Нийгэм мэдээ

"Машинаа үзлэгт оруулахаар 2-3 цаг дугаарлах шаардлагагүй"

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдөж эхэлнэ. Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлах юм.

Уг шийдвэртэй холбоотойгоор үзлэг оношлогоонд орох гэсэн тээврийн хэрэгслүүд техникийн хяналтын төвүүдэд дараалал үүсч байна. Түүнчлэн эхний ээлжид үнэгүй олгож буй тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /RFID/ авах оочер ч мөн давхцаад байна. Бид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн чанарын менежер Д.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

-Ирэх даваа гарагаас үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тийм ч учраас техникийн хяналтын төвүүдийн ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр та нөхцөл байдлын мэдээлэл өгөөч. Жолооч нар маань бэлтгэлээ сайн хангаж уу, эсвэл...?

-2024 оны нэгдүгээр сарын 2-4-ний хооронд АТҮТ-ийн Улаанбаатар хотын 7, орон нутгийн 21, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум гээд нийт 30 салбараар 6290 тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд оржээ. Хэдийгээр дараалал үүсгэн яарч байгаа ч зөрчил бол байна. Тэнцээгүй тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь нүүрсэн яндангүй байна. Энэ жилээс техникийн хяналтын үзлэгт даатгал, татвараас гадна торгуул, замын постуудаар нэвтэрсний хураамжийг заавал төлж байж үзлэгт тэнцдэг болсон. Өмнө нь хэчнээн ч торгуультай байсан үзлэгт  оруулдаг байсан. Тэгэхээр жолооч нар маань эдгээрийг бүгдийг нь төлөөд, техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаад үзлэгт орохоор ирэх нь зүйтэй юм.

-Тэнцэхгүй байгаа тээврийн хэрэгслүүд хэрхэх вэ?

-Тэнцээгүй тээврийн хэрэгсэл зөрчлөө арилгаад эргэж ирж, үзлэгтээ орно. Суудлын машин үзлэг оношлогоонд 22 мянган төгрөгөөр ордог. Энэ хураамж бүтэн жилийн хугацаанд хүчинтэй тул зөрчлөө арилгаад хэдийд ч ирсэн болно. Хамгийн гол нь тэнцсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах болсон. Нөгөө талаас торгуулах арга хэмжээ авах учраас цаг алдалгүй зөрчлөө арилгаад эргэж орох нөхцөл байдал үүссэн. Оношлогоонд орох хугацаа нь хэтэрсэн хэрнээ замын хөдөлгөөнд оролцвол 50 мянган төгрөгөөр торгодог.   

-Нүүрсэн яндангаас өөр нийтлэг зөрчил...?

-Он гараад дөрөвхөн хонож байгаа учраас нэгтгэсэн тоо баримт мэдээж алга. Харин өнгөрсөн 2023 оны  тухайд нийт 880 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдснаас 870 мянга нь тэнцэж, 10 мянга нь тэнцээгүй. Анх тэнцээгүй тээврийн хэрэгсэл 60 мянга байсан ч зөрчлөө арилгаж ирж тэнцсээр оны төгсгөлд 10 мянга нь үлдсэн гэсэн үг. Үүнийг зөрчлөөр нь ангилбал тооромзоор тэнцээгүй 6000, гэрлээр тэнцээгүй 5043, утаагаар тэнцээгүй 4093, дуу чимээгээр тэнцээгүй 2503 тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслүүд дээр дээрх зөрчлөөс нэг машинд 2-3 байх нь ч бий. Нүүрсэн яндангүй машинуудын тухайд ихэнх нь хуурамч яндантай, зарим нь огт байхгүй. Сүүлийн үед оношлогоонд тэнцүүлдэг түрээсийн нүүрсэн яндагийн үйлчилгээ гарсан байна. Бид яндан зүүгээд ороод ирвэл тэнцүүлэхээс өөр аргагүй. Харамсалтай нь гараад түрээсийн яндангаа тайлж өгөөд замын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдол нэмэгдэнэ.

-Цахим гэрчилгээний талаар та мэдээлэл өгөөч?

-Цахим гэрчилгээг заавал нэгдүгээр сарын 8-наас өмнө гэх шаардлага тавиагүй. Цахим гэрчилгээ /RFID tag/-г техникийн хяналтын үзлэгт орох хугацаа болоогүй тохиолдолд оочер дараалал үүсгэхгүй инженерт хандаж наалгаж байгаа. Мөн үзлэгт орох хугацаандаа ирээд наалгаж болно. Иргэд машинаа зогсоолд тавиад төвийн ажилтнаас мэдээлэл авахгүй бол буруу газар дугаарлаж цаг алдах асуудал их гарч байна. Тэр утгаараа оочер ихтэй байна гэсэн яриа гарч байгаа. Цахим гэрчилгээг зүүснээр татвар, торгууль, постуудаар нэвтрэх гээд тухайн тээврийн хэрэгслийн бүх мэдээлэл маш түргэн шуурхай мэдээллийн санд орж цахимаар бүрдүүлэлт хийгдэх юм. Улаанбаатар хот дахь техникийн хяналтын төвүүд ажлын өдрүүдэд 8:30- 20:30 цагт, амралтын өдөр 9:00-18:00 цаг хүртэл ажилладаг учраас заавал 2-3 цаг дугаарлах шаардлагагүй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 6, 2024 06:07

Муусайн хулгайчид хулгай хийх аргаа нарийсгаж байна энэ олон торгуулийн дарамтны хаагуур нь явах вэ

Зочин
Зочин
1 сар 6, 2024 19:52
Reply to  Зочин

Одоо МАН-гаруудыг сонгохоо больчих тэгж чадв�##� ард иргэдээ торгож шийтгэх замаар төсөвөө бүрдүүлдэг түүнийгээ хян�##�тгүй зарцуулдаг төрийн өмч гэх боловч уг чанартаа зөвхөн төр баригчид үзэмжээрээ өөрт ашигтайгаар захиран зарцуулдаг ард түмний гэх гоё нэртэй улсын үйлдвэрийн газруудад шахаа хийж идэж уудаг тэр үйлдвэрүүдийн болон бусад аж ахуйн нэгжүүд ард иргэдийн татвараас буй болсон нийтийн санхүүг төрийн нэрээр захиран зарцуулах давуу эрхээр мөнгөжиж хөрөнгөжидөг түүнийгээ МАН намаараа хуваагаад авчихдаг коммунистуудаас с�##�на

Зочин
Зочин
1 сар 6, 2024 22:11
Reply to  Зочин

Тэднийг сонгосон сонгоогүй гараад байна гэж хараад байгаа шд. Энийг нь л яаж болиулах вэ?

Холбоотой мэдээ

Back to top button