Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн эсэхийг УЕП камерын бичлэгээс “нэхэх” хуультай

Д.Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ аймаг дахь 413-р хорих ангиас “Би шоронгоос амьд гарах эсэхдээ эргэлзэж байна” хэмээн захидал дайсан нь сүүлийн өдрүүдэд улс төрийн ч сэдэв боллоо.
АН-ын гишүүд бүлгийн хуралдааны дараа “Д.Мөнх-Эрдэнэ дэглүүлж байж магадгүй тухай мэдээллүүдийг авч байгаа” хэмээсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хувьд түүнтэй очиж уулзсан, үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг хүчээр барьж, хорьдог нь коммунист нийгмийн бурангуй дэглэм гэх мэтээр шүүмжлээд байна.
Одоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзана гэдэг яриа гарлаа.
Нэг үгээр, нэг жил 10 сарын ял авч, магадлангаар суллагдах боломжтой гэгдэх Д.Мөнх-Эрдэнийн асуудал юунд эрчээ авсан нь анхаарал татаж эхэлсэн. Ямартай ч АН-ынхан Д.Мөнх-Эрдэнийн хорих ангид эрүүдэн шүүгдсэн эсэх асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллах нь тодорхой болоод байна.
Нийгэмд хүрсэн хамгийн гол мессеж нь, Д.Мөнх-Эрдэнэ “эрүүдэн шүүгдэж, дэглүүлж буй” тухай. Тэр саяхан,
“Нүүрэндээ багтай, буу барьсан тусгай тасгийн бололтой хүмүүс намайг шилэн хүзүүнд салаавчлан, доош харуулж, 3-4 цаг цементэн шалан дээр явган суулгасан. Хувцас тайлуулж, шалдан гүйлгэж, гутаан доромжилж, тал талд чанга дуугаар ёс бус үг хэллэгээр айлган сүрдүүлсэн.
Цахилгаан бороохойгоор цээж рүү цохиулж, өшиглөж, газар мөргүүлж, миний эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж буйг эрүүдэн шүүлт, яргалал гэж үзэж байна” хэмээн бичсэн нь ил болоод байгаа.
Энэ мэдээллийг О.Цогтгэрэл, Д.Ганбат тэргүүтэй УИХ дахь АН-ын гишүүд амаар баталгаажуулж, ХЭҮК-т хандсан талаар мэдээлсэн.
Өдгөө Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид эрүүдэн шүүж байгаа нь үнэн үү. Тэр үйлдлүүд бодитоор болсон уу. Хэрэв тийм бол хуулийн байгууллагад шударга бус үйл ажиллагаа явагдаж байна уу. Хэн хяналт тавих ёстой вэ. Эцэстээ, “Юуны улмаас, ямар зорилгоор тэр вэ?” гэсэн асуултууд үүсээд байгаа юм.
Прокурорын тухай хууль: Ялтан ялаа хуулийн дагуу эдэлж буй эсэхэд хяналт тавина
Аливааг эрүүл нүдээр харах юм бол, Д.Мөнх-Эрдэнийн ялаа эдлэх явцад прокурор хяналт тавих ёстой.
Прокурорын тухай хуулийн 22-р зүйл, “Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих” хэсэгт, “Хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээ биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх”-ийг хянана гэж заасан.
Мөн түүнчлэн “Ял эдлүүлэхэд холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэж байна уу”, “Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна уу”, “Цагдан хориг үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна уу” гэдгийг тус тус хянах заалттай байна.
Бүр дэлгэрүүлэн тодруулсан 23, 24-р зүйлд бол прокурор уг хяналтыг тавихын тулд баримт материалуудтай танилцах, мэргэжлийн хүмүүсээс дүгнэлт гаргуулахаас эхлээд ялтны өрөөг солих хүртэл арга хэмжээ авах эрхтэй юм.
Тэгэхээр, гадна дотроос элдэв мэдээлэл түгж буй энэ цаг үед эрх, үүргийнх нь хүрээнд хариу тайлбар хүлээх ёстой хүн бол Д.Мөнх-Эрдэнийн хамаарах прокурор. Тэр хуулиар хүлээсэн, ял эдлүүлэх үйл явцад хяналт тавих үүргээ хэрэв хэрэгжүүлж буй бол Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүх ёсгүй. Ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүгдсэн бол мөн эргээд прокурорын хариуцлага яригдах учиртай болж таарч байна.
Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн кэйс: Прокурор буруудаж, камерын бичлэг баримт болсон
“Эрүүдэн шүүх” гэдэг нэр томъёо хамгийн их ашиглагдсан кэйс бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар. С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан тэднийг эрүүдэн шүүсэн нь баримтаар нотлогдсон байдаг.
Баримт нь бичлэг. Сэтгүүлчдэд ч үзүүлж байв. Хорих ангид нь байршуулсан камерын бичлэгт, Д.Мөнх-Эрдэнийн яриад буйтай ойролцоо, багтай хүмүүс орж ирж, элдвээр харааж, бас бус балмад үйлдэл хийж байгаа нь харагддаг. Г.Эрдэнэбат прокурорыг ийнхүү “Эрүүдэн шүүсэн” хэрэгт холбогдуулан буруутгаж, нэг жилийн хорих ял оноосон удаатай.
ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж энэ асуудлыг “Зууны бусармаг явдал” гэхчлэнгээр нэрлэдэг. Харин Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяртай Д.Мөнх-Эрдэнэ таагүй харилцаа үүсгэж, “орооцолдсон” нь хуулийн байгууллагын үүд татах процессыг хурдасгасан ч гэж ярьдаг. Энэ үүднээсээ, хэрэв Д.Мөнх-Эрдэнэ хорих ангид тийм үйл явцыг туулж байгаа бол шударга бус хэрэг болно.
Камер ажиллах ёстой: Хүний эрх зөрчигдсөн эсэх
Хорих анги бол онцгой бүс. 24 цагийн гэрэлтэй бөгөөд камерын хяналттай байх ёстой. Иймд тэнд болсон бүх процесс баримт болж үлддэг. Эргээд ялтны аюулгүй байдлыг ч хамгаалж буй хэрэг. Тэгэхээр Д.Мөнх-Эрдэнэд ямар нэг эрүүдэн шүүсэн агуулгатай үйлдэл болсон бол бичигдсэн байх ёстой.
Мөн улбаалаад, ялтангуудыг нэг дор бөөгнөрүүлж, нэгэн ижил дэглэсэн үү. Эсвэл зөвхөн Д.Мөнх-Эрдэнэд тэгж хандсан уу гэдэг асуулт үүсэж, энэ ялгамжаас дараагийн асуудлууд үүдэх юм. Хэрэв камер ажиллаагүй бол энэ гэмт хэрэг. Камерын өмнө зориуд эрүүдэн шүүх үйлдэл хийсэн бол ч ялгаагүй.
АН улс төр хийх нэг хэрэг. Харин хорих ангид хүн эрүүдэн шүүгдсэн байж болзошгүй мэдээлэл цацагдаж буй энэ нөхцөлд ядаж прокурор хяналт тавих, камерын бичлэгийг олон нийт биш гэхэд УИХ-ын гишүүд үзэх ёстой нь нөгөө хэрэг.
Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор Т.Мөнхбаяр нараас хяналт, хариуцлага нэхэгдэнэ
Нэг хэсэг зах замбараагүй гэмээр авирлаж, шууд дамжуулалт хийх болсон Д.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхээр 4 жилийн ял авсан. Давж заалдаад нэг жил 10 сар болж хөнгөрсөн. Үүнийхээ долоон сарыг одоогоор эдэлсэн байна.
Харин Д.Мөнх-Эрдэнийн ял эдлэх үйл явцад хяналт тавих ёстой прокурор нь Сэлэнгэ аймгийн ПГ-ын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр юм.
Д.Мөнх-Эрдэнийн хувьд Т.Мөнхбаярын хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст хаягдаж, өөрийн захидлаа дайсан байгаа. Мөн сарын өмнө Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид үзэл бодлоо илэрхийлэхдээ үгийн алдаа гаргасан тул сахилгын шийтгэл оноож, 30 хоног уулзалт хязгаарласан удаатай. Мөн магадланд орох эрхийг хязгаарласан зөрчлийн шийтгэл ч оногдуулсан. Өмгөөлөгч нар нь хорих анги дээр ажилласнаар есдүгээр сарын 28-ны өдөр энэ тушаал, шийдвэрүүд хүчингүй болж, Д.Мөнх-Эрдэнэ арваннэгдүгээр сард магадланд орох эрхтэй болоод буй.
Тэмдэглэл өлгөхөд, Д.Мөнх-Эрдэнэ болдоггүй хүн байлаа. Сахилга, зөрчлийн шийтгэл авсан нь түүнийг хорих ангид ч явдал мөр нэг байхгүй байгааг илтгэсэн гэлтэй. Ийм нөхцөлд хорих ангийн дарга, ажилтнууд түүнд элдэв авираар хандсан байх магадлалтай. Гэхдээ энэ хүний эрх зөрчиж болохгүй, хуулийг дээдлэх ёстой. Харин энэ процессын үнэн мөн камерын бичлэгт үлдэж, прокукорын хяналтад орох хуультай.
Ардчилсан улсад хэнбэгуай ч ял эдлэхдээ хуулиас гадуур дэглүүлж, эрүүдэн шүүгдэх учиргүй. Иймд ийм эрсдэлтэй мэдээллүүд цацагдаж буй нөхцөлд Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор нар хяналтаа тавих, камерын бичлэгийг үзье гэж эрх бүхий хүмүүс шаардах нь зүйн хэрэг болж таарна.
Эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг м�##� шүү дээ наад хүн чинь Суллагдаж гараад дахиад үзүүлбэрээ үзүүлнэ дээ Үхэл чамайг тоох ч үгүй
Сэлэнгийн хуулийнхан бүгд цус нь ойртсон хулгайчууд байдаг. Дээд шатны шийдвэрийг дунд доод шатанд яаж завхруулж болдгийг ёстой жинхэнэ үзүүлнэ дээ. Энхбаярын хэлдэгээр прокурорын мөрдөнг буцаагаад байгуулах хэрэгтэй.
Мөнх-Эрдэнийг шоронд хийсэн хүмүүс бол Нямдорж, Элбэгдорж, Мие нар юм шүү дээ. Тэдний булайг дэлгэлээ гэж өшөө авч байгаа юм.
Halhiin shorond gantc ene geleg baihgui olon aawiin huuhduud bga Ted enen shig gonginoogui yahaaraa ene dawuu erhtei bdg ym hutcdag bugdiin adil bn za naad muu nowshoo salaawj hunii amruul nulimj hiiheer yadgiig ailiin huuhduudiig doromjilhoor yadgig uzuuleed eg hohino