Top StoriesНийгэм ярилцлага

Р.Батцэнгэл: Энэ бүхэн тавилан даа. Сэтгэлийн хүч гэдэг чинь надад зөндөө их заяасан юм

Бид оны өмнө, өвөл, арванхоёрдугаар сарын сүүлээр ярилцаж байв. Тэр үед Р.Батцэнгэл "Хүннү товчоон" номоо л барвал сэтгэл амарна хэмээн шулуудаад байсан. Харин тэр номоо хэвлэлтэд өгөөд, ер удаагүй байна. Дахин уулзаж, баярын үгийг сонсъёу гэж суусан ч амжсангүй. Шидэт бөгөөд бодит авьяастан, зураач Р.Батцэнгэл тэнгэрийн оронд одлоо. Оны өмнөх ярилцлагаа сэргээн барья.


“Энэ өвчин миний амийг авахаар нэгэнт шийдчихжээ!”.

Тэр бүр уншиж, сонсож дадаагүй ийм хүлээн зөвшөөрөлтийг угтаа хорт хавдраар шаналсан олон мянган хүн дотроо хэлж явдаг байх. Харин ил хэлэх нь уран бүтээлчийн өөрийгөө таньдаг билиг өгөгдлийн  нэг хэсэг болов уу.

Фэйсбүүкэд ийм пост бичсэнээс нь хойш түүнийг олон нийт анхаарлын төвдөө оруулж эхэлсэн.

Зураач Р.Батцэнгэл одоогоос бараг таван жилийн өмнө зөөлөн эдийн хорт хавдраар өвдөж, БНСУ-д ид цар тахлын үеэр эмчлүүлж байсан. Тухайн үед тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцаж чадахгүй гацсан олон монголчуудыг төлөөлж, тэр бас л дуугарч байв.

Таван жил тэмцсэний дараа ялах эсэх нь түүний хэлснээр тавилангийн асуудал байв ч тэр одоо зөвхөн номын ажлаа дуусгана хэмээн ярьж байна.

Р.Батцэнгэл ярилцлагын саналд нэг талаар эргэлзэнгүй хандсан ч зөвшөөрсөн юм. Биднийг ирэхэд тэр дусал залгуулж хэвтэв. Тэгэнгээ, байн байн өндийж, цэлийсэн том нүдээр ширтэнгээ, гуниг үгүй энгүүнээр уран бүтээлийн талаар ярилаа.

Түүнийг Монголын нууц товчоо тэргүүтэн түүхэн сэдвээр зурдаг гэдэг тодотгол олон жил дагаж, нэрийн хуудас нь болж яваа юм. Хожим нь  тэр өөрийн хэв маягийг шидэт реализм хэмээж, Колумбийн алдарт зохиолч Г.Маркезын намтрыг дурдах болно.

-Түүхэн сэдвээс өөр сэжим барьж авч, эрж хайж, дагнаж, туршиж байсан удаа бий юү?

-Зурж сурахад бүгдийг туршдаг даа. Нэг хэсэг Пикассог гайхан харж, дуурайж үзнэ. Нэг бол Сальвадор Далиг. Гэхдээ тэр бүр хүүхэд нас л даа. Багадаа зурсан хог новш дунд бага сага юм үлдсэн байж мэднэ, сүйдтэй юм ч үгүй дээ.

-Тэгэхээр түүхэн сэдвээр дагнасан хүн гэж ойлгож болохоор юм байна.

-Тийм. Үүнийг бас гурван үед хувааж болмоор юм уу.

-За?

-Эхлэл нь ес, аравтай үе. Монголын нууц товчоог уншаад төрсөн хүчтэй сэтгэгдлээ зурж байсан. Нялх хүүхэд юунд ч баригдахгүй. Харин зурдаг болоод эхлэхээр буцаад биеэ барина аа. Хамаагүй юм зурахаа болино.

Тэгж яваад, сургууль төгссөний дараа үзэсгэлэн гаргая гэж шийдээд Монголын нууц товчоог дахин зурсан. Энэ хоёр дахь үе нь болж таарна. Тэгж нэг хүсэл гүйцсэн, дээр нь яг залгаад амьдрал эхэлчихсэн. Ууган хүү төрсөн. Эр хүний үүрэг хариуцлагыг үүрээд эхэлж байгаа юм. Ингээд нэг хэсэг зургийг орхиж, дизайны захиалгат ажлууд дагнаж авсан.

Харин 2008 оноос л номын зураг дээр яг төвлөрсөн. Хэдэн жил зүтгэснийх, гэр орноо тохижуулж, ар гэрээ аятай тохитой болгочихоод буцаад хүсэл эрмэлзэлдээ анхаарах боломжтой болсон хэрэг. Нэг эхэлчихээр бас хаяж чадахгүй. Ер нь хувийн уран бүтээл гэдэг чинь их зовлонтой. Хэн ч захиалаагүй, хэн ч хүсээгүй. Би өөрөө л хэрэгтэй гэж бодсон. Дотроос хүсэл эрмэлзэл төрөх үедээ зурна. Гэтэл тэр чинь дандаа тогтмол байхгүй. Хааяадаа палхийтэл унана шүү дээ. Одоо залуус эморно гэж хөнгөн гуниглахыг хэлээд байгаа. Энэ бол хов хоосон болно шүү дээ. Хэнд ч хэрэггүй юманд олон сар, жилийг зарцуулчихлаа гэж бодох хэмжээнд очно шүү. Болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу, сайн мэдэхгүй, ганцаараа зураад л байдаг. Тэгээд 2013 онд гурван цуврал болгоё, эхнийхийг нь гаргаад хүмүүсийн реакцыг харъя гэж бодсон л доо.

