
Хөрөг ярилцлагын эхний хэсгийг уншихыг хүсвэл энд дараарай.
“Соросын сан”-гаас Монголын Урлагийн зөвлөлийн байгуулалцан ажилласан Ц.Ариунаа 2008 оноос “Гүрү медиа”-д бүрэн төвлөрчээ. “Гүрү медиа” өдгөө “Сэр сэр салхи” уран сайхны кинон дээр ажиллаж, П.Лхагвадулам хэмээх шинэ, залуу авьяасыг олж нээн, Венецийн кино наадамд Монголоо өнгөлж байна.
Харин “Гүрү медиа” бөгөөд арт хаус төрлийн кино бүтээлтэй холбогдсон түүх нь түүний дурлал, түүний гэр бүлийн хүн, найруулагч С.Бямбатай салшгүй уялдана.
1.
1987 онд “Мартагдсан дууль” кино хийгдэх үеэр С.Бямба туслах оператораар ажиллаж байв. Харин тус уран сайхны кинонд Ц.Ариунаагийн том охин тоглосон байдаг. Энэ үеэр Ц.Ариунаа, С.Бямба нар анхлан танилцжээ.
-Чи “Мастер, Маргарита хоёр”-ыг уншсан уу?
-Уншсан.
“Уншсан” гэдэг үгэнд Ц.Ариунаа цочирджээ.
ЗХУ-д хатуу биетийн физикч мэргэжлээр суралцахдаа, багын урлаг, уран зохиолд сэтгэлээ өгсөн Ц.Ариунаа орос зохиолчидтой сайтар танилцсан. Түүний сэтгэлийг ховстон татдаг нь М.Булгаков, “Мастер, Маргарита хоёр”.
Тэрбээр “Инженерүүд дунд уран зохиол ярьчих, ярилцчих хүн бас цөөн. Би харин Бямбаагаас тэгж асуухдаа “Уншаагүй” л гэж хариулна гэж бодсон. Гэтэл уншсан гэсэн. Тэгээд л дурлачихсан. Мөн үнэрийг нь үнэртээд “Энэ миний хайж явсан хүн мөн байна” гэж таньсан” хэмээнэ.
Бидний ярилцлагын эхний хэсгийн сүүл хавьд Ц.Ариунаа “Хайртай гээд л хаячихвал тэнд хогийн ургамал шавна. Харин гэр бүл бол тасралтгүй ажиллахын нэр. Хэдий хоёр хүн өөр ч, иддэг хоол нь уу, амьдралын ямар нэг хэмнэл нь үү, ижил байх хэрэгтэй. Азаар Бямбаа бид хоёр “Мастер, Маргарита хоёр”-т дуртай байсан” хэмээн дурдсан юм.
Найруулагч С.Бямбатай танилцан татагдаж, нэг нэгнээ олсноос удалгүй Ардчилсан хувьсгал гарчээ. Улмаар С.Бямба хувиараа кино хийж эхэлсний анхынх нь “Нохойн орон”, 1998 он.
Яруу найрагч С.Галсансүх “Надад үхэх долоон шалтгаан байна” хэмээн залуу цагаа мөнхөлсөн тэр кино зургийн үеэр Ц.Ариунаа байлцана. Найруулагч гэтэл сэрхийтэл, “Ингэхэд Аагий, чи юу хийж чадах вэ?” гэж асуужээ. “Би юу ч хийж чадахгүй. Би та нарт хоол л хийж өгч чадна”. Ингэхэд нь “Тийм үү. Тэгвэл тэг л дээ, бидэнд хоол хийгээд өг” гэснээр Ц.Ариунаа зургийн талбай гэдэг газарт нэг үгээр тогооч, нөгөө үгээр катеринг менежерийн байр сууринаас эхлэн ажиллаж, гурван жилийн дараагаас продакшн менежер болон “дэвшжээ”.
Ц.Ариунаа 2002 он хүртэл “Соросын сан”-гийн “Нээлттэй нийгэм” хүрээлэнд ажилласан бол найруулагч С.Бямбын хамтаар 2006 онд “Гүрү медиа”-г үүсгэн байгуулжээ. Тэр өөрийгөө 2008 оноос тус продакшны ажилд илүүтэй төвлөрсөн гэлээ. Мэдээж энэ хооронд Ц.Ариунаа Монголын Урлагийн зөвлөлийг удирдаж байсан.
Тэдний хамтын продакшн “Гүрү медиа”-гийн эхний бүтээл “Хадаг”. Найруулагч Питер Бросенс, Жессика Вүүдворт нарын эл бүтээл Венецийн кино наадамд “Ирээдүйн арслан” шагналыг хүртэж байв. Дараа нь 2010 онд С.Бямбын “Хүсэл шунал” мэндэлж, Тайван, Монтеррей, “Азиатика” зэрэг олон улсын 15 гаруй кино фестивальд амжилттай оролцсон байна.
2013 онд “Алсын удирдлага” мөн С.Бямбын найруулгаар нээлтээ хийж, Бусаны наадмаас “Шинэ урсгал” тэргүүн шагнал, Бухарестийн “Anonymous” наадмаас “Шилдэг уран сайхны кино” шагнал авлаа. Нийтдээ 20 гаруй фестивалиас шагнал хүртсэн гэдэг.
