Улс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Нөлөөллийн бүс дэх айлуудад төсвөөс 9.2 тэрбумыг өгнө

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний 74 хувийг ОХУ, хоёр хувийг Хятадаас импортлодог билээ. Тэгвэл эл эрчим хүчний хамаарлаас гарах нь хамгийн гол асуудлуудын нэг болсоор өнөөдрийг хүрэв.

Тодруулбал, 1964 онд ЗХУ-ын Электросеть институт хамгийн анхны урьдчилсан судалгааг хийснээс хойш эдүгээ 60-аад жилийн түүхийг бичсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг 2015 онд байгуулсан юм. 2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 мВт хүчин чадалтай байна хэмээн тооцоолсон юм. Өөрөөр хэлбэл, баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангаад зогсохгүй, төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх хэмжээний хүчин чадалтай станц бий болно гэсэн үг.

Энэхүү анхны томоохон усан цахилгаан станцыг байгуулснаараа ОХУ-аас нэг кВт/цаг эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг байдал эрс өөрчлөгдөж, нэг кВт эрчим хүчийг 40 орчим төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой болно хэмээн үздэг.

Ийнхүү олон жил ярьж буй тус төсөл өнөөдрийг хүртэл гацсан шалтгаануудын нэг бол орон нутгийн иргэдтэй нэг шийдэлд хүрч чадаагүй явдал юм. Иргэд байгаль экологид сөрөг нөлөөтэй гэх шалтгаанаар тус цахилгаан станцыг барихыг эсэргүүцэж, бэлчээрээ орхихгүй гэх агуулгыг хөнддөг.

Тиймээс Засгийн газраас тэднийг нүүлгэхэд зорилж, нөхөн олговрыг тус бүсийн айл өрхүүдэд 2023 болон 2024 онуудад багтааж, олгож дуусна хэмээн мэдээлсэн.

Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталж,

  • УЦС-ын техникийн хяналтын зардал тав орчим сая ам.долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах,
  • Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл дөрөв орчим тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгах,
  • 1,280 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөр 13.3 тэрбум төгрөгийн үлдэгдлийг 2024 онд багтаан дуусгах,  
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөлөлд автах соёлын өвүүдийг хамгаалахад шаардлагатай зургаа орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шийдвэр гаргасан.

Тэгвэл одоо өргөн барьсан улсын төсөвт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж байгаа иргэдийн нөхөн олговор, эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтийг бүрэн олгоно хэмээн тусгасан юм.

Ингэхдээ нийт 1280 иргэний үлдэгдэл санхүүжилт 9.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2024 оны Улсын төсөвт үүнийг нэг удаагийн санхүүжилт хэмээн тодотгосон юм.

Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сан бүрэлдэх талбайд оршин сууж байгаа,

  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 145 өрх
  • Увс аймгийн Өмнөговь сумын 125 өрх
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын гурван өрх
  • Ховд аймгийн Мянгад сумын таван өрх нийт 278 өрхийн 1280 иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэдгээр хүмүүст олгох нэг удаагийн нөхөн олговор болон эд хөрөнгрийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэн, зардлыг 2023 оны төсөвт тусган санхүүжүүлсэн. Эдгээр үйл ажиллагааны үлдэгдэл санхүүжилтийг 2024 онд бүрэн олгож дуусгахаар төлөвлөж, санхүүжилтийг тусгасан хэрэг.

Үүнийг шийдвэрлэж дууссанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажлыг дуусгах боломж бүрдэнэ хэмээн эрх баригчид үзэж байгаа юм.

Улсын төсөвтэй холбоотой өмнөх мэдээллүүдийг доорх холбоос дээр дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button