Наадмын өдөр, Сүхбаатарын талбай дээр асар засаж байгаад үзэсгэлэн гаргалаа. Аймаар ажилтай шүү. Зөвшөөрөл энэ тэр авна, их дарамт аа. Ядаж явахад нэрмээс болдог юм. Нэг хүүхэд хөлсөлж мануулаад харилаа. Шөнө нь “Маргааш юу болдог бол” гэж санаа зовоод бас хэцүү. Өглөө очтол аль хэдийнэ нээчихэж. “Яагаад нээчихэв ээ” гэсэн чинь “Хүмүүс орж үзье гээд болсонгүй” гэж байна. Их сайхан хүлээж авсан, хүмүүс орж ирж, үзэж харлаа. Тэр үед Жек Уэтэрфорд хүрээд ирсэн зогсож байсан. Бид тэгж анх танилцаж байсан. Хожим уулзах бүрдээ үүнийгээ их дурсаж ярьдаг юм. Үзэж сонирхох нэг хэрэг, худалдаж авах эсэх бас сонин. Хүмүүс “Эхний бүлэг л юм байна. Бүрэн дууссан хойно л авъя” гэх янзтай байв шүү. Нэг хартал нүцгэн цээжин дээр куртка нөмөрсөн, хиртэй жинстэй өвгөн зогсож байна. Өвчүү нь борлочихсон, их туранхай. Тэр хүн үзээд зогсоод л байсан. Гэтэл нэг мэдэхэд халаасаа ухаж, баахан бутархай мөнгө тэнийлгэж, нийлүүлээд ном авсан шүү. Тэр өдрийн анхны худалдан авалт энэ болсон. Ингээд гүрийсээр байгаад жилийн дараа хоёр дахийг нь, дахин жилийн дараа гурав дахийг нь гаргасан юм. Тэгээд л хэл, хэлэнд орчуулагдаж эхэлсэн.

-Хэдэн зураг орсон бэ?

-Нийтдээ 100 гаруй байх. Би нэг их тоолж, бүртгэх ажил хийгээгүй. Зурахдаа л анхаарна.

-Аль хэсгийг зураг болгоё гэдгийг яаж шийдсэн бэ?

-Зарим нь ч так хийтэл ороод ирнэ. Тэгэхээр дунд нь ямар зайнууд гарч байна гээд харах хэрэгтэй болно. Янз бүрийн зүйлс бодохгүй бол бас болохгүй ээ. Бусад Монголын нууц товчооны зурагт нэг алдаа байдаг. Дандаа байлдаан, хядаан дүрслэх талаа бариад байгаа юм. Багалзуурдаж дараад л. 100 хувь, ном дүүрэн тийм зураг болчихвол тэр бас аймшиг. Ялангуяа гаднынхны хувьд. Гэтэл өнөөдөр алаан, хядаанаас илүү соёл гэдэг юм илүү сонирхолтой байхгүй юу. Урлаг, соёлын элементүүд үзүүлж болох сэжүүрүүдийг би их хардаг юм. Тэр талаас нь хийсэн учраас миний номын онцлог, тэнцвэр түүнд бий.

-Давхар судалгаа их явж таарна даа. Төсөөлөл нь илүү жин дарах уу?

-Эхэндээ бол төсөөлөл их жин дараад явна. Яваандаа болохгүй болно. Ялангуяа соёл, ахуйг чухалчлаад ирэхээр. Энэ чинь бас их хугацаа шаардана. Ядаж л аливаад мэргэшсэн гэж үзэх 10 мянган цагийн оролдлого хэрэгтэй. Хийгээд байх тусам сая нэг ертөнц нь бий болно. Дээр нь, цаасан дээр буухдаа бас дахиад өөрчлөгдөнө. Зарим хэсгийг болж өгөхгүй бол орхичихно. Учрыг нь олох үедээ барьж аваад ажиллана.

-Тэр цаг үед очсон юм шиг мэдрэх, төсөөлөл буулгах шаардлагатай болно оо доо. Тэгэхээр, танд тийм содон мэдрэмж төрдөг үү. Өөр замаар төсөөлөгдөх, орж ирэх?

-Тийм айхавтар нь гайгүй. Харин тэр хүсэл, бас гялбаа маягийн юм байдаг. Тэр зүүд шиг. Тодорхой дүрс байдаггүй. Тэр нэг орж ирж байгаа гялбааг дагаад, хөгжүүлдэг юм. Ер нь зураг зурахад эрж хайна шүү. Заримдаа буруу ш**чихна. Буцаад явна. Гэхдээ анхны тэр гялбаа бол зөв байдаг юм билээ. Түүнийгээ л барьж, зөв тайлж уншаад явбал болох янзтай.

-Одоо таны дутуу ажил яг ямар агуулга юм бэ?