2016 онд “Торгоны замын хүүхдүүд”, 2017 онд “Ой санамжийн тоглоомууд” олон улсын кино төсөлд Монгол талын продакшн менежерээр “Гүрү медиа” ажилласан.
Харин 2020 онд Г.Аюурзанын зохиолоор “Хэвтрийн хүн” уран сайхны кино хийсэн нь олны анхааралд өртөж, Каннын фестивалийн “L’ Atelier” хэсэгт сонгогджээ.
Энэ хооронд тэд найруулагч П.Лхагвадуламыг “олж нээн”, 2020 онд “Шилүүс”, 2022 онд “Есдүгээр сарын цас” богино хэмжээний уран сайхны киног амжилттай нээсэн нь мөн Венецийн наадамд сонгогдож байв. Ингэсээр 2023 онд тэдний хамтрал “Сэр сэр салхи”-ийг бүтээсэн нь “Хар арслан” шагналыг Венецээс Монголд анх удаа авчирч, Монголын кино урлагт тэмдэглэгдэж үлдэх он жилийг бичиглэлээ.

2.
Дээрх түүхэн товчооноос харахад, одоо л бид олноор олж харж байгаа арт хаус кино, чингээд монгол кино гадаадын фестивальд сонгогдлоо, үнэлэгдлээ, шалгарлаа, шагнал хүртлээ гэсэн мэдээг “Гүрү медиа” 2006 оноос хойш сонсгож иржээ.
Ц.Ариунаа “Амар биш ээ. Таван жил юу ч байхгүй байж болж байгаа юм л даа. С.Бямбын кино бол таван жилд нэг удаа хийгддэг. Тэр хооронд зүгээр суух ч үе байна. Ажил орж ирвэл хийнэ. Гэхдээ бидэнд таалагдвал авна, таалагдахгүй бол авахгүй” гэлээ.
-Найруулагч П.Лхагвадулам та хоёр хэрхэн танилцсан бол?
-Локарногийн кино наадам “Open Door” хэсэгтээ Монголыг гурван жил дараалж онцолсон. Тэр үеэр Монголд ямар шинэ залуу авьяастан байна, тэднийг боломжийн хэрээр цуглуулах “хаб” зохион байгуулагдсан л даа. Энд П.Лхагвадуламыг надтай танилцуулсан.
-“Сэр сэр салхи”-ийн нээлтэд, та “Би уг нь найруулагчийн өмнө үг хэлэх байсан юм” гэсэн. Энэ нь, “Найруулагч гол ч гэсэндээ продюсер их ачааг үүрдэг, түрүүнд нь үг хэлэх ёстой л байсан” гэсэн утгаар буучихсан. Та яг юу бодсон бэ?
-Би нээлтийн үгийг хааж болохгүй. Найруулагч учраас П.Лхагвадулам хаах ёстой. Гэтэл яагаад ч юм эхлээд Дулмаагаар үг хэлүүлчихсэн. Хүмүүс ойлгоогүй юм байна л даа. Хамгийн сүүлд үг хэлэх нь илүү хүндэтгэл байхгүй юу. Жишээ нь би хэзээ ч Бямбаагийн дараа үг хэлдэггүй.
-П.Лхагвадуламыг авьяастай уран бүтээлч гэж яаж таньсан бэ?
-Анх Локарногийн кино наадамд тэгж танилцсан. Дараа нь Улаанбаатарт ирсэн хойноо “Шилүүс” кинонд нь дэмжлэг үзүүлж, ажилласан л даа.
Өөртэй нь уулзаад ярихаар, хэдий залуу мөртлөө бидэнд насны ялгаа нэг их анзаарагддаггүй. Мэргэжлийн хувьд боловсорсон, их үзэж харсан, уншсан байдал нь мэдрэгдсэн. Аливаа асуудалд өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн өнцөгтэй. Миний мэдэхгүй олон зүйлийг мэдэж буй, шинэ. Авьяастай хүнд төлөвшил маш чухал. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, ямар ч сэдвээр ярилцсан өөрийн гэсэн өнцөгтэй байдал нь таалагддаг. “Сэр сэр салхи”-ийн үүтгэл дурсамж, кино бүтээх санааг надад нүдэнд үзэгдэж, гарт баригдтал ярьж өгсөн. Би тэгээд л дэр дороо оюун санаандаа “авчихсан”.
Найруулагч П.Лхагвадуламтай ярилцах үеэр тэр бөөтэй танилцсан дурсамжаа хуваалцсан. Зан үйл эхэлсэн хойно ирсэн болохоор онгодоо буулгасан улаачийг хожим нь гар утасны тоглоом тоглон суух гартаа шивээстэй залуу байна гэж санаагүй нь цочирдоход хүргэсэн байна. П.Лхагвадулам “Монголд залуу хүн яг ийм л байдаг. Хэдийгээр чи бид хоёр бөө биш ч маш олон зүг рүү зэрэг харж, олон ачаа дааж амьдрах хэрэгтэй болдог” хэмээсэн юм.
