Нийгмийн

Үйл явц: Ерөнхий сайдын захирамж гартал Д.Сумъяабазар ажлаа хийнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр үдээс хойш чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.

Дараа нь тэрбээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан билээ.

Үйл явцын хувьд бол Ерөнхий сайдын захирамж гарч байж тэр албан ёсоор чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл тэр одоо ажлаа хийж буй.

Ташрамд, Д.Сумъяабазар Ерөнхий сайдтай уулзсаны дараа энэ шийдвэрийг гаргасан. Мөн "Дараагийн хотын даргаа хайрлаарай" гэсэн агуулгаар ярьсан тул Ерөнхий сайд Д.Сумъяабазарыг чөлөөлөх нь тодорхой.

Харин Ерөнхий сайдын захирамж хэзээ гарах талаар тодруулахад тодорхой мэдээлэл байхгүй байна.

Маргааш лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар захирамж албажиж, дараагийн хотын даргыг томилох үйл явц өрнөж эхлэх магадлалтай.

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 56-р зүйлд энэ үйл явцыг зохицуулсан байдаг.

Тодруулбал,

56.5.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;

56.6-д энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.

56.9-т энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл НИТХ дахь МАН-ын бүлгээс дараагийн хотын даргыг нэр дэвшүүлнэ гэсэн үг.

Түүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор томилох үүрэгтэй. Мөн томилохоос татгалзаж болно. Тийм тохиолдолд НИТХ-аас өөр хүнийг дахин нэр дэвшүүлэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button