Эхэндээ уг төслийн 50 хувьд Засгийн газар баталгаа гаргавал БНХАУ-ын талаас санхүүжилтийн 85 хувийг нь зээлж болно гэх агуулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айчлалын үеэр анх хөндөгдсөн удаатай.
Улмаар санхүүжилт нь улстөрийн дэмжлэг авч чадаагүйгээс улбаалж, Д.Сумъяабазар бүх галыг өөртөө авахаар шийдвэрлэсэн байдаг.
Бүр тодруулбал, тэр "Засгийн газраар баталгаа гаргуулахаа больё, 2024 оны сонгуулиас өмнө ч амжуулахаа больё. УИХ-ын дэмжлэг ч хэрэггүй, харин санхүүгийн эрсдэлээ нийслэл бүрэн хүлээе" гэсэн байр суурь өвөртөлж явсан.
Засгийн газрын баталгаа авахаас татгалзсан Хотын дарга Д.Сумъяабазарын LRT төсөл нь өдгөө ямар шатандаа яваа талаарх мэдээлэл байхгүй байна. Юутай ч тэрбээр энэ ажлыг эхлүүлбэл Хотын мээр байхдаа хийсэн хамгийнх том ажил нь болох юм.
-Түгжрэлийг шийдэх эцсийн зогсоолыг метро хэмээн шийдсэн Түгжрэлийн сайд-
Түгжрэлийн сайд хотод метро барихаар судалж эхэлжээ. Эл санааг өдгөөгөөс 10 жилийн өмнө Э.Бат-Үүлийн үед санаачилж байсан. Түүнээс өмнө 2000-аад оны эхэн үед бол дурдагдаад л өнгөрч байсан сэдэв.
2013 онд Э.Бат-Үүл Хотын мээр байхдаа түгжрэлийг шийдэхийн тулд ЖАЙКА-гаар метротой болох судалгааны ажлыг хийлгэсэн байдаг. Тухайн үед нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэх тооцоо гарсан билээ. Ингэхдээ Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг метрод зориулж олгоно гэж мэдэгдэж байв. Улмаар бид 2020 он гэхэд метрогоо өлгийдөн авч, тууз хайчлах байлаа.
Нэг үгээр бол бид бодол санаандаа метротой болоод 10 жил, төсөөлөлдөө ашигладаг болоод гурван жилийг өнгөрөөжээ.
Тухайн үед ч метрогоо Энхтайвны өргөн чөлөө дагуу, хотын зүүнээс баруун зүг рүү 17.7 км урттайгаар газар доогуур болон гүүрэн хэлбэрээр барихаар урьдчилж, төлөвлөсөн байдаг.
Харамсалтай нь, Э.Бат-Үүлийн хөдөлгөсөн метро гацалтад орсон хэрэг. Харин түүний метроны судалгааны ажил нь тоосонд дарагдсан юм. Тэрбээр одоо ч түгжрэлийн асуудал сөхөгдөх үед LRT болон автобусны тоог нэмлээ гээд түгжрэлд өөрчлөлт гарахгүй гэдэг агуулгыг олон нийтэд илгээсээр байдаг. 10 жилийн өмнөх түүний метроны судалгаа, ТЭЗҮ бүхий материал одоо ч хэвээр гэх.
Харин уг асуудлыг Түгжрэлийн сайд нь 10 жилийн дараа сөхлөө. Ж.Сүхбаатар "Метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат. Энэ чиглэлд Хотын дарга бид хоёр ажиллаж байгаа" хэмээлээ. Түүнчлэн Э.Бат-Үүлийн үед хийлгэсэн ЖАЙКА-гийн судалгаа, ТЭЗҮ-ийг одоо шаардлага хангахгүй хэмээж буй. Тиймээс түүний хувьд БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байгаа ажээ.
Өмнөх Засгийн газрын ажлыг дараагийн үе нь үргэлжлүүлэхгүйн улмаас 10 жилийн турш метроны асуудлыг ярьж байгаа нь даанч харамсалтай, мөн өрөвдмөөр. Ямартай ч түүний эл агуулга нь дараагийн сонгуульд сонгогдохгүй бол Э.Бат-Үүлийн метро шиг мөрөөдөл болж, замхрахын дохио гэлтэй. Метро ч бас сонгуулийн амлалт болж хувирах вий.
-Бодит байдал дээр зам барьж, дугаарын хязгаарлалтаас өөр дорвитой шийд гаргасангүй-
Түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлсэн шийдгүй, үр дүнгүй ажил бол ажлын таван өдрийн дөрөвт нь ажиллаж, нэг өдөрт нь зайнаас ажиллаж буй эсэхийг шалгана гэх түүний "туршилт". Энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тэрбээр ийн мэдээлж байсан.