Энэ дурсамжийг бүрэн хэмжээний кино болгохын тулд тэр өмнө нь “Шилүүс”, “Есдүгээр сарын цас” гэдэг хоёр ч богино бүтээлд ажилласан. “Шилүүс” бол “Сэр сэр салхи”-ийг эмэгтэй дүрийн өнцгөөс харж хийсэн, богиносгосон хувилбар. Харин “Есдүгээр сарын цас” бол “Сэр сэр салхи”-д тоглуулах гол дүрээ эрж олох, нөгөөтээгүүр өсвөр насны эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй дээр ажиллах дадал болгох зорилгоор бүтээсэн байна.
Ц.Ариунаа “Бид арт хаус киногоор ашиг олох нь бага. Амьжиргааны орлогоо бүрдүүлэхийн тулд би Азийн хөгжлийн банканд зөвлөхөөр ажилладаг. Энэ хүрээнд, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх төсөлд ажилласан удаатай. Ингэхдээ гэр хорооллоор явж их судалгаа хийсэн. Тэр үед илүү их эрч хүчийг мэдэрч байсан. Тэндээс амьдралын сайн сайхны төлөөх, юмыг болгох гэсэн эрч хүч, бүтээгч эрчмийг мэдэрсэн шүү. Ялангуяа залуусаас.
Тийм болохоор бөө болон гэр хороолол гэсэн энэ хоёр сэдэв надад хангалттай сонирхолтой байсан.
Бөө бол эртний нандин соёл, мэргэн зан үйл гэдэгт би итгэж явдаг.
Дулмаагийн уран бүтээлийн замналыг би бас харж буй нь сонирхолтой.
Эхлээд зохиолын нэр “Сэр сэр салхи” биш “Зэ” байлаа. Бичигдэж, Дулмаа жирэмсэн болж, хүүхдээ төрүүлмэгц дахин яаж өөрчлөгдөхийг харж байгаа хэрэг. Дулмаа аливаа түүхийг яг өөрийнхөө амьдралд тохиолдсон мэтээр, өөрөөрөө оруулан гаргаж байгаа мэт мэдэрч ажиллаж чаддаг нь таалагдсан.
“Шилүүс” дээр ажиллах үеэр би нэг өдөр л зургийн талбай дээр очсон. Мань хүнийг талбай дээр яаж ажиллаж байгааг хараад итгэл төгс болсон. Дахиж очоогүй. Сайн зохиолтой ч талбай дээр найруулагч шиг байж чаддаггүй уран бүтээлчид бий. Ерөөс миний зүгээс Дулмаад илүү үглэх шаардлага гардаггүй. Миний хэрэг бол багийг бий болгох, зохион байгуулах, ажлыг цагт нь эхлүүлж цагт нь дуусгах, удирдах юм байна гэж харсан.
Миний Дулмааг хүндэтгэж буй хандлага бусдад ч нөлөөлнө. Бидний харилцаа өсөн дэвжсэн, эн тэнцүү. Хийсэн ажлынхаа туршлага, насаар сургааль хайрлах гээд байдаггүй. Надад тэгж ажиллах сонирхол ч байдаггүй л дээ” хэмээснээр “Сэр сэр салхи” болон найруулагч П.Лхагвадуламын сэдэв өндөрлөлөө.
3.
-Та хэдий артист биш ч харин дотор нь ямар агуулга цохилж явдаг вэ?
-Би гэр хороололд амьдардаг мөртлөө төвийн айлуудад очиж, гэрийг нь цэвэрлэж, хүүхдийг нь харж өгдөг эмэгтэйн түүхээр кино хийх сэн гэж олон жил бодож байна.
Тэр хүн бараг хамба шиг, олон айлын түүхийг өөрөөрөө дамжуулж илэрхийлэх юм шиг санагддаг. Бас очдог айлууддаа хамгийн хүндтэй, үнэтэй хүн нь болсон байх мэт. Харин зөрчил нь л юу байхыг бодож явдаг.
-Ийм агуулгыг дотроо тээж явахын цаад шалтгаан юу вэ?
-Тийм эмэгтэйг би бодит амьдрал дээр олонтой харсан. Хөдөлмөрийн зах зээлд төдийлөн харагддаггүй ч нийгмийн харилцаанд гүн нэвтэрсэн ажил юм билээ. Надад хамгийн гол нь гэр хорооллын тэр эмэгтэй болоод ажил олгож буй, орон сууцны эмэгтэйчүүдийн туулж буй зовлон нь нэгэн ижил байх юм шиг санагдаад байдаг.
Арилжааны кино ашиг орлогоо боддог бол арт хаус кино агуулга, үзэл санаа бөгөөд уран бүтээлчийн тээж яваа эмзэглэл, чимээгүй “хашгираан”-ыг илэрхийлдэг онцлогтой. Ц.Ариунаа төдийгөөс өдий хүртэлх хугацаанд амьдралынхаа хамгийн гол зүйлсийнхээ нэгийг (амьжиргааны найдлага лав биш хэдий ч) кино болгож ирсэн тухайгаа “Кино өөрөө гурван цагийн хэлхээс. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг кино хамтад нь тэмтэрдэг. Кино хийснээр түүхэн цагалбарыг үлдээж буй хэрэг.
