Нью-Йорк хотоос мэдээлэв: НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан эхэлж байна

НҮБ-ын гадаах А.Очирболдын “Ухамсар” бүтээлийн дэргэдүүр өнгөрч, орон орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бужигнасан асраас энэхүү мэдээллийг хүргэж байна.
Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан өнөөдөр (2023.09.19, Нью-Йорк) эхэлж буй. Өнгөрсөн хоёр жилд цар тахал гарч, ОХУ Украин руу довтолсон. Үүнээс гадна Баруун Африк, Латин Америкийн орнуудад үүссэн улс төрийн төвөгтэй нөхцөл байдал, бусад улсуудад одоо ч сөрөг нөлөө нь хүнд цохилт болсоор буй “Ковид-19” халдвар, эдийн засгийн хүндрэл, байгалийн гамшгууд энэ жилийн (78 дахь) Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдааны гол сэдэв болох хүлээлттэй.
143 орны төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл байна. Энэ дунд Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский багтаж буй. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд цахимаар үг хэлж байсан тэрбээр энэ удаа өөрийн биеэр хүрэлцэн ирэх нь дэлхийн анхаарлыг татаж байна.
Харин Аюулгүйн зөвлөлийн таван орноос АНУ-ыг төлөөлж ерөнхийлөгч Жо Байден оролцоно. Харин Их Британи, ОХУ, БНХАУ, Франц улсууд оролцохгүй. Саяхан Жо Байден Аюулгүйн зөвлөлийн орнуудын тоог нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлээд байна.
БНЭУ-ын хувьд G20-ийн хуралдаанд голлох үүрэгтэй оролцож буй нь давхарджээ.
Энэ жилийн Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдааныг нээж Бразил үг хэлнэ. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонил Гуттереш үг хэлэх юм. Үүний дараа цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд өөрсдийн байр суурийг илэрхийлэх бөгөөд, манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр хуваарь таарсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд оролцохоор өчигдөр Нью-Йорк хотноо хүрэлцэн ирсэн юм. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх агуулгаарх өөрийн орны байр суурийг илэрхийлэхээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй албан ёсны уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Ташрамд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцоно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцохоор буй.
Хуралдаан есдүгээр сарын 26 хүртэл үргэлжилнэ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр:
- “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт
- “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах” дээд түвшний уулзалт
- “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэг
- “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх” өндөр түвшний уулзалт
- “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудлаарх” өндөр түвшний уулзалт
- “Сүрьеэгийн асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Ирээдүйн асуудлаарх” дээд түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний бэлтгэл хуралдаан
- "Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй асуудлаар өндөр дээд түвшний уулзалтууд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.