Б.Энхтуяа: Томчууд мах, борчууд цувдай иддэг гэж ярих буруу. Бид малынхаа амьсгалаас бусдыг хэрэглэдэг

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн, Судлаач, Доктор профессор Б.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй "Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөлд ажиллаж буй юм.
-Та 30 гаруй жил Монголын бэлчээрийн малын махыг судалж байна. Бэлчээрийн мал болон үржүүлгийн малын махны чанарын ялгааг тайлбарлахаас ярилцлагаа эхэлье.
-Бэлчээрт маш олон төрөл зүйлийн ургамал ургадаг. Түүнээс хамгийн шимтэй, өөрт хэрэгтэйгээ мал өөрөө сонгон иддэг. Тиймээс бэлчээрийн малын махны амт чанар, шим тэжээл нь тэжээвэр малын махтай зүйрлэшгүй. Тэжээвэр малд бэлчээртэй ижил хэмжээний олон зүйлийн өвс, ургамлаас өгдөггүй. Гол төлөв буурцагт болон тост ургамлаар тэжээдэг. Тиймд, юу иднэ тэр хэмжээний л шим тэжээлт махтай байдаг.
Манай үхэр, бог бол хивэгч амьтад. Бэлчээрээс идсэн өвс ургамлаа хивж, удаан боловсруулж тэр хэрээрээ шим тэжээлээ өөрийн биедээ шингээдэг. Тэжээвэр малд өгдөг тэжээлийн найрлагань бэлчээрийн өвстэй харьцуулахад ондоо.
-Бэлчээрээр идээшсэн өндөр зэрэглэлийн чанартай малыг хүнсэнд хэрэглэхэд хэрэггүй, хаях зүйл байдаг уу?
-Хэрэггүй зүйл гэж нэг ч байхгүй. Хуучны үгэнд "Малынхаа сүүлийн амьсгалаас бусдыг хэрэглэнэ" гэдэг шүү дээ. Монголчууд хэтэрхий цамаан зангаасаа болоод мал төхөөрөхөд дагалдан гарах гэдэс, дотор мах, дайврын заримыг хаядаг. Зөвхөн тураг махыг идэх нь туйлын хангалтгүй. Дотор мах нь тураг махтай адил хэмжээний уураг агуулахын зэрэгцээ бичил шимт нэгдэл - олон төрлийн эрдэс бодисоор илүү баялаг байдаг.
Толгой шийрийг манайхан идэх нь бас багассан. Гэхдээ үүнд агуулагддаг уураг нь холбоос эдийн уураг юм. Арьс, үс, шөрмөс, мөгөөрс, хальс, үе хоорондын шингэн бүгд холбоос эдийн уураг агуулдаг. Холбоос эдийг ургамлын гаралтай хүнсэнд агуулагдах хүнсний эслэгтэй дүйцүүлж болно. Иймд толгой шийр, гүзээ сархинаг байнга иддэг бол тухайлбал коллаген түүнчлэн зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагаүй.
Таван цулд агуулагдаж байгаа уураг нь тураг махтайгаа адилхан төгс байдаг. Төгс уургийг зөвлөмж хэмжээгээр хангалттай хэрэглэж байгаа бол уургийн дутагдалд орно гэсэн асуудал байхгүй. Дээр хэлсэнчлэн уургийн зэрэгцээ эрдэс бодис, биологийн идэвхит бусад нэгдлээр баялаг байх тул хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ч шаардлагагүй. Тураг мах битгий идээрэй гэж байгаа юм биш. Малыг төхөөрөхөд гарч байгаа бүхнийг идвэл эрүүл мэндэд тустайн дээр идэш нөөцлөхөд олон мал төхөөрөх ч шаардлагагүй болно.
Ковидын үед нэг иргэн "мах авч чадахгүй, элэг шарж идлээ” гэжээ. Гэтэл нэг сэтгүүлч “Мах авч чадахгүй элэг шарж идээд байгаа юм байна” гэж дамжуулж байгаа юм даа. Юу гэж байгаа юм бэ. Тансаг хоол идчихсэн хүн шүү дээ. “Аштай юу даа. Та чинь их аятайхан шимтэй хоол идсэн юм байна шүү дээ” гэж хэлэхийн оронд шүү. Томчууд мах идэж, борчууд гэдэс иддэг гэж яригдаад байгаа нь ч маш буруу ойлголт. Ямар сэтгэлгээ, мэдлэгээр ядуу хүн тэгж хэлдэг юм. Ухаантай хүн дотор махны үүх түүх, шим тусыг мэддэг байх учиртай.