Жишээлбэл, “Сэр сэр салхи” 50 жилийн дараа гэхэд Монголын нийгэм, агаарын бохирдол ямар байсныг харуулах баримтат кино мэт үүрэг гүйцэтгэх магадтай. Цаг хугацаа өнгөрөх тусам киноны үнэ цэн нэмэгддэг. Өөрөөр хэлбэл Монголын нийгэм өөрийнхөө түүхийг бүтээхэд би хувь нэмрээ оруулж буй хэрэг.
Түүнээс би байшин барьж чадахгүй. Дуртай юмаа хийнгээ, өнөө маргаашдаа байшин болж босохгүй ч алсдаа түүх болж бүтэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй. Нэг үгээр Монголынхоо оюун санааг “барьж”, “барилцаж” байгаа гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.

-Та гэхдээ ЗХУ-д хатуу биетийн физикч болж ирснээс хойш, урлагийн чиглэлээр ямар нэг сургууль төгссөн үү, сургалтад хамрагдсан уу?
-Би урлагийн чиглэлээр ямар ч сургуульд сураагүй. Мэргэжил дээшлүүлэх курст ч суугаагүй. Гэхдээ хоёр юм байсан.
Нэгт, аавын нөлөөлөл. Тэр нөлөөлөл байсан учраас зураг зурах, элдвийг фантазалж бодох, юм хум зохиож бичих дуртай хүүхэд байсан. Харин хоёрт, “Соросын сан”-д ч, Монголын Урлагийн зөвлөлд ч ажиллахдаа би урлагт үнэн сэтгэлээсээ дуртай байсан.
Өөрөөсөө хайж явдаг бүх зүйлээ тэндээс, урлагаас олно гэдгийг зөн билгээрээ мэдэж байгаа. Харин яаж мэдэж байгаагаа тайлбарлаж чадахгүй. Би яагаад ч юм энэ дотор байхдаа л хөглөгддөг. Уран бүтээлчдийн заримыг нь харж баярлаж, заримыг нь харж гуньдаг. Тэдний өөрийн өвдөлттэйгөө, зовлон жаргалтайгаа байж байгаа нь намайг ховстдог. Харин тэдэнд өөрийн зүгээс жаахан ч гэсэн дэм болж чадаж байгаадаа баярлаж ирсэн.
Би өөрийгөө уран бүтээлч болох ёстой байсан гэж ер боддоггүй, тийм амбиц байгаагүй. Тэр хүмүүсийн эрчим дунд оршин байх л надад хангалттай. Ажилдаа дуртай байсан, дуртайдаа яг чин сэтгэлээсээ хийж ирсэн. Тийм болохоор үр дүн нь гарч байсан байх. Процесст дурлаж байсан гэх үү, харин үр дүнгийн араас хөөцөлдөж байгаагүй. Тэртэй тэргүй сэтгэлээ өгчихсөн юм чинь “Тэгэх байж дээ” гэж харамсах юу ч үлдээлгүй хийхийг зорьдог.
-Харин энэ салбарт мөнгө хэр шударга зарчмаар эргэлддэг вэ?
-Би урлагийг мөнгөтэй хутгаж, ямар нэгэн эдийн засгийн үр өгөөжтэй салбар болно гэж харах бол дургүй. Эдийн засгийн боломжтой байж болно. Ядахдаа өөрөө өөрийнхөө зардлыг нөхөх хэмжээнд зохистой модель болох ёстой гэдэгт итгэдэг. Түүнийг хийж чадахгүй бол угаас энэ салбарт оршин тогтнож чадахгүй.
Харин урлагаас ашиг олохын төлөө явж үзээгүй. Монголын Урлагийн зөвлөл ч ашгийн төлөө яваагүй. Зардлаа нөхвөл л аз.
Ер нь урлагийг мөнгөтэй холбох тусам үнэ цэн нь алдагддаг. Бас урлаг хийж байгаа хүмүүс амьдрах ёстой. Амьдрах ёстой болохоор ямар нэгэн байдлаар бүтээлээ зарж борлуулах, галлерейд дэлгэх, кино театрт гаргах хэрэгтэй. Чи олон хүмүүстэй хамтарч ажиллах л ёстой. Бялуу байлаа гэхэд, бялууг хуваалцаж байж тогтож үлдэнэ. Энэ ганц Монголд биш, дэлхийд батлагдсан дүрэм.
Галлерей тодорхой хувийг, кино театр тодорхой хувийг авна л гэсэн үг шүү дээ. Кино урлагийн салбар гэхэд л маш олон тоглогчтой. Муугаар хэлэхэд тэр салбар, салбарын тоглогч нэг найруулагчийн авьяас, идейгээс “шимж” амьдарна. Сайнаар хэлэхэд бялууг хуваана. Бие биеэ үгүйсгэмээр санагдавч нэг нэгэнгүйгээрээ оршин тогтнож чадахгүй. Нийгмийн тогтолцоо ч өөрөө ийм.
Үүнээс өөрөөр явах гээд, “Би ганцаараа бүхнийг хийнэ” гээд бүтэхгүйг дэлхийн түүх харуулчихсан. Хуучин цагт кино баг өөрсдөө бүгдийг хийдэг, өөрсдөө камертай, гэрэлтэй байлаа. Харин өнөөдөр бид гэрэл авч хадгалах ямар ч шаардлагагүй. “Cineplus” дээр очоод л, зах зээлийн хамгийн боломжит үнээр хамгийн сайн гэрлийг авч чадна. Камерыг ч өөрсдөдөө байлгах хэрэггүй.
