Ипотекийн 1 хувийн шимтгэлийн эргэн төлөлтийг олгох асуудал арилжааны банкууд дээр гацаад байна

Арилжааны банкуудад ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироож байгаа явдал хэмээн үзэж, ШӨХТГ-аас хийгээд нэг иргэнээс шүүхэд гомдол гаргасан билээ.
Улмаар Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар энэ нь үндэслэлтэй хэмээн үзэж, нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Түүнчлэн тухайн нэг иргэнд зээлийн нэг хувийн шимтгэлийг нь буцаан олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Банкууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа 30 хоног үргэлжлэх буюу энэ сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон билээ. Тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүссэн.
Тэгвэл тухайн нэг иргэн өнөөдрийг хүртэл нэг хувийн буцаан олголтоо аваагүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөө маргаашдаа иргэний дансанд нь буцааж олгох ажээ. Одоогоор тухайн буцаан олголтын мөнгө нь нэр бүхий арилжааны банкнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орсон гэх мэдээлэл байгаа юм.
1995 оны хуульд банкууд зээл судалсны шимтгэл авч болно гэдэг заалт байхгүй. Өөрөөр хэлбэл огт авч болохгүй шимтгэлийг 2021 он хүртэл иргэдээс авч, улмаар тус онд өөрчлөлт оруулж, шимтгэл авдаг тогтолцоо бий болсон.
Тэгвэл энэ удаагийн нэг хувийн шимтгэлийн буцаан олголтыг 2021 оноос хойш зээл авсан иргэд авах боломжтой юм. Тэр дундаа 2021 оны долоодугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл авсан иргэдэд хамаарна. Тиймээс шүүхэд гомдол гаргасан нэг иргэн бус бусад иргэн хэрхэн нэг хувийн шимтгэлээ авах вэ гэх асуудал үүснэ.
Нэгэнтээ шүүхээс шийдвэр гарсан тул 2021 оны долоодугаар сарын 1-нээс хойш зээл авсан иргэд уг шимтгэлийг ямарваа нэгэн баримт бичиг бэлдэхгүйгээр авах боломжтой юм байна. Харин буцаан олголтыг авахад үүсээд буй асуудал нь арилжааны банкууд ажээ. Хоёр ойлголт үүнд дагалдана.
Нэгт. Зээлийн нэг хувийн шимтгэлийг холбогдох хугацаанд зээл авсан иргэдэд яаралтай буцаан олгох
Хоёрт. Зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар арилжааны банкууд хоорондоо зөвлөлдөж, журмаа гаргах хэрэгтэй юм.
Арилжааны банкууд хоорондоо хэлэлцэж ямар журам баталж, хэзээ хэрэгжиж эхлэх талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.