Энэ бол түүний түгжрэлийн асуудлыг шийдэхээр энэ хавар мэдээлсэн хамгийн "хачирхалтай" шийд юм.
Түгжрэлийн улмаас жилд 3.5 их наяд төгрөгийн хохирол амсдаг Улаанбаатарын хувьд энэ мөнгөн дүн цаашид ч өсөх хандлагатай байгаа. Гэтэл ийм үед ажлын нэг өдөр гэрээсээ ажиллах нь алдагдлыг хэр нэмэхийг тооцоолсон эсэх нь эргэлзээтэй.
Сайдын албаа авснаас хойш түүнд хийсэн зүйл гарын хуруугаар тоолохуйц. Тухайн үед Засгийн газар нь түгжрэлээ шийдэх гарц олсон нь дээрх томилгоо бөгөөд асуудал шийдэгдэх бус, сайдын сэтэр л нэмэгдсэн хэрэг. Ямар сайндаа үе үе гарч ирэхдээ иргэдийг алмайруулах зүйл хэлээд, хэсэгтээ нам гүм болдог уламжлалтай.
Ажлаа аваад удаагүй сайд эхэндээ юу хийхээ ойлгоогүй бололтой, буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг бөгөөд ламаас асуусан цагаар явах үед түгжрэлийн оргил цагтай давхацдаг хэмээн жиргэж олныг гайхашруулж байсан.
Үүний дараахан гэр хороололд эмийн сан ховор тул эм авахын тулд хотын төв рүү орж, цуваа үүсгэж буй нь түгжрэлд нөлөөлдөг гэж байв. Энэ мэтээр жижиг сажиг зүйлс замын түгжрэлд нөлөө үзүүлж байна гэж ярьсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн. Гэвч түүний амнаас гарсан үг бүхэн "этгээд" байсангүй.
Эцэстээ Түгжрэлийн сайд хүртэл зам барих шийдвэр дээр унасан. Энэ оны дөрөвдүгээр сарын 12-ний өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үедээ хотын гол замуудын хөдөлгөөнийг сайжруулахын тулд Дамбадаржаагаас ТЭЦ-4 хүртэл Сэлбэ голын хоёр эргийн дагуу 24 км зам, 13 том гүүр, 25 холбоос гүүр хийхээ мэдэгдсэн.
Тухайн үед ч энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Манай хот үндсэндээ хөндлөн нэг л замтай байгаа. Энэ бол далан барьж байгуулагдах, үндсэн хоёр дахь зам болох юм. Хоёр талтайгаа нийлээд 44 км зам болно. 13 том гүүр баригдана. 25 холбоос гүүртэй. Ж.Сүхбаатар сайдын хэлснээр явган хүний болоод дугуйн зам ч баригдана. Зураг төслийг зургадугаар сардаа багтааж, долдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ гэж бодож байна. Бусад холбоос замууд хийгдээд ирэхээр замын ачааллууд маш сайн буурах учиртай. Хямд автомашин орж ирж байгаа дээр ч анхаарах ёстой. Энэ байдал үргэлжлээд байвал хэчнээн зам бариад ахиц, дэвшил гарахгүй. Ямартай ч замаа барина" хэмээж байлаа.
Харин одоо хамгийн эцсийн том шийдээ тэд "Сэлбэ сэргэлт төсөл" хэмээж буй. Уг төсөлд зориулж нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах бөгөөд үүний 187 тэрбум төгрөгийг эл төсөлд зарцуулахаар шийдээд байгаа юм.
Түгжрэлийг бууруулахтай холбоотой дараах нийтлэлийг доорх холбоос дээр дарж уншаарай.
Агаарын бохирдлын эсрэг хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой нийтлэлүүдийг доорх холбоос дээр дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНДСЭН ХУУЛЬ ЗАРЧИЖ, СУЛ ЦАЛИН АВЧ САЙД БОЛООД НЭГ ЖИЛ БОЛЛОО. МӨНГӨ УГААХААС ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ . ОДОО АРД ТҮМНЭЭ ДАРАМТАЛЖ, ТЭГ ЗОГСОНО ХОХЬ ЧИНЬ ШҮҮ Ч ГЭХ ШИГ. ЭРГҮҮ ТЭНЭГЭЭ АВСАН ЦАЛИНГАА ЗАМЫН САНД ХАНДИВЛААД ОГЦОРЧ ҮЗ. ЧАМ ШИГ СЭДЭР ЗҮҮСЭН АМЬГҮЙ АЛБАТ НАР ТӨРИЙГ СӨНӨӨЖ ГҮЙЦЛЭЭ. ОДОО БОЛСОН. ХУРДАН ОГЦОР???
Монгол Улсын төлөө зүтгье.