-Таван цул болоод бусад дагах дотор махны тус тусын онцлогийн талаар дэлгэрүүлэн мэдээлэл өгч болох уу?
-Хүмүүс биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэг болжээ. Тухайлбал "Омега-3"-ыг их хэрэглэдэг юм байна. Түүнийг манайхан адууны махнаас л нөхчхөж болно. Адууны мах, өөх энэ нэгдлээр баялаг. Зун биш юм гэхэд сэрүүний улиралд идэж болно шүү дээ. Гүзээ, сархинагт бусад дотор махтай харьцуулбал кальцийн хэмжээ их байдаг. Тиймээс гүзээ, сархинаг ойр ойрхон иддэг хүмүүст кальци нэмэлтээр төдийлөн шаардлагагүй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд цус багадалтын эсрэг төмрийн бэлдмэл уудаг. Тэгвэл үүнийг элэг, уушги, дэлүүнээс нөхөх бүрэн боломжтой. Өдөр болгон идэх шаардлагагүй. Өнжөөд ч юм уу, тохируулаад идэхэд хангалттай. Хүнд өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэж байх шаардлагатай зургаан шим тэжээлийн нэгдэл бий. Хүн нас, хүйс, биеийн байдал, өдөрт зарцуулж буй энерги зэргээс хамаарч шим тэжээлийн нэгдлүүдийг хэрэглэх нь зүйтэй. Сайн юмыг их хэмжээгээр идэхэд илүү сайн болно гэсэн ойлголт байхгүй. Өөртөө тохируулаад хэрэглэхэд л болно. Гэдэс, дотор махаар бичил шимт бодисынхоо хэрэгцээг хангая гэж бодож байгаа бол заавал ихээр, өдөр бүр идэх шаардлагагүй. Хүн өдөрт 100-200 гр мах хэрэглэхэд л болдогтой адил дотор махыг ч мөн ийм хэмжээнд хэрэглэхэд хангалттай.
Хүмүүс гэдэс, дотрыг цэвэрлэж, ялгаж, болгож идэхээс цааргалаад үүнд байдаг тэр их шимт нэгдлийг авч чадахгүй байна. Энэ тохиолдолд манай мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд идэвх, санаачилгатай ажиллах шаардлагатай. Хүнсний зориулалтаар төхөөрсөн малын дотор мах, дайвар түүхий эдийг бүрэн боловсруулж, ашиглах асуудал туйлын чухал байна. Жишээ нь дотор махыг хатааж боловсруулахад чийгийн хэмжээ буурч, биологийн идэвхит ашигт нэгдэл - уураг, эрдэс бодисын агууламж нь нэмэгддэг. Ингэж хатаасан дотор махнаас 100-200 гр идэх шаардлагагүй. 2-5 гр хэрэглэхэд тодорхой шимт нэгдлийн өдрийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангана. Одоогоор манайхны хэрэглээд байгаа биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүгд импортоор орж ирдэг бөгөөд түүхий эд нь гол төлөв ургамлын гаралтай ч юм уу химийн аргаар гаргаж авсан байдаг. Импортын хүнсний нэмэлт нь тээвэрлэлтээс эхлээд зардал ихтэй учраас үнэ өндөр байна. Гэтэл бидний хувьд идэж сурсан дотор махаар ийм хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой шүү дээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтарч “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр ажил эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” UNJP/MON/022/UND төсөл хэрэгжүүлж байгаа. Түүний хүнсний салбартай холбоотой хэсгийг нь манай байгууллага хариуцаж, дотор махны өртгийн сүлжээг бэхжүүлэх, энэхүү түүхий эдийн хүнс тэжээлийн болон биологийн үнэ цэнийг сурталчлан таниулах, боловсруулалт, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай гэрээ байгуулж, өмнө нь хийж байсан холбогдол бүхий судалгаануудыг эрчимжүүлсэн. Энэ удаад дотор махаар биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах судалгааг хийж байна. Бидний судалгааны дүнд бий болсон технологийг үйлдвэрүүд нэвтрүүлж хамтран ажилллах шаардлагатай байгааг энэ дашрамд онцлон дурдъя. Манай зүгээс дотор маханд өртөг шингээн боловсруулж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн шийдэл, техникийн бичиг баримтыг бэлдэж өгнө.
-Заавал авах ёстой шим тэжээлт зургаан нэгдлийн талаар та цухас дурдлаа. Ярилцлагаа энэ агуулгаар үргэлжлүүлье?