Бямбаа бид хоёр камер авдаг байснаа больсон. Таван жилд нэг удаа кино хийж байгаа хүмүүст, технологи нь хуучирчихаж байгаа байхгүй юу. Тийм учраас түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд байхад бид очоод л авчихна. Одоо Casting хийдэг байгууллага ч гараад ирлээ. Салбар хөгжих хэрээр хүмүүсийн ажил үүргийн хуваарь тодорхой болж, бид тэднээс үйлчилгээгээ авдаг болж байна.
4.
Ц.Ариунаа цаашлаад “Ихэнх хүн зүрх сэтгэлийнхээ дуудлагыг сонсож, амьдралынхаа замналыг өөрчлөхөөс айдаг. Харин та тэс өөр салбарт, тодорхойгүй цаг үед хөл тавихаас айгаагүй. Яаж өөрийгөө энэ салбарт л байх ёстой хүн гэдгийг мэдэрч, таньсан бэ?” гэдэг асуултад хариулахдаа “Бидний дотор нэг хүн үргэлж бий. Жаахан байхад тэр хүн хөгшин сүнс. Харин нас явах хэрээр тэр сүнс улам хөгширдөг байх” гэж хариуллаа.
“Би залуу байхдаа арай ухаалаг, мэргэн сүнсээ л ямар нэгэн байдлаар сонсож чадсан байх. Хаана, хэний дэргэд би хамгийн аз жаргалтай байж чадахаа л мэдэрсэн хэрэг” гээд тэрбээр “Би аав шигээ, урлагийн хүмүүстэй хамт байхдаа аз жаргал мэдэрдэг байсан. Оюутан байхдаа ч техникийн биш урлагийн сургуулийнхантай нөхөрлөдөг байсан. Тэд нартай л очиж уулзаад, гажиг мажиг байгаа байдлыг харна. Тэрийг нь засна ч гэж боддоггүй, харин ч гоё. Би дотроо байгаа юмаа хэлж чадахгүй байхад тэр хүмүүс хийж, илэрхийлээд ч байгаа юм шиг. Хамгийн гол нь өөрийгөө, тэр дотоод сүнсээ яаж сонссон гэдгээ хэлж мэдэхгүй байна. Яг л хэний хажууд байхдаа чи аз жаргалтай байна, түүнийгээ олж, тэндээ байж чадвал ононо гэж хэлмээр санагдана” хэмээлээ.
-Хүмүүс их эрсдэл тооцдог.
-Тэд уран бүтээлийн тухайд шаналж, зөрчилдөж байгаа. Авьяастай байх тусмаа зөрчил нь хурц байдаг. Тэдний хажууд би аймаар аз жаргалтай. Учир нь тэр зөрчлийг ойлгодог, тэр зөрчил надад ч байдаг. Нөхөр маань уран бүтээлч хүн байхаар би мөн л аз жаргалтай. Хувь заяагаар тэр миний амьдралд ороод ирсэн.
Энэ хугацаанд, зарим юман дээр аягүй тэнэг байсан. Яаж хийхээ ч мэдэхгүй мөртлөө болно л гэж бодож ирсэн. Яаж гэдгээ ер нь мэдэж байгаагүй. Харин тухайн үедээ чадах сайнаараа, ардаа харамсах зүйл үлдээхгүйгээр хийдэг байсан.
Түүнээс надад зориг гэх юу байх вэ. Залуу насанд бол ёстой л барын аманд гараа хийдэг. Юунаас ч битгий айж бай. Би бол ёстой л барын аманд гараа хийж, авч явсан. Одоо харин ажил хийхээрээ эрсдэл ярьдаг болсон байна. Залуу байхдаа хэзээ ч эрсдэл бодож байгаагүй. Эсвэл манай үеийнхэн бүгдээрээ тийм байх. Тэд эрсдэл тооцсон бол Ардчилсан хувьсгал гарахгүй байх байсан байх.
Найруулагч П.Золжаргалтай “Баавгай болох сон” киногоо Каннын фестивальд үзүүлсний нь дараа ярилцахад “Кино урлаг хөгжих ёстой, дэмжлэг хэрэгтэй гэж ярьцгаадаг. Гэвч яг цагаа тулахаар юу хүсдгээ мэддэггүй юм шиг” хэмээж байв.

Нээрэнчиг энэ хугацаанд яригдсаар, яригдсаар харин Соёлын яамтай, кино хариуцсан хуультай, Кино урлагийн зөвлөлтэй болоод амжсан. Одоо харин хэрхэн зөв бөгөөд тогтвортой менежмент явуулах нь хамгийн анхаарал татсан асуудал болоод буй.
Харин арвин туршлагатай Ц.Ариунаа энэ талаар “Урлагийн салбар тэмтрэгдэхэд хэцүү. Ёстой тусгай антеннтай хүмүүс л бие биенээ ойлгож, тэр антеннаараа “үрэлцэх” болдог. Урлагаар дамжуулж нийгмийг нэг үзэл сурталд оруулж, нэг цул болгох бодлого өнөөдөр явж чадахгүй. Кино урлагт л гэхэд төрөл, жанр нь асар олон болчихлоо.
