Top StoriesЯрилцлага

“Би өөрийгөө навч гэж боддог”: Инженер Ц.Ариунаагаас випассана бясалгал, түүний амьдрал дахь агуу нээлт

2023.10.30-нд нийтлэгдсэн контентыг сэргээн нийтлэв.

Сурагчид конкурсийн ард гарцгаажээ. Багш нар тойрч суугаад, хуваарь сонгож өгч байна.

-Польшид дууны найруулагчийн анги байна, авах уу?

-Үгүй.

-Тэгвэл, Болгарт агрохимийн анги байна.

-Тийм ямар мэргэжил байдаг юм бол?

-Газар тариалангийн л ажил хийнэ дээ.

-Авахгүй ээ.

-Чи яасан сонин хүүхэд вэ. Тэгээд ямар ажил хиймээр байгаа юм?

-Би... Би нэг юман дээр нэг юмыг нийлүүлээд, шинэ юм гаргадаг ажил л хиймээр байна.

Ингэж хэлээд ЗХУ-ын Ган, хайлшийн дээд сургуульд явж, хатуу биетийн физикч болж ирсэн Ц.Ариунаа олон жилийн дараа Монголын Урлагийн зөвлөлийг байгуулж, “Гүрү медиа” компанийн продюсерээр ажиллах болсон юм.

Саяхан “Сэр сэр салхи” кино Венецийн фестивалиас монголчууддаа “Хар арслан” авчирлаа. Сайн үзэл санаа, авьяастай уран бүтээлчийг продюсер эрж хайдаг, дэмждэг. Харин арт хаус кино зах зээл Монголд шилжилтийн үеэс хойш өөрийн жамаар хөгжиж яваа цаг хугацааны хэлхээсийн нэг том зангилаанд “Гүрү медиа”, Ц.Ариунаа байдаг.

1.

Буй байдлаасаа урлаг, төлөвшил хоёрыг зэрэгцүүлж харуулдаг Ц.Ариунаа бол гүн цөөрөм мэт сонирхолтой зочин мөн. “Нэг юман дээр нэг юмыг нийлүүлж, шинэ юм гаргамаар байна” хэмээн 18 настайдаа хэлсэн хариултыг нь давах хариулт одоо хэр түүнд олддоггүй гэлээ.

“Би ямар нэгэн шинэ юм бий болоход хувь нэмрээ оруулж, тэр нь утга учир агуулж, хүмүүст агуулгын юм уу сэтгэл хөдлөлийн, бодохуйн сэдлийг өгвөл миний таашаал. Миний зорилго. Тэр нь цаашид өшөө олон шинэ замыг нээж байгаа үйл явцыг харах сайхан.

Харин заавал урд нь зогсох биш. Нэлээд хойх нь зогсоод, оролцсон гэдгээ л мэдрэх сайхан байдаг. Дайны талбараар харвал, би эхний эгнээнд бол явах дургүй. Илүү багийнхаа арыг дааж, араас нь дэмжих агуулгад хайртай” гэж Ц.Ариунаа хэлж байна.

Урлаг, кино ярихаас өмнө түүний хувь тавилан ямар зураг төөргөөр өрнөсөн байж таарах вэ.

Урлагийн  гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнпилийн охин Ц.Ариунаа бага насаа урлагийн ертөнцөд өнгөрүүлжээ. Жишээ татвал, Монгол банкны лого, 1964 онд БНМАУ-ын гүйлгээнд гаргасан цаасан төгрөгүүдийн дизайн, Монголын их  хаадын хөрөг бүхий дурсгалын зоос тэргүүтэй олон суурь бүтээлийн бүтээгч бол Д.Цэрэнпил.

Ц.Ариунаа “Би багадаа зураач болно гэж мөрөөддөг байлаа. Одоо бодох нь ээ, зураач болох ёсгүй л байсан байх. Ямартай ч урлагийн хүмүүст татагддаг, сэтгэл ба оюун санааны хувьд нэгдэж чаддаг байсан. Хэдий шал өөр мэргэжил эзэмшсэн ч хувь заяаны дуудлагын эрхэнд явсаар энэ салбартаа буцаж орж ирж чадсандаа баяртай явдаг. “Нугас нуурандаа амгалан” гэдэг шүү дээ.

Энэ салбар байнгын үл ойлгогдох шинжтэй, тэр тусмаа ирээдүй нь тодорхой бус. Шилжилтийн үед урлагийн салбарт шилжиж ажиллах халтирч унах уу, тогтож үлдэх үү гэдэг сонголтын зааг. Бидний залуу нас угтаа тогтвортой, ойлгомжтой байгаагүй. Ерөн оны тэр тодорхойгүй үеийг давчихсан болохоор одоо бид хэр баргийн юманд гудайдаггүй. Сая цар тахал гарахад лав бид төдий их хүндээр тусгаж аваагүй, даваад л гарсан” гэлээ.

1986 онд Ган, хайлшийн дээд сургуулийг хойно төгсөөд ирэхэд нь Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Техник засварлах, метал боловсруулах үндэсний хороо Зохион бүтээх төв товчоог байгуулжээ. Дан гадаадад нарийн мэргэжлээр төгсөж ирсэн шинэхэн залуусыг энд цуглуулсан байна. Тэдний нэг болж, лабораторын захирлын албыг хүртэл хашсан Ц.Ариунаа гагнуурын электродын бүрхүүлийн химийн найрлагыг амжилттай зохиож байсан тухайгаа дурслаа.