-Ус, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис гэх зургаан нэгдлийг зохистой түвшинд хэрэглэж байж хүн эрүүл байдаг. Эдгээрийг ОУЭМБ-аас өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээг тогтоосон байдаг. Хүний бие бүхэлдээ уургаас тогтож байгаа. Арьс нь холбоос эдийн уураг голлож байдаг бол булчин эдэд төгс уураг голлоно. Ясанд ч мөн холбоос эдийн уураг бий. Уургийг урт эс гэж бодлоо гэхэд эсийн гаднах бүрхүүлийн бүтцэд өөх тос оролцдог. Өөх тос хүний биед хангалттай орж ирэхгүй бол сав нь бүрэлдэхгүй л гэсэн үг. Харин нүүрс ус нь тэдгээрийг хооронд нь гагнадаг гэж ойлгож болно. Ийнхүү уураг, нүүрс ус, өөх тос бүгд организмд өөр өөрийн тухайлсан үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ энергийн эх үүсвэр болдог. Гэхдээ нүүрс ус нь хамгийн хурдан задардаг тул энергийн гол эх үүсвэр гэж үздэг. Бидний бүх үйл хөдлөлд энерги зарцуулагддаг. Үүнийг тэжээх үүргийг нүүрс ус голлон хариуцдаг. Харин хүнсэнд агуулагдах шимт нэгдлүүд организмд задрах, шингэх, шимэгдэх, солилцоонд оролцох биохимийн бүх урвалууд усан орчинд явагддаг. Нэгэн зэрэг олон урвал явагдахад эрдэс бодис, амин дэмүүд хурдасгагч нь болдог.
Монгол хүний хоногийн хоол хүнсээр авбал зохих шимт нэгдлийн зөвлөмж хэмжээг тогтоосон. Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтад тахиа, загасны мах гэж бичигдсэн байдаг. Энэ бол зөвлөмж. Гэтэл зарим хүн заавал тахиа, загасны мах идэх ёстой гэж ойлгоод байх шиг. Түүнчлэн өдөрт 400 гр хүнсний ногоо, 180 гр жимс идээрэй гэж зөвлөдөг. Гэтэл монгол хүн хэзээнээсээ л гахай, тахиа, загасны мах иддэг уламжлалтай байгаагүй. Малын махаа хэрэглээд байхад боломжийн гэж боддог. Хуучин цагт Монголчууд өдөрт хагас кг ногоо жимс идэхгүйгээр эрүүл чийрэг биетэй байсан. Үүний учир дотор мах иддэг байсантай холбогддог. Манай хүнсний салбарынхан, ямар шимт нэгдлийн өдрийн хэрэгцээг хангах зорилгоор хүнсний ногоо жимсийг ийм хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна вэ, энэхүү шимт нэгдлийг дотор махаар хангах боломж бий эсэх нарийн судлах хэрэгтэй санагддаг.
-Монгол бэлчээрийн мах маш сайн, хаях зүйл нэг ч байхгүй гэдгийг манай эрдэмтэн, судлаачид нотолчихсон юм байна. Гэхдээ таван хошуу малын дунд өвчин гарч вакцин хийх нь ихэссэн. Үүнээс үүдэн генийн өөрчлөлттэй мах, дотор идэж байж мэднэ гэх хардлага бий?
-Амьд бодгаль л юм чинь өвдөнө. Түүнд зориулсан эмчилгээг мал эмнэлгийн үйлчилгээнд сэргийлэх байдлаар хийдэг. Гэхдээ эм, тариаг хэрэглэснээс хойш биед үйлчилгээгээ үзүүлээд, гадагшлах хугацаа байдаг. Вакцинд хамрагдсан бол зохих журмын дагуу хүнсэнд хэсэг хугацааны дараа хэрэглэж болно. Вакцин малын биеэс гадагшлаагүй үед хүнсэнд хэрэглэж болохгүй. Малаа хүнсэнд нийлүүлэх бол малын эмчээс холбогдох гэрчилгээ авдаг. Малын эмч тухайн малчны малд ямар эм тариа хэзэ хэрэглэсэн, тэр нь задарсан, биеэс гадагшилсан эсэх тухай мэдэж байх ёстой. Мах боловсруулах үйлдвэрүүд эрүүл мэндийн шаардлага хангасан, гарал үүсэл тодорхой малыг хүлээн авдаг. Өөрсдөө малын цуснаас дээж авч шинжилдэг. Иймд
Харин айл өрхүүд хөдөө хамаатан садан, нутгийн иргэн, хувь хүний гар дээрээс мах авах болбол гарал үүслийн гэрчилгээг сайтар асууж нягтлах шаардлагатай юм. Мал эмнэлгийн үйлчилгээнд зохих журмаар хамрагдаж, вакцин хийсэн ч биеэс гадагшлах хугацаа нь өнгөрсний дараа энэ малын махыг хүнсэнд хэрэглэлээ гээд хүний эрүүл мэндэд гаж нөлөө гарахгүй.