-2016 онд Монголын нууц товчоог дуусгачихаад, энэ номоо уг нь эхлүүлсэн юм. Нэгэнт эхэлсэн ажил салахгүй юм билээ. “Хүннү товчоо” гэдэг ном. Эхлүүлж яваад өвдчихсөн. БНСУ-д эмнэлэгт байхдаа, орон дээрээ хийж л байсан юм. Зэрэгцүүлээд “Морин хуурын дууль” гэдэг номон дээр ажилласан. Монголд ирээд, жил гаруй хэвтэхдээ “Морин хуурын дууль”-аа бол дуусгачихсан. Харин “Хүннү товчоо”-гоо барьж аваад байхдаа л ийм болчихлоо. Одоо дууссан зураг ч байна, ор эхлээгүй нь ч байна. Гүйцээнэ дээ.

-“Хүннү товчоо” юугаараа чухал вэ?

-Чингис хааны тухай уншъя гэвэл Монголын нууц товчоог л бариад авчихна. Харин Хүннүгийн түүхийг уншъя гэвэл хэцүү болно оо доо. Тэгэхээр би яг Монголын нууц товчооны адилаар Хүннүгийн түүхийг бичиж байгаа юм. Д.Эрдэнэбаатар археологич Обрущански Борбала монголч эрдэмтэнтэй хамтарч буй. Гол найруулж бичих ажлыг би хийж байна. Яг л Монголын нууц товчоотой адилаар, нэгэн гол баатраар дамжуулж тэр түүхийг өгүүлэх ёстой байхгүй юу. Хүннүгийн түүхийн тухай энд тэнд, армаг тармаг сурвалж бичиг их байна. Баруун, Перс зүгийн сурвалжуудыг манайхан сайн мэдэхгүй юм билээ. Тэнд Европт нүүж очсон хүннүчүүдийн түүх явж байдаг.

Тэгэхээр гол дүр нь Модун Шаньюй. Модун Шаньюй бол Хүннү улсыг хүчирхэгжүүлж, гүрний хэмжээнд аваачсан л хүн юм даа. Харин түүнээс өмнө Хүннү улс мянган жил оршин тогтносон. Европт очсон хүннүчүүдийн түүхийг Атилла хаанаар өгүүлнэ. Ингэхээр жирийн уншигчдад ойр болж байгаа биз. Гэхдээ миний хувийн бодол сэтгэгдэл, илүү дутуу фантааз байхгүй. Сурвалж бичгүүдэд л тулгуурлана. Их хэрэгтэй ажил болно гэж итгэдэг. Магадгүй Монголын нууц товчооноос илүү ач холбогдолтой болж мэднэ.

-Түүхэн сэдвийг та бага наснаасаа дотроо тээжээ. Анхны онцгой сэтгэгдлээ санадаг уу?

-Бөрт чоно, Гоо марал хоёр Тэнгис далайг гатлаад ирж буйг зурсан байдаг юм. Хүүхэд болохоор буга, чоно хоёр зурсан л даа (Инээв).

-Хүүхдүүд багадаа Монголын нууц товчоог уншдаг. Ингэж хүчтэй тусаж, насан туршид тээгдсэн нь цөөн шүү дээ. Энэ гэр бүлийн нөлөөлөл байсан уу. Эсвэл та одоо хувь тавилан гэж хардаг уу?

-Гэр бүлийн хүрээнд аав, ах нар ярьдаг л байсан. Би яагаад юм мэдэхгүй, сургуульд ороогүй байхдаа л Монголч эрдэмтдийн хурал боллоо гэдгийг үзээд л “Би Монголч эрдэмтэн болно” гээд гүйдэг байсан. Яагаад юм мэдэхгүй.

Удам судар яривал ингэнэ. Манай ээжийн аав бол Чингис хааны удмын тайж хүний хүү юм. Хэлмэгдсэн л дээ. Үүнийг би бүр сүүлд мэдсэн. 2016-2017 оны үед байна уу даа. Ээж бол бүдэг бадаг юм санадаг байснаа сүүлд ярьсан. Тайж хүний хүүхэд гэдгээ битгий хэлээрэй гэж захидаг байж. Аав нь согтохоороо “Би Чингис хааны удмын хүн” гэж уйлдаг байж. Тэр жаахан нөлөөлдөг байж магадгүй л юм.

-Заримдаа бүр хоосорч, унадаг гэж. Тэр ойр ойр уу?

-Орь залуу нас байна шүү.

-Яг хэд?

-20, 22, 23 нас. Дотоод асар их тэмүүлэл, бодит байдал хоёр зөрчилдөхөөр хүнд. Өөрийгөө олсон ч гэхэд, олоогүй ч гэхэд хэцүү, тийм үе. Тийм үед бараг сар тутам тохиолдоно шүү. Бараг “Миний сарын юм ирчихлээ” гэх маягаар найзууддаа ярьдаг байв. Палхийтэл унасан тийм үед яах ч аргагүй бүх юмаа хаяад, болино. Ганцаардана, хов хоосон болно. Хэсэг бодоод, “Хийх ёстой” гээд босоод ирнэ л дээ. Яваандаа зай нь холдоод ирдэг юм билээ. Ийм үед уул руу гараад алхчих сайн байдаг юм. Эмчилгээ явагдах шиг л болдог юм даа. Бага багаар сэргэсээр, сэргэсээр уулын орой дээр гараад суухад бүх зүйл байраа олох шиг болдог. Би тийм орь залуу насан дээрээ яваа залуусыг ойлгодог. Ялангуяа хүсэл эрмэлзэлтэй, оргилуун залууст хэцүү.

