Хятадын Төв банк 15 тэрбумын үнэт цаас гаргахаа мэдэгдсэнээр юанийн ханш чангарлаа

Хятадын зарим салбарынх нь эдийн засгийн үзүүлэлт сайжирч буй нь юанийн ханш ам.долларын эсрэг чангарахад хүргэв.
Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 15-ны өдөр юанийн ам.доллартой харьцах ханш тав дахь өдрөө дараалан чангарсан юм. Энэ нь юанийн ханш сүүлийн хоёр долоо хоногийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт билээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд л ам.долларын эсрэг 364 пипээр чангарсан юм.
Хонконгийн оффшор зах зээлд юанийн ханш сүүлийн долоо хоногийн хугацаанд 1.13 хувиар чангарсан байна. Юанийн ханш ийн чангарах болсон гол шалтгааныг Хятадын Ардын банк "Юанийн ханшийн өсөлтөөс үүсэх бүхий л эрсдэлийг таслан зогсооно" гэх амлалт өгсний дараах нөлөө хэмээн шинжээчид таамаглаж буй.
Хятадын Төв банк маргааш буюу есдүгээр сарын 19-ны өдөр Хонконгод 15 тэрбум юанийн үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа. Энэ нь нэг сарын дотор хоёр дахь удаагаа үнэт цаас гаргаж байгаа явдал билээ. Хятадын Төв банк энэ онд Хонконгод нийт 110 тэрбум юанийн есөн багц үнэт цаас гаргасан байна.
Азийн санхүүгийн төвд юанийн үнэт цаасыг их хэмжээгээр гаргах нь оффшор зах зээл дэх юанийн хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн юм. Хятадын санхүүгийн эрх баригчдын дээрх шийдвэр нь товчоор бол юанийн ханшийг тогтворжуулахын тулд авч буй арга хэмжээ билээ. Хятадын эдийн засагч Брюс Панг "Юанийн ханш ам.долларын эсрэг сүүлийн саруудад суларсан. Гэсэн хэдий ч бусад голлох валютуудын эсрэг хүчтэй хэвээр байна" хэмээн Шинхуа агентлагт мэдээлжээ.
Тэгвэл юанийн ханшийн чангарал ч манай улсад ажиглагдаж буй. Тодруулбал, Монголбанкны зарласан ханшаар энэ сарын буюу есдүгээр сарын 10-ны өдрөөс хойш юанийн төгрөгтэй харьцах ханш чангарсан байна.
Юанийн төгрөгтэй харьцах ханш
- 9 сарын 10 - 472.40
- 9 сарын 11 - 475.71
- 9 сарын 12 - 475.34
- 9 сарын 13 - 476.13
- 9 сарын 14 - 476.36
- 9 сарын 15 - 476.81
- 9 сарын 16 - 476.81
- 9 сарын 17 - 476.81 байна.
Товчоор бол юанийн ам.долларын эсрэг чангарсан үеэр манай улсад юанийн төгрөгтэй харьцах ханш ч чангарсан юм. Сүүлийн найман хоногийн хугацаанд 0.9 хувиар чангараад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.