-Говийн мах, хангайн махны амт өөр байдаг. Үүнд шим тэжээлийн зөрүү байдаг уу. Энэ талаарх судалгааг та болон танай баг 2019 оны үед судалж байсан юм билээ. Судалгааны хариу хэрхэн гарсан бэ?
-Ялгаа бий. Идэж байгаа өвс ургамал нь хоорондоо өөр. Говьд ургаж буй ургамал нь халуун чанартай байдаг. Ургамалынхаа онцлогтой холбоотойгоор тосны хүчлийн агууламжууд өөр гарсан. Махны уургийн агууламж бол адилхан байсан. Хүнс тэжээлийн үнэт чанарт зөрүү байгаагүй.
-Өөх тосыг хэр хэмжээгээр хэрэглэх нь зохистой юм бэ. Зарим эмч нар ихээр хэрэглэх буруу гэдэг шүү дээ.
-Өдөрт хувь хүний нас, биеийн онцлог зэргээс хамааран дунджаар 100 гр уураг хэрэглэхийг зөвлөдөг Гэхдээ энерги зарцуулалт багатай хүмүүс 50-60 гр уураг хэрэглэхэд хангалттай. Харин биеийн ачаалал өндөр хүмүүс 120 гр хэрэглэнэ гэх мэтээр хэлбэлздэг. Өдөрт хэрэглэж байгаа уурагтайгаа ойролцоо хэмжээний өөх тос хэрэглэхийг зөвлөдөг. Тэгэхээр өдөрт 100 гр орчим өөх тос хэрэглэх хэрэгтэй байх нь.
Монголд мэдэмхийрэл их байна. Үүний нэг жишээ "40 хүрээгүй залуус тулай өвчнөөр их өвдөж байна. Хонины мах битгий идээрэй” гэж нэг хүн ФБ хуудсандаа бичжээ. Тэр хүний мэргэжлийг нь хартал эдийн засагч хүн байсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан мэдээллийг олонд түгээх ёстой. Дам сургаар сонссон, нарийн судалгаагаар тогтоогдоогүй мэдээлэл тараах нь шинжлэх ухааны ёс зүйд таарахгүй. Гэтэл хүмүүс "Зөв зөвлөгөө өгсөнд баярлалаа" гээд байгаа юм даа.
Өөх тос хэрэглэж болохгүй гэдэг яриа хаанаас үүссэн тухай сонирхуулъя. Өндөр хөгжилтэй оронд таргалалт, хавдар, цусны даралт, зүрх судасны өвчин, чихрийн шижин тархмал. Үүнийг өнгөрсөн зууны эрдэмтэд ханасан өөх тос хэрэглэснээс үүдэлтэй гэж дүгнэсэн. Тиймээс ханасан өөх тос агуулдаг улаан буюу малын мах, цөцгийн тос муу тул тахиа, гахайны мах, ургамлын тос идэхийг тэд зөвлөжээ. Гэвч зүрх судасны өвчлөл, таргалалт зэрэг нь огт буурахгүй, улам ихэссэн. Тиймээс хүнс судлаачид дахин судалгаа хийсэн.
Өөх тос нь тосны хүчлээс тогтдог. Тосны хүчил нь нүүрс төрөгч (C), ус төрөгчийн атом (H) агуулдаг. Нүүрстөрөгчийн атом нь хоорондоо дан болон давхар холбоосоор холбогдон гинж хэлбэрийг үүсгэдэг. Тосонд С нь дан холбоосоор холбогдсон тосны хүчил давамгайлж байвал энэ нь ханасан тос (С-C), харин С нь давхар холбоосоор (C=C) холбогдсон хүчил өндөр бол ханаагүй тос болно. Малын гаралтай өөх тосны бүтэц нь зөв буюу ханасан, ханаагүй тосны хүчлийн агууламж тэнцүү байдаг. Энэ нь хүний биеийн өөх тосны найрлагатай адил гэсэн үг. Малын гаралтай өөх тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүйг эрдэмтэн судлаачдын судалгаагаар тогтоогдсон.