-30 гарсан хойно?

-Байна, байна. Гэхдээ өөрийгөө мэддэг болчихдог. Хэр хугацаанд давтагдаж байна, яавал үүнээс гарч байна гээд өөрийгөө мэдээд авчих хэрэгтэй. Өөртэйгөө ижил бүтээлч залууст иймэрхүү талаар зөвлөмөөр санагддаг л юм. Өөрөөсөө бага насны залууст л заана, зөвлөнө үү гэхээс дээшээ бол дэмий. Монголчууд “Аавдаа адуу манахыг бүү заа” гэдэг хүмүүс. Ганц удаа өвдөж үзээгүй хүн надад “Хүчтэй бай, тэс” гэж зөвлөөд байх шаардлагагүй байхгүй юу (Инээв).

-Бүр багадаа та монголч эрдэмтэн болно гээд гүйж явжээ. Зураач болохоос өөр сонголт бас байсан уу?

-Надад зүгээр л зурж сурах асар их сонирхол байсан. Зураач болъё гэж бодолгүй л зурдаг байсан. Харин хичээл дээр “Ямар мэргэжилтэй болох вэ?” гэж асуувал зураач л гэчих янзтай. Гэхдээ зураачдыг урлаг судлаачид хүртэл нэг их ойлгож бичдэггүй шиг санагддаг. Зурсан зургийнх нь утга агуулгыг тайлж ядаад л. Үнэндээ зураачид бол дүрслэх аргад л суралцаж, түүнийгээ л хөгжүүлээд байгаа хүмүүс. Тэгж явсаар мэргэжил сонгоход тулж ирэхэд, тэгээд л зургийн сургуульд орчихсон.

-Юм дүрслэх тэр хүсэл ямар учиртай юм бол?

-Манай ах хөгжмийн зохиолч байсан. Залуудаа өнгөрчихсөн л дөө. Одоо манай ээж ярьдаг юм. Шөнө унтахгүй, нүд нь гялалзаад хэвтээд байна. “Миний хүү унтахгүй яасан юм” гэхээр, “Би хөгжим зохиомоор санагдаад байна” гэдэг. Надад бас тийм хүсэл бий. Өөрөөс л ундраад байгаа юм чинь сайн мэдэхгүй, учрыг олохгүй.

Р.Батцэнгэл нэгэн завсар үед дизайны ажил идэвхийлэн хийсэн ч яг зураачийн замнал нь Монголын түүхтэй салшгүй бат холбоотой юм. Түүний эшлэн дурдах Г.Маркез ч нэгэнтээ “Насан туршдаа нэгэн зохиолыг санааг тээж, хөгжүүлж явна гэдэг агуу зохиолчийн шинж” гэж хэлсэн байна. Р.Батцэнгэл төдий бага 10 настайдаа Монголын нууц товчоог уншиж, Бөрт Чоно, Гоо Маралыг зурсан цагаасаа хойш энэ сэжмийг өөртөө атган, суулгажээ.

Тэр аав, ээж хоёрынхоо тухай “Тэд биднийг ер өөрсдийн хүслээр л явуулдаг байсан. Тэг ингэ гэж ер зааж, зааварлаж байгаагүй. Их эрх чөлөөтэй өссөн шиг. Бидний багад хэцүү шүү. Тэгж байхдаа битгий тэг гэх маягтай. Харин манай аав, ээж хоёр яаж зогсох, хэрхэн суухыг заагаад байсангүй. Би зураг зураад суучихдаг. Намайг зурж байхад ээж яаж ч байсан тэг ингэ гэхгүй. “Дэлгүүр гараад ир” гэснээ зураг зурж суухыг харвал өөрөө гараад гүйчихдэг. Аав бол сүрьеэтэй тэмцэх отрядад их ажилласан. Хажуугаар нь кино гаргадаг, гэрэл зураг дардаг, есөн шидийн юм хийдэг хүн байсан. Ээж биднийг өсгөх их ажилд зүтгэсээр өөрийгөө хөгжүүлж амжаагүй. Уг нь дуучин болох гэж шалгалт өгөөд, тэнцсэн байсан” гэлээ.

Түүний аав анх ээжтэй нь танилцахдаа шинэ үсгийн багш байж. Харин дэр нэгтгэхээр шулуудсан бүсгүйнх нь аав “Багш хүнтэй суулгахгүй. Хөдөө гадаа томилолтоор яваад тогтохгүй юм билээ” гэхэд нь, “Тэгвэл би эмч болъё” гээд хот руу сургуульд явчихжээ. Сургуулиа ч төгсөж. Атал сүрьеэтэй тэмцэх отрядад хуваарилж, мөн л хөдөө томилж орхисон байна.