“Одоо бодоход маш стратегийн мэргэжил байж. Зургаан жил суралцахдаа төмөр болон ган, өнгөт төмөрлөгийг судалдаг, онолын факультетийг төгссөн л дөө. Би харин зүгээр л Москва явна гээд явчихсан. Нийгмийн ухааны хичээлдээ илүү сайн байсан. Очсон хойноо л дэлхийн сургуульд хүрээд ирснээ ойлгосон.

Заримдаа хүмүүс “Чи ийм гэр бүлээс өсөж өндийсөн охин байж юун төмөр, ган яриад байгаа юм” гэж хэлдэг л байсан. Гадаадад явж сурна гээд л сурчихсан болохоор дургүй байна гэдэг яриа байхгүй. Бид чинь дуртай, дургүй гэж мэддэггүй байсан. Ямар ч байсан сургуулиа хаяж болохгүй, хаяад очвол аягүй муухай. Тэгээд л “Миний хувь зохиол тийм юм байлгүй” гээд амьдарч явтал Ардчилсан хувьсгал гарсан.

Сайд нарын зөвлөлийн дэргэд Техник засварлах, метал боловсруулах үндэсний хороо гэж байгууллага байлаа. Тэр хорооны дэргэд Зохион бүтээх төв товчоо байгуулагдсан. Харин дэргэд нь бид метал судлалын лаборатори байгуулж байв. Тэр товчоо бол дэргэдээ гангийн үйлдвэртэй. Метал боловсруулах цехтэй. Аж үйлдвэржилтийн бодлого тийм хүчтэй байсан цаг.

“Гагнуурын электродыг Монголдоо үйлдвэрлэнэ” гэж зорилго тавиад л бид зүтгэж гарав. Электродын үзүүр дэх бүрээсийн химийн агуулгыг би гаргаад, хийж байлаа. Би уг нь илүү металын чиглэлээр төгссөн, миний дипломын ажилтай ч холбоогүй эд. Тэгсэн ч байгаа боломжит номыг энд тэндээс цуглуулж, уншаад л ажилласан.

Электрод үйлдвэрлэх туршилт болж, “Бүрхүүл нь наалдахгүй байвал яана аа” гэж санаа зовов. Цувьдаг машинаар электродыг оруулна, харин миний зуурсан “юм” түүнийг бүрж гарч ирэх ёстой байхгүй юу. Гэтэл бүрэгдээд л гараад ирсэн. Дараа нь хатааж байгаад гагнуур хийж үзсэн чинь бүтсэн. Би үнэмшихгүй байсан. Сэтгэл догдлоод л, айхтар баярлаж байж билээ. Ардчилсан хувьсгал гараад л юун аж үйлдвэрлэл, бүгд гахай үүрч, худалдаа наймаа болоод явцгаасан л даа”.

Ардчилсан хувьсгал гарсны дараа бүтцийн хувьд Зохион бүтээх төв  товчоо татан буугдсан ч метал судлалын лаборатори ажиллаж үлджээ. Ноднин лабораторын 30 жилийн ой тохиож, Ц.Ариунааг урьсан байна.

“Лаборатори маань одоо байж байгаа. Би л шал өөр ажил хийж яваа ч тэр үеийн хамт ажиллагсад маань байж л байсан. Их гоё санагдаж байна лээ. Тэр үед ямар нэгэн төлөвлөгөө байсан ч юм шиг. Зөвхөн уул уурхай гэж яваагүй, эсвэл бүгд хуульч болчихоогүй, нарийн мэргэжлийн хүмүүс болж ажиллаж байжээ. Тэр цаг үеийг дурсахаар ер муухай санагддаггүй. Урлаг заримдаа маш субъектив. Тэнд бол чи яг спорттой адил, бодит юмтай тулна. Чиний хийсэн юм ажиллавал ажиллана, ажиллахгүй бол ажиллахгүй. Түүгээрээ бас гоё ч юм шиг”.

2.

Инженерийн ажлаас холдоод Ц.Ариунаа шууд урлагт хөл тавиагүй юм.

Төдийлөн анхаарал татаад байдаггүй “Соросын сан”-д ажиллаж байсан болон өдгөө Азийн хөгжлийн банканд зөвлөхийн алба хашдаг Ц.Ариунаагийн намтрыг урлаг, киноноос өмнө бид сонирхох болно.

Ц.Ариунаа “Би “Соросын сан”-д 1997-2002 он хүртэл таван ажил ажилласан. 2000 он гараад тэд Монголоос гарна, үйл ажиллагаа хумина гэдгээ хэлж байлаа. Удирдах зөвлөлийн дарга маань хоёр сонголт өгсөн. Хоёр жил цалингаа аваад үргэлжлүүлэн ажиллах. Эсвэл, "Урлагийн төлөөх байгууллага байгуулъя гэвэл бид тусалж өгье" гэж. Бидэнд шийдэж цөхөх юм байгаагүй. Ингээд тухайн үед Н.Жанцанноров, Г.Мэнд-Ооёо нарын олон хүн нэгдэж, Монголын Урлагийн зөвлөлийн байгуулж байлаа” гэлээ.