Яагаад кино урлагийн салбарын хууль удаж байж гарав. Арван хэдэн жилийн турш салбар дотроо ярьцгаалаа. Анх төрд яваад очихоор ойлгодоггүй байсан. Учир нь бүгд өөр өөр юм ярьдаг байсан. Би очихоороо “Арт хаус кино, залуу үе, кино дэмжлэгтэй байх ёстой” гэнэ. Зарим нь “Бид ийм кино хийнэ, бидэнд зээлийн дэмжлэг өг”, нөгөө хэсэг нь “Сурмаар, мэргэжлээ дээшлүүлмээр байна” гэдэг.
Энэ арван хэдэн жил бол “Бидэнд юу хэрэгтэй вэ?” гэдгээ томъёолж, бие биенээ сонсож сурсан цаг хугацаа. Үйл явц юм. Чиний хүсэж буйг бүгдээрээ бас хүсээгүй гэдгийг ойлгох хугацаа. Нэг хэсэг нь “Баримтат кино л чухал”, нөгөө хэсэг нь “Арт хаус л чухал” гэж яриад байхаар юу хүсэж буйгаа ч нэгдмэл байдлаар илэрхийлж чаддаггүй байлаа шүү дээ.
Саваннад анааш ч, заан ч амьдраад байгаа шүү дээ. Түүн шиг, бие биенээ хүлээн зөвшөөрч, энэ экосистемд олон төрөл зүйлээрээ зэрэгцэн орших нь чухал. Ямар ч кино өөрийн гэсэн үзэгчтэй, тэдэндээ хүрч л чадвал ажлаа хийж буй хэрэг. Харин нэг урлагийн бүтээл гарч ирээд л, энэ үндэстнийг нэгтгэнэ гэдэг юм өнгөрчихсөн. Биднийг нэг хэвэнд цутгана гэвэл хэзээ ч бүтэхгүй. Урлаг тэгдэггүй. Одоо залуу үе гарч ирж байгаа цагт бүр ч өөр, явахгүй.
Тийм ч учраас урлагийн бодлого боловсруулж байгаа хүмүүс антеннаа маш өргөн долгионд явуулж байх ёстой. Авьяасууд хаана байна. Ямар авьяас манай салбарт байна. Авьяастай найруулагчийг олсон продюсер бол алт эрдэнэс олсон мэт. Тэр хүнээ хайрлаж, ойлгож, хамтарч ажиллах ёстой.
Харин авьяас байхгүй, мөнгө олно гэдэг продюсер байж болохгүй. Мянга мөнгөтэй байгаад яах вэ дээ. Эхлээд авьяас, үзэл санаа, сэтгэл зовнил чухал. Soul mate буюу зүрх сэтгэлийн хувьд нэг долгионд байх хүмүүсээ олох ёстой. Долгион нэг бол тэр нь хэн байх чухал биш. Тэгэхээр хамгийн түрүүнд үзэл санаагаар нэгдэж байгаасай. Харин битгий мөнгө хараасай.
Авьяас бөгөөд идей байх юм бол мөнгө хоёр, гуравдугаар асуудал гэж боддог. Хэлэх гээд байгаа зүйлээ илэрхийлэхгүй бол амьдарч чадахгүй, түүгээрээ бүр өвдчихсөн байх хэрэгтэй. Түүнээс “Би энэ фестивальд ороод, тэгнэ” гэдэг тооцоо байхгүй. Хийхгүй л бол сэтгэл өвдөөд байгаа, тэр сэдвийг барьж авсан, тэгж шатсан хүнийг олж авах бол аз жаргалын дээд оргил. Хүмүүс бие биенээ олдог байгаасай. Продюсерууд, артистууд” гэж хариуллаа.
-Урлаг хүнд ер яаж нөлөөлдөг гэж та боддог вэ. Харах нь ээ, аль ч салбарт амжилттай яваа хүнд өөрийн гэсэн урлагийн онцгой гэмээр таашаал байх?
-“Google” компани ажилтан сонгон шалгаруулж авахдаа, урлагийн ямар төрөлд дуртай вэ, аливаа курс дугуйланд суралцаж байсан уу гэж асуудаг юм билээ. Урлагаар дамжсан хүмүүсийн шинийг бүтээх чадвар, бүтээлч сэтгэлгээ өндөр. Ямар нэгэн юмыг эрж хайж, эсвэл дүгнэж, анализ хийж явдаг. Эсвэл асуултад хариулахыг оролдож байдаг. Чиг хандлагыг анзаарна, тэр дотор өөрийнхөө дуу хоолойг тогтоон барина.
Амжилтад хүргэх маш олон чадвар хүн өөрөө урлагийг бий болгоход гарч ирдэг. Махан биеэ мэдэрч ойлгосон, сонссон, оюун санаагаа бас сонсож чаддаг хүн бусдаас дандаа илүү харах, хүрэлцэх чадвартай байна гэсэн үг. Хүмүүсийн амьдрал баян баяхад урлаг нөлөөлдөг. Хүний амьдрал баян байна гэдэг сэтгэл хангалуун явахын нэр шүү дээ.