Ингээд зургаан жил гэр бүл болж амьдрахдаа гурван ч хүү төрүүлж, нэгий нь алджээ. Улмаар Эрүүл мэндийн сайдад захидал бичин учирлаж, Улаанбаатар хотод буцаж суурьшсан байна. Дараагийн жилүүдэд аав нь хотын сүрьеэгийн эмнэлэгт идэвхийлэн ажилласан бөгөөд энэ хугацаанд Р.Батцэнгэл мэндэлжээ.

Р.Батцэнгэлийн ах, дүүс дотор урлагийн хүн олон юм байна. Тэр “Бид эхээс есүүлээ. Булганд гурав. Хотод сууснаас хойш бусад хүүхдүүд төрсөн. Би өөрөө долоо дахь нь.

Би нэгдүгээр ангид анх орохдоо цаас харандаа нийлүүлж үзэхгүй юу. Тэр хүртэл уул хадаар тэнэсэн туранхай бор, маугли шиг юм явсан. Гэтэл том ах зураач болов. Тэгээд л зурж сурах процесс дэргэд явагдчихгүй юу. Бага ах хөгжимчин болоод, намайг сургах гэж бас их дэглэсэн л дээ. Би дургүй, авьяас ч үгүй юм. Багаасаа л тэгж гэр сургуулиар, түүх, ардын урлагтай ойр мэдээлэлтэй өссөн. 1990-ээд оны эхээр манай гэрт төгөлдөх хуур хангинаж, урлагийнхан хөлхөлддөг байсан. Миний тавилан юм даа. Бэлэн зэлэн бүх зүйл орж ирсэн хэрэг.

Бага эгч маань фото зурагчин байх жишээтэй. Доод дүү мөн хөгжмийн зохиолч болохоор үзсэн ч программист болсон. Мөн бүжиглэдэг дүүтэй” гээд инээв.

-Таны онош юу вэ?

-Хондросаркома буюу зөөлөн эдийн хорт хавдар. Хуучин ховор хавдар байжээ. Одоо нэлээд элбэгших янзтай гэнэ. Ионжсон цацрагаас үүсдэг болтой юм. CT, рентген хийдэг эмч нар нэлээд өвддөг гэнэ. Манай аав тэрийг жинхэнэ хийж байсан хүн шүү дээ. Тэр үеийн рентген бүр ч хортой байсан биз. Хорт хавдраар өнгөрсөн, гэхдээ юуных гэдгийг тогтоож чадаагүй. Одоо бодоход энэ л байсан байх. Ионжсон цацраг компьютер зэргээс ялгарах нь ялгардаг, гэхдээ хортой хэмжээнд биш гэдэг юм байна.

-Хэдэн онд оношлогдов?

-2019 оны төгсгөлд.

-Гэнэт муудсан уу?

-Бие уг нь сайн, ханиад бараг хүрдэггүй хүн. Өвдгөөр, дараа нь цавь руу өвдөөд байсан. Эмч яах вэ дээ, үе мөчний эм л бичиж өгнө. Сүүл рүүгээ түнх рүү өвдөж, нэг л биш. Би өөрөө хэлсэн. “Энэ нэг л биш ээ, хавдар гэдэг таамгаар үзэхгүй бол болохгүй байх аа” гэж. Тэгээд үзтэл гарч ирсэн.

-Эмчилгээ хийлгэх оролдлогууд олон хийсэн үү?

-Би зургаан удаа мэс засалд орсон. Дунд нь цацрагаар 24 удаа шарсан. 25 шарна гэхэд нь 24 дэхээ дуусгаад, өөрөө больё гэсэн л дээ. Арай гэж 24 дэхээ давтал орой нь чичиртлээ халуурсан. Дотроо үрэвсэж, гуя час улаан болсон байсан. Дотроо чихэлдэж мэдрэгдээд. Тэгээд л мэс заслын сорвиор пилхийтэл хагарч, идээ шүүс гоожсон. Пүл пүл пүл гэж дуугараад гоожоод байсан. Баахан антибиотик тарьж, гайгүй болоод эмнэлгээс гарах гэж байтал тэр орой нь цус алдсан даа. Зүрхнээс чигээрээ гарсан нэг том судас хагарч, цус булаг шиг оргилдог юм билээ. Яах ийхийн зуургүй ор нэл цус болж, царай дээрээсээ хөхрөөд ирдэг юм билээ. Ухаан санаа хэд хаагдаж, хэд нээгдсэн. Яриарай, битгий унтаарай гээд байдаг юм билээ.

-Одоо та найдваргүй гэж хүлээн зөвшөөрсөн гэлээ. Энэ дүгнэлтэд та яаж хүрэв. Санал болгож буй эмчилгээ бий юү?

-Үзсэн, харсан таньдаг эмч нар бол шууд л чимээгүй болдог. Ерөнхийдөө өөрөө судалсны хувьд жаахан ойлголт байна л даа. Энэ их айхтар төрөл. Гол эмчилгээ нь мэс засал. Түүнийг гүн хийнэ. Углуургаар нь авч хаядаг. Тэгээд хэрэв дахилаа бол шуударчихдаг юм билээ. Дахисан тохиолдолд зургаан жилээс илүү амьдарсан хүн байхгүй гэдэг статистиктэй.

-Та авхуулсан ч дахижээ. Зургаан удаагийн мэс засал...

-Анхны мэс засал хийлгээд л, зургаан сарын дараа дахисан, бүр томорсон байсан. Цар тахлын хорионоос болж, гурван сар тутам шинжилгээ өгөх ёстой байтал чадалгүй зургаа дахь дээр нь өгч таарсан.

