ОТ, Далд уурхай: $1.1 тэрбумын зээлийн хүүг бууруулах асуудлыг Лондонд судалж, ТУЗ дахин хуралдана

“Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад дахин 1.1 тэрбум ам.долларын санхүүжилт татах шаардлагатай болсон талаар өмнө нь мэдээлсэн. Энэ сарын дундуур “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-өөр энэ асуудлыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрэлгүй хойшлуулжээ.
Монголын талаас уг санхүүжилтийг аль болох бага хүүтэй босгохоор эрмэлзэж байгаа. Харин хөрөнгө оруулагч талаас дэлхийн зах зээл дээр нэгэнт хүү өндөр байгаа нөхцөлд боломжгүй, одоогийн боломжит хэлбэрээр даруй зээлэхийг санал болгосоор буй гэдэг мэдээллүүд ирж байна.
ТУЗ дахин ирэх арванхоёрдугаар сарын эхээр хуралдах аж.
“1.1 тэрбум нь зардал хэтэрсэн явдал биш”
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал урьдын баталсан төлөвлөгөөнөөс хэтэрч байсан удаатай. Энэ асуудлаар Оюу толгойн хэлэлцээний нэгэн бүхэл хэсэг үргэлжилж, уг хэтэрсэн зардлыг хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцах тохиролцоонд хүрсэн. Мөн түүнчлэн, ер бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд хөндлөнгийн аудит хийлгэх агуулга УИХ-ын 103-р тогтоолоор батлагдсан ч өнөө хэр хэрэгжээгүй байна.
Мөн хамгийн сүүлд, 2022 онд зардал дахин 0.3 тэрбум ам.доллараар хэтэрсэн. Үүнийг цар тахлын үеийн үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарладаг. Ямартай ч энэ нэмэгдэл санхүүжилтийг төлбөрөө зэсээр төлөх оффтейк гэрээний хэлбэрээр шийдсэн гэдэг мэдээлэл бий.
Иймд энэ удаагийн 1.1 тэрбум ам.доллар нь зардал хэтэрсэн буюу төлөвлөгөөнд багтаагүй байсан санхүүжилт мөн үү гэдэг нь анхаарал татдаг. Саяхан “Рио Тинто” группийн Монгол дахь захирал Х.Амаржаргал Bloomberg телевизэд ярилцлага өгөхдөө, энэ нь зардал хэтэрсэн хэрэг биш, батлагдсан төлөвлөгөөний нэг хэсэг гэж тайлбарлажээ.
Бид өмнө нь “Оюу толгой” ХХК-д Монголын Засгийн газрыг төлөөлдөг “Эрдэнэс оюу толгой” талаас мөн тодруулахад хэтэрсэн зардал биш гэсэн. Өөрөөр хэлбэл, төлөвлөгдсөн хүрээний зардал. Харин энэ онд босгох шаардлагатай санхүүжилт гэж ойлгогдож буй.
Энэ санхүүжилтийг босгосноор далд уурхайн бүтээн байгуулалт 2024 онд хэвийн үргэлжлэх юм.
Харин нэгэнт зээлээр шийдэх нь тодорхой тул хүүн дээр л хашир хандаж буй дүр зурагтай.
Хүү буулгах судалгааг Лондонд хийж байна
Одоогийн мэдээллээр, зээлийн суурь хүү 6.5 юм. Энэ нь 10 орчим болж, тусна.
“Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн зүгээс энэ хүүг аль болох бууруулах чиглэлээр судалж, намар Австралид ажиллаад ирсэн. Улмаар ядаж 6.3 хувь руу бууруулах боломжтой, энэ чиглэлээрх хэлэлцээрт үр дүн гарна гэсэн найдлагатай буйгаа өнгөрөгч ТУЗ-ийн хуралдаанд танилцуулжээ.
Монголын талаас хүүг бууруулах байр сууриа баримталж, “Рио Тинто” группээс дээр дурдсанчлан хүүгийн хэмжээнээс үл хамааран санхүүжилтээ аль болох түргэн босгох хүслээ илэрхийлжээ.