Ханаагүй тосны хүчлийн гинжинд C=C холбоос 2 - 6 хүртэл тохиолдоно. Ийм тосны хүчил нь биологийн өндөр идэвхтэй тул организмд өчүүхэн бага хэмжээтэй шаардлагатай байдаг. Гэтэл хүмүүсийн давамгай иддэг наранцэцгийн тос, гахайн маханд C=C холбоос хоёрыг агуулсан линолын хүчил үлэмж ихээр агуулагддаг байна. Иймд линолын хүчлийн хэт хэрэглээ хүний эрүүл мэндэд таагүй үр дагавар учруулж байна хэмээн үзэж тосны хүчлийн зохистой харьцааг хангасан хүнс хэрэглэхийг зөвлөх болжээ. Мөн бэлчээрийн малын мах, сүүнд линолын хүчлийн нэгэн адил биологийн өндөр идэвхтэй бөгөөд түүний үйлчлэлийг саармагжуулах нөлөөтэй линолений хүчил хангалттай агуулагддагийг тогтоосон судалгааны дүн олноор хэвлэгдэж байна. Линолений хүчлийн гинжинд C=C холбоос гурав байдаг. Энэ хүчил нь байгалийн өвс ургамалд агуулагддаг юм байна. Тэгэхээр манай бэлчээрийн малын мах, сүү бол байгалийн бүтээгдэхүүн бөгөөд тосны бүтэц нь организмд нийцтэй байх тул таргалалт үүсгэх үндэсгүй. Гагцхүү идэх хэмжээгээ тохируулах нь чухал.
-Ярилцлагынхаа төгсгөлд дэлхийд манайх шиг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс хэр их байдаг болоод олон улсын судлаачид уг агуулгаар юуг зөвлөдөг талаар лавлаад ярилцлагаа өндөрлөе.
-Зөнгөөр нь бэлчээж малаа малладаг улс ер нь цөөхөн. Гэхдээ эрчимжсэн аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хэрэглэгчид анхаарал хандуулж эхлээд байгаа тул мал аж ахуйг хосолмол аргаар эрхлэх, тэжээдэг малдаа бэлчээрийн өвс өгөх зэргийг зөвлөж байна. Эрчимжсэн аж ахуйн малын мах, өвс идсэн малын мах хоёр хөгжил өндөр улсад тэнгэр газар шиг зөрүүтэй. Тэд бэлчээрийн малын махыг илүүд үздэг гэж ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ярицлагыг олон сувгаар олон хэвлэлээр нийтлээрэй. Хонины мах идэж болохгуй хуухдэд суу битгий уулга дан ус ег геж зевледег эмч нар ,зарим монгол орноо уламжл�##�т хунсээ мэдэхгуй хумуусийн нелеегеер олон евчин эмгэг уусч байгаа. Тун хэрэгтэй ярилцлага нийтэлсэн сурв�##�жлагчид , энхтуяа докторт баярла лаа, амжилт хусье
Үүнийг Баавар, хулгайч Санжийн хатсан ямааны адсага Баяр, хятад Баярхүү нар унших хэрэгтэй. Тд бол монголчуудын баасан баас шээсэн шээсүүд учраас юу ч мэддэггүй хулгайн сэтгэхүйтэнгүүд
Цувдайг баян хүмүүс л иддэг, идэж бардаггүй, ядруу хүмүүсийг зүгээр ав идээд тосыг шаргаагаад буцаагаад надад зар гэж ченжүүдийг хэлэхээр битгий хуц доошоо хийлээ гэдэг. Хачхаас өөр арга үлдээгүй. Тиймэрхүү хүмүүс гэдэс янз�##�ж чаддаггүй юм байна лээ. Нам нь тэжээчихдэг болохоор. Баабар, Баяр хоёрын яриа үнэн.
Mongolchuud mah ih iddeg uchir dundaj naslalt dooguur baidag
сайн байцгаана уу. "м�##�ын гэдэс дотор" *хүнийг баян гэгдэхээр болоод ядуугаар гэгдэхээрээ ЯЛГАВРАЛАХ ЗҮЙЛ БИШ БОЛВУУ.* Гэдэс доторт дуртай, дурладаг, иддэг хүмүүс байхад, эсрэгээрээ, огт иддэггүй, цаанаасаа идэж чаддаггүй хүмүүс бас байна. Бүр Монголууд Бидэн дотор ч бий байдаг. Унаган хотынхон дунд ч, маниасаа авахуулаад, гэдэс дотрыг жигтэйхэн дурлаж иддэг нь байхад, хөдөө нутагт өсөж өндийсөэ мөртлөө гэдэс доторт нэг их дуртай биш, дурлаж идээд байдаггүй нь ч байж л байдаг. гэдэс дотор, толгой шийр сайхан ч, гоё ч. Идээд үлдснээр нь ч,, эсвэл, бүр анхнаасаа гэхчлэнгээр, янз бүрийн л бүтээгдэхүүнүүдийг гэдэс дотороор, толгойгоор хийж болдог.