Ер нь зургаа дахь мэс заслын дараа би яг тийм бодолтой болсон. Нэгэнтээ дахиад гараад ирсэн, хэмжээ нь их том болж. Дээр нь одоо уушгинд оччихсон. Тэгэхээр мэс засал хийлээ гэхэд дахиад л намайг оронд хадна. Аймаар их зовно. Тэгээд бас найдлага байхгүй. Тэгэхээр яаж шийдэж таарах вэ. Олон ижил өвчтэй хүмүүстэй танилцаж, мэдээлэл солилцож явлаа. Нас бараад л байна. Тэдэнд амь л байдаг, эмнэлгийн орноос салдаггүй. Тийм амьдралаар амьд байлгаад байх нь тэр хүнд жаргал биш шүү дээ. Эргэн тойрны хүмүүс нь байлгах гээд байгаа хэрэг. Одоо би хөнгөн аргууд хэрэглэж, бие аятайхан байгаа дээрээ хүссэнээ хийж амжуулахыг бодъё л гэж шийдсэн.

-Өөртөө хийсэн энэ хүлээн зөвшөөрөлтөө гэр бүлийнхэндээ яаж ойлгуулсан бэ?

-Мэдээж үүнийг ойлгох хэцүү байдаг. Гэхдээ сүүлд эхнэр маань хэлж байна лээ. “Нээрэн тийм байна. Одоо дахиад мэс засал гэвэл бөөн зовлон, тэгээд найдлага ч үгүй юм байна” гэж хэлсэн. Бид хоёрын санаа бодол нэг болсон.

Би сэтгэл санаагаар унаж, үхсэн юм бол байхгүй. Намайг харахад тийм биш байгаа биз. Хүмүүс тэгж ойлгох юм. Хүмүүс шууд л, “Сэтгэлийн хүчээр бүгдийг давна, тэс” гэж зөвлөнө. Монгол хүний сайхан сэтгэл юм даа. Утсаар, мессежээр янз бүрийн л зөвлөгөө өгч байна.

-Зураач хүн олон найзтай болдог. Тэднээс өвдсөний дараа ямар хэмжээ нь үлддэг юм шиг байна?

-Харин нэмэгдээд л байх юм. Хуучны найзуудаас харилцахгүй байгаа нь байна аа. Тэд надтай ярихаас айгаад байж бас магадгүй. Ер нь бол танил нөхдүүд нэмэгдээд л байна. Фэйсбүүк, сошиал орчин хил хязгааргүй, сайхан болжээ. Над шиг сэтгэлийн  хаттай, зоригтой хүн байдаг ч юм уу, бүү мэд. Надаас илүүг үзсэн хүн л надад зөвлөх ёстой. Нэг удаа мэс засалд орж, түүнийг давсан туршлагаа зөвлөөд байх нь их юм. “Гол нь сэтгэл байдаг байхгүй юу” гээд л. Орь залуу насны эмо үед л би сэтгэлээр унаж явлаа (Инээв).

-Номын ажил дээрээ энэ өдрүүдэд хэр төвлөрч чадаж байна?

-Одоо бол өдөртөө ямар нэг хүн ирэх юм аа. Яг идэвхтэй цагаа иймэрхүү уулзалтад зарцуулчихаад болохгүй байна. Одоо нэг цэг тавиад, төвлөрье гэж бодож байна. Хэвтээгээрээ бичих ажлаа бол хийнэ. Босоогоороо 1-2 цаг зурчихаад байвал ч болж байна.

-Таны бие ер нь одоо хэр байна?

-Юутай ч жишмээр юм дээ (Инээв). Хөдөлгөөний чадвар их хэцүү байна. Сууж чадахгүй байна.

-Нэг бол зогсоно, нэг бол хэвтэнэ?

-Тийм болчихоод байна. Биеийн байдал үнэндээ хэцүү л дээ. Эмч нар их хэцүү л хардаг юм. Гэхдээ миний дотоод хүч бол их шүү дээ. Сэтгэлийн хүч, хат гэдэг юм надад зөндөө хангалттай төрсөн юм.

-Өвдөхөөс наана хүнд асуудал тохиож байв уу?

-Яах вэ дээ, хүнтэй харьцуулахад  тэгж их яриад байх юм байхгүй. Амьдрал яаж явдгаар явлаа. Эр хүн боллоо. Гэр бүлээ тэжээж, амьдрах нөхцөл, сурах боловсрох боломжийг үүсгэх бол том даваа шүү дээ. Эр хүний ачааг тэр бүр үнэлдэггүй шиг санагддаг даа. Зураач хүний амьдралаар үүнийг бүтээнэ гэдэг Монголд амаргүй. Их зовлон болгож ярих нь ч хаашаа вэ. Ерөнхийдөө эр хүн, гэрийн эзэн байх гэдэг том ачаа, хариуцлага.

-Энэ жилүүдэд хүн юу эсийг бодох вэ. Би ер нь яагаад өвдчихөв өө гэж бодож, хариултыг нь олсон уу?

