ЭДИЙН ЗАСАГ

Фитч агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөвийг бууруулав

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг 2019 оны 10-р сарын 25-ны өдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийн талаар мэдээлэл гаргажээ. Тус агентлагаас манай эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2019 онд 7.0% байсныг бууруулж 6.7% болгосон ба 2020 оны төлөвийг мөн 7.2%-аас 6.9% болгон бууруулжээ. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулахдаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа болон Оюу Толгойн төслийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсныг харгалзаж үзжээ.

Түүнчлэн төгрөгийн ханшийн төсөөллийг хэвээр үлдээж доллар 2019 оны эцэс гэхэд 2670 төгрөг, 2020 онд 2750 төгрөг, 2021 онд 2860 төгрөг байхаар тооцов. Хэдий тийм ч худалдааны нөхцөл болон бизнесийн орчин муудсаар байвал гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалд сөргөөр нөлөөлж урт хугацаанд төгрөгийн ханшийн дарамтыг бий болгож болзошгүй гэжээ.

Цаашлаад энэ нь инфляцийн дарамтыг дунд болон урт хугацаанд үүсгэх эрсдэлтэй.

Анхаарал татахаар өөр нэг зүйл байгаа нь Засгийн газар 2018 оны 11-р сараас хойш үүсээд байгаа авилгал буюу ЖДҮ сангийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дорвитой алхам хийхгүй байгаа нь эргэлзээтэй байдал үүсгээд байгаагаас гадна цаашид Засгийн газар бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөхүйц бодлого хэрэгжүүлэх хандлагатай байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэлээ. Эдийн засгийн өсөлтийг тэтгэгч гол төслүүдийн нэг Оюу Толгойн гэрээг өөрчлөхөөр зэхээд байгаа нь уул уурхайн нөөцөөр баялаг улсад орох хөрөнгө оруулалтыг үргээж болзошгүй гэжээ.

Энэхүү мэдээ нь зээлжих зэрэглэлийн талаар ямар нэг байр суурийг илэрхийлээгүй ч цаашдын төлөвт нөлөөлөхүйц эерэг болон сөрөг эрсдэлийг багтаажээ. Тухайлбал Оюу Толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, Таван Толгойн нүүрсний уурхайд ахиц гарвал хөрөнгө оруулалтыг тэтгэж, зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулах боломжтой аж.

Тэгвэл нөгөө талаас төлөвийг бууруулах эрсдэлийн энэ тэргүүнд уул уурхайн төслүүд хоцрох, улмаар бизнесийн орчин муудахтай зэрэгцэн төсвийн зардал огцом өсч байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулахаар байна. Хэрэв энэ нөхцөл байдал үргэлжлэх аваас төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкнаас бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй болно. Үүнтэй хамт Хятадын өсөлт үргэлжлэн саарах юм бол экспортын хэмжээ дотоодоос үл хамаарч бууран, эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх юм.

Фитч агентлагийн мэдээллийн ерөнхий агуулгыг харах юм бол Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх эсвэл тогтвортой байдлыг хангах алхмуудыг хийхгүй байгаа нь эргээд Монгол руу орох мөнгөний урсгалд саад болохыг анхааруулжээ.

Монгол Улс ФАТФ-ын хяналт буюу “саарал жагсаалт”-д орсон талаар ямарваа байр суурь тусгагдаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button