Та нар хайр дурлалын харилцааг магадгүй киноноос, сошиалаас олж авч байгаа байх. Бид бол утга зохиолоос уншиж өссөн.
Бидний аав ээж зааж зурж, тайлбарлаж өгөөгүй. Харин тэдний яаж амьдарч байгааг зүгээр л харж өссөн. Худлаа хэлж, хүн хуурч болохгүй, хичээлээ сайн хий л гэдэг байлаа. Гэр орноо сайн цэвэрлэ, дүү нараа сайн хар л гэж. Гэртээ томоотой байж байвал сайн хүүхэд. Бид харин хүн хоорондын харилцааны нандин сэдвүүдийг утга зохиолоос уншиж өссөн.
Тэглээ тэглээ гээд бид дээд болчихоогүй л байна. Хүнд суралцах хэрэгцээ байсаар байгаа байгаа болохоор л урлаг оршсоор.
Мөн зарим хүн нэг кино үзэж, нэг дууг сонсоод “Би ганцаараа тийм биш байжээ” хэмээн өөрийгөө адилтган харж, уужирч болно. Хүний онцгой сайхнаар оршиход нь туслах сайхан дэвсгэр бол урлаг. Тэр дэвсгэрт ямар үр тарих нь хүний сонголт.
Тэр дэвсгэрт хүн хүний зүрхнийх нь цэцэг хэрхэн дэлгэрэх нь анхаарал татам. Кактус харахад өргөстэй ч цэцэглэхээрээ хамгийн гоё цэцэг гаргадаг шүү дээ.
Харин сүүлийн үед урлагийн чамин хээнцэр ч гэх үү, элитист ч гэх үү хэлбэрт татагдсан, агуулгагүй, ойлгоцгүй хэсэг түрэн гарч ирсэн мэт санагдах тал бий. Энэ талаар асуухад Ц.Ариунаа “Гадаадын кино фестивалиудыг үзэхээр цагаан толгойтой хүмүүс л театраар дүүрэн сууж байдаг байхгүй юу. Дундаж ангийн, дундаж насныхан дийлэнх. Хэдий залуус үзэж байгаа ч ерөнхий масс нь бол тийм. Харин “Улаанбаатар” наадам эхнээсээ л залуус байсан.
Эхлээд бид тасалбараа үнэгүй зардаг байсан. Одоо бол тасалбарыг хүмүүс дуустал нь худалдаж авч байна. “Art Week” зэрэг дүрслэх урлагийн үзэсгэлэн, медиа фестивалиудыг харахаар дан залуус л байна. Тэдэнд оюуны ийм хэрэгцээ байгаа нь надад анзаарагддаг.
Яах вэ, зарим нь “Инстаграмм”-даа тавих гэж зураг авдаг л байх. Гэхдээ “Инстаграмм” чинь та нарын үеийн нэг илэрхийлэл, нэг хэсэг нь болчихсон юм биш үү. Playtime-д очсон ч 20-30 насны залуус согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй шд. 35-50 насныхан гэх юм бол согтчихсон явж байдаг.
Бидний аав, ээж маш их ажиллаж, хүүхдүүдээ өсгөсөн. Багадаа гачигдаж, дутагдаж байсан юмаараа гайгүй байлгах сан гэж хичээсээ. Бид чинь нэг гутал авч өмсөх мөрөөдөлтэй л 10 жилээ төгсөж байлаа. Бидний үед юу ч байдаггүй байсан болохоор жинс өмсөх сөн л гэж боддог байсан. Одоо бол дундаж айлын хүүхэд ямар ч байсан дуртай пүүз, дуртай “Hoodie”-гээ аваад өмсчихнө.
Харин дараагийн хэрэгцээ нь оюуных. Хүүхдүүд илүү юмыг тунгаах, өөрсдөөрөө “оруулах”, нэг үгээр эморох дуртай болсон юм биш үү. Би бол их эерэг, “Ийм байх л ёстой шүү дээ” гэж л хүлээж авдаг. Сониуч зан болон оршихуйн тухай асуудлууд бидний насанд байгаагүй. Бид бол “амьд гарах” гэж хичээж байсан. Тэр том өөрчлөлтийн давлагаанд тэсэж үлдэх гэж. Хоолтой л байвал чухал байсан. Одоо бол дэлгүүрт давснаас өөр юм байхгүй үеийг бол арай ч үзэхгүй л дээ. Тэгэхээр ахуйн асуудлаас арай жаахан салсан санагддаг. Хэт эерэгээр хардаг ч байж магадгүй. Гэхдээ би та нарт итгэхгүйгээр өөр хэнд итгэх билээ” гэж хариуллаа.

Ингэснээ тэр залгуулаад, “Нээрэн нэмж хэлэхэд, миний сэтгэл хөндүүр явдаг зүйл бас бий.
Бид уран зохиол уншиж өссөн хүмүүс. Бидний төсөөлөн бодох чадвар илүү байсан. Мэдээлэл хомс, хаалттай нийгэмд бид ном уншиж л өөрөө өөрсдийнхөө “кино”-г бүтээж явсан. Хэл яриа утга зохиолд суурилсан тул арай зүгшрүү, урт юмнаас айдаггүй шинжтэй. Харин одоогийн залууст орчин үеийн монгол хэл гэж так так хийсэн, богинохон.