-Яг тэгдэг. Өвдсөн хүн бүрд тэр бодол орж ирдэг. Хэн ч өөрийгөө хорт хавдар тусна гэж боддоггүй. Холуур тойрно гэж боддог. Тэгээд цочирдоно, уур хүрнэ. Худлаа мэдэмхийрч бичдэг их төвөгтэй болчихсон юм билээ, бас. “Бүх өвчин сэтгэлээс”, “Өөрийгөө эрүүл гэж л бодвол өвдөхгүй” гээд л.

-Хариулт олох шаардлагагүй юм шиг санагдсан уу?

-Олон хүний өвчний түүх, эмч нарын яриа гээд л сонсоод байхад... Тавилан даа. Жинхэнэ тавилан гэж юу юм гэвэл энэ эрүүл мэнд, өвчлөл шиг байгаа юм. Ямар ч байсан миний тохиолдол дээр амьдрах хэв маяг, орчны нөлөө нөлөөлсөнгүй.

-Удамшсан юм болов уу?

-Тийм л байж магадгүй юм. Аавын сүрьеэгийн эмнэлэгт, рентгентэй ид ажиллаж байсан үеийн хүүхэд л дээ, би. Эхэндээ сонин сөрөг бодогддог ч яваандаа гайгүй болдог юм байна.

-Уран бүтээлээс өөр дутуу үлдэж байгаа юм байна уу?

-Байдаг аа. Гэхдээ тэднийг мартчихсан. Тийм ачаанаас өөрийгөө чөлөөлсөн. Дотоод амар амгалангаа олж сурах ёстойг өвдсөнөөс хойш ойлгосон. Өөрийн хүч хүрэхгүй, нөлөөлж чадахгүй зүйлсэд анхаарах шаардлагагүй. Одоо надад санаа тавих, зовох юм бол тэр л байна.

Р.Батцэнгэл дуслаа дуусгаад хоолоо идэхээр буулаа. Шатаар буухад туслах хэрэгслийг мужаан найз нь хэд хэдэн төрлөөр хийж өгчээ. Тахианы яс сайн гэгч мөлжиж, хоёр аяга шөл уугаад тэр зургийн хэрэгслийнхээ урд зогслоо.

-Хэв маягаа юу гэж нэрлэх вэ?

-Шидэт реализм гэж боддог юм. Манай соёл, урлагийн гол өвүүд бол аман зохиол. Үүн дээрээ л суурилах ёстой юм билээ. Шидэт мөртлөө бодит өвөрмөц юм билээ, манай аман зохиол. Габриэль Гарсиа Маркезын “Зуун жилийн ганцаардал”-ыг уншиж, мань хүний ярилцлагуудыг хараад байхад нөхцөл нь ижил юм билээ. Колумби гэж жижиг оронд төрсөн, аман зохиол, үлгэр сонсож өссөн нэгэн. Миний зургуудыг хараарай, бодитой юм шиг мөртлөө бас нэг өөр юм байгаа биз. Миний төрөлх чанар, доторх зүйл, манай Монголын соёл уламжлал тийм л юм билээ. Г.Маркезын яриаг уншихад яг таарч байна. Тэр бас сэтгүүлчийн ажлаа хаяхгүй, зориуд хийгээд байсан гэдэг. Сэтгүүл зүй бол 100 хувь бодит. Уран зохиол хийсвэр. Энэ хооронд баланс барихыг чухалчилжээ. Би нэг хэсэг зургаа хаяж, дизайн хийхдээ мөн зөвхөн өөрийн бодлыг биш бусдад ойлгогдох зүйлийг хийж сурсан. Ингэхээр их туршлага хуримтлуулна. Тэгж байж энэ ажлаа амжилттай хийх хэмжээнд очиж байна лээ шүү.

Үнэндээ тэр үе үе дотогшоо жаахан чимээлж байна уу гэхээс өвдсөндөө нэг их сэтгэлээр унасан зүйлгүй харагдаж байна. Өөрөө "Орь залуу насандаа л эморч явлаа" гэсэн шиг нь, гэхдээ бас сүүлийн жилүүдэд ихийг үзэж хатуужсан шинж чанар мэдрэгдэх юм.

Шөнө их өвддөг. Ер нь өвдөлт эхлэх хэцүү. Хөдөлгөөний асуудал бас төвөгтэй. Бусдаар бол тэр одоо зорьж ирэх хүний хөдөлгөөнд цэг тавиад, номондоо төвлөрөх төлөвлөгөөтэй хэмээнэ. Их түүхийн сэжмийг дотроо тогтоон барьж, амьдралынхаа нэгэн том утга агуулга, гоо сайхан болгосон зураач Р.Батцэнгэл бол гавьяатан юм. Шидэт реализм гэж өөрөө тодорхойлдог хэлбэрээр ардын домог туульс, үүх түүхийг өнөө цагт сэргээн амьдруулна гэдэг ер тулхтай уран бүтээлчдийн барьж авдаг, бас чаддаг ажил юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С Хзрэлтогоо
С Хзрэлтогоо
12 сар 26, 2023 11:30

Монголд ховор хзний нэг байна сайхан ч юм бүтээж байгааг уншиж мэдлээ

irgen
irgen
12 сар 26, 2023 11:33

burhan urshuug. mundag zaluu bna, edgereerei. odoo yum buhenh hogson shuu deeeeeeee

