Цахим мөрийтэй тоглоом: Бүлэг этгээд залуусыг амтшуулах замаар амьдралыг нь сүйтгэж байна

Иргэн Ж нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн www.tech.poker.go гэх холбоосоор нэвтэрч, цахим мөрийтэй тоглоомд анх хөл тавьжээ. Тэр эхлээд 10,000-50,000 төгрөгөөр цэнэглэлт хийж, 20,000-80,000 төгрөг хожиж байв.
Үүндээ урамшиж, нөгөө талаас амархан мөнгөтэй болох шунал ч төрж. Улмаар ахиу мөнгөөр бооцоо тавибал илүү их мөнгө хожих боломжтой гэдэгтээ итгэж ойр дотнынхоо хүмүүсээс 100,000-500,000 төгрөгийг зээлж аваад цэнэглэлт хийн тоглож эхэлжээ. Гэвч бусдаас зээлсэн мөнгөө алдсан учир машин, хашаа байшингаа барьцаанд тавьсан. Гэсэн хэдий ч энэ мөнгөө бас л бооцоо тавьж тоглоод алдсан байна.
Иргэн Ж шиг байгаа бүхнээрээ ийн хохирсон залуус маш олон бий.
Гэтэл нөгөө талд ЭЦА-наас цахим орчинд “Pokerrr” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 этгээдийг баривчилжээ. Тэд дээр дурьдсан Ж шиг олон иргэнийг хуурч хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулдаг. Эдгээр гурван иргэнээс хууль бусаар олсон орлогоороо авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг түр хураан авсан байна.
-Тэд хэрхэн залилдаг вэ?-

Хууль бусаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид олон тооны хуурамч хаяг нээнэ. Ингээд тоглогч иргэнтэй олон гар утас, төхөөрөмж ашиглан, олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилдаг. Маш ойлгомжтойгоор бичихэд, цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй ТА ЦОР ГАНЦААРАА мөнгө, эд хөрөнгө, ахуй амьдрал бүхнээрээ бооцоо тавин тоглож байгаа хэрэг. Тэд танаас мөнгийг чинь авахдаа тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж, үүгээрээ дамжуулан авдаг байна.
-2023 оны эхний 11 сарын байдлаар мөрийтэй тоглоомд ашигласан 2254 дансыг царцаасан-
Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар байна. 2023 оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.
-Зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага, тоглосон нь зөрчлийн хариуцлага хүлээнэ-
Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.
20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Түүнчлэн Эрүүгийн тухай хуулийн 17.3 дугаар зүйлд ч энэ төрлийн гэмт хэргийг хамруулан шалгана.
17.3 дугаар зүйл.Залилах
1.Хуурч, эсхүл
баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар
бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг
төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг
урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн
авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг
хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил
хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган
нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр
жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Бусдын эд хөрөнгийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар авсан хүн
уг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгсөн, бусад байдлаар эд хөрөнгийн
эрхийг сэргээсэн бол залилах гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.
Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом тоглох
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Мөрийтэй тоглоомд донтсоны улмаас өрөнд орж, залилан хийж, амиа хорлоход ч хүрдэг-
Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийж буй судалгаа гарсан. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөрийтэй тоглоом нь хүнийг хар тамхинаас илүүгээр донтуулдаг бөгөөд үүнээс шалтгаалж хохирогч нар нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлэнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл хор уршиг дагуулдаг.
Хамгийн мэдүүштэй нь, иргэн таны мөрийтэй тоглож аз туршихаар амьдралаа золиосолж шилжүүлсэн мөнгө эргэж олдохгүй. Тиймээс урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом оролцохгүй байх, зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. Иргэд хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.