Энэ асуудал хавраас эхлэн яригдсан ч тухайн үед хүү буулгах шийдвэрт харилцан хүрч чадаагүй. Иймд одоо тухайн үеийнхээс төвөгтэй санхүүгийн нөхцөл байдал дэлхийд үүсээд буй тул гарц гаргалгаа хайсаар буй гэгдэж байна.
Ийнхүү хүү буулгах зээлийн хэлэлцээрийн судалгааг өдгөө Лондонд хийж буй аж.
Ингээд ирэх сарын 10-даар дараагийн ТУЗ-ийн хурлыг хийж, 1.1 тэрбум ам.долларын зээлийг ямар нөхцөлөөр авахаа тохирох хүлээлттэй байна.
Зээлийг “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд “Эрдэнэс оюу толгой” ХХК хамтран төлөлцөнө.
Монголын талд нэмэлт өр үүсгэхгүй гэсэн заалтын хэрэгжилт дууссан
Мөн Оюу толгойн хэлэлцээний үр дүнг баталгаажуулж баталсан УИХ-ын 103-р тогтоолыг эргэн санавал, Монголын талд нэмэлт өр үүсгэхгүй гэсэн заалт бий.
Энэ утгаар, одоо дахин 1.1 тэрбум ам.долларыг зээлбэл түүнийг хөрөнгө оруулагч тал хариуцна гэж ойлгогддог. Гэвч тус заалтын үйлчлэх хүрээ нь дуусгавар болоод буй.
Тодруулбал, УИХ-ын 103-р тогтоолын 4 дэх заалтыг эргэн харвал,
“Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, “Оюу Толгой” ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж дурдсан байгаа.
Тэгэхээр “Эрдэнэс Оюу толгой”-д нэмэлт өр үүсгэхгүй байх болон нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах агуулга олборлолт эхэлж, 2023 оны нэгдүгээр хагас өнгөрснөөр дуусгавар болсон байна.
Тэмдэглэл: 1.1 тэрбум ам.долларын зээл нь хэдий хэтэрсэн зардал биш ч Монголын Засгийн газар төлөлцөх учиртай. Энэ нь даруй 3.8 их наяд төгрөг болно. Энэ утгаар зээлийн хэлэлцээр хэрхэн хийгдэх нь анхаарлын төвд байгаа юм.
Нөгөө талаар, энэ хөрөнгө оруулалтыг татсанаар Монголын тэргүүлэх мега төсөл, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дуусах, улмаар өгөөжөө хүртэж эхлэх хүлээлттэй шууд холбоотой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мянганы луйвар
Өрөнд орж байхаар зүгээр хаачих хойч минь ашиглаг
Хаачих
ONDOR SHONOGUI ZOOJ BAIGAA BAYAJM#LAAS MONGO GARDAGUI UYM BAIHDAA ENE DAVARCHIN NOVSHIIN KOMPAINIIG HOOJ GARGAA
Энэ уурхайг шууд хаачих дараагийн үеийнхэн зөвөөр ашиглана да
Энэ мянганы луйвар болсон уурайг зүгээр хаачих. Монгол улсад өгөөжөө өгөхгүй уурхайгаар юугаа хийнээ. Тэрнийг ухаж ашиглаж, ц�##�ин авч ажиллаж байгаа, гэрээ хийсэн хүмүүст ашигтай байна.
Яг үнэндээ бол Оюутолгой 14 тэрбум ам долларын өртэй байгаа энэ бол бодит үнэн шүү
тэнэг мулгуу үхэр Монголчууд 2034 онд Оюутолгойгоос ашиг авах юм гэнэ Битгий горьд үнтаж зүүдэл
рио тинто СӨНӨ
Энэ ёстой Монголчуудыг үнэн доромжилж бнаа.Баялгыг нь зүгээр аваад мөн өрөнд оруулна. Хаагаад бушуухан хөөж явуул.