Контентууд бас богиноссоор байна. Утсаараа л кино үзчихдэг болж. Дэлгэцээр кино үзүүлнэ гээд л бид өнгө, дуугаа засаад байх хэрэг байна уу. Бидэнд ирж буй том сорилт л доо, энэ. Ирээдүйд хүмүүс зөвхөн утсаараа кино үздэг болоод явчих юм уу. Би бол гурван цагийн киног утсаараа үзчихнэ гэж байхгүй л санагдах юм.
Энэ үе, хиймэл оюун ухаан, virtual reality зэрэг маш том бэрхшээл айдас төрүүлэх шиг. Нөгөө талаар маш том сорилт, өөр зан төлөв ирж байгаа. Киноны салбар лав цар тахлаас хойш их өөрчлөгдлөө. Театрт бага очдог болсон. New norm гэж тэгш байдлын асуудлыг хөндөж эхэлсэн. Одуудын эсрэг үйл ажиллагаа, хөдөлгөөнүүд явж байна. Хүн бүр тэгш байхыг хүсэж байна. Хэсэгхэн хүмүүс бялууны том хэсгийг идэх биш, хуваах юмаа хуваах ёстой гэж ярьж байна. Эрх мэдэлтэй хүмүүс ганцаар баяжихыг нийгэм хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Урлагт ч гэсэн ийм өөрчлөлт явагдаж байна. Бурангуй капитализм гаарсан үед үнэн л дээ. Коммунизм гэхээр дэлгүүрт бүх юм байдаг, бүх юм үнэгүй гэж заадаг байсан. Тийм юм байхгүй л дээ. Гэхдээ худалдаж авах боломж бүгдэд нь ижил байх ёстой” гэж хэллээ.
5.
Ирээдүйд ирж буй өөрчлөлтийн тухайд монголчууд олноор ярьж, хэлэлцэх цаг угтаа ирээд байна. Бидний ярилцлагын эхний хэсэгт зүүний давлагаа өрнөж буй өнөө үед капитализмын алдааг шүүж, нөгөө талаар үндэсний ялгарал, бүгдээр нэгдэх үнэт зүйлийн тухай дурдагдсан нь бий. Харин энд ирээдүйн тухай, тэнд хиймэл оюун ухаан, дата ноёлох асуудал яригдаж байгаа тухай хөндсөн нь их олзуурхууштай хэрэг.
Ц.Ариунаа “Нийлсэн бүхэн салж, салсан бүхэн нийлдэг гэдэг дээ. Асар тойм тив байснаа олон эх газар болж салдаг. Том эзэнт гүрэн алсдаа задран бутардаг. Байгалийн хуулийг бид эцсийн бүлэгт даван гарч чадахгүй. Байгаль харгис мөртлөө үнэн зарчимтай юм шиг санагддаг.
Биднийг үнэт зүйл тодорхой хугацаанд нэгтгэж, өөрчлөгдөх цагт дахиад л салгаж болно. Өнөөдрийн дэлхий дахинд харин бидний итгэж үнэмшиж буй үнэт зүйлс юу вэ. Яахын аргагүй цаг уурын өөрчлөлтийг дурдаж болох юм. Эсвэл энх тайван. Ядууралгүй байх. Үзэл санааны хувьд НҮБ эдгээрийг дэмжиж, нэгдмэл үнэт зүйлтэй байж чадаж байна.
Гэвч хэдэн жилийн дараа юу болж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Энэ цахим шилжилтийн үе бидэнд нэгэн цул болох зүйл маань юу байх юм бол оо. Бие биедээ хамааралтайгаа мэдэх юм болов уу. Эсвэл мэдээлэл, дата өөрөө үнэ цэн болох юм болов уу. Ирээдүйд шашин нь дата болно гэж Ной Харари “Homo Deus”-т бичсэн. Сайн, үнэн гэж юуг ламаас биш датагаас хайж мэднэ. “Ёс суртахуун гэж юу вэ?” гэвэл дата хариулж мэднэ шүү” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХААН,САЙХАН ! ХҮМҮҮСИЙН САЙХАН ИРЭЭДҮЙ,ӨНГӨРСӨНГ ОДООТОЙ ХОЛБОЖ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН Ц.АРИУНААДАА БАЯРЛАЛАА!
Маш сайн ярилцлага
Өнөө цаг үед ийм хэмжээний мэдээлэл маш их дутагдаж байна аа. Ямар гоё юм бэ. Энэ их ухаантай эмэгтэйтэй дахиад ярилцаад өгөөрэй. Ц. Ариунаа тэнд ажилд чинь амжилт, амьдр�##�д чинь инээд баяс�##�, аз жарг�##� хүсье.
Minii xuuxed nas geriin xumuujil ger xariltsaa xuuxed baixdaa xusej muruuduj baisan zuiluudiig nudend xaragdtal tailbarlasan baina
saixan yariltslaga xiisen Eguuriin setguulch zaluud amjilt xusie Olon saixan xumuustei yariltsaj olon saixan niitlel bicheerei
Сайхан ярилцлага уншлаа Баярл�##�аа