“Соросын сан”-д Ц.Ариунаа Соёл, урлагийн хөтөлбөрийг хариуцан ажиллаж байж. Тэтгэлэг өгдөг байгууллагаас ийнхүү тэтгэлэг олдог, авдаг байгууллага удирдан ажиллах тодорхойгүй сонголт руу хөл тавьжээ. 2002 онд байгуулагдсан Монголын Урлагийн зөвлөлийн хамгийн анхны Гүйцэтгэх захирал бол Ц.Ариунаа.

“Тэнэгийн дотор амгалан гэдэг шиг, болно л гэж бодож байсан. Яаж тогтвортой үйл ажиллагаа явуулахыг үнэндээ сайн мэддэггүй байсан. Би лав мэдэж байгаагүй ээ. Хувийн эрх ашгийн төлөөх биш үнэхээр нийгэмд үйлчилдэг байгууллага байх ёстойг харин бид эхнээсээ ойлгосон. Тийм ч болохоор урт настай, удаан жаргалтай байгаа болов уу. Үйл ажиллагаа нь ил тод, нэг хүний эрх ашгийг хамгаалдаггүй. Гол чухал зүйл нь нийгмийн төлөө гэдэг чин эрмэлзэл байсаар ирсэн”.

Жорж Соросын үүсгэн байгуулсан санг дэлхийн хэд хэдэн улс орнуудад хувьсгал өдөөж, дараа нь уул уурхайн төсөлд давуу эрхтэй оролцох боломжийг атгасан барууны байгууллага гэж харах хандлага бас бий. Ардчилсан хувьсгал гарсны дараа ажиллаж байгаад, үйл ажиллагаагаа татсан “Соросын сан” Монголд юу үлдээсэн нь сонирхолтой сэдэв мөн.

-Та намайг ойлгоорой. “Соросын сан”-г өнөөдөр сайнгүй нүдээр ойлгох, тайлбарлах хандлага бий л дээ. Та дотор нь ажиллаж байсны хувьд, тэр байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж явдаг вэ?

-Юун түрүүнд, бидэнд ямар ч эдийн засгийн хөтөлбөр байгаагүй. Тэнд хэвлэлийн эрх чөлөөний хөтөлбөр байсан. Боловсрол, соёл урлагийн хөтөлбөр байсан. Иргэний нийгэм болон ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэх, боловсролын тэгш оролцоог хангах зэрэг агуулгаар ажиллаж байсан. Маш олон хүнийг гадаадад суралцуулсан. Бүх үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байсан. Байгууллагын үнэт зүйлтэй, тэдгээр нь тодорхой байсан. Харин улс төрийн өнцгөөс ярих нэг өөр хэрэг, зарим талаар энэ нь хүмүүст ашигтай тусдаг байх.  

Энэ бол барууны гэхээсээ ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагаа байсан болов уу. Ардчилал дотроо хууль өөрөө хууль шиг байх. Цагдаа хүчний байгууллагууд хүмүүсийг дарамталж шахдаг биш нийгэмдээ үйлчилдэг байх. Соёл урлагийн салбар шинэ дуу хоолойг сонсох, дэмжих гэх мэт.

Бид хүмүүнлэгийн, оюуны үйл ажиллагаа явуулдаг байсан.

Нэг талаар, энэ хөтөлбөрүүд тухайн үеийн монголчуудад ус агаар мэт хэрэгтэй байсан шинэ жишиг. Дүрэмд нь, тэтгэлгийн мөнгөөр эд хөрөнгө худалдаж авахыг зөвшөөрдөггүй байсан. Суралцах, ном орчуулах, бүтээн туурвих үйл ажиллагаанд зарцуулах дүрэмтэй байлаа. Миний хариуцаж байсан Соёл, урлагийн хөтөлбөрийн тэтгэлгүүд дандаа уран бүтээл болж нийгэмдээ үлдсэн.

Хүний оюун санаанд гарсан өөрчлөлтийг хэмжих боломжгүй л дээ. “Соросын сан”-г өнөөдрийн ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тулгуур сууриар нь бүтээлцсэн гэж хардаг.

 -Та гэхдээ хуучин нийгэмд нэг их өширхдөг хандлагатай хүмүүсээс өөр юм. Тэр үеэ гэрэл гэгээтэйгээр дурсаж ярьдаг санагдлаа.

-Надад өнгөрсөн нийгэмд өширхөх юм байхгүй. Би өөрөө 30  нас хүртлээ тэр нийгэмд, ажиллаж амьдарсан хүн. Ардчилал надад үнэхээр сонголт авчирсан. Ардчилал ирснээр би дуртай юмаа олж авсан, жинхэнээсээ тийм.

Хүн залуу насаа ер нь сайн сайхнаар үгүйлдэг гэж боддог. Би социализмын үед амьдарч байсан гээд хувь хүний хувьд нугачин даруулж байгаагүй. Манго бүжиглэвэл бүжиглэж, өргөн трапецаа өмсөж явсан. Тэр нь л залуусын илэрхийлэл, тухайн нийгмийн эсэргүүцэл байсан. Бид өөрсдөдөө байхгүй зүйлийг шүтсэн. Харин байхгүйн, дутуугийн комплекс бол байгаагүй.

