"ONDO" хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл авсныг шүүхээс баталгаажууллаа

Шүүхийн маргаантай байсан "ONDO"-гийн асуудал шийдэгдэж, хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл авсныг шүүхээс баталгаажууллаа.
“Ондо” ХХК-д хуульд байхгүй лиценз олгосон гэх үндэслэлээр үүсгэсэн шүүхийн маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн билээ. Нэхэмжлэгч тал болох бусад үүрэн холбооны компаниуд шүүхийн маргаантай байгаа гэх шалтгаанаар харилцан холболт хийх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн.
Тэгвэл энэ оны есдүгээр сарын 13-ний өдөр “Ондо” ХХК-ийн Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгогдсон гэдгийг шүүхээс баталгаажуулсан шийдвэр гаргалаа. Ингэснээр удтал гацаад байсан асуудал нэг тийш болж, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд үүргийнхээ дагуу ойрын хугацаанд харилцан холболт хийнэ гэж найдаж байна.
Одоог хүртэл харилцан холболт хийгдээгүй байгаа нь ижил түвшинд өрсөлдөх болон хэрэглэгчдэдээ зорьсон үйлчилгээгээ хүргэж чадахгүй байх нөхцөлийг үүсгээд байсан бол шүүхийн шийдвэр гарснаар "ONDO"-гийн олон мянган хэрэглэгчийн эрх ашиг хангагдах нөхцөл бүрдлээ.
Өрсөлдөх биш хамтдаа хөгжиж, Монгол инженерүүдийн гараар бүтээгдсэн технологийн шийдлийг олон улсад борлуулж, Монголын технологийн салбарт урагш алхах том түлхцийг үзүүлэх зорилгоор байгуулагдсан “Ондо” ХХК зах зээлд өөрийн гэсэн онцлогтойгоор орж ирсэн.
Бусад үүрэн холбооны оператор компаниудаас ялгаатай нь тэдний зорилго бол Монголын хамгийн том оператор болж, дотоодоос ашиг олох гэхээсээ илүүтэй технологио хөгжүүлж, гадаадад борлуулах, илүү том зах зээлд илүү том тоглолт хийх гэдгийг байгуулагдсан цагаасаа хэлсээр ирсэн билээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.