Jargalsaikhan
Jargalsaikhan
12 сар 26, 2023 11:47

Tesver tevcheeriin tuil erch, chuchtei zaluu bainaa. Tuuhen zurag buteeluud bol yrih um baihgui l dee.
Handivt negdsen . Bayarlalaa mundag huchtei duudee

Ch. Jargalsaikhan
Ch. Jargalsaikhan
12 сар 26, 2023 11:55

Uneheer tsaglashgui eh tesver, tevcheer um daa.
Tuuhen zurguudiig Mongolchuud bugd mednee.
Haramsahaas uur uy ch hiij chadahguidee bachuurah bol tsaashaa umaa. Odoogoor chadah gants zuil ni handivt negdsen. Biden shig humuus uvchinii umnu uy hiij chadah bilee dee. Iim huchtei, tevcheertei, setgeliin tenheetei duudee Uuriin tani husej baigaa sain saikhan buhen ni bieleh boltugai gej husie dee.
Bayarlalaa

Зочин
Зочин
12 сар 26, 2023 16:18

Эрүүл энх болох болтугай. Хорт хавдар эдгэхгүй өвчин биш гэдэг шүү. Итгэл найдвараа хэзээ ч битгий �##�даарай

Зочин
Зочин
5 сар 19, 2024 01:14
Reply to  Зочин

tenegee naad hun cin nas barsan gej baina. yadaj unshij baigaa umaa oilgooch m#laa

Зочин
Зочин
6 сар 25, 2024 22:54
Reply to  Зочин

2023 оны 12 сарын сэтгэгдэл дээр та хариулаап байна

Last edited 11 Сар Өмнө by Зочин
Чимидлхам
Чимидлхам
12 сар 26, 2023 16:48

Сайхан ярилцлага болжээ.
Элдэв зөвлөгөө өгөөд байлгүй, харин ч өөрийнх нь дотоод ертөнцтэй танилцаж, амьдр�##�ын түүх, дурсамж, өвчинтэйгээ хэрхэн тэмцсэн зэргийг яриулах юмсан гэж бодсоноор болжээ.
Санаснаа гүйцээх болтугай. Өдөр өдрөөр нас нь уртсах болтугай

Отгонбаатар
Отгонбаатар
12 сар 26, 2023 17:53

Ёстой тавилан юм даа.
Үнхээр тавилан гэж байдаг юм бол надтай холбогдоорой.утас 95954882
Эгүүрээс Р.Батцэнгэлийн утсыг авч чадсангүй ээ.

Зочин
Зочин
12 сар 26, 2023 18:21

бид бүгд цагаа болохоор цуваад л явцгаана Хүчтэй байж уран бүтээлээ заав�##� дуусгаарай Тайж гэснээс миний эмээ ч бас ха�##�га үүд рүү хялм�##�заж байгаад миний аав хохь тайж хүн байсан юм гэж хэлж билээ тэртээ наян хэдэн онд

Zochin
Zochin
12 сар 26, 2023 20:05

Burhan iveenee. Huchtei baigaarai . Bodliin huch biylene . Amjilt ylalt eruul enhiig husiy.

Биби
Биби
1 сар 8, 2024 10:00

Ухаар�##�, тэмүүлэлд хөтөлсөн сайхан ярилцлага уншлаа, сайн болтухай

Ard
Ard
5 сар 18, 2024 22:36

Gaihaltai saihan amidarch chadsan ter burhan shig hun.Um sain amgalan boltugai

Зочин
Зочин
5 сар 18, 2024 22:37

Ээжийгээ их бодох юм гээд уйлаад байсан гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин
5 сар 18, 2024 23:16

Ум ма ни бад мэ хум ????????????

Зочин
Зочин
5 сар 18, 2024 23:19

Туйлын их харамсаж байна. Ум ма ни бад мэ хум.????????????

Зочин
Зочин
5 сар 19, 2024 09:30

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
5 сар 19, 2024 10:24

Хүний сайн нь түрүүлж явдаг юм даа хөөрхий

Зочин
Зочин
5 сар 22, 2024 10:50
Reply to  Зочин

Хэнд ч ингэж бүү хэлж бай. Амьд яваа хүмүүс нь муудаа амьдарч байгаа хэрэг үү?? Ум ма ни бад мэ хум

Basca Feiza
Basca Feiza
5 сар 20, 2024 02:13

ТЭНГЭР МИНЬ

В.Ичинхорлоо
В.Ичинхорлоо
5 сар 21, 2024 11:30

Мундаг з�##�ууд баяр хүргэе Номыг нь хаанаас авах вэ?

Д.Дашдондов
Д.Дашдондов
5 сар 22, 2024 23:36

Сайхан ярилцлага байна. Авьяастай уха�##�аг хүчирхэг зураач юм. Бүтээлдээ мөнхөрчээ.

Д.Дашдондов
Д.Дашдондов
5 сар 22, 2024 23:40

Сайхан ярилцлагууд уншлаа. Р.Батцэнгэл авьяас билгүүн, уха�##�аг, хөдөлмөрч, хүчирхэг зураач монголынхоо төлөө сайн үйлс бүтээжээ. Бүтээлдээ мөнхөрчээ. Бахархлаа.

Холбоотой мэдээ

Back to top button