Одоо тэгш байдлын тухай маш их ярьж байна. “Equity in front and behind camera” гэж ярьж байна. Дурангийн өмнө ч, хойно ч тэгш байдлыг бий болгоно гэдэг үзэл санаа явж байна. Учир нь тэгж их хазайж, тэгш бус болж иржээ, бурангуй капитализмын үед.

Кино түүхээсээ эхлээд маш эрчүүдийн давамгайлалд явж ирсэн. Behind the scene хүмүүс тэгш байдлыг хүслээ, саяхан Hollywood-д ажил хаялаа. Социализмын үед бол бүгдийг нь тэгшитгэчихсэн байгаа. Нэг харахад бид өнөөдөр дахин тэгшитгэлийг хүсэж байна. Харин авьяас хайж байгаа үед тэгшитгэл хэцүү л дээ. Авьяасыг тэгшитгэх боломжгүй.

Бид өнөөдөр дэлхий дахинд эргээд зүүний давлагаа хүчирхэгжиж буйд санал нэгдлээ.

Урлагийн салбарт ч хэтийдсэн монополь, нэг болон хэсэг хүмүүст мэдээлэл, эд хөрөнгө, эрх мэдлийн төвлөрөл үүсэхийн бурууг шүүмжилж байгаа нь цаг үеийн нэг үзэгдэл болж байна.

Монголчууд хуучин нийгэмд бүгдийг тэгшитгэнэ гэж зүтгэхдээ өөрсдийн гэхээс хойд хөршийн эрмэлзлийг тээж явсан. Харин дараа нь сонголтоо хийсэн. Тэр сонголтын дагуу өдгөө амьдарч байна. Гэхдээ дэлхийн давлагаа энд ирж цохих нь бас дамжиггүй зүйл. Тэр цохилтыг тодорхой хэмжээнд шинэ цагийн өөрчлөлт, аясаар нь ойлгож мэдрэх, тодорхой хэмжээнд хөрсөн дээрээ газардуулах гэдэг оюунлаг хүмүүсийн мэдрэмжийн асуудал байх тунчиг магадтай хэрэг.

3.

Дэлхий глобаль болно, даяаршина гэж нэг хэсэг явлаа. Одоо эргээд өөрсдийн үнэт зүйлээ алдсан бол эрж хайж эхэлж байна. Хүчирхэг гүрнүүдийн эсрэг хөгжиж буй улсууд өөрсдийн эрх ашиг, өөрсдийн хөгжлийн зам-сонголтоо зоримог илэрхийлж байна.

Энэ дунд монгол хүний эрж хайж яваа үнэт зүйл юу байж болох вэ.

Ц.Ариунаа “СУИС-иас үнэт зүйлсийн судалгаа хийсэн байна лээ. 

Нэгдүгээрт, эх орон гэж гарсан. Тэгээд тусгаар тогтнол. Ардчилал, хүний эрх бол дөрөв, тавдугаарт явж байх шиг. Монголчуудын нэгдмэл үнэт зүйл эх орон л баймаар. Үүн дээр бид бүгд нэгдэх байх аа. Тэр нам энэ нам, энэ эрэгтэй эмэгтэй, ЛГБТ гэж өөр өөр ханддаг ч яг ижилсэн зогсох цэг нь эх орны, ээжийн тухай сэдэв юм болов уу даа.

Би хотод өссөн, гэхдээ хөдөө явахгүй л бол тэр жилийнхээ цэнэгийг авч чаддаггүй. Залуудаа бол хэзээ ч тийм байгаагүй. Байшингаас гардаггүй, наранд борлочихвол муухай гэж боддог байсан. Одоо хөдөө л явж байж санаа амардаг, эрч хүч авдаг болсон. Алдагдаагүй онгон байгаль, уул ус хамгийн сайхан” гэж ярилаа.

-Таны хувь хүний үзэл бодол ч мөн эх орон гэдэг дээр бууж байна уу. Өнөөдөр эсрэгээрээ эх орон гэдэг агуулгыг шинээр харж, үнэт зүйлээ болгох, эрж хайх ёстой болчихоод байгаа юм биш үү?

-Би бас боддог л доо. Монголчууд эх орныг ээжтэйгээ зүйрлэдэг. Ээжгүй амьдрал байхгүйтэй бараг ижил. Монголд ер нь муу ээжийн дүр байдаг бил үү, байхгүй байх. Хилийн манаанд зогсож, цэрэгт явсан хүүхдүүд эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг сайн ухамсарладаг байх аа. Амьдрал нь утга учиртай болж. Би залуу байхдаа тэгж боддоггүй байсан. Энэ бараг насны асуудал байх.

Залуу байхад үнэ цэнтэй юм бидэнд их өөр байсан байх аа. Эрх чөлөө ч юм уу.

-Одоо л бид нэг болно, болохгүйн ялгааг ухамсарлахтайгаа болж байна уу даа гэж бодох юм. Ардчилсан хувьсгал гарсны дараа “Ингэж бизнес хийж болох юм байна”, “Тэгж гадаадын хөрөнгө оруулалт татаж болох юм байна” гэсэн шинэ тутам хандлагаар хэсэг хүмүүс хандчихсан гэж та боддог уу. Таны үеийн олон хүн улс төрд, бизнест өөрийн байр суурийг заслаа?

-Байлгүй яах вэ. Үнэндээ тэр үед ардчилал, бурангуй капитализм хоёр зэрэг ороод ирсэн. Капитализм нь илүү хүчтэй байсан бөгөөд ашиг орлого, баян тарган байх үзэл санааныхаа боол нь болцгоосон.

Гэхдээ над шиг бизнес яаж хийдгийг ч мэддэггүй явсан хүмүүс бий. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл чин шударга амьдарсан. Би хулгай хийгээгүй, худал хэлээгүй. Бидэнд хоёр байр, зуслангийн байшин, өв хөрөнгө, хоёр гурван машин алга. Гэхдээ бид ямар ч байсан өвдөөгүй, үхээгүй, бас хүнээс хоол гуйж идээгүй байна. Нийлж, нэг хүний халаасанд ороогүй. Энэ миний өнөөдөр нойртой хонож буйн гол сайн сайхан, үнэ цэн юм биш үү.

Ийм хүн манай үеийнхэнд олон бий. Бүгдийг үгүйсгэж болохгүй л дээ. Өөрт оногдсон улс төрийн болон эдийн засаг, мэдээллийн давуу чанараа ашигласан хүмүүсийг бид ил харж л байна. Муу юм өөрөө маш хүчтэй. Жижигхэн хар толбо л бүтэн аягатай сүүг саарал болгож чаддаг биз дээ.

Ц.Ариунаа бизнес хийх, ашиг орлого олохыг урьтал болгох бус урлагийн төлөөх төрийн бус байгууллага удирдах замыг ийн сонгож, дараа нь нөхөр, найруулагч С.Бямбын хамт арт хаус кинон дээр ажиллах болсон нь анхаарал татмаар дахин давтагдашгүй түүх.

М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”-ыг уншсан гэхээр нь дурлаж, үнэрт нь ухаангүй татагдсан С.Бямбатай хамт “Гүрү медиа”-гийн төсөлд хамгийн анх тэр катеринг менежерийн статустай байжээ. Гоёор хэлэхэд тийм, ойлгомжтойгоор хэлбэл тогооч нь гэсэн үг. Ингэж эхлээд тэр өдгөө “Сэр сэр салхи”-ийг продюсерлэх  хэмжээний бүтээгч, урлагийн салбарт нэгэн том нуруу, үлгэр дуурайл болох, очиж асуух дүр болсон.

4.

Найруулагч С.Бямба болон тогоочийн ажлаас эхэлсэн хайр болоод кино урлагийн талаар танд өгүүлэхээс өмнө өдгөө ингэтлээ сэтгэлээ тогтоосон, төлөвшсөн хувь чанарынх нь үүтгэлийг сонирхуулмаар байна. Энд Випассана бясалгал яригдах болно.

Далны нь ойролцоо, зүрхний нь тушаа нэг зүйл зангирч өвдөх хэрээр тэр бухимджээ. “Яагаад, яагаад, яагаад?”. Харин дараа нь хүлээн зөвшөөрчээ. Ингэхэд хамраас нь нэг их юм гараад л, гараад л, гараад л байх шиг санагдсаны дараа тэр өвдөлт арилсан байна. 2019 онд випассана бясалгалын 10 хоногийн курст суусан үеэ тэр амьдралынхаа “Profound” гэж нэрлэлээ.

Өнөөдөр хурдтай нийгэмд бид өөрөө өөрсдийгөө сонсох завгүй явцгааж, дотоод бөгөөд гаднын хүчин зүйлсээр цэнэглэгдэж байна.

Ц.Ариунаа “Би 40 нас хүртлээ ямар ч биеийн тамир хийдэггүй байсан. Бясалгал бүр тоодоггүй. Харин аз болоход намайг тойрон хүрээлэгсэд нөлөөлсөн л дөө.

Амьдрал хурдан хурдан өрнөөд л, бие болон сэтгэл тайвширч, өөрийгөө эмхэлж авахгүй бол болохгүй тийм үе ирсэн байхгүй юу. Тэгэхэд дотоод хүнээ сонсох талаар надад А үсэг ч байгаагүй.

Хүн ер нь юмыг хайгаад л яваад байхад олдог юм билээ.

Аэробикт явж байтал дэргэд нэг хүн “Иог их зүгээр юм билээ” гээд хэлчихгүй юу. Тэгж хэлэхийг нь зүгээр л сонсчихож байгаа юм. Ингээд иогд явсан. Иогоос бясалгалд шилжсэн.

Эхлээд чинадаас хайх бясалгал сурсан. Надад шашин бас хэрэггүй байсан. Арга техникийг нь суралцаж, амар тайван байх, ажил амьдралаа балансжуулах зорилготой байсан (Инээв). Тэр бясалгалыг бараг таван жил хийсэн шүү.

Тэгж байтал миний эргэн тойрон дахь бараг бүх найзууд випассана бясалгалд яв гэж зөвлөөд эхэллээ. Эхлээд зураач Б.Саранцацралт хэлсэн, дараа нь Г.Аюурзана, Д.Төрмөнх гээд л. “Маш гоё, яваач” гэцгээсэн.

Бямбаа эхэлж явсан, нэг их юм яриагүй. Дараа нь би випассана бясалгалын 10 хоногийн курст явсан л даа” гэж дурдлаа.

“Гэтэл аймаар бие өвдөөд, хар дарж зүүдлээд (Инээв). Сууж байхад л далны ойролцоо өвдөөд болдоггүй. Тэнд л нэг юм зангирчихаад болохгүй.

Гэтэл хүний бие гэдэг ой санамж юм байна. Чи ямар нэгэн юманд гомдсон ч юм уу, айсан ч юм уу, тэр нь багадаа юу урд насандаа юу хамаагүй, зангирч үлддэг юм байна. Тэгэхэд багш “Ямар нэгэн юм л чиний зүрхний арын булчинг чангалсан байна” гэж хэлсэн. Суугаад, ажиглаад ирэхээр тэнд чангараастай байж байгааг нь би олж, таньж буй хэрэг юм байна л даа.

Харин би дотроо аймаар уурлаад. “Ингэж их өвддөг юм бол хэлчихгүй, ямар ч гоё юм алга” гээд (Инээв). Багш дээрээ очоод хэлсэн чинь “Зүгээр ээ, ажиглаад суу. Гүнзгий амьсгаа ав” л гэсэн. Надад харин түмэн живаа бодол орж ирээд л.  

Тэгэхэд би өөртэйгөө тулсан. Магадгүй өөр лүүгээ харсан эхний алхам. Энэ бол бүр далд ухамсарт юм уу, урд насных ч байж болно. Харин тэр ой санамжтайгаа анх удаа учирч байгаа  л хэрэг. Түүнийг үзэн ядах, уурлах, “Яагаад?” гэж бодох хэр л түмэн тэнэг бодол орж ирнэ. Зөвхөн, “Аан, энэ чинь би юм байна. Надад бас ийм өвдөлт байна. Ямар нэгэн өвдөлт байна” гэж хүлээн авсан үед л алга болсон”.

Ц.Ариунаа ингээд өөртэйгөө ярилцжээ. “Чи яагаад өвдөөд байгаа юм. Чи яасан юм бэ. Өвчин байгаа юм уу”. Нэг цаг бясалгаад 15 минут амардаг бол тэр өдөр гурван цаг тасралтгүй суужээ.

Тэрбээр “Би тэр өвдөлтийн талаар “Алга бол”, “Яагаад?” гэж олон долоон юм бодолгүй, зүгээр л өөр лүүгээ харж, хүлээн зөвшөөрсөн. “Байж болно оо. Би чамайг тэвэрч байна, хайрлаж байна” гэж бодсон. Ингэхэд аягүй том юм тархинаас ч юм уу, хамрын үзүүрээр ч юм уу гарч байгааг мэдэрсэн. Гараад л байсан, гараад л байсан.

Багш “Та азтай байна. Ямар нэг том өвчин болох байсныг эдгээж байгаа ч юм бил үү” гэсэн л дээ. Бясалгал бол сэтгэлийн хир буртгийг цэвэрлэхийн нэр. Хир буртгийг бид өөрсдөө бодож нэг бий болгоно, хүмүүс бий болгоно. Нэг юмнаас цочсон ч сэтгэлд юм сууна. Харин биеэ анх удаа тэгж анзаарна гэдэг өөрийгөө анх удаа хүлээж авч байгаа хэрэг.

Тэр миний амьдралд тохиолдсон “Profound”. Агуу нээлт. Өөр лүүгээ харж чадсан явдал. Маш том чөлөөлөлт шиг санагдсан шүү” гэлээ.

-Ер нь доторх хүн бүхнийг мэдэж байдаг гэмээр. Харин хүн өөрийнхөө бугламал асуудлыг гаргаж ирж, нүүр тулж чаддаггүй, ухамсаргүйгээр зугтдаг байх. 2019 он хүртэл зугтаж ирсэн муу муухайтайгаа нүүр тулсан мөч нэг үгээр тэр байсан ч байж магадгүй юм.

-Ер түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хамгийн гоё нь, яасны тухай бодох хэрэггүй гэдэг. “Хэн бий болгосон юм”, “Яагаад” гэдэг чухал биш. Өвчин байна, өвдөлт байна. Шалтгааныг бодоод байвал тэр улам цэцэглэдэг. Зүгээр л өвдөлтөө анзаарч, хүлээн зөвшөөрөх. Сургааль  талаасаа бие өвдвөл харин ч сайн гэнэ. Түүгээр дамжуулж, үйлийн үрээ багасгаж байна гэж үздэг.

Тэр хүртэл чухам сайн хүн, хүнд мууг хийдэггүй, худлаа хэлдэггүй, хангалттай сайхнаар амьдарч буй хүн л гэж өөрөө өөрийгөө бодож яваа нь дамжиггүй. Эхлээд “Энэ одоо яагаад, юун өвдөлт вэ” гэж бодно л доо. Харин чамд үйлийн үр бий. Бусдын адил нүгэлт хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх л чухал.

Олон утгаар тэр бас хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгэн илэрхийлэл юм. Урлагийн, дурлалын төлөө өөрийгөө “зольсон” эмэгтэй магадгүй хүчирхэг эмэгтэй байж болох. Мөн өөрөө өөртэйгөө нүүр тулна, хүлээн зөвшөөрнө гэдэг зөвхөн хүйс үл хамаарах хүчирхэг шинж чанар байх магадтай. Харин Ц.Ариунаа хүчирхэг эмэгтэй гэдэг тодорхойлолтыг яг дээрх ярианы дараа нүүдлийн шувуудтай зүйрлэсэн нь анхаарал татлаа.

5.

Тэрбээр “Хүчирхэг эмэгтэй чанга дуу хоолой, харагдах үзэгдэхдээ гол биш ээ. Г.Аюурзанын “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” гэдэг романыг уншиж амжсан уу. Тэнд нүүдлийн шувуудын тухай нэг хэсэг бий.

Шувуу хэдий тийм жижигхэн амьтан ч Хималайн нурууг давж, өвөлжиж байгаа шүү дээ. Хималайн нурууг давж, цаана нь өвөлжчихөөд буцаж ирж байгаа гээд л бод доо. Харин тэд хүчээр,  тэнхээгээр давдаггүй юм байна.

Яаж вэ гэвэл, шувууд өөр өөрсдийнхөө нисэх түвшинг, жимийг, тохиромжтой агаарын урсгалыг олж авдаг. Түүнийгээ олж аваад харин дэвэхээ больдог. Ингэснээр агаарын урсгал өөрөө шувууг аваад явдаг юм байна.

Би бол тийм хүнийг хүчирхэг эмэгтэй гэж хэлнэ. Тодруулах юм бол, хамгийн хэцүү зүйлийг хамгийн бага хүчээр хийж чадаж байгаа эмэгтэйг. Яг өөрийнхөө урсгалыг олж, тэнд биеэ сул чөлөөтэй хаяж чаддаг. Өөрийгөө тийм болох сон л гэж боддог. Энэ бас нэг талдаа амаргүй зүйл ш дээ” гэлээ.

“Хамгийн гол нь шувууд нэг нэгэнтэйгээ мөргөлддөггүй. Бид хэчнээн хүний орон зайд очиж халддаг билээ. Харин тэд асар ойрхон зөрсөн ч огтын мөргөлддөггүй юм гэнэ лээ. Энэ аливаад санаашрахгүй, шуналтахгүй л амьдарна гэсэн үг. Бүх бясалгал, бүх иог биеэ сул тавихыг заадаг”.

Ингэснээ Ц.Ариунаа гар утаснаасаа өөрийн дарсан навчны зургийг үзүүллээ. “Би харин өөрийгөө навч гэж боддог. Навч бас салхинд хийсдэг. Гоё ш дээ, хавар болохоор дэлгэрч, намар хагдран унана. Бордоо болно. Хааяа нисвэл нисчихээд, унавал уначихдаг. Унасан ч босно гэж боддог юм.

Энд тэнд навч таарвал түүгээд авчихдаг. Навчны зураг авна, өөрөө зурна, цуглуулна. Нууцаар навч зурна, бас бясалгал болно. Дандаа гоё биш, нүх мүх гаргаж, хатсан матсан навч зурна. Бямбаа гоё навч харахаараа надад аваад ирчихсэн байдаг” гэлээ.

Найруулагч С.Бямбад дурлан, шийдвэр гаргасан түүх нь хоёр охины нь өмнө цөөнгүй жил сэтгэлийн ачаа болж ирсэн ч өдгөө нэгэн гэр бүлийг бүтээсэн явдал бас тусдаа ялгуусан. “Мартагдсан дууль” кинонд тоглосон том охин нь өдгөө Германд амьдарч буй, эмч болжээ. Харин дунд охин нь хувиараа бизнес эрхэлдэг бол бага хүү нь “Nomadia Pictures”-т продюсер.

6.

Гэр бүлийн тухай сэдэв. “Үнэ цэн, сайн сайхан гэдэг хэзээ ч хямдхан байдаггүй”.

Ц.Ариунаа "Гэр бүл бол тасралтгүй “ажиллах” явдал юм даа. Бие биедээ “Хайртай л юм чинь” гээд орхичихвол хогийн ургамлаар дүүрнэ. Гэхдээ нэг тал нь биш, хоёулаа ажиллах ёстой. Цаадахын цаадах юм нь, хоёулаа шал өөр байж болно, харин нэгдмэл нэг зүйл байх хэрэгтэй юм шиг.

Нэгдмэл зорилготой байх албагүй, хүн бүр ч зорилготой байж чаддаггүй. Гэхдээ нөхөр нь байнга ашиг орлого яриад л, эхнэр нь “Өчигдөр би ийм зүүд зүүдлээд” гэж яриад байвал их хэцүү шүү дээ. Нэг нь амжилт, бизнес хөөж нөгөө нь эмороод. Тийм болохоор хувь хүмүүс хэчнээн өөр ч цаад зүйл нь нэгдмэл баймаар. Адаглаад амьдралын хэв маяг ижил байвал.

Жишээ нь, гэр бүл хоолоороо дамжуулж их аз жаргал мэдэрдэг. Мэдээж, хобби, сонирхол нь байж болно. Бямбаа дугуй унадаг, би унаж чаддаггүй. Гэхдээ бид хоёр ууланд алхах дуртай. Хөлсөө гаргаж, сорилт давж, “зовж” алхах дуртай.

Сексийн амьдралыг хамгийн түрүүнд, залуудаа туулчихдаг. Эргээд харахад секс бөгөөд дурлал, хүчтэй мэдрэмж гэдэг зүгээр л биохимийн процесс шүү дээ. Үнэр нь гоё санагдаад л. Би Бямбааг анх үнэртээд л, урьдаас хайж байсан хүн мөн байна гэж бодсон.

Эхний гурван жил илүү амьтанлаг гэх үү, байгалийн байдлаар татагддаг, тэр нь хүчтэй байдаг. Тэр үедээ хэчнээн өөр гэдгээ мэддэггүй. Сүүлдээ л өөр байдлаа, эсвэл нэгэнлэг чанараа эргэж хардаг шиг байгаа юм. Аз болоход Бямбаа бид хоёр “Мастер, Маргарита хоёр”-т дуртай.

Бидний туулсан амьдралд жижиг салхиуд салхилсан, гэхдээ доор нуугдсан том мөсөн уул хэзээ ч байгаагүй. Мэдээж муудалцах, санал бодол зөрөлдөх юм байлгүй яах вэ.

Мөн  нэг бодлын хүчтэй эрэгтэй хүмүүс л өөрийн гэсэн бодолтой эмэгтэйг хүлээн зөвшөөрч чаддаг байх. Би Бямбаатай амьдраад намайг хязгаарлаж, дарамталж байгаа мэт санагдаж байгаагүй. Бямбаа ч надад дарамтлуулах хүн биш. Их уран ажиллагаа хэрэгтэй биз дээ, бууж өгөх юмандаа бууж өгөөд л. Нас яваад бие биенээ мэдэх хэрээр муудалцах нь бага болсон. Онигоо ярьж, инээж хөхрөх нь л элбэг болсон. Маш их ярьж, инээж, бие биенээ “шоолж” байх хэрэгтэй. Тэр их авардаг.

Бүх хүнд таарах алтан дүрэм байдаг эсэхийг мэдэхгүй. Өөр өөрсдийн томъёог олох хэрэгтэй болдог, олсон нь аз жаргалтай байдаг байх” гэж ярилаа.

Ц.Ариунаа энэ ярианы төгсгөлд өөрийн ёс зүйн критерээ “Хувийн эрх ашгийн төлөө бусдад, хэн нэгэнд ямар нэг муу зүйл хийхгүй, эрсдэл учруулахгүй байх” гэж тодорхойлсон юм. Энэ ч утгаар бусдад өөрийн орон зайг олгох агуулга улбаалаад яригдлаа.

“Заримдаа чиний хамгийн тус бол тус болохгүй байх.Туслахгүй байснаар тэр хүн илүү хөгжиж, онцгой адал явдлыг өөрийнхөөрөө даван туулж болно. Хүүхдүүддээ ч хааяа тийм зарчим барих зүгээр. Би хүүхдүүдийнхээ хамаг юмыг бэлдэж өгч, хэн байхыг нь заахыг хүсдэггүй. Орон зайг нь олгодог” хэмээлээ.

Одоо түүнтэй урлаг ярих л үлдлээ.

Урлаг, Монголын Урлагийн зөвлөл, “Гүрү медиа”, мэдээж “Сэр сэр салхи”. Хөрөг ярилцлагын хоёр дахь хэсгийг энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-30 09:13

Үнэн сэтгэлээ ууд�##�сан сайхан ярилцлага байнаав Аз жарг�##�аар үргэлжид бялхаж байх болтугай

ыбө
ыбө
2023-10-30 09:48

Ёстой сонирхолтой

zochin
zochin
2023-10-30 09:49

bayarlalaa....

Зочин
Зочин
2023-10-30 11:29

Маш хүчтэй ёстой сайхан хүн шүү. Ариунаадаа аз жарг�##� ,эрүүл энхийг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
2023-10-30 13:26

Ариунаа танд баярл�##�аа. Яасан сайхан ухаантай юм бэ дээ. Харин Бямбааг бол мэднэ. Манай кино үйлдвэрийн опер-техникийн цехэд байсан. Та хоёртоо аз жарг�##�, амжилт бүтээл хүсье. Данхиад гоё ярилцлага өгөөрэй. Уншьяа.

Buural
Buural
2023-11-01 09:12

Овоо л доо. Мастер, Маргарита хоёр уншсан нь их юм. Дотоод мэдрэмжтэй болно.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-02 11:19

СОЁЛЫН АЖ ҮЙЛДВЭР ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ТӨСЛӨӨ БОЛОВСРУУЛААД АРИУНААТАЙ АХМТАРЧ БСАН ЮМ ОДОО ХАА БДАГ ЮМ БОЛ УТАС НЬ ХЭД БОЛ МИНИЙ УТАС 99792231 ОЛЖ ӨГЧ ТУСЛАНА УУ

Холбоотой